

Сургуулийн ширээний ард найзтайгаа зэрэгцэн сууж, завсарлагаагаар хамтдаа гүйж, санаанд орсноо шүүлтүүргүй ярьж инээлддэг байсан тэр гэгээн үе нэг л мэдэхэд өнгөрчээ. Насанд хүрч амьдралын хэмнэлд хөтлөгдөх тусам найзтайгаа уулзах гэж бүтэн сараар цаг товлодог, тэр нь хүртэл завгүйгээс болоод хойшлогддог болох нь бидний өдөр тутмын хэвийн үзэгдэл болсон мэт.
Ингээд бодохоор бид яагаад бие биеэсээ холдоод эхлэв ээ? Он жилүүд өнгөрөх тусам найз нөхөдтэй байна гэдэг яагаад ийм төвөгтэй болчихдог юм бол? Энэ бүхний учрыг сэтгэл зүй, социологийн үүднээс хамтдаа эргэцүүлж, нандин холбоогоо хэрхэн “зэврээхгүй” авч үлдэх арга замыг эрэлхийлье.
Яагаад "том хүн" болох тусам найзуудаасаа холдоод байна вэ?
Бидний анхаарал халамж, сэтгэл зүйн нөөц хязгаартай. Антропологич Робин Данбарын судалгаагаар хүний тархи нэгэн зэрэг тогтвортой харилцааг хадгалах дээд хязгаар нь 150 орчим хүн байдаг бөгөөд үүнээс жинхэнэ дотно цөм хүрээлэл маань ердөө 5-15 хүн байдаг аж. Амьдралын ачаалал нэмэгдэх үед тархи автоматаар хамгаалалтын горимд шилжиж, зөвхөн хамгийн ойр хүмүүстээ анхаарлаа чиглүүлэхэд хүрдэг. Энэ нь хэн нэгнийг үгүйсгэж байгаа хэрэг биш бөгөөд завгүй амьдралыг даван туулах тархины байгалийн зохицуулалт юм.

Мөн бидний хүрээлэл өөрөө цаг хугацааны эрхээр байнга хувирч байдаг. Нидерландын социологич Жералд Молленхорстын 1,000 орчим хүнийг хамруулсан урт хугацааны судалгаагаар хүн дунджаар 7 жил тутамд найз нөхдийнхөө хүрээллийн тэн хагасыг бүрэн шинэчилдэг болохыг баталжээ. Сургууль төгсөх, ажилд орох, өөр хот руу нүүх, гэр бүл зохиох зэрэг амьдралын шилжилт бүр бидний хүрээллийг өөрчилдөг бөгөөд энэ нь цаг хугацааны эрхээр өрнөдөг жам ёсны өөрчлөлт аж.
Нөгөө талаас нь харахад, бидний өдөр тутмын амьдралыг бүрдүүлдэг орчин өөрөө өөрчлөгдсөн байдаг. Социологич Рэй Олденбургийн тодорхойлолтоор, хүнд гэр, ажил, сургуулиас гадна ямар нэгэн үүрэг хариуцлагагүйгээр чөлөөтэй цуглардаг "гуравдагч орон зай" маш чухал байдаг аж. Оюутан байхад сургуулийн кафе, номын сан, эсвэл гудамжинд санаандгүй тааралдаад л ярилцдаг байсан шүү дээ. Харин насанд хүрэхэд энэ орон зай багасаж, амьдрал “гэр-ажил” гэсэн хэмнэлд шилждэг. Үүнээс шалтгаалаад найзтайгаа уулзах гэдэг нь санаанд орсон даруйдаа уулзахаас илүүтэйгээр урьдчилан цаг товлож, төлөвлөгөө гаргадаг албан ёсны ажил шиг болж хувирдаг нь холдох бас нэгэн гол шалтгаан болдог байна.
Удаан уулзахгүй байх нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Найз нөхөдтэйгөө удаан холбоо тасрах нь сэтгэл санаанаас гадна, бие махбодод хүртэл нөлөөлдөг байна. Тухайлбал, Виржиниагийн Их сургуулийн мэдрэлийн судлаач Жэймс Коанын "Нийгмийн суурь онол"-оор хүний тархи ганцаараа үедээ амьдралын бүх ачааг дааж стрессддэг бол, дотно найзтайгаа уулзмагц тархи туслах хүнтэй болсныг мэдэрч, стрессийн түвшнээ автоматаар бууруулан амралтын горимд шилждэг байна. Жинхэнэ найзууд уулзсан даруйдаа хуучин хэмнэлдээ эргэн орж, бүх ачааллаа мартдаг нь ийм учиртай.
Нөхөрлөлөө "амьд" байлгах 5 алхам
Канзасын Их сургуулийн судлаачдын тогтоосноор насанд хүрсэн хойноо жинхэнэ дотно найзууд болохын тулд 200 гаруй цагийг хамт өнгөрөөх шаардлагатай болдог аж. Завгүй хэмнэлтэй өнөөгийн амьдралд энэ бол нэлээдгүй цаг зав шаардах ажил шүү. ТТэгвэл энэхүү үнэ цэнтэй харилцааг хэрхэн амьд байлгах вэ?

Өдөр тутмын жижиг холбоо тогтоох: Заавал цаг зарцуулан кофе уух боломж гарахгүй байсан ч гудамжинд алхаж явахад найзыг тань санагдуулсан зүйл тохиолдвол шууд зурвас бичээд, хөгжилтэй мийм илгээгээд, эсвэл нэг минутын аудио мессеж үлдээгээрэй. Энэ нь тархинд "бидний холбоо тасраагүй, тэр миний амьдралд чухал нэгэн хэвээрээ" гэсэн дохиог өгч, нөхөрлөлийг нандин хэвээр нь авч үлдэхэд тусалдаг байна.
Хүлээлтээ уян хатан болгох нь: Насанд хүрсэн хүний эрүүл нөхөрлөл гэдэг өдөр бүр чаталж, байнга уулзахыг шаарддаггүй жамтай. Найз руугаа удаан хугацаанд залгаж амжаагүйдээ гэмшихийн оронд сард нэг удаа эсвэл бүр хагас жилд ганцхан уулзсан ч өчигдөрхөн салсан мэт тэр чигтээ дотно, хэвээрээ угтдаг жинхэнэ холбоог ойлгох нь чухал. Харилцааг дарамт шахалт, эсвэл заавал биелүүлэх үүрэг хариуцлага гэж харахын оронд хүссэн үедээ очиж амрах, сэтгэлээ уудалж тайвшрах дулаан орон зай хэмээн ойлгоорой.
Амьдралын хэмнэлээ нэгтгэх: Тусгай цаг гаргах завгүй үедээ өдөр тутмын ажил, дасгал хийх, эсвэл дэлгүүр хэсэх зэрэгтээ найзыгаа хамруулаарай. Биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх зуураа найзтайгаа ярилцах нь хоорондын яриаг илүү нээлттэй болгож, харилцааг гүнзгийрүүлдэг. Ингэснээр та давхар ажил амжуулахын сацуу найзтайгаа чанартай цагийг өнгөрөөх боломжтой.
Уулзсан мөч бүрээ утга учиртай өнгөрөөх: Хэрэв та найзтайгаа жилдээ хэдхэн удаа эсвэл сард ганцхан удаа уулзаж байгаа бол тэр үнэ цэнтэй цагаа утгагүй зүйлд үрэлгүйгээр хамгийн үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй. Уулзсан мөчдөө утсаа хол тавиад, зөвхөн бие биедээ 100 хувь анхаарлаа хандуулах нь маш чухал. Удаан уулзаагүй байсан ч тэр ганцхан уулзалт нь та хоёрын дараагийн хэдэн сарын зайг нөхөж чадахуйц сэтгэл зүйн амралт, дулаан мэдрэмжийг өгч байвал тэр л жинхэнэ чанартай нөхөрлөл шүү дээ.
Хамтдаа цоо шинэ дурсамж бүтээх: Хүмүүс ихэвчлэн "сургуульд байхад ингэдэг байж билээ…" гээд л хуучин дурсамжаараа амьдраад байх хандлагатай байдаг. Гэвч зөвхөн өнгөрсөн дурсамжинд найдах нь харилцааг нэгэн хэвэнд барьж, цаг хугацааны эрхэд холдуулах эрсдэлтэй. Тиймээс хааяа нэг шинэ зүйлийг хамт туршиж үзэх, өмнө нь очиж байгаагүй газраар орох, хамтдаа ямар нэгэн сонирхолтой зүйл сурах буюу үзэсгэлэн үзэх, богино хэмжээний аялалд гарах нь харилцаанд шинэ өнгө аяс, энергийг өгч, нөхөрлөлийг улам бат бөх болгодог байна.
Төгсгөлд нь, хэрэв та өнөөдөр ямар нэгэн зүйлээс болж найзыгаа санасан бол, яг одоо нэг зурвас илгээгээрэй. Магадгүй тэр ч бас яг тань шиг завгүй амьдралын дунд зүгээр л таныг саначихсан, ямар нэгэн дохио хүлээгээд сууж байж мэднэ шүү дээ.
Сэтгэгдэл