Та арга хэмжээнд хэр их оролцдог вэ? Сонин содон арга хэмжээг алгасахгүй оролцдог нь байхад, нэгийг ч зорьж очиж байгаагүй хүн ч бий. Олон төрлийн л үйл ажиллагаа, арга хэмжээ зохиогдоод байдаг, ач холбогдол нь юу юм бол гэж бодож байв уу? “The Journal of Urban Affairs” сэтгүүлээс 2019 онд нийтэлсэн судалгаагаар олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцох нь иргэдийн оролцоо, сайн дурын идэвхийг нэмдэг гэнэ. Өнөөдөр бид хэнээс ямар хариуцлага нэхэх, эргээд өөрөө юунд, яаж хариуцлагатай хандахаа мэдэхгүй шахам гэхэд болно. Тэгвэл төлөвшсөн, хариуцлагатай иргэдийг бэлдэхэд арга хэмжээнүүд ач холбогдолтой юм. Иймээс энэ сарын 21-нд заавал очих хэрэгтэй “UPDATE 2024” арга хэмжээг танилцуулъя.
“UPDATE 2024” ба Хамтын хариуцлага
ЦойлогсоZ залуусын нэгдлийн гурав дахь жилдээ зохион байгуулж буй “UPDATE 2024” арга хэмжээ энэ жил “Shared Responsibilities” буюу хамтын хариуцлага сэдвийн хүрээнд энэ сарын 21-ний Бямба гарагт болох юм. Нийгэмдээ эерэг, бодит өөрчлөлтийг бий болгох хүсэлтэй хэн бүхэн оролцож, иргэний нийгмийн байгууллага, мэргэжилтнүүдээс салбарынх нь болоод нийгмийн нөхцөл байдал, судалгаа, туршлагыг сонсон, хуваалцаж, эерэг хүрээллийг бий болгох боломж энд бий.

Ийнхүү хүмүүс нийтлэг шалтгаанаар цугларах нь тухайн орон нутаг, улсынхаа сайн сайхан байдлын төлөө хариуцлага хүлээх мэдрэмжийг бий болгодог. Энэ бол хөгжиж буй, ардчилсан нийгмийн тулгын чулуу билээ.
Хамтын хариуцлага гэж юу вэ?
Хамтын хариуцлага гэхээр ойлгомжгүй санагдаж болох юм. Тэгвэл энгийнээр тайлбарлая. Хэсэг бүлэг хүн ямар нэгэн амжилтад хүрч, аливаа асуудлыг хамтдаа шийдвэрлэхийн тулд үүргээ хуваалцаж байгааг хамтын хариуцлага гэнэ. Аливаа үйл ажиллагаанд зөвхөн нэг хүн хариуцлага хүлээх биш бүлгийн бүх хүн үр дүнд нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Энэ амьдралыг аварга том машин гэж бодвол жижиг эрэг боолтгүйгээр хөдлөхгүй. Иймээс та ч хүссэн нийгмээ бүтээхэд чухал үүрэгтэй. Албан байгууллагаар төсөөлсөн ч хэн нэгэн хариуцлага алдахад л дампуурлын ирмэгт ирэх боломжтой шүү дээ. Ийм байхад яагаад бид өөрсдийн амьдралд бусдаас л хариуцлага нэхэх ёстой гэж?

Та арга хэмжээнд очсоноор юу хийж болох вэ?
Илтгэл, хэлэлцүүлэг – Залуус бид илүү эерэг, илүү хөгжил дэвшилтэй нийгэмд амьдармаар байгаа шүү дээ. Үүнд бид бүгд л хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Харин үүний тулд бид хамтдаа хариуцлагатай байх нь чухал. Гэхдээ бидний хамтын хариуцлага юу юм бол? Үүнийг туршлагатай мэргэжилтнүүдийн илтгэл, хийж бүтээж яваа залуу үеийн төлөөллүүдийн хэлэлцүүлгээс мэдэж авч, цаашид амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болох юм. Илтгэл бүхэн судалгаа, туршлагыг хялбараар тайлбарлах учраас ул суурьтай, баттай мэдээлэл олж авна. Ганц сонсоод л дуусна гэж үү? Үгүй дээ, та тэдэнтэй танилцан, ярилцаж, асуулт асууж, ирээдүйн хамтын ажиллагаагаа ч эхлүүлэх боломжтой. Сайхан боломж байгаа биз.
Үзэсгэлэн үзэх – Тус өдөр “Joy in Responsibilities” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэх учраас та сонирхолтой гэрэл зургууд үзэн, мэлмийгээ баясгах боломжтой.

Азтай саврууд – Энэ удаагийн арга хэмжээнд “Азтай савар” ТББ хамтран ажиллаж байгаа бөгөөд “Үүлэн”, “Charlie” хэмээх азтай саврууд шинэ гэр бүлээ хүлээж байна. Хэрвээ та амьтанд хайртай, гэр бүлийн шинэ гишүүн үрчилж авахаар хайж байгаа бол энэ арга хэмжээг заавал зориорой.

Бяцхан урлагийн тоглолт – Залуучуудын хайртай дуучин ирж, ая дуугаа хүргэх учраас уйдах зав олохгүй нь дээ. Хэн ирнэ гэж бодож байна даа?

Update арга хэмжээ 2022 онд 1,500 гаруй, 2023 онд 10,000 гаруй оролцогчдыг цуглуулж, хамтдаа хөгжиж, шинэ хүрээлэл бий болгон, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан. Өмнөх арга хэмжээнүүдэд ирсэн бол ямар гайхалтай болдгийг мэдэж байгаа учраас энэ удаа ч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Харин оролцож байгаагүй бол боломжийг бүү алдаарай. Хамтдаа цагийг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлж, хариуцлагатай нийгмийг бүтээцгээе!

