

Гэр бүлийн харилцааг халуун дулаан болгодог зүйл гэр бүл болгонд өөр өөр байдаг. Заримд нь аялал, заримд нь урлаг байдаг бол Ж.Ганчулууны гэр бүлийн хувьд тэр үнэ цэн нь волейболын спорт. Аавынхаа 40 гаруй жилийн турш хайрласан волейболын спорт өнөөдөр зөвхөн хобби биш, харин эхнэр, хүүхдүүдийнх нь амьдралын салшгүй хэсэг болжээ. Том охид нь багаасаа энэ спортоор хүмүүжиж өссөн бол бага хүү нь аавынхаа замналыг үргэлжлүүлэхээр мөрөөдөн бэлтгэлээ базааж байна. Харин гэр бүлийнхэн нь Монголын шигшээ багийг нэгэн сэтгэлээр дэмжихээр Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг догдлон хүлээж сууна. Энэ гэр бүлийн түүхээс волейбол бол гэр бүлийг ойртуулж, найз нөхдийг холбож, хүүхдэд сахилга бат, тэвчээр, хамтын ажиллагаа, зөв хүмүүжил төлөвшлийг олгодог үнэт зүйл болохыг мэдэрч болно.
“Волейбол бол гэр бүл, найз нөхдийг ойртуулж, хүмүүжил төлөвшлийг бүтээдэг спорт”

Би Волейболын спортоор хичээллээд 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд спорт миний амьдралын салшгүй хэсэг төдийгүй гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо үнэ цэнтэй дурсамж бүтээх гүүр болж ирсэн. Сүүлийн жилүүдэд Баянхонгорын "Залуу Монгол" багийг ахлан Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож байна. Манай баг сүүлийн гурван удаагийн ахмадын улсын аваргаас хүрэл медаль хүртсэн бол энэ жил аваргын төлөө өрсөлдөхөөр зорьж, багийнхантайгаа эрчимтэй бэлтгэлээ базааж байна.
Энэ зун манай гэр бүлийнхий хувьд их онцгой. Ахмадын улсын аваргад бэлтгэлээ хангахын зэрэгцээ гэр бүлээрээ Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй хүргэнээ мөн Монголын шигшээ багаа талбай дээрээс нь дэмжихээр тэсэн ядан хүлээж байна даа.
Манай гэр бүл бүхэлдээ волейболын спорттой салшгүй холбоотой. Хоёр охин маань ч багаасаа энэ спортоор хичээллэж өссөн бөгөөд одоо Улаанбаатар хотод ажиллаж, суралцаж байгаа ч тэмцээн уралдаан, тоглолтыг алгасалгүй үзэж, спортоо үргэлж дэмждэг. Харин бага хүү маань энэ жил 14 настай. Аймагтаа суралцахын зэрэгцээ волейболоор идэвхтэй хичээллэж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцдог бөгөөд энэ удаад Ноён клубийн U14 багийн сонгон шалгаруулалтад хүч сорихоор бүртгүүлээд байна. Эдгээр нь спорт гэр бүлийг маань хэрхэн нэгтгэж, нэгдмэл зорилгын төлөө хамтдаа алхах хүч болдгийн хамгийн сайхан жишээ юм даа.
Би хүүхдүүдээ заавал мэргэжлийн тамирчин болоосой гэж шаарддаггүй. Харин спортоор дамжуулан эрүүл, зөв төлөвшилтэй хүн болоосой гэж хүсдэг. Волейбол хүүхдэд зөвхөн биеийн тамир биш, сахилга бат, хариуцлага, хамтын ажиллагаа, бусдыг хүндэтгэх соёл, зөв харилцааг давхар эзэмшүүлдэг. Өнөөдрийн хүүхдүүдийн чөлөөт цагийн ихэнх нь дэлгэц, цахим орчинд өнгөрч байна. Харин тэр цагийг зааланд, талбай дээр, найзуудтайгаа хамт бэлтгэл хийж өнгөрүүлэх нь хүүхдийн бие бялдар төдийгүй сэтгэл зүй, хүмүүжилд илүү үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж хардаг даа.
Спорт бол нэг удаа оролдоод шууд сайн болчихдог зүйл биш. Амжилтын цаана үргэлж цаг хугацаа, тэвчээр, уйгагүй хөдөлмөр, хамтын хүч байдаг. Хүүхэд энэ бүхнийг спортоор дамжуулан багаасаа сурч, төлөвшдөг. Тийм болохоор бид гэр бүлээрээ спортыг дэмжиж, хамтдаа тэмцээн үздэг нь хүүхдүүддээ үлдээж буй нь нөгөө талаараа хамгийн том үлгэрлэл юм.
"Хүүхдэд спортоор хичээллэх боломжийг нь олговол дэлгэцийн хамаарал буурахаас эхлээд олон эерэг үр дүн дагуулдаг"

Нөхрийн маань талынхан бүгд спортод их сонирхолтой. Гэр бүл, хамаатан садангаараа цуглахаараа заавал зааланд тоглож, тэмцээн уралдаан үзэж, спортоороо нэгддэг уламжлалтай гэхэд болно. Сум, орон нутаг, байгууллагын тэмцээнүүдэд тогтмол оролцож, Улаанбаатарт болдог лигийн аварга шалгаруулах тоглолтуудыг ч алгасалгүй үздэг. Харин одоо Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг гэр бүлээрээ үзэхээр хүлээж байна.
Орон нутагт амьдардаг хүүхдүүдийн нэг том давуу тал нь спортоор хичээллэх орчин илүү нээлттэй байдаг гэж би хардаг. Заалнууд нь ихэнхдээ үнэ төлбөргүй эсвэл маш хямд, гадаа тоглох талбай ч хангалттай байдаг учраас хүүхдүүд чөлөөт цагаа гар утас ширтэж өнгөрүүлэхээс илүү найзуудтайгаа цуглан спортоор хичээллэж, амьд харилцааг бий болгон, хамтдаа хөгжиж өсөх боломж нээлттэй байдаг. Миний бодлоор хүүхэд бүрд ийм орчин, боломжийг бүрдүүлж өгч чадвал тэд дэлгэцийн ард биш, бодит амьдрал дээр нөхөрлөж, багаар ажиллаж, зөв хүмүүжил, эерэг дадлыг өөртөө төлөвшүүлэхэд илүү их түлхэц болно.
Ер нь хүүхдэд спортоор хичээллэх боломжийг нь нээгээд өгвөл дэлгэцийн хамаарал буурахаас эхлээд эрүүл мэнд, зөв хүмүүжил, харилцааны ур чадвар гээд олон эерэг үр дүн дагуулдаг. Спорт хүүхдийг зөвхөн бие бялдраар нь хөгжүүлээд зогсохгүй, хамт олонтойгоо ойлголцож ажиллах, бусдыг хүндэтгэх, хариуцлагатай байх зэрэг амьдралд хэрэгтэй олон чанарыг төлөвшүүлдэг шүү дээ.
Манай хүргэн ч өөрөө волейболын тамирчин болохоор гэр бүлээрээ тоглолт бүрийг шимтэн үздэг. Шигшээ багаа талбай дээрээс нь дэмжих мөчүүд бол бидний хамгийн сайхан гэр бүлийн дурсамжуудын нэг. Тиймээс энэ удаагийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ч мөн адил хамтдаа үзэж, Монголын шигшээ багаа уухайлан дэмжихээр хүлээж байна.
“Хайртай хүнийхээ хүсэл мөрөөдлийг хязгаарлах биш, харин ч хамтдаа түшиж, гаргасан амжилт бүрийнх нь ард бат зогсох нь ямар их үнэ цэнтэйг би ээжээсээ сурч авсан”

Миний мэдэх хамгийн мундаг тамирчин бол миний аав. Хүүхэд байхад аав маань намайг тэмцээн болгондоо дагуулж явдаг байсан болохоор үзэгчдийн суудалд ганцаараа сууж байгаад л аавыгаа талбай дээр тоглохыг харан чин сэтгэлээсээ дэмждэг байлаа. Тэр мөч миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн нэг болон үлдсэн, одоо ч хэвээрээ.
Манай аав волейболын спортын мастер хүн учраас багадаа "Би ч бас аав шигээ нэр хүндтэй, мундаг тамирчин болно" гэж мөрөөддөг байсан. Харин хожим нь эрэгтэй дүүтэй болсныхоо дараа "Дүү маань л аавынхаа замналыг залгамжилж, илүү том амжилтанд хүрсэн тамирчин болох байх" гэж бодох болсон. Хэдийгээр оюутан болоод хичээл номдоо илүү цаг гаргах болсон ч спорт миний амьдралаас хэзээ ч холдоогүй бөгөөд одоо ч боломж л гарвал тоглож, тэмцээн уралдаан үзэж, спортоо үргэлж дагаж явдаг.
Өдгөө эргээд харахад намайг өнөөдрийн бие хүн болон төлөвшихөд спорт асар их нөлөө үзүүлсэн байна. Волейболын спорт надад зөвхөн тоглох техникийг сургаад зогсоогүй, амьдралд хамгийн хэрэгцээтэй тууштай байдал, тэвчээр хатуужил, шийдэмгий зан чанар болон баг хамт олонтойгоо ойлголцож ажиллах чадварыг суулгаж өгсөн. Тиймдээ ч би өөрийгөө спортын хүмүүжлээр хүмүүжсэн хүн гэж бахархалтайгаар хэлнэ.
Аав ээж хоёрын маань бие биедээ үзүүлдэг дэмжлэг, амьдралын үлгэрлэл надад маш их үнэ цэнтэй санагддаг. Аав маань намайг төрсөн цагаас хойш өнөөдрийг хүртэл тэмцээн уралдаанд тасралтгүй оролцож байгаа бөгөөд Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэлх 700 гаруй километр замыг ч ажралгүй туулж тэмцээндээ ирдэг. Харин энэ бүх хугацаанд ээж маань аавын хамгийн том бат бөх ар тал, түшиг тулгуур нь болж, ар гэрийн бүхий л ажлыг даан, аавд дуртай спортоороо хичээллэх боломжийг нь үргэлж нээж өгсөөр ирсэн. Тэр хоёрынхоо амьдралыг харах бүрдээ жинхэнэ хайр, харилцан дэмжлэг гэж юу байдгийг гүн гүнзгий ойлгодог юм. Хайртай хүнийхээ хүсэл мөрөөдлийг хязгаарлах биш, харин ч хамтдаа түшиж, гаргасан амжилт бүрийнх нь ард бат зогсох нь ямар их үнэ цэнтэйг би ээжээсээ сурч авсан. Тийм учраас би ч гэсэн ирээдүйд яг л ээж шигээ хайртай хүнийхээ мөрөөдлийг үргэлж өгөөмрөөр дэмждэг, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийг цогцлоосон эхнэр, ээж болохыг чин сэтгэлээсээ хүсдэг дээ.
"Миний хамгийн сайн багш бол миний аав"

Би волейболоор хичээллээд дөрвөн жил болж байна. Энэ жил U14 өсвөрийн шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцох учир өдөр бүр бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээж байгаа.
Миний хамгийн сайн багш бол миний аав. Бэлтгэлийн үеэр арга техникээ зааж, алдаа бүрийг маань тайлбарлаж өгдөг. Аавтайгаа хамт тоглох бүрдээ шинэ зүйл сурч, өмнөхөөсөө илүү сайжирч байгаагаа мэдэрдэг. Ирээдүйд би спортын сэтгэл зүйч болох мөрөөдөлтэй. Ямар ч ажил хийсэн спорттой холбоотой байж, энэ салбараасаа холдохгүй амьдрахыг хүсдэг. Мөн нэг л өдөр талбай дээр аав шигээ, цаашлаад Монголын шилдэг тамирчидтай мөр зэрэгцэн тоглох өдөр ирнэ дээ гэж боддог.
Волейболоор хичээллэснээр би олон гоё найзтай болсон. Одоо манай ангийнхан, найзуудын ихэнх нь энэ спортоор хичээллэдэг. Чөлөөт цагаараа бид зааланд эсвэл гадаах талбай дээр цуглаж тоглож, хамтдаа бэлтгэл хийж, хөгжилтэй өнгөрөөдөг. Спортоор дамжуулж шинэ найзуудтай болж, чөлөөт цагаа зөв өнгөрөөх боломжтой хоббитой болсон нь миний энэ спортоос олж авсан хамгийн сайнхан зүйл.

Хэрвээ та волейболын спортын сонин сайхныг сонирхон судалж, уг спорттой холбоотой 10 асуултад хариулан, мэдлэгээ сорьж, волейболын жинхэнэ фанат мөн эсэхээ шалгахыг хүсвэл ЭНД дарна уу!
Сэтгэгдэл