

Хүн дуртай зүйлтэй, сонирхдог спорттой байна гэдэг маш чухал. Харин тоглож чаддаг, чаддаггүй нь дараагийн асуудал юм. Сонирхдог спортынхоо түүхээс эхлээд талбайн дүрэм тоглогчдын үүрэг, байрлалын талаар мэдлэгтэй байх тусам аливаа спортыг үзэхэд илүү сонирхолтой, урамтай болж эхэлдэг шүү дээ.
Саяхан 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ болж өндөрлөлөө. Харин Волейболын Үндэстнүүдийн Лиг (VNL)-ийн шигшээ найман тоглолт явагдаж, Монгол Улсад Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж буй энэ цаг үед волейболын спортын үнэнч үзэгч болон энэхүү спорттой шинээр танилцаж буй хүмүүстээ зориулан манай редакцын зүгээс мэдлэг, зөвлөгөө, ойлголтуудыг багтаан, энэхүү нийтлэлийг бичихийг зорилоо. Волейболын спортоор хичээллэж, үзэж өссөн сэтгүүлч миний зүгээс ч дуртай спортынхоо талаар уншигч та бүхэнтэй хуваалцах гэж буйдаа тун таатай байна. Ингээд волейболын ертөнцөөр хамтдаа аялцгаая!
Волейболын спортын үүсэл хөгжил: Дэлхий ба Монгол

Таныг амьдралдаа ганц удаа ч болов волейбол тоглож, эсвэл найзуудтайгаа тойрч зогсоод “төмсдөж” үзсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн жилүүдэд энэхүү спортыг шимтэн үзэж, дурлан хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ч, волейбол бол бидний дунд олон жил оршин тогтносон хуучны танил шиг л дотно спорт билээ. Орой бүр байрныхаа гадаа тоглож, сагс, хөлбөмбөгийн бөмбөг олдохгүй үед волейболын бөмбөгөөр орлуулан өшиглөж явсан дурсамж хүн бүрд бий. Тэгвэл волейболын бөмбөг тийм уян хатан шинжтэй байдаг нь уг спортын үүсэл хөгжлийн сонирхолтой түүхтэй холбоотой.
Волейболын спортыг 1895 онд АНУ-ын Массачусетс мужийн Холиок хотын тухайн үеийн биеийн тамирын коллежийн багш Уильям Г.Морган зохиосон түүхтэй. Тэрбээр анх газрын теннисний торыг 197 см өндөрт татан дээгүүр нь сагсан бөмбөгөөр нөхдийнхөө хамт тоглож эхэлсэн гэдэг. Гэвч сагсан бөмбөг хэтэрхий хүнд байсан тул бөмбөгийн дотор резинээр тоглох санааг гаргасан ч эсрэгээрээ хэт хөнгөн болоод хаашаа ч хамаагүй ойгоод байжээ. Удалгүй хажууд нь хуучирч элэгдсэн хөл бөмбөг байхыг хараад түүгээр тоглож үзсэнээр өнөөдрийн бидний тоглодог волейболын спорт үүсэх суурь тавигдсан байна.

Ийнхүү сагсан бөмбөг, теннис, хөл бөмбөгийн элементүүдээс бүрдсэн, биеийн контактын гэмтэл багатай шинэ спорт үүсэж, тухайн үед волейболыг "Минтонетт" гэж нэрлэж байв. Хожим бөмбөгийг агаарт тасралтгүй дамжуулж тоглодог онцлогийг нь харгалзан үзэж "Волейбол" гэж нэрлэх болжээ. Улмаар 1947 онд Олон улсын волейболын холбоо (FIVB) байгуулагдаж, 1964 оны Токиогийн олимпоос эхлэн волейболын спорт Олимпийн албан ёсны төрөл болон баталгаажсан юм.
Дэлхийд волейбол ингэж үүсжээ. Тэгвэл Монгол Улсын волейболын түүх хэрхэн эхэлсэн юм бол?
"Рабфак"-ийн монгол оюутнууд

Манай оронд волейбол үүсэж хөгжих анхны эхлэл нь тухайн үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүд болон ЗХУ-д суралцаж байсан Монголын оюутнууд уг тоглоомыг сонирхон сурч, тоглож байсантай шууд холбоотой ажээ. Тухайлбал, Эрхүү хотын “Рабочий факультет” буюу “Рабфак”-т суралцаж байсан монгол оюутнууд 1927 онд МХЗЭ-ийн Төв Хорооны нэр дээр бичсэн захидалдаа, “Монголын оюутан сэхээтэн бид зөвлөлтийн залуучуудын дунд хөгжиж байгаа волейбол хэмээх тоглоомын дүрэм, журмыг ихэд сонирхон судалж байна” гээд энэ тоглоомыг монгол түмнийхээ дунд дэлгэрүүлэн хөгжүүлэхийг санал болгож волейболын хоёр бөмбөг, нэг тор (сетка) бэлэг болгон илгээжээ.
1930-1950-иад оны эхэн үе хүртэлх хугацаанд волейболын спорт хот, хөдөөгүй түгээн дэлгэрүүлэхэд Эрхүүгийн “Рабфак”-ийн хар Даваа, шар Сэнгээ, шоогоо Цэрэндулам, халзан Банзрагч, пандага Шарав, герман Бавуу тэргүүтээ олон арван тамирчид тоглолтын ур чадвараараа гайхагдан “Рабфак”-ийн монгол оюутнууд” хэмээн дурсагдан үлдсэн түүхтэй. Улмаар 1957 онд Монголын Волейболын Холбоо (МВХ) байгуулагдсан нь энэхүү спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлж, баг тамирчид олон улсын тавцанд гарах шинэ эхлэл тавигдсан ажээ.
Бүх нийтийн спорт
Монголд 1930-аад оноос эхлэн улсын баяр наадам, биеийн тамирын спартакиадын хөтөлбөрт волейболын төрлийг багтаасан нь уг спорт манай улсад бие даан эрчимтэй хөгжих суурь болжээ.
Тэрхүү уламжлал өнөөдөр ч тасралтгүй үргэлжилж, Монгол Улсын албан байгууллага бүр спортын бага наадам, нөхөрсөг тэмцээн зохион байгуулахдаа волейболыг хэзээ ч орхигдуулж байсангүй. Энэ нь волейбол бол зөвхөн мэргэжлийн тамирчдад зориулсан спорт бус, хүн бүрийн тоглох боломжтой бүх нийтийн спорт төдийгүй хамт олныг нэгтгэдэг чухал соёл болохыг илтгэнэ. Мэргэжлийн, сонирхогчдын гээд олон арван тэмцээн уралдаан зохиогддог ч энэ удаа дараах хоёр тэмцээнийг онцлон дурдъя.
Нэгдүгээрт, Монголын банк хоорондын волейболын аварга шалгаруулах "БАНКИР" тэмцээн. Уг тэмцээнд Монгол Улсын арилжааны бүх банк оролцдог бөгөөд ажилтнууд нь салбар, нэгж харгалзахгүй нэг баг болон оролцдогоороо хүн бүрд тэгш боломж олгодог онцлогтой. Сүүлийн жилүүдэд банкууд тэмцээнд өндөр ач холбогдол өгч, мэргэжлийн дасгалжуулагч урин, олон сарын турш бэлтгэл хангахаас гадна олон улсын стандартад нийцсэн том ордон, заалнуудад тоглох болжээ. Тиймээс "Банкир" тэмцээн нь уламжлалт спортын тэмцээн зохион байгуулдаг байгууллагуудад жишиг болохуйц тэмцээн гэж харж байна.
Хоёрдугаарт, "Монгол 89" волейболын аварга шалгаруулах тэмцээн байна. Тус тэмцээн нь анх 1989 онд ахлах сургуулиа төгссөн 21 аймгийн нийт төгсөгчдийн дунд эхэлж байсан бол сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын 9 дүүргийн төгсөгчид нэгдэж, тэмцээний цар хүрээгээ тэлээд байгаа юм. Жил бүр тус тэмцээн заал дүүрэн хөгжөөн дэмжигчид, багуудын гал гарсан тоглолтоор үргэлжилдэг. Гэвч нэгэн үеийн нөхөд талбай дээр хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй, анги хамт олноороо эргэн уулзаж, хамтдаа дурсамж бүтээхийг чухалчилдаг гэнэ. Тиймээс ч энэхүү тэмцээн бол зөвхөн ялалт, ялагдлын тухай ойлголт биш нөхөрлөл, баг хамт олны эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог хэмээх спортын алтан дүрмийг бодитоор мэдрүүлдэг онцлогтой.

Найман настай балчраас наян настай буурал хүртэл үзэж байна
Монголчууд волейболыг ер нь "үзээд сурчихсан" хүмүүс шүү дээ. Дэлхийн аваргаас эхлээд Үндэсний Дээд Лигийн тоглолтуудыг зурагтаар эсвэл зорин очиж гэр бүл, найз нөхдөөрөө шимтэн үзэж, хайртай багаа дуу нэгтэй уухайлан дэмжиж, нэг тоглолт хэдэн цаг үргэлжилсэн ч хамаагүй тэмцээнээ дуусгаж байж л заалнаас гардаг волейболын хөгжөөн дэмжигчдийн өндөр соёлтой ард түмэн.
Энэ талаар Монгол Улсын Үндэсний эрэгтэй шигшээ багийн тамирчин Г.Цэнд-Аюуш “Волейболын спорт манай улсын 21 аймагт эрчимтэй хөгжиж, аль хэдийн олны хайртай спорт болжээ. Баянхонгор аймагт Дээд лигийн тоглолт явагдахад заал дүүрэн үзэгч цугласан. Мөн аль ч аймагт очиж тоглосон хүүхдүүд Монголынхоо бүх тамирчдын нэрийг мэддэг, таньдаг байхыг хараад маш их баярласан” хэмээн ярьж байлаа. Эндээс бид волейболын спорт нь ахмад, залуу үеийхнийг нэгтгэх гүүр болж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг харж болохоор байна.
Волейболын спортоор хичээллэснээр ямар давуу тал үүсэх вэ?

Волейболын спорт нь бие махбод болон тархины хөгжилд жинхэнэ утгаараа сэргэлт авчирдаг гэнэ. Тоглолтын явцад үсрэх, суух, шилжих хөдөлгөөнүүдийг тасралтгүй хийдэг учраас өсөлтийн гормоны ялгарлыг дэмжиж, ясны эдийг сэргээснээр хүүхэд, залуусын өсөлтөд бодитой дэмжлэг болдог ажээ. Мөн бөмбөгний хурд, талбайн орон зайг секундийн дотор тооцоолж, шийдвэр гаргах шаардлагатай байдаг тул сэтгэн бодох чадвар, реакц болон төвлөрлийг маш сайн хөгжүүлдэг байна. Олон улсын Биотехнологийн мэдээллийн төвийн (NCBI) судалгаагаар волейбол шиг хурдан шийдвэр шаарддаг спорт нь тархины нейроны холбоосыг идэвхжүүлж, орон зайн баримжаа болон сэтгэн бодох чадварыг бусад спорттой харьцуулахад илүү хурдан сайжруулдаг нь батлагджээ.
Түүнчлэн волейболоор хичээллэх нь хувь хүний карьер болон санхүүд бодит боломжуудыг дагуулдаг. Харвардын Бизнесийн сургуулийн (Harvard Business School) судалгаанаас харахад багийн спортоор хичээллэж байсан мэргэжилтнүүд ажлын байранд сонгогдох боломж өндөр байхаас гадна, спортоор хичээллэдэггүй хүмүүсээс дунджаар 10-15%-иар илүү хурдан ажилд орж, өндөр цалин авах хандлагатай байдаг хэмээн онцолсон байна.
Та волейболын үндэсний шигшээ багийн тоглогч байсан бол ямар байрлалд тоглох байсан бол?
Волейболын спортод байрлал бүрийн хүлээх үүрэг өөр байдаг. Тэгвэл таны зан чанар, ур чадварт аль байрлал хамгийн төгс тохирох бол? Дараах тестийг бөглөж үзээд өөрийн байрлалаа олохоос гадна Монголын Үндэсний шигшээ багийн шилдэг тоглогчдоос хэнтэй ижил байрлалд тоглодгоо олж мэдээрэй!
Монголын Волейболын шинэ эрин үе

Сүүлийн жилүүдэд Монголын Волейболын Үндэсний Дээд Лигийн чанар чансаа шинэ түвшинд хүрлээ. Клубүүд санхүүгийн хувьд харьцангуй тогтворжиж, дотоодын тамирчдаа дэмжихээс гадна АНУ, ОХУ, Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг волейболын өндөр хөгжилтэй орнуудын легионер тамирчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, Монголын волейболын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхэд маш чухал нөлөө үзүүлэх юм.
Зөвхөн гаднын легионеруудыг авчраад зогсохгүй Монголын тамирчид өөрсдөө олон улсад "импорт тоглогч"-оор уригдан, тивийнхээ топ лигүүдэд шинэ түүхийг бичиж эхэллээ. Тодруулбал, Монгол Улсын Үндэсний эрэгтэй шигшээ багийн тамирчин Б.Хангал Тайванийн волейболын дээд лигээ (TVL) амжилттай дуусгаж эх орондоо ирээд байгаа бол, “Энагурээ” клубийн тоглогч Х.Энх-Соёл БНСУ-ын эмэгтэйчүүдийн мэргэжлийн волейболын лигийн (KOVO) Азийн квотын драфтад сонгогдон, дэлхийн өндөр чансаатай лигт тоглож байна. Ийнхүү Монголын олон залуу тамирчид БНСУ, АНЭУ, улсын лигүүдэд тоглож, Монголын волейболын спортын шинэ эрин үеийг түүчээлж байна.
Бид олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо үзэх боломжтой юу?

Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй Үндэсний шигшээ багууд Азийн волейболын холбоо (AVC)-ноос зохион байгуулдаг тивийн болон бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, байр сууриа баталгаажуулсаар байгаа. Эдгээр тэмцээнд оролцох нь Олон улсын волейболын холбоо (FIVB)-ноос гаргадаг дэлхийн ранк, чансааны оноог эх орондоо цуглуулах маш хариуцлагатай, стратегийн ач холбогдолтой алхам болдог. Дэлхийн чансаанд эрэмбэлэгдэж, ранкаа ахиулж чадсанаар манай шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, цаашлаад Олимпын эрхийн төлөө өрсөлдөх, олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцох эрхээ авах юм.
Үүнээс гадна, Монголын Волейболын Холбоо Ази тивийн болон бүсийн аварга шалгаруулах томоохон тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулахаас гадна Монголын Волейболын Үндэсний Дээд Лигийн 2022-2023 оны улиралд “видео чалленж” системийг нэвтрүүлснээр зохион байгуулалтын хувьд олон улсын стандартад нийцэж эхэлсэн билээ. Мөн олон улсын шүүгчийн эрхтэй дотоодын мэргэжилтнүүд болон тоглолтыг уншигчдад хүргэдэг тайлбарлагчдын ур чадвар мөн нэмэгдэж байна.
Монгол Улс өмнө нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Зүүн Азийн АШТ-ийг Буянт-Ухаа спорт ордонд амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Тэгвэл ирэх наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Манай шигшээ баг энэхүү тэмцээнд А хэсэгт багтсан бөгөөд хэсгийн тоглолтоо БНХАУ, Хонг Конгын багуудтай хийнэ. Энэ удаагийн ЗААШТ-д Япон, БНСУ, БНХАУ, Тайвань (Chinese Taipei), Хонконг, БНАСАУ, Макао улсын багууд ирэх юм.
БНСУ-ын баг энэ удаагийн тэмцээнд 4 удаагийн аваргаа хамгаалахаар ирэх бол Япон улсын 2 дугаар баг ирэх нь тодорхой. Манай улсын хувьд ч олон жилийн дараа нутагтаа болох тэмцээнд өндөр амжилт гаргахаар шаргуу бэлтгэл хангаж байна. Цаашид Олон улсын волейболын холбоо (FIVB)-ны стандартад нийцсэн Азийн Челленж кап болон тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг шат дараалан тогтмол зохион байгуулсаар байвал ирээдүйд VNL-ийг эх орондоо хүлээн авч, дэлхийн супер одуудыг Монголын талбайд тоглохыг харах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Монголын Волейболын ирээдүй гэрэлтэй байна

Манай улсад бөх, сур харваа зэрэг үндэсний спортын төрлүүд чухал байр суурьтайгаас гадна Олимпын амжилт гаргаж ирсэн чөлөөт бөх, жүдо, бокс, байт харвааны тэмцээнүүдэд олон нийт өндөр ач холбогдол өгдөг. Мөн мэргэжлийн лигүүдийн сагсан бөмбөг, хөл бөмбөг, тулааны спорт, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн тэмцээн уралдаан, үйл явдал, тамирчид, тэдний түүх монгол үзэгч, уншигчдын анхаарлыг онцгой татдаг билээ.
Харин сүүлийн жилүүдэд волейболын спортыг шимтэн үзэгчдийн тоо өсөхийн хэрээр уг спортоор дурлан хичээллэх хүүхэд багачуудын цуваа ч тасрахгүй байна. Саяхан болж өнгөрсөн "Мини волейбол"-ын УАШТ-д гэхэд л 734 багийн 3,000 гаруй тамирчид оролцсоноос энэхүү спортын цар хүрээ хэрхэн өргөжин тэлж буйг дүгнэж болохоор байгаа юм.
Зааланд бөмбөгтэй нөхөрлөн, хичээнгүйлэн бэлтгэл сургуулилт хийж байгаа хүүхэд багачуудын дундаас ирээдүйд тив, дэлхийд улсынхаа нэрийг цуурайтуулсан тод одод төрөн гарах нь гарцаагүй. Тиймээс цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр олон улсад гаргасан амжилт, салбарын хөгжил дэвшлээс үл хамааран энэхүү спортод бие, сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж буй багш, дасгалжуулагч, тамирчид, үнэнч үзэгч, фанатуудын эрчмээр манай улсын волейболын соёл тасралтгүй үргэлжилсээр байх биз ээ.
Сэтгэгдэл