Есдүгээр сарын 11, 12-нд UG Palace-д “GRANDEUR” контемпорари балет шоу зохион байгуулагдана. Энэ удаагийн тоглолтоор сонгодог балетын техникээс эхлээд контемпорари, этник, чөлөөт бүжгийн өөр өөр хэлбэрийг нэг тайзан дээр нэгтгэж үзэгчдэд шинэ мэдрэмж, дахин давтагдашгүй өнгө аясыг хүргэхээр зорьж байна.
Контемпорари буюу орчин үеийн бүжгийн хэв маягийг ойлгохын тулд эхлээд сонгодог балетын онцлогийг ойлгох хэрэгтэй. Сонгодог балетын хөдөлгөөнд өлмий дээрээ сунгасан, гадагш эргэсэн хөл, цэх бөгөөд урт шугам үүсгэсэн биеийн байрлалыг түлхүү ашигладаг бөгөөд ихэвчлэн сонгодог хөгжимтэй хоршин, XVIII-XIX зууны уран зохиолоос сэдэвлэсэн драматик үйл явдлыг өгүүлдэг байна. Харин контемпорари балет нь уламжлалт балетын хөдөлгөөний хүрээг илүү чөлөөтэй болгож, хавтгай даавуун балетын гутал өмсөх, зарим тохиолдолд огт гуталгүй бүжиглэх зэрэг илүү чөлөөт илэрхийлэмжийг ашигладаг аж.
Сонгодог балетаас юугаараа өөр вэ?
Сонгодог балет нь хөдөлгөөний тодорхой техник, байрлал, биеийн шугамыг нарийн баримталдаг бол контемпорари балет нь сонгодог балетын техникийг суурь болгон авч, хөдөлгөөний шинэ хэл, илэрхийллийн илүү өргөн боломжийг эрэлхийлдэг. Өөрөөр хэлбэл, сонгодог балетын техникийг орчин үеийн хөдөлгөөн, хөгжим, театрын элементтэй холбон илүү чөлөөтэй илэрхийлдэг урлагийн хэлбэр гэж ойлгож болно. Контемпорари балетын өөр нэг онцлог нь үзэгчээс заавал нэг тодорхой утга, өгүүлэмжийг тайлахыг шаарддаггүйд оршдог. Зарим бүтээл тодорхой үйл явдал өгүүлдэг бол зарим нь хөдөлгөөн, хөгжим, гэрэл, орон зайгаар дамжуулан мэдрэмж төрүүлдэг байна. Тиймээс үзэгч бүрийн тайзнаас олж харж, мэдэрсэн зүйл өөрийнх нь дотоод ертөнцөөр дамжин өөр өөрөөр буудаг биз ээ.
Уламжлалт тайзнаас чөлөөт орон зай руу

GRANDEUR контемпорари балет шоу нь энэхүү эрх чөлөөг хөдөлгөөн төдийгүй тоглолтынхоо орон зайгаар дамжуулан илэрхийлэхийг зорьжээ. Уламжлалт театрын тайзнаас өөр орчинд болох тус тоглолтод тайз, гэрэл, дуу дүрс, уран сайхны эффектийг бүжгийн хөдөлгөөнтэй хослуулж, үзэгчдэд тоглолтын эрч хүч, уур амьсгалыг бүрэн мэдрэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
“GRANDEUR” контемпорари балет шоуны тасалбарыг ЭНД дарж аваарай.
Тоглолтын гэрэл, хөгжим, дуу дүрсний шийдлийг бүжгийн хөдөлгөөнтэй уялдуулан бүтээж байгаа нь GRANDEUR-ийн бас нэг онцлог юм. Гэрэлтүүлэг нь бүжигчдийн хөдөлгөөн болон тухайн үзэгдлийн уур амьсгалыг тодотгож, хөгжим нь дүр бүрийн сэтгэл хөдлөлийг бүрдүүлнэ. Мөн тайз, үзэгчдийн хоорондын зайг ойртуулснаар тоглолтыг илүү дэргэдээс мэдэрч, тухайн үдшийн уур амьсгалд уусах боломжийг үзэгчдэд өгөхөөр төлөвлөжээ.
Балетийн урлагийг хувцаслалтгүйгээр төсөөлөхөд бэрх. Бүжигчний биеийн хөдөлгөөн, дүрийн онцлогийг тодотгохоос гадна хувцаслалт нь тухайн бүтээлийн уран сайхны шийдлийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Энэ удаагийн тоглолтын хувьд ч хувцаслалт нь бүтээл бүрийн онцлогтой уялдан сонгогдож, бүжигчний хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр биеийн шугам, хөдөлгөөний чанар, бүтээлийн сэтгэл зүйг илэрхийлэхэд анхаарчээ.
Сүр жавхлан, аугаа цар хүрээ

Англи хэлний “grandeur” гэх үг нь сүр жавхлан, аугаа цар хүрээ гэсэн утгатай. Харин энэ удаагийн “GRANDEUR” контемпорари балет шоуны хувьд уг нэр нь тоглолтын цар хүрээ, уран сайхны шийдэл, илэрхийлэх мэдрэмжийг бүхэлд нь агуулж байгаа юм. Сонгодог балетын эрхэмсэг гоо зүй, контемпорари бүжгийн эрх чөлөө, бүжигчний биеийн хэлэмж, хүний сэтгэл хөдлөлийн өргөн цар хүрээ нэг тайзан дээр нэгдэж буй нь “GRANDEUR” гэх нэрийн утгыг тодотгоно. Нөгөө талаас, энэхүү тоглолт нь Nomadic Ballet Production-ийн 10 жилийн ойтой давхцаж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд тэдний хуримтлуулсан туршлага, уран бүтээлийн сор болсон замналаа энэхүү тоглолтдоо шигтгэн, шинэ орон зайд шинэ уран сайхны шийдлээр үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа билээ.
Энэ удаагийн тоглолтод неоклассик, контемпорари, этник болон чөлөөт бүжгийн өөр өөр хэлбэрүүд нэг тайзан дээр уулзах аж. Дөрвөн дэглээч өөр өөрийн хөдөлгөөний хэлээр хайр, эрх чөлөө, дотоод тэмцэл, хүний харилцаа, хагацал зэрэг бидний амьдралд танил сэдвүүдийг өгүүлэх юм. Тиймээс энэхүү тоглолтыг нэг л үйл явдал, нэг л өгүүлэмжтэй тоглолт гэхээс илүүтэйгээр олон өөр мэдрэмжээр аялах бүтээл гэж харж болох юм. Нэг тайзан дээр өөр өөр ертөнц бий болж, үзэгч бүр тэдгээрээс өөрийн түүх, өөрийн мэдрэмжийг олж харах боломжтой.
Та балет үзэхээсээ өмнө
Балет үзэхийн өмнө бүх дүр, хөдөлгөөн, түүхийг урьдчилан мэдэх шаардлагагүй. Харин боломжтой бол тоглолтын товч танилцуулга, хөтөлбөртэй танилцаад очвол тайзан дээрх бүтээлийг өөрийнхөөрөө хүлээж авахад дөхөм болно шүү.
Тоглолтын өмнө бага зэрэг эрт очих, утасныхаа дууг хаах, тоглолтын үеэр зураг, бичлэг хийхгүй байх зэрэг нь бусад үзэгчийн орон зайг хүндэтгэх энгийн дүрэм юм. Харин тайзан дээрх хөдөлгөөнийг хараад “энэ яг юу гэсэн үг вэ?” гэж өөрөөсөө асуухаас илүү “энэ надад юу мэдрүүлж байна вэ?” гэж бодоод үзэхийг зөвлөж байна. Жишээлбэл, нэг үзэгчийн хувьд хайр дурлалын тухай байж болох хөдөлгөөн нөгөө хүнд эрх чөлөөг, өөр нэгэнд нь өөртэйгөө хийж буй дотоод тэмцлийг ч сануулж болох юм. Учир нь урлаг үзэгчдэд юу мэдрэхийг заадаггүй, харин өөрийн мэдрэмжтэй холбогдох орон зайг нээдэг ажээ.
Тоглолтын хөтөлбөр

