УБ 14°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Судалгаа: Залуус бид улам ажилгүй болоод байна уу?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Судалгаа: Залуус бид улам ажилгүй болоод байна уу?

Судалгаа: Залуус бид улам ажилгүй болоод байна уу?

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.09.08 · 3 унших · — үзсэн

Монголын залуусын ажилд орох боломж хэр тэгш байдаг вэ, сургуулиа төгсөөд ажилтай болоход яг хэр хугацаа шаардагддаг вэ, мөн залуус ажлын байр сонгохдоо цалингаас өөр юуг чухалчилдаг вэ? Эдгээр асуултад хариулахыг зорьсон Азийн хөгжлийн банкны (ADB) “From School to Work: Youth Employment in Mongolia” суурь судалгаа 2026 оны наймдугаар сард шинээр нийтлэгджээ. Уг судалгаанд 15-24 насны болон түүнээс дээш насны залуучуудыг хамруулан, тэдний боловсролоос хөдөлмөрийн зах зээлд шилжих үйл явц, ажил олоход нөлөөлж буй хүчин зүйлс, анхны ажлын байрны тогтвортой байдал, хөдөлмөр эрхлэлтийн зуучлалын үйлчилгээ болон залуусын шинэ хүлээлтийг нарийвчлан судалсан байна. Судалгааны үр дүнгээс уншигчдад сонирхолтой гол үзүүлэлтүүдийг хүргэж байна.

Ажилд орох үйл явц ба шилжих үеийн бэрхшээлүүд 

fin.jpg

Залуучууд сургуулиа төгсөөд хөдөлмөрийн зах зээлд хөл тавих үйл явц бодит байдал дээр нэлээд удаан үргэлжилж, тодорхой хугацаа шаардаж байгааг уг судалгаа онцолжээ. Тухайлбал, сургуулиа төгссөнөөс хойших эхний нэг жилийн хугацаанд залуучуудын ердөө 39 хувь нь л тогтвортой ажилтай болдог бол, бүр таван жилийн дараа ч ажил эрхлэлтийн түвшин нь ердөө гуравны хоёр орчим хувьтай байгаа юм.

Энэхүү шилжилт хүн бүрд тэгш бус хуваарилагдаж, өрхийн орлого болон гэр бүлийн боловсролоос шууд хамаарч буй нь хамгийн анхаарал татахуйц асуудал юм. Тухайлбал, хамгийн бага орлоготой өрхийн залуусын 30 хүрэхгүй хувь нь эхний жилдээ ажил олж чаддаг бол, чинээлэг өрхийн залуусын хувьд энэ үзүүлэлт бараг 50 хувьд хүрч байна. Мөн эцэг эх нь их, дээд боловсролтой байх нь тухайн залуу боловсон хүчний ажил олох магадлалыг 58 хувиар өсгөхөд нөлөөлдөг нь нийгмийн гарал үүсэл, танил тал болон мэдээллийн сүлжээний боломж ялгаатай байгааг харуулж байна.

Сүүлийн 10 жилд боловсролын өгөөж хоёр дахин буурчээ 

Боловсролын түвшин нэмэгдэхийн хэрээр хөдөлмөрийн зах зээл дэх санхүүгийн өгөөж буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, нэмэлт нэг жил суралцахад ирээдүйд олох орлогын өгөөж 2013 онд 8.2 хувь байсан бол 2023 онд 4.3 хувь болон бараг хоёр дахин буурчээ. Энэ нь манай эдийн засаг өндөр боловсролтой залуучуудынхаа тоонд нийцсэн, бүтээмжтэй ажлын байрыг хангалттай хэмжээнд бий болгож чадаж байгаа эсэхэд анхаарах шаардлагатайг сануулж байгаа юм.

Үүний улмаас 2023 оны байдлаар 15-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 13 хувь буюу улсын дунджаас хоёр дахин өндөр байна. Түүнчлэн долоон залуу тутмын нэг нь ямар нэгэн ажил эрхлээгүй, сурч боловсроогүй, мөн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаагүй байгаа нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон боловсролын хүртээмжид тулгамдаж буй томоохон сорилт юм. Ялангуяа залуу эмэгтэйчүүдийн хувьд гэр бүл зохиох, үр хүүхэд асрах болон бусад амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлмөрийн зах зээлээс алслагдах эрсдэл эрчүүдээс өндөр байгаа нь жендерийн ялгаатай байдлыг тодотгож байна.

Албан ёсны байгууллагаар дамжуулан ажил олсон хүмүүс 2 хүрэхгүй хувьтай байна

Залуус ажил хайхдаа албан ёсны хөдөлмөрийн бирж, төрийн болон хувийн зуучлалын байгууллагуудаас илүүтэйгээр хувийн холбоо сүлжээ, танил тал болон сошиал медиаг түлхүү ашиглаж байна. Тухайлбал, хамгийн сүүлд олсон ажлаа гэр бүл, найз нөхөд, танилын хүрээгээр дамжуулан олсон залуус 40 шахам хувийг эзэлж байгаа бол албан ёсны байгууллагаар дамжуулан ажил олсон хүмүүс 2 хүрэхгүй хувьтай байна. Энэ нь ажил зуучлалын албан ёсны үйлчилгээний хүртээмж, нээлттэй байдал сул байгааг илтгэж байгаа аж.

Залуус цалин хөлсөөс гадна ажлын байрны таатай орчныг үнэлж байна

fin-1.jpg

Залуу үеийнхний ажлын байр сонгох шалгуур болон хүлээлт өмнөх үеүдээс өөрчлөгджээ. Тэд зөвхөн сарын цалин хөлс харахаас гадна байгууллагын соёл, хамт олны уур амьсгал, ажилтанд ээлтэй таатай орчныг өндрөөр үнэлж байна. Судалгаанд оролцогчид ажлын байрны таатай орчныг ойролцоогоор сарын 500-600 мянган төгрөгийн цалинтай дүйцэхүйц үнэ цэнтэй гэж үзжээ. Мөн хийж буй ажлынхаа утга учир, нийгэм болон байгууллагад оруулж буй бодит хувь нэмрийг мэдрэх хүсэлтэй байдаг аж.

18-24 насныхан анхны ажилдаа дунджаар 0.9 жил ажиллаж байна

Залуучууд анхны ажлын байрандаа удаан хугацаагаар тогтвортой ажиллах нь ховор бөгөөд ахмад үеийнхэнтэй харьцуулахад ажлаа хамаагүй олон сольдог байна. Тухайлбал, 18-24 насныхан анхны ажилдаа дунджаар ердөө 0.9 жил л зарцуулдаг байна. Энэ нь залуусын хувьд анхны ажил нь карьераа шууд олоод тогтох суурь байхаас илүүтэй өөрт тохирох чиглэлээ олох, туршлага хуримтлуулах эрэл хайгуулын үе шат буюу "дамжлага бааз" болж хувирч байгааг харуулж байна.

Судалгаанаас дэвшүүлсэн бодлогын зөвлөмжүүд:

Уг судалгааны тайланд залуучуудын сургуулиас ажлын байранд шилжих шилжилтийг хөнгөвчлөх, хөдөлмөрийн зах зээлийн үр дүнг сайжруулах зорилгоор дараах гол бодлогын арга хэмжээг авах шаардлагатайг онцолжээ:

Зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх: Нийгэм, боловсрол болон хөдөлмөр эрхлэлтээс алслагдсан залуучуудад (ялангуяа гэр бүл, хүүхэд асрах үүргээс шалтгаалан зах зээлээс хоцорч буй эмэгтэйчүүдэд) чиглэсэн дэмжлэгийн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх.

Ажил зуучлалын үйлчилгээг сайжруулах: Танил тал болон албан бус сувгуудаас хэт хамааралтай байдлыг бууруулах зорилгоор ажлын байрны мэдээллийн ил тод байдлыг хангаж, хөдөлмөрийн зах зээлийн зуучлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх.

Ажил дээр суурилсан сургалтыг өргөжүүлэх: Ажил олгогчид болон хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллаж, залууст практик ур чадвар олгох, бодит үйлдвэрлэл дээр дадлагажих боломжийг бүрдүүлэх замаар боловсрол ба хөдөлмөрийн зах зээлийн уялдааг сайжруулах.

Эцэст нь, энэхүү судалгаа нь залуучуудын өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг бодитоор харуулахын зэрэгцээ боловсролын чанар, ажлын байрны хүртээмжийг сайжруулах замаар тэдэнд илүү оновчтой боломж бүрдүүлэх боломжтойг сануулж байна. Залуу үеийнхний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал хувь нэмэр оруулах юм.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.