УБ 26°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Эмийн ургамлыг эмчийн зөвлөгөөгүй дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй”
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Эмийн ургамлыг эмчийн зөвлөгөөгүй дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй”

“Эмийн ургамлыг эмчийн зөвлөгөөгүй дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй”

Б.Нарангэрэл
Б.Нарангэрэл
Сэтгүүлч
2026.09.03 · 4 унших · — үзсэн

Монгол оронд 1,000 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг. Эдгээрийг эрүүл мэндэд нэн сайн гэж хүмүүс байгалиас түүн, цайндаа хандлах, хоолонд хийх, дангаар нь нунтаглаж хэрэглэх нь элбэг.  “Энэ ургамал тэр өвчинд сайн”, “байгалийн юм чинь хоргүй” гэх аман яриа ч олон. Гэвч эмийн ургамлыгыг байгалийн гаралтай энгийн энгийн хүнс мэт ойлгож болохгүймэт ойлгож болохгүй. Учир нь ургамалд агуулагддаг зарим бодис хүний биед эмчилгээний нөлөө үзүүлдэгтэй адил зохисгүй хэмжээгээр, буруу ургамлыг, буруу хэлбэрээр хэрэглэхэд сөрөг нөлөө ч үзүүлж болдог байна. Өөрөөр хэлбэл, байгалийнх гэдэг нь аюулгүй гэсэн баталгаа биш юм.

Ургамлыг дур мэдэн хэрэглэх нь зохисгүй хэрэглээ

fin-1.jpg

Эмийн ургамалд биологийн идэвх өндөртэй олон төрлийн нэгдэл агуулагддаг бөгөөд зарим нь антиоксидант, зарим нь бактерийн эсрэг зэрэг үйлдэлтэй. Гэхдээ эмчилгээний үйлчилгээтэй бодис агуулагдаж байна гээд тухайн ургамлыг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болохгүй юм. Учир нь ургамал өөрийгөө шавж, мэрэгч, өвчин болон бусад гаднын нөлөөнөөс хамгаалахын тулд олон төрлийн хоёрдогч метаболит буюу биологийн идэвхтэй нэгдэл нийлэгжүүлдэг аж. 

Байгалиас шууд түүсэн ургамалд зөвхөн хэрэгтэй гэж үзсэн нэг бодис бус, тухайн ургамлын бусад хортой байж болох нэгдэл ч хамт байдаг гэсэн үг юм. Харин эмийн бүтээгдэхүүнийг боловсруулахдаа эмчилгээний үйлдэлтэй тодорхой нэгдлийг судалж, шаардлагагүй нэгдлүүдээс нь ялган, найрлага болон тунг шүүдэг аж. Тиймээс эмийн ургамлыг шууд хэрэглэхийн оронд идэвхт бодисыг боловсруулж эмийн хэлбэрээр хэрэглэх нь эрсдэл багатай байдаг байна.

Нэг ургамал, өөр өөр үйлчлэл

Ургамлын төрөл зүйлээс гадна түүний аль хэсгийг хэрэглэж байгаа, хаана ургасан, хэзээ хураасан, хэрхэн хатааж боловсруулсан зэргээс идэвхтэй бодисын хэмжээ өөрчлөгдөж болно. Ургамал гадна орчны өөрчлөлтөд дасан зохицохдоо өөрийгөө улам илүү хамгаалах чадалтай болох буюу хор учруулж болох бодис нь нэмэгддэг юм байна. Тиймээс нэг нэртэй ургамлыг хаана, хэзээ түүснээс хамаарч найрлага нь ялгаатай байж болно. Энэ ялгаа нь эмийн ургамлыг хүнсэнд дур мэдэн хэрэглэхэд хамгийн том асуудлын нэг болох аж.

Хүний хэрэглэж буй ургамалд яг ямар хэмжээний идэвхтэй бодис байгааг нүдээр хараад мэдэх боломжгүй юм. Харин эмийн бүтээгдэхүүнд тухайн идэвхт бодисын агууламжр буюу тун, мөн чанарт тавих шаардлага байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч эмийн ургамлын бүтээгдэхүүнд ургамлын гарал, чанар, аюулгүй байдал, найрлагыг хянах шаардлагатайг зөвлөдөг бөгөөд ургамлын гаралтай эмийг бусад эмийн нэгэн адил чанар, аюулгүй байдлын хяналтад хамруулахыг дэмждэг байна.

“Зэрлэг ургамал түүж хүнсэндээ хэрэглэх нь эрсдэлтэй алхам”

fin-6.jpg

Ургамал бүр тус тусын онцлог бүхий найрлагатай бөгөөд зарим нь хүний биед хортой нэгдэл ч агуулдаг аж. Тэгэхээр ургамлын гаралтай бүхнийг аюулгүй гэж ойлгох нь учир дутагдалтай байх нь. Үүнийг биологийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлахаар МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн дэд профессор, доктор Т.Сувдмаагаас тодрууллаа. 

- Эмийн ургамлыг дур мэдэн хэрэглэж буй хүмүүсийн дийлэнх нь “Байгалийн гаралтай учраас хоргүй” гэсэн ойлголттой байдаг. Энэ нь хэр үнэн, зөв бэ?

- Анх дэлхий дээр шашны урсгал хүчтэй дэлгэрч эхлэх үед бурхан хүнийг бий болгосон учраас түүнд тохиолдох өвчнийг эмчлэх зүйлийг ч мөн байгальд бий гэж үздэг байж. Жишээ нь,, зүрхний хэлбэртэй навч зүрхэнд сайн гэх мэт. Тиймээс уламжлалт анагаах ухаанд ургамлыг шууд эсвэл хатааж хэрэглэдэг байсан. Эм гэдэг үг ч хатаасан ургамал гэдэг үгнээс гаралтай. Хүний бие организм өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас байгалийн гаралтай нэгдлүүдийг бодисын солилцоондоо ашиглах боломжтой нь үнэн. Тиймээс орчин үед ихэнх эм, эмийн бодисуудыг байгалийн гаралтай найрлагаар эсвэл байгалийн гаралтай нэгдлийг химийн синтезийн аргаар гарган авч байна. Гэхдээ ургамал өөрийгөө хамгаалах зорилгоор хортой нэгдлүүд нийлэгжүүлдэг учраас байгальд хоруу чанар өндөртэй нэгдлүүд маш олон байдаг. 

- Зэрлэг ургамлыг өөрөө түүж хүнсэндээ хэрэглэх нь ямар эрсдэлтэй вэ?

- Энэ бол эрсдэлтэй алхам. “Энэ ургамал надад маш сайн тохирдог, би энэ ургамлыг хэрэглээд эдгэсэн” гэж хүмүүс маш их ярьдаг л даа. Үнэндээ хүн хүний бие организм өөр хоорондоо ялгаатай. Нэг хүнд таарч тохирсон байлаа гээд нөгөө хүнд нь ижилхэн үйлчилнэ гэж байхгүй. Хамгийн наад зах нь харшил байна. Мөн биологийн идэвх өндөртэй ургамал ч байж болно. Тэр ургамлыг хэрэглэх үед түүнд байх бусад бүх нэгдлүүдийг хамт хэрэглэж байгаа гэсэн үг. Магадгүй бага хэмжээгээр агуулагдаж байгаа ч урт хугацаанд хэрэглэхэд гаж нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Түүнчлэн, хүний нас залуу, хөгшин байдаг шиг ургамлын нас, ургах газрын онцлогоос хамаарч агуулагдах бодисын хэмжээ харилцан адилгүй ялгаатай байдаг. Гаднын хүчин зүйлийн нөлөө өндөр байх тусам ургамал дасан зохицох, өөрийгөө хамгаалахын тулд зарим нэгдлийг илүү их хэмжээгээр нийлэгжүүлж эхэлдэг. Тиймээс зэрлэг ургамлыг өөрөө дур мэдэн түүж хэрэглэх нь осолтой.  

Шинжлэх ухааны үндэслэлгүй зөвлөгөөнд шүүлтүүртэй хандах нь

fin-4.jpg

Эмийн ургамал хэрэглэх зөвлөгөө амнаас ам дамжин түгэх нь элбэг. Нэг хүн хэрэглээд бие нь сайжирсан бол түүнийгээ бусдад зөвлөдөг. Гэвч тэр хүнд тохирсон ургамал өөр хүнд адилхан үйлчилнэ гэсэн баталгаа байхгүй. Хүний нас, биеийн онцлог, харшил, өвчний байдал, хэрэглэж буй бусад эм тухайн ургамал, бүтээгдэхүүний үйлчлэлд нөлөөлдөг аж. Үүн дээр ургамлын өөрийн найрлагын тун хэр их байх нь ч мөн л хамаарна.

Цахим орчинд өөрийгөө багш, эмч гэж өргөмжилсөн “мэргэжлийн бус тоглогчид” энэ салбарыг ч тайван орхиогүй. “Хаврын яргуйг халуун дээр нь шууд идвэл нэг жилдээ өвчин эмгэг тусахгүй”, “агил мөөгийг бараашиг шиг галзууртал нь исгэж уувал тулай өвчин эдгэнэ” зэрэг шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл олон мянган хүний дэмжлэг, итгэл үнэмшлийг татан, эзнээ баяжуулж байгаа нь харамсалтай. Яргуй гэдэг халуун чанарын ургамал малд л тустай болохоос хүнд огт хэрэггүй гэж хэлж болно. Хэрэглэвээс могойн яр өвчин олох эрсдэлтэйг эмч, анагаах ухааны судлаачид онцолдог. Гэтэл тэр эрсдэл бүхий, хүний эрүүл мэнд гэдэг эмзэг сэвдийг ашиглан, худал мэдээллээр төөрөгдүүлдэг “сайн дурын” ургамал судлаачид эмийн ургамлаар ном хүртэл гаргаж, ширхэг бүрийг нь дунджаас үнэтэй зараад өндөр ашиг олох үзэгдэл ч нийгэмд илхэн байна. Энэ нь нэгдүгээрт бидний эрүүл мэнд, хоёрдугаарт ховор ургамлыг хамгаалахад сөргөөр нөлөөлж болно. Тиймээс бусдын зөвлөгөө бүр үнэн биш бөгөөд, бидний бие ч бас тэр бүхнийг туршдаг биет биш гэдгийг анхаарах нь зүйтэй юм.

“Танихгүй” ургамал хэрэглэх нь

fin-2.jpg

Эмийн ургамлын хэрэглээний тухай ярихад тун, найрлагаас гадна бүр энгийн мэт боловч чухал нэг асуудал бий. Бид хэрэглэж байгаа ургамлаа үнэхээр зөв таньж чаддаг уу? Энэ асуултыг залуу биологич А.Оюунтунгалаг өөрийн хийсэн судалгаагаар харуулжээ. Тэр Улаанбаатарын дөрвөн эмийн сан болон нэг задгай захаас “Юмдүүжин” нэрээр худалдаалагдаж байсан ургамлын түүхий эдийн таван дээжийг анатоми-морфологийн аргаар шинжилсэн байна.

Судалгааны үр дүнд таван дээжийн аль нь ч жинхэнэ Dianthus superbus буюу жавхаалаг башир байгаагүй бөгөөд бүгд Dianthus chinensis буюу нангиад баширын шинж тэмдэгтэй байжээ. Хоёр зүйл ургамал нь гадаад төрхөөс гадна эмзүйн найрлага, уламжлалт хэрэглээгээрээ ижил биш аж. Жавхаалаг башир нь нарийвтар, гүн хэрчигдсэн дэлбээтэй, ягаан өнгөтэй байх бол нангиад башир нь харьцангуй өргөн дэлбээтэй, улаан, ягаан, цагаан зэрэг өнгөтэй байдаг. Жавхаалаг башир, нангиад башир хоёулаа эмийн зориулалтаар хэрэглэгддэг ч нэг зүйл ургамал биш тул химийн найрлага, идэвхтэй нэгдлүүдийн агууламж нь ялгаатай. Тиймээс үйлчлэл нь нэгнээ орлох боломжгүй аж.

Биологич А.Оюунтунгалаг “Хэрэглэгч эмийн сангаас “энэ ургамал энэ өвчинд сайн” гэсэн итгэлтэйгээр бүтээгдэхүүн худалдаж авсан ч савлагаан дээрх нэртэй ургамал яг мөн эсэхийг өөрөө тогтоох боломжгүй. Зэрлэг ургамлыг байгалиас шууд түүхэд бүр ч эрсдэлтэй. Тиймээс эмчилгээний зориулалтаар хэрэглэх бүтээгдэхүүнийг мэргэжлийн эмч нараас тодруулах нь хамгийн сайн арга юм. Мөн эмийн ургамлыг худалдаалах зорилгоор маш их хэмжээгээр түүн, экспортоор гаргадаг нь надад их харамсалтай санагддаг. Ургамлыг хайрлан хамгаалах нь зөвхөн байгалийг бус, өөрсдийн амьсгалж буй агаар, ундалж буй ус, идэж буй хоолоо ч хамгаалж байгаа хэрэг гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Олон улсын судалгаанууд ч ургамлын гаралтай бүтээгдэхүүний буруу зүйлээр орлуулсан, хольцтой эсвэл шошгод бичсэн ургамал нь агуулагдаагүй тохиолдлуудыг илрүүлсэн байдаг аж. 2021 онд Frontiers in Pharmacology сэтгүүлд нийтлэгдсэн тойм судалгаанд 37 орны зах зээлээс авсан 2,386 арилжааны ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг судалсан байна. Судалгаанд орсон бүтээгдэхүүний 27 хувь нь ургамлын ботаникийн хувьд жинхэнэ бус (adulterated) гэж тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, шошго дээр бичсэн ургамал нь огт байхгүй байх, өөр зүйлээр орлуулсан байх, ойролцоо эсвэл хамааралгүй зүйл хольсон байх зэрэг тохиолдол илэрсэн байна. 

Иймээс ДЭМБ эмийн ургамлын түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл ургамлын зүйл, найрлага, бохирдол, чанарыг шалгах аргачлалуудыг тусгайлан гаргасан байдаг.

Эмийн ургамлыг хэт их түүсээр байвал ургацад ч нөлөөлнө

fin-5.jpg

Эмийн ургамлыг дур мэдэн хэрэглэхийн хор нөлөө зөвхөн хэрэглэгчийн биед хүрээд дуусахааргүй аж. Эрэлт ихсэхийн хэрээр байгалиас түүх хэмжээ нэмэгдэнэ. Ялангуяа үндсийг нь эмийн зориулалтаар ашигладаг ургамлыг үндэстэй нь таслан авах нь тухайн ургамал дахин ургахад саад учруулна.

Эмийн ургамлыг их хэмжээгээр түүх нь популяцид шууд нөлөөлдөг тул ховордож буй ургамлыг хамгаалах зорилгоор тарималжуулах, биотехнологийн аргаар өсгөвөрлөх судалгаанууд ч хийгдэж байгаа юм байгааг биологийн ухааны доктор Т.Сувдмаа онцолж байсан юм. Ингэхээр эмийн ургамлын хэрэглээний тухай яриа нэг хүний эрүүл мэндээс хальж, ургамлын нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудалтай ч холбогдох нь.

Тэгэхээр эмийн ургамал бол хүний биед нөлөөлөх идэвхтэй бодис агуулдаг учраас эмийн шинж чанартай түүхий эд гэж үздэг юм байна. Түүний хамгийн чухал шинж болох биологийн идэвхийг нь тооцохгүй хэрэглэх нь эргээд эрүүл мэндэд эрсдэл дагуулдаг аж. Тиймээс дараагийн удаа “энэ ургамал тэр өвчинд сайн” гэсэн яриа сонсохдоо зөвхөн “ямар өвчинд сайн бэ?” гэж асуух бус, “яг ямар ургамал вэ, ямар бодистой вэ, ямар хэмжээгээр, ямар хэлбэрээр хэрэглэх ёстой вэ?” гэдгийг судлаарай. Учир нь байгалийнх гэдэг тодотгол нь аюулгүй гэсэн утгыг илэрхийлдэггүй. Харин зөв таньж, зөв хэрэглэсэн байгалийн нөөц л эмчилгээний үнэ цэнээ хадгалж чадна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Нарангэрэл
Б.Нарангэрэл
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.