Оюутан залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” 22 дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд олон зуун залуусыг хамруулж, тэдний сурч боловсрох үйл явцад бодит хувь нэмэр оруулж ирсэн энэхүү хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байсан оролцогчдын сэтгэгдэл, туршлагаас хуваалцаж байна.
Энэ жилийн хувьд тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 100 оюутанд 2,000,000 төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна суралцах хугацаандаа Голомт банканд банк, санхүүгийн мэргэжлийн чиглэлийн дагуу хагас болон бүтэн цагаар ажиллах боломжтой аж. Бүртгэл 9 дүгээр сарын 6-ны 00:00 цаг хүртэл https://student.golomtbank.com хаягаар үргэлжлэх юм байна.
“Мэргэжил харгалзахгүйгээр өөрийгөө сориод үзэх боломжтой нь надад их таалагдсан”

Олон улсын харилцааны мэргэжлээр сургуулиа төгссөн миний хувьд банк, санхүүгийн салбарт анх хөл тавих гүүр нь Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” байсан юм. Тэтгэлэгт хөтөлбөртөө 2022 онд шалгарч, өдгөө Голомт банкны Картын хэлтэст Бизнес хөгжлийн менежерээр ажиллаж байна.
Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь их, дээд сургуулийн 3, 4 дүгээр түвшний оюутнуудад зориулагдсан бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр бүх чиглэлтийн залуус өөрийгөө сорих боломжтойгоороо онцлог юм. Тухайн үед ямар нэгэн байдлаар банк, санхүүгийн салбарт ажиллана гэсэн төсөөлөлгүй байсан ч “яагаад өөрийгөө сориод үзэж болохгүй гэж?” гэсэн бодлоор тэтгэлэгт анкетаа илгээж байлаа.
Анх материалаа явуулахад хэт өндөр хүлээлт тавиагүй ч эхний шатанд тэнцсэний дараа бүлгийн ярилцлагын шатанд илүү төвлөрч ажилласан. Энэхүү ярилцлагын үеэр өөр өөр сургууль, мэргэжлийн шилдэг залуустай баг болон хамтран ажиллаж, цагийн менежмент болон багаар ажиллахын үнэ цэнийг бодитоор мэдэрсэн нь маш том туршлага болсон. Тиймээс өөрийнхөөрөө, санаачилгатай байх нь таны давуу тал болно шүү.
Энэхүү анхны алхам маань хожим сургуулиа төгсөх үед карьерын томоохон боломжийг нээж өгсөн. Сургуулиа төгссөний дараахан Голомт банкнаас холбогдож ажилд урихад, Хүний нөөцийн удирлагын газраас санал болгосон ажлын байрнуудаас сонголтоо хийж, Бизнес хөгжлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Анх банканд ороход энэ салбарын талаар төсөөлөл багатай, Microsoft Excel программ дээр ч чөлөөтэй ажиллаж үзээгүй байсан ч хамт олныхоо халуун дулаан уур амьсгал, дэмжлэг туслалцаатайгаар алхам алхмаар суралцаж, өдгөө картын олон улсын UnionPay брэндийг хариуцан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байна.
Хэрвээ тухайн үед энэхүү боломжийг алдалгүй ашиглаж, өөрийгөө сориогүй байсан бол миний өнөөдрийн карьер өөр байх байсан биз ээ. Тиймээс Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т материалаа өгөхөөр бэлдэж буй оюутан залуустаа хандаж хэлэхэд, энэхүү боломжийг цаг алдалгүй ашиглаж, өөрийгөө битгий голоорой, мэргэжил харгалзахгүйгээр өөрийгөө сориод үзэхийг уриалж байна. Тухайн үед хийсэн таны жижигхэн оролдлого хэдхэн жилийн дараа таныг хүссэн өндөрлөгт чинь хүргэх бүрэн боломжтой юм шүү.
“Тэтгэлэгт хамрагдсан маань ирээдүйн карьераа эхлүүлэх хамгийн зөв алхам байсан”

Анх Голомт банкны дадлагын хөтөлбөрт хамрагдаж, 3 сар ажиллахдаа банкны үйл ажиллагаа, хамт олон болон уур амьсгал нь таалагдсан учраас цаашид Голомт банкандаа ажиллах хүсэлтэй болсон юм. Тиймээс 2024 оны намар буюу 4 дүгээр курст байхдаа “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдахад найз охинтойгоо хамт цахим анкетаа илгээж, сонгон шалгаруулалтад орж байлаа.
Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа явуулж буй анхны тохиолдол байсан болохоор шат бүрийн хариуг хүлээж, Голомт банкнаас залгах дуудлага бүрийг догдлон хүлээдэг байв. Шалгаруулалтын явцад олон чадварлаг залуучуудтай өрсөлдөх хэдий ч өөрийгөө хайрцаглалгүйгээр бусадтай нээлттэй танилцаж, санаа бодлоо хуваалцан баг болж ажиллах нь юу юунаас илүү чухал санагдсан. Ялангуяа найз нөхөдтэйгөө сууж байгаад бие биеэсээ ярилцлага авч, өөрийгөө танилцуулах болон цаашдын зорилгоо ярилцаж бэлтгэх нь дараагийн шатанд гарахад маш дөхөм болдог юм билээ. Энэ бүх шалгуурыг амжилттай давж, тэтгэлэгт тэнцсэн тухайгаа сонсох тэр мөчид гэр бүлийнхэн маань надаас дутуугүй баярлаж, дэмжсэн нь надад их урам өгсөн.
Миний хувьд сургуулиа төгсөөгүй байхдаа л 3 дугаар курстээ дадлага хийж, 4 дүгээр курстээ тэтгэлэг авч, улмаар Голомт банкандаа ажиллаж байгаа маань карьераа эхлүүлэхэд хамгийн зөв алхам болсон санагддаг юм. Тиймээс тэтгэлэгт хөтөлбөрт материалаа илгээх гэж буй залуустаа хандаж өөрийн туршлагаасаа хуваалцахад, ярилцлагад орохдоо банкныхаа талаар бага ч гэсэн судалгаатай, мэдээлэлтэй байх нь маш том давуу тал болдог юм шүү. Өөрийгөө танилцуулахдаа “би энэ банканд ямар хувь нэмэр оруулж, юугаар илүү сурч хөгжих вэ” гэдгээ тодорхой ойлгуулах, дээрээс нь сүүлийн үеийн шинэлэг мэдээллүүдийг уншиж судалснаа ярилцлагын үеэр хуваалцвал их зүгээр санагдсан. Хамгийн гол нь цагаа баримталж, тайван, хүлээцтэй байгаарай. Амжилт хүсье!
“Тэтгэлэг авч л байвал гэх хандлагаар хэт олон газар луу материалаа илгээхээс илүү нэг зорилгодоо төвлөрөөрэй”

Анх Голомт банкны тэтгэлгийн тухай сошиал сувгаас олж хараад, найзтайгаа хамт материалаа бэлдээд өгч байлаа. Оюутан байхаасаа л “Голомт банканд ажиллах юмсан” гэж мөрөөддөг байсан учраас өөр тэтгэлэгт бүртгүүлэлгүй, зорилгодоо төвлөрч тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн. Гуравдугаар курстээ тэтгэлгийн эхний шатууддаа шалгарсан ч хамгийн сүүлийн шатандаа хасагдаж байлаа. Гэхдээ бууж өгөлгүй, дөрөвдүгээр курстээ дахин зориглож, материалаа илгээгээд 2024 онд Голомт банкны тэтгэлэгт оюутан болж чадсан юм.
Тэтгэлгийн шалгаруулалт нь анкетын сонгон шалгаруулалтаас эхлээд IQ, EQ тест, улмаар банкны захирлуудтай хийх ганцаарчилсан ярилцлага гээд олон давааг давсны эцэст шилдэг 100 оюутны нэгээр шалгардаг. Анх тэтгэлэгт тэнцсэн тухай дуудлага ирэхэд би хичээлтэй байж таарсан юм. Тэгээд багшаасаа утсаар ярих зөвшөөрөл авч гараад тэтгэлэгт тэнцсэн гэдгээ сонсмогцоо баярын нулимс унагаж, шууд л ээж рүүгээ залгаж байлаа. Өөрийгөө аль болох нээлттэй, чөлөөтэй илэрхийлж, ярилцлагадаа чин сэтгэлээсээ бэлдсэн минь тэр олон мундаг оюутнуудаас ялгарах гол давуу тал минь болсон гэж боддог юм.
Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарснаар санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй хувь хүний хөгжлийн сургалт, арга хэмжээнүүдэд хамрагдах, мөн банкандаа ажиллах маш том боломж нээгдсэн. Дөрөвдүгээр курстээ хичээл, диплом, дадлагын хажуугаар Голомт банкны Утсан борлуулалтын албанд таван сар ажиллахдаа банкны бүх бүтээгдэхүүн, салбар нэгжийн бүтэцтэй бодитоор танилцсан. Сургуулиа амжилттай төгсөөд 2025 оноос Голомт банкандаа ажилд орж, одоо Зээлийн судалгааны менежер гэсэн хариуцлагатай албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Банканд ажиллахын хамгийн том давуу тал нь зөвхөн нэг салбарт төвлөрөх бус, нийгэм, эдийн засгийн бүх л салбарын бизнес эрхлэгчид болон хувь хүмүүстэй харилцаж, хамтран ажиллаж, өөр өөр салбарын туршлагаас суралцах боломж олддог. Хэдийгээр би Зээлийн судалгааны менежерээр ажиллаад удаагүй байгаа ч байгууллага болон иргэдийн судалгааг маш нарийн хийж, хурлаар эцэслэн батлаад харилцагчийн ажил бүтэх тэр агшинд маш их урам зориг, сэтгэл ханамж авдаг даа.
Голомт банкны тэтгэлэгт хамрагдахаар бэлдэж буй залуустаа хандаж хэлэхэд, цагийн зохион байгуулалтаа сайн хийж, тэтгэлэг авч л байвал гэх хандлагаар хэт олон газар руу материалаа илгээхээс илүү яг өөрийн хүсэж буй 2-3 тодорхой зорилго дээрээ төвлөрч, түүнийхээ төлөө тууштай бэлдээрэй гэж зөвлөх байна.