УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Nijgem 0%
Тэмдэглэл: Гадаад хүний нүдээр Улаанбаатар хот ямар харагддаг вэ?
Nijgem
Нүүр хуудас / Nijgem / Тэмдэглэл: Гадаад хүний нүдээр Улаанбаатар хот ямар харагддаг вэ?

Тэмдэглэл: Гадаад хүний нүдээр Улаанбаатар хот ямар харагддаг вэ?

Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч
2026.08.28 · 5 унших · — үзсэн

Улаанбаатар хотоо өдөр бүр хардаг хүн нэг л мэдэхэд хотоо анзаарахаа больчихсон байдаг юм байна. Өглөө ажил, сургуульдаа явах зам. Бензиний урт оочир. Замын хажуугийн контейнер кофешоп. Тэнгэрт нүүж өнгөрөх аварга том үүлс. Цаана нь үргэлж харагдах уулс. Бидний хувьд эдгээр нь Улаанбаатарын энгийн нэг өдөр. Харин анх удаа ирсэн хүний хувьд?

Гурван жилийн өмнө БНСУ-д магистрт сурахаар очихдоо олон улсын хэдэн сайн найзтай болсон юм. Тэд хоёр жилийн турш “нэг өдөр Монголд очно” гэж ярьсаар эцэст нь дөрвүүлээ хийхээр төлөвлөсөн аяллаас ганц хүн ирсэн нь филиппин найз Камил байлаа. Түүнд Улаанбаатар хотыг үзүүлэхдээ бяцхан тэмдэглэл хөтөлсөн минь энэ билээ.

Улаанбаатарын тухай гадаад хүнд тайлбарлахад хаанаас эхлэх вэ? Чингис хаан, нүүдэлчин ахуй, морь, тал нутаг, хөх тэнгэрээс үү. Эсвэл өглөөний түгжрэл, автобусны буудал, кофешоп, өндөр барилга, гэр хорооллоос уу. Монгол хүний хувьд аль аль нь Улаанбаатарын нэг хэсэг. Харин анх удаа ирсэн хүнд аль нь хамгийн түрүүнд харагддаг бол?

fin-10.jpg

Камил Монголд анх удаа ирж байгаа. Филиппин улсын иргэн учраас түүний төрж өссөн орчин Монголынхоос олон талаар өөр. Филиппин бол олтриг буюу олон жижиг арлаас бүрдсэн улс. Халуун, чийглэг уур амьсгалтай, ногоон байгууламж, өтгөн ургамалтай орчин түүнд илүү танил. Харин Монгол далайд гарцгүй, асар уудам газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай. Тиймээс түүнд Монголын төдийгүй Улаанбаатарын зарим зүйлс сонин санагдах нь ойлгомжтой.

Гэхдээ сонирхолтой нь тэр миний бодож байснаар Монголын онцлог болсон зүйлсийг нэг их анзаарсангүй. Харин улаанбаатарчууд бидний хувьд хотын хамгийн энгийн зүйлс гадаад хүний нүдээр ямар содон, сонирхолтой харагдаж болохыг түүнд Улаанбаатар хотоо үзүүлж явахдаа анзаарсан  юм.

Монголын хэмжээг тоогоор биш, нүдээр ойлгох нь

Монголд ирэхээсээ өмнө Камил манай орныг газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүр ордог улсуудын нэг гэдгийг маш сайн мэдэж байлаа. Гэхдээ газрын зураг дээрх тоо, бодит амьдрал дээрх зай хоёр өөр зүйл ажээ. Филиппинээс ирсэн хүний хувьд энэ ялгаа бүр ч тод мэдрэгдсэн гэнэ.

Монголын өргөн уудам тал нутгийг анх хараад тэр, I don’t think I had a very good sense of what that kind of scale actually meant” гэж хэлсэн юм. Орчуулбал, Монгол том гэдгийг тэр мэдэж байсан ч том гэдэг нь ямар мэдрэмж болохыг мэдээгүй байжээ.

Онгоцны цонхоор харахад эхлээд хотын зах, дараа нь зам харгуй, дараа нь уудам хээр тал. Хаа нэгтээ мал бэлчиж, алсад уулс харагдана. Хоосон мэт харагдах тэр асар том орон зай, Монголын уудам тал нутаг. Камилын хувьд энэ нь Монголын хамгийн эхний том сюрприз байв.

“Seeing the steppes with my own eyes made me realize how much of the world there is to see.” Монголын тухай “өргөн уудам тал нутагтай” гэж хэлэлцдэг ч биеэр үзсэний дараа л “өргөн уудам” гэдэг үг ямар утгатай болохыг тэр мэдэрчээ.

Улаанбаатарын анхны үзмэр: Бензиний оочир

Цаашлан нийслэл Улаанбаатар хот руу дөнгөж орж ирэхэд биднийг бензиний оочир угтав. Машинууд шатахуун авахын тулд урт дараалал үүсгэн зогсоно. Камил хэсэг ажигласнаа, “энэ ердийн үзэгдэл үү” гэж асуув.

Сүүлийн сар гаруй хугацаанд монгол хүний хувьд бензиний оочир хэдийн танил дүр зураг болжээ. Яагаад үүссэн, шатахуунтай холбоотой ямар асуудал байгаа талаар бид өөрсдийн гэсэн тайлбартай. Харин гадаад хүний хувьд тэр эхлээд шалтгааныг биш, дүр зургийг харна. Олон машин. Урт  дараалал. Хүлээж буй хүмүүс. Хотын зам дээрх хөдөлгөөн. Энэ бол Улаанбаатарын тухай түүний авсан хамгийн эхний мэдээллүүдийн нэг байв. Ийнхүү хотын тухай анхны сэтгэгдэл заримдаа түүхэн дурсгалт газар биш, бензин колонкоос эхэлж болох нь.

“Тэнгэр нь яагаад ийм ойрхон байдаг юм бэ?”

бб.jpg

Камилын Улаанбаатарын тухай хамгийн сонирхолтой ажиглалтуудын нэг нь тэнгэртэй холбоотой байв. Үүлс уулсын дээгүүр бөөгнөрөхөд, “The clouds look so close”, “үүл нь ямар ойрхон харагддаг юм бэ” гэв.

Монголчуудын хувьд хөх тэнгэр гэдэг танил ойлголт. Бид Монголынхоо тухай ярихдаа “Мөнх хөх тэнгэртэй” гэж хэлдэг шүү дээ. Гэхдээ өдөр бүр хардаг учраас тэр тэнгэрийн хол ойрыг тэр бүр анзаардаггүй байжээ. Улаанбаатар уулсаар хүрээлэгдсэн. Хотын аль ч хэсгээс тэнгэрийн хаяа, уулс, үүлсийн хөдөлгөөн тод харагдана. Заримдаа алсаас харахад үүлний сүүдэр, тусгал газар дээр бууж харагдах нь түүнд тусдаа нэг үзэгдэл шиг санагдсан гэв.

Түүнийг ийн сэтгэгдлээ хуваалцахад би бодож үзсэн юм. Бидний хувьд тэнгэр бол тэнгэр. Харин гадаад хүний хувьд тэнгэр хүртэл Улаанбаатар хотоос төрөх анхны сэтгэгдлийн нэг болж болох нь.

fin-3.jpg

“Улаанбаатар их нүд гялбам хот юм” гэж хэлэх Камилын анзаарсан бас нэг зүйл нь Улаанбаатарын нар байлаа.

Филиппин бол халуун орон. Тиймээс нарлаг, дулаан уур амьсгал түүнд огт сонин зүйл биш. Гэхдээ Улаанбаатарын нар түүнд илүү хурц санагдаж, өөр мэдрэмж төрүүлсэн байна. Тэр манай хотын тухай ярихдаа “bright” буюу “нүд гялбам” гэх үгийг хэд хэдэн удаа хэлж, эхний өдрөө малгай харин дараагийн өдрүүдээс нарны хаалт хэрэглэх болов. Цэлгэр хөх тэнгэртэй цэлмэг өдөр уулсаар хүрээлэгдсэн хотод тусах хурц нарны гэрэл нь Улаанбаатарын өнгийг түүнд илүү тод харуулжээ. Ялангуяа хотын төвөөр алхахад саарал, бор, цагаан өнгийн барилгууд хүртэл нарны гэрэлд өөрөөр харагдана. Уулсын энгэр, тэнгэрийн цэнхэр өнгө бүгд тодорч, хот нэг л их нүд гялбам “гэрэлтэй” санагдана. Түүний хувьд энэ нь Улаанбаатарын анхны сэтгэгдлийн салшгүй нэг хэсэг болсон байна.

“Яагаад шөлөө сэрээгээр идэж байгаа юм бол?”

fin-4.jpg

Аяллын үеэр хамгийн инээдтэй яриа хоолны ширээний ард болов. Камил монгол хоолноос цуйван, хуушуур зэрэг хэд хэдэн зүйл амсаж үзсэн юм. Монгол хоолны соёлд мах ямар чухал болох нь түүний төсөөлж байснаас илүү байжээ. Гэхдээ тэр зөвхөн хоолны амт, орцод анхаараад зогсохгүй хүмүүс хэрхэн идэж байгааг бас ажигласан байна.

Монголчуудын олонх нь хоол идэхдээ сэрээ хэрэглэнэ. Шөлтэй хоолыг хүртэл сэрээгээр идэх тохиолдол түүнд сонин санагджээ. Бидний хувьд энэ бол “юу нь сонин байгаа юм?” гэмээр зүйл. Харин соёлын ялгаа ихэвчлэн ийм жижиг зүйлээс эхэлдэг аж.

Гадаад хүн Монголын хоолны соёлыг судлах гэж ирээгүй ч ширээний ард суугаад л “яагаад ингэж иддэг юм бол” гэдэг асуулт сэтгэлд нь төржээ. Түүний хувьд мах, гурил, сүүн бүтээгдэхүүн өдөр тутмын хоолонд маань ямар том байр суурь эзэлдэг нь хүртэл сонирхолтой байлаа. Цуйван. Хуушуур. Ааруул. Айраг. Монголчуудын хувьд эдгээр нь тус тусдаа хоол, хүнс. Камилын хувьд харин Монголын ахуй, бүс нутаг, мал аж ахуйтай холбогдсон нэг том соёлын зураглал болжээ.

Хотын төв яагаад ийм намхан санагдав?

Камилд Улаанбаатарын төвийн өөр нэг зүйл сонин байв. Тэр нь өндөр барилга багатай байгаатай холбоотой аж. Учир нь тэрбээр Улаанбаатарыг илүү олон өндөр барилгатай хот байна гэж төсөөлж байжээ. “Хотын төвөөр алхахад өндөр барилгууд байгаа ч тэнгэрийн хаяа харагдахгүй шахам өндөр барилгууд байхгүй байгаа нь сайхан байна” гэж хэлэв. Зарим хэсэгт хуучны орон сууц, сургууль, албан байгууллагын барилгууд орчин үеийн барилгуудтай зэрэгцэнэ. Харин барилгын цаанаас уулс харагдана. Энэ нь Улаанбаатарыг бусад олон нийслэлээс ялгаатай харагдуулсан байна.

fin-9.jpg

Хотын төвд байлаа ч байгаль бидэнтэй ойр. Камил үүнийг Улаанбаатарын архитектуртай холбон их сонирхож байв. Зөвлөлтийн үеийн барилга, орчин үеийн шилэн фасад, орон сууцны хороолол, сүм хийд, контейнер кофешоп гээд бүгдийг нэг дор зэрэгцүүлэн харах түүнд сонирхолтой байсан аж.

Тэрбээр үүнийг нэг хотод өөр өөр цаг үе зэрэгцэн оршиж байгаа мэт хэмээн зүйрлэн хэлж байлаа: The city feels like different periods of Mongolia’s history are existing next to each other. Түүний энэ ажиглалт Улаанбаатарыг надад ч өөр өнцгөөр харахад нөлөөлсөн юм. Бидний хувьд эдгээр нь хотын замбараагүй зохион байгуулалт буюу бид хэтэрхий шүүмжлэлт нүдээр хардаг байж магадгүй юм байна. Харин анх удаа ирсэн хүнд эдгээр барилга Улаанбаатар хотын маань түүхийн нэг хэсэг болж харагджээ.

Улаанбаатар түүний төсөөлснөөс илүү олон улсын хот байв

Камил Монголд ирэхээсээ өмнө манай улсын талаар нэлээд алслагдсан орон гэж төсөөлж байжээ. Газар зүйн хувьд алслагдсан бүсээс гадна хүйтэн газар гэж бодож байсан гэнэ. Тиймээс олон улсын ресторан, кафе, үйлчилгээ ч харьцангуй цөөн байх болов уу гэж бодож байснаа нуусангүй.

fin-12.jpg

Гэхдээ Улаанбаатарт ирээд төсөөлөл нь бага зэрэг өөрчлөгдсөн байна. Хятад, солонгос ресторан, халал хоолны ресторан, олон янзын франчайз кофе шопууд, олон үндэстний ресторан. Залуучууд уулзаж, ажиллаж, ярилцаж суух орон зай. Солонгосоос орж ирсэн сүлжээ дэлгүүр, кофешопуудыг хараад “Чи ч Солонгосыг санахгүй юм байна. Бүх юм нь Монголд ирчхэж” гэж хошигноод амжив. Монгол газар зүйн хувьд дэлхийн төв хэсэгт, далайгаас хол оршдог ч гаднынхны нүдээр Улаанбаатар хотын соёл тийм ч хаалттай биш ажээ.

Тэр энэ талаар,“I didn’t expect the city to feel this international” буюу “би энэ хотыг ийм олон улсын өнгө төрхтэй байна гэж төсөөлөөгүй юм байна гэсэн юм. Сонирхолтой байгаа биз? Газар зүйн хувьд алслагдсан улс заавал соёлын хувьд тусгаарлагдсан байдаггүй аж.

Гэхдээ Улаанбаатарыг ойлгоход хотын төв хангалтгүй

fin-6.jpg

Хотын төвөөс холдох тусам Камил Монголын өөр нэг талыг олж харж байв. Тэрбээр Монголын таван хошуу малтай  анх танилцахдаа тэдгээрийг уламжлалт ахуйн нэг хэсэг гэж ойлгож байсан аж. Харин хотоос зайдуу очиж, адуун сүрэг тал хээр чөлөөтэй бэлчиж байхыг хараад энэ ойлголт илүү бодит болсон гэж ярьж байлаа. Монгол хүний хувьд адуу бол унаа болохоос гадна түүх, наадам, ахуй, хоол хүнс, соёлын нэг хэсэг. Монголын түүхийн олон баатар, нэрт хүмүүсийн тухай ярихад адууны тухай ойлголт салшгүй холбоотой.

Камилын хувьд харин тал нутагт чөлөөтэй бэлчих адуу өөр нэг сэтгэгдлийг төрүүлжээ. Freedom буюу эрх чөлөө. Түүний харсан тэр дүр зураг Монголын тухай олон хуудас тайлбараас илүү хүчтэй байсан байж болох юм.

“Монголчууд их бардам, сүрдмээр байх болов уу гэж бодсон…”

Гэхдээ Камилын Монголын талаарх хамгийн хөгжилтэй төсөөлөл нь хүмүүсийн тухай байлаа. Тэр Монголын түүхийг мэддэг. Монголчуудын нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн эзэнт гүрэн, түүхийн талаар унших дуртай нэгэн билээ. Тиймээс түүний толгойд монгол хүн гэдэг ойлголт бага зэрэг “proud” буюу бардам, бүр “intimidating” буюу айдас төрүүлэм гэсэн төсөөлөлтэй байжээ.

fin-2.jpg

Гэхдээ Улаанбаатарт ирээд тэр төсөөлөл нь хурдан өөрчлөгдсөн байна. Түүний уулзсан хүмүүс түүнд дулаахан, тайван, зочломтгой санагдсан байв. Тэр өөрийнхөө анхны төсөөллийг хэт ерөнхийлсөн төсөөлөл байсан гэдгийг ч хэлж байлаа. Бид өөрсдийгөө түүхээрээ танилцуулахдаа ихэвчлэн байлдан дагуулалтаар эхэлдэг ч гадаад хүн Монголд ирээд, орчин цагийн монгол хүнтэй уулзахдаа өөр дүр олж хардаг юм байна.

Тиймээс түүхэнд бичигдсэн Монгол нэг өөр. Өнөөдөр гудамжаар алхаж буй монгол хүн нэг өөр ажээ.

Камилын хувьд Улаанбаатарын юу хамгийн үнэ цэнтэй дурсамж болон үлдэв?

Аяллын төгсгөлд түүнээс, “Улаанбаатарын юуг хамгийн удаан хугацаанд санаж дурсаж явах вэ?” гэж асуусан юм. Тэрбээр нэг хоёр газар нэрлэсэнгүй. Харин,“The city is so lively and colorful. I haven’t travelled to many countries before, but I can say this is one of the most aesthetically vibrant cities I’ve seen” буюу орчуулбал, “хотын уур амьсгал үнэхээр эрч хүчтэй, өнгөлөг санагдсан. Би өмнө нь тийм ч олон орноор аялж байгаагүй ч, миний харж байсан хотуудаас гоо зүйн хувьд хамгийн эрч хүчтэй, өнгөлөг хотуудын нэг гэж хэлнэ” гэж хэлсэн юм.

Түүний хувьд Улаанбаатар ганцхан зүйлээр төлөөлүүлэн санах дүр зураг биш аж. Уулсын дунд байрлах хот. Бензиний оочирт зогсох машинууд. Газар дээр буух шахам ойрхон үүлс. Сэрээгээр идэж буй шөл. Мах, сүүн бүтээгдэхүүн давамгайлсан хоол. Зөвлөлтийн үеийн барилгын хажууд байрлах орчин үеийн кафе. Хээр талд чөлөөтэй бэлчих адуу. Хүмүүсийн зочломтгой зан. Эдгээр жижиг зүйлс нийлээд түүний хувьд Улаанбаатар болжээ.

Бидний мэддэг хотыг анх удаа харах нь

Камилын аяллыг дагаж явахдаа би нэг зүйлийг анзаарсан юм. Гадаад хүн Улаанбаатарт ирээд заавал бидний үзүүлэхийг хүсдэг зүйлсийг хамгийн түрүүнд олж хардаггүй юм байна. Бид түүнд Чингис хааны хөшөө, музей, хийд, үндэсний хоол, наадам, уламжлалт хувцсаа үзүүлсэн хэдий ч түүнд хамгийн сонин содон санагдахуйц зүйлс нь замын хажуугийн бензиний оочир, Улаанбаатарыг өдөр бүр ивээдэг шаргал наран, хөх тэнгэр зэрэг байв. Үүлс ямар ойрхон байгааг гайхаж, тэнгэр, үүлсийн маш олон зурагтай гэртээ буцсан юм.

Камил Улаанбаатарыг анх удаа харсан бол би түүний нүдээр Улаанбаатарыг дахин харж чадлаа. Түүний анзаарсан зүйлсийн зарим нь надад анх удаа харагдсан юм шиг санагдаж байв. Магадгүй бид хотдоо хэтэрхий удаан амьдарсан учраас хотынхоо жижиг деталь, гоо сайхныг анзаарахаа больчихдог байх.

Миний нүдээр Улаанбаатар бол түгжрэлтэй, стресстэй, гэр хороололтой, шинэ барилгуудаар дүүрсэн тоостой хот. Харин зочны нүдээр өөр өөр цаг үе зэрэгцэн оршиж байгаа мэт нүүдэлчин соёлын үргэлжлэл хот байв. Хотын төвд модерн амьдрал үргэлжилж байхад уулс яг хажууд нь. Шинэ өндөр барилга баригдаж байхад хуучны барилга мөн л хажууд нь байх аж. Дэлхийн олон орны хоолны газрууд зэрэгцэн оршиж байвч цуйван, хуушуур, ааруул, айраг өдөр тутмын амьдралд байсаар. Өглөө бензиний оочирт зогссон хот орой нь залуус бужигнаж, шөнийн амьдрал эхэлнэ. Түүний аялал бидэнд ч юмсыг байгаагаар нь хүлээн авахын сайхныг ойлгуулж өглөөМагадгүй Улаанбаатарын хамгийн онцгой зүйл нь нэг хотын дотор ийм олон өөр дүр зураг зэрэгцэн оршдогт байх. Бидний хувьд энэ бол ердийн амьдрал. Харин анх удаа ирсэн хүний хувьд маш сонирхолтой хот.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.