Өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр Монголын залуучуудын өдөр тохиож байна


Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг "Монголын залуучуудын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Анх 1921 оны энэ өдөр "Бошгыг халах залуучуудын эвлэл" байгуулагдсанаар Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэн түүхтэй. Энэ жилийн хувьд Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн түүхэн ой тохиохын сацуу, өнгөрөгч наймдугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын Олон улсын залуучуудын өдрийг “Ялгаатай орчин, ижил тэмүүлэл” (Different Contexts, Common Aspirations) уриан доор тэмдэглэн өнгөрүүлснийг тохиолдуулан манай улс залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор "Youth card" зэрэг төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөсөн юм байна.
Сүүлийн үеийн судалгаанд дурдсанаар Монгол Улсын нийт хүн амын 30 орчим хувийг залуус эзэлж байна гэжээ. Харин залуучуудын хувьд чанартай боловсрол, зохистой хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн тэгш байдал, сэтгэл зүйн эрүүл мэнд хамгаас чухал байна. Тиймээс энэхүү өдөр нь тэмдэглэн өнгөрөөдөг баярын өдөр гэхээс илүү залуу үеийнхэн өөрсдийн эрх чөлөө, эрх ашиг, ирээдүйнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэх ёстой бидний хувьд чухал өдрүүдийн нэг билээ.
Залуус өөрсдийн санал сэтгэгдэл, шинэлэг санаачилга, шүүмжлэлээ сошиал орчинд үлдээхээс илүү, шийдвэр гаргах түвшний байгууллагуудад хууль ёсны дагуу хүргэх шаардлагатай байна. Иймд өөрсдийн дуу хоолойг залуучуудын хөгжлийн бодлогыг зангиддаг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүдэд шууд хаяглан хүргэх бүрэн эрхтэй. Мөн Монголын Залуучуудын Холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төр, засгийн бодлогод залуусын бодит оролцоог тусгаж, шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх нь залуучууд өөрсдөө ирээдүйгээ бүтээж буйн тод илрэл болох юм.
Сэтгэгдэл