Хэдэн жилийн өмнө бид үнэхээр инээдтэй чат уншаад 😂 эсвэл 🤣 илгээчихдэг байсан шүү дээ. Харин өнөөдөр залуусын цахим сүлжээн дэх харилцаанд хамгийн инээдтэй, хөөрхөн, бүр ичмээр зүйл дээр ч 😭 эможи гарч ирэх нь хэвийн үзэгдэл болсон байна.
Google компанийн Gboard-ын гаргасан 2025 оны хэрэглээний мэдээллээр 😭 буюу асгартал уйлж буй эможи дэлхийн хамгийн их хэрэглэгдсэн эможи болсон байна. Өмнө жил дөрөвдүгээр байранд байсан энэ эможи нэг жилийн дотор 😂 болон 🤣 эможиг гүйцэж, жагсаалтыг тэргүүлжээ.
Гэхдээ энэ нь хүмүүс илүү их уйлдаг, гунигтай болсон гэсэн үг биш бөгөөд харин эможигийн утга өөрчлөгдөж байна гэсэн үг юм. Энэ учрыг тайлбарлаж өгье.
Уйлахаас илүү олон утгатай эможи
Шууд харахад 😭 эможи нь уй гашуу, гунигийг илэрхийлж байгаа мэт боловч залуусын цахим сүлжээн дэх харилцаанд энэ эможи нэг утгад баригдахаа хэдийн больсон байна. Өөрөөр хэлбэл, дараах байдлаар утга илэрхийлж болно:
- Ямар инээдтэй юм бэ 😭
- Яана аа, ямар хөөрхөн юм бэ 😭
- Ичиж үхэх нь ээ 😭
Дээрх илэрхийлэлд хэн ч үнэндээ уйлаагүй, уйтгарлаагүй. Харин 😭 нь инэх, ичих, хайр хүрэх, гайхах зэрэг сэтгэл хөдлөлийг илэрхийлэхэд илүү их хүч нэмж өгч буй аж. Ийм өөрчлөлт нь эможи хэлэнд шинэ зүйл биш бөгөөд залуус шинэ үг, хэллэг төдийгүй цахим орчны тэмдэгтийг хүртэл өөрсдийнхөөрөө ашиглаж, шинэ утга нэмэх нь түгээмэл ажээ.
Нэг үг, өөр өөр мэдрэмж
Бид нүүр тулан ярилцахдаа харилцаж байгаа хүнийхээ дууны өнгө, нүүрний хувирал, харц, дохио зангаанаас ч утга ойлгож байдаг. Харин бичгээр харилцахад эдгээр дохио алга болдог бөгөөд тэрхүү орон зайг орчин цагт эможи нөхөж байна.
- За.
- За 👀
- За 🙏
- За 🫠
Дээрх дөрвөн өгүүлбэрт орсон үг яг адилхан боловч уншигдах өнгө аяс нь тэс өөр. “За 👀” нь сонирхож, ажиглаж буйг илтгэж болох бол 🙏нь хүсэлт, талархал, хүндэтгэлийн өнгө нэмж болно. Харин 🫠 нь эвгүйцсэн, ядарсан эсвэл “одоо яах вэ дээ” гэсэн мэдрэмжийг илэрхийлж болно. Өөрөөр хэлбэл, эможи өгүүлбэрийг чимэглээд зогсохгүй түүнийг ямар өнгө аясаар ойлгохыг зааж өгдөг илэрхийллийн нэгэн хэлбэр болжээ.
Эможи тэмдэгтийн утга хурдан өөрчлөгдөж байна

Зөвхөн 😭 эможигийн утга өөрчлөгдөөд байгаа биш юм. 🫠 буюу хайлж урсаж буй эможи нь шууд утгаасаа ядарсан, ичсэн, эвгүй байдалд орсон үед түгээмэл хэрэглэгддэг. 👀 буюу хоёр нүд сонирхож буй байдал, “цааш нь ярь л даа”, “ямар нэг нууцлаг юм байна даа” гэсэн санааг илэрхийлнэ. Харин 🥀 буюу гандаж унаж буй цэцэг нь хайр дурлалын гунигаас гадна сэтгэл гонсойсон, бүтэлгүйтсэн эсвэл аливаа жижиг асуудлыг зориуд хэтрүүлэн гунигтайгаар илэрхийлэхэд ч хэрэглэгддэг болжээ. Нэмж хэлэхэд, Google компанийн Gboard-ын гаргасан статистикаар 2025 онд 🥀 эможигийн хэрэглээ өмнөх оноос 190 хувиар өссөн байна.
Нэг эможи танай үеийг төлөөлж илэрхийлж болно
Яг насыг тань тодорхойлж чадахгүй ч ямар эможиг ямар утгаар хэрэглэдэг вэ гэдэг нь бидний дассан цахим орчин, интернэтийн соёлын талаар багагүй зүйл хэлж чаддаг байна.
Нэг хэсэг 💀эможи үхтлээ инээх гэсэн утгаар дэлгэрсэн бол өнөөдөр 😭 инээхээс эхлээд хайрлах, ичих хүртэл бараг бүх сэтгэл хөдлөлийг илэрхийлж байна. Учир нь эможи хэл зөвхөн шинэ тэмдэгт бий болсноор өөрчлөгддөггүй. Харин хуучин тэмдэгтэд тухайн цаг үеийн интернэт идэвхтэй хэрэглэгч үеийнхэн шинэ утга өгөх үед ч өөрчлөгдөж байдаг ажээ. Тиймээс 😂, 🤣 эможинууд одоо ч гэсэн өргөн хэрэглэгдэж байгаа боловч зарим залуу хэрэглэгчийн хувьд аль хэдийн өмнөх үеийнхний хэрэглэгчдийн өнгө аястай болж эхэлсэн байна.
Тэгэхээр 😭 эможийг хараад “яагаад уйлаад байгаа юм бол?” гэж хамгийн түрүүнд бодож байвал цахим ертөнц таныг мэдээгүй байхад аль хэдийн нэг алхам урагшилсан байж магадгүй байх нь байна шүү.