Үзэсгэлэнгийн танхимаас: Би нүүж байна

2026.02.164 минут унших
Үзэсгэлэнгийн танхимаас: Би нүүж байна - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

“Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт бид Лхам галерейд дэлгэгдсэн уран бүтээлч Д.Отгонтөгсийн “Би нүүж байна” бие даасан үзэсгэлэнг онцолж байна. Хүн төрөлхтний оршихуйн мөн чанар болох тасралтгүй шилжилт, оюун санааны нүүдэл болон монголчуудын өв соёл орчин үеийн урлагийн хэлээр хэрхэн амилсныг энэхүү нийтлэлээс хүлээн авч уншаарай.

Үзэсгэлэнгийн танхимаас: Би нүүж байна нийтлэлийн зураг

Галерейн үүдээр ороход танхимын намуухан гэрэл, анир гүм орчин үзэгчийг уран бүтээл рүү алгуурхан хөтөлнө. Дотоод орон зайд уламжлалт хэв маягийг техник технологийн шийдэлтэй хослуулсан видео арт, холимог техникийн бүтээлүүд өнгөрсөн ба одоо үеийн холбоосыг тайван боловч тодорхой хэлээр өгүүлнэ. Энэхүү үзэсгэлэн нь монголчуудын соёлын нандин өв "Үйчүүр" тоглоомоос сэдэвлэж, түүнийг дүрслэх урлагийн орчин үеийн хэлээр баяжуулан гаргаснаараа онцлог юм.

Нүүдэл гэдэг газар зүйн шилжилтээр хязгаарлагдахгүй…  

Цаг хугацаа үргэлж урагшилдаг ч зарим уран бүтээл биднийг өөрийнхөө дотоод ертөнц рүү дахин аваачих шидтэй. Уран бүтээлч Д.Отгонтөгсийн "Би нүүж байна" хэмээх концепц нь хүн төрөх цагаасаа эхлэн өөртөө сайн, муу бүхий л зүйлийг агуулан нүүдэллэж, эцэст нь нэгэн цэгт очдог амьдралын мөчлөгийг илэрхийлжээ.

Үзэсгэлэнгийн танхимаас: Би нүүж байна нийтлэлийн зураг

Түүний бүтээлүүдэд онгоцны дүрслэл орж ирсэн нь өнгөрсөн болон одоо үеийн нүүдлийг нэгэн орон зайд зангидсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Урьд цагт бидний хамгийн хурдан хөлөг морь байсан бол өнөөдөр дэлхий даяаршиж, онгоцоор нэгэн дороос нөгөөд хурдлах болсон. Энэхүү нүүдэл нь орон зайн шилжилтээс гадна технологийн хурдацтай хувьсал дунд өв соёлоо тээж үлдэхийг эрмэлзсэн оюун санааны их нүүдэл ажээ.

Үйчүүр: Тоглоомоос эхтэй урлагийн эрэл

Үзэсгэлэнгийн гол цөм болсон үйчүүр тоглоомын утга агуулга, түүний цаадах судалгааны талаар илүү тодорхой ойлголт авахын тулд уран бүтээлч Д.Отгонтөгстэй цөөн хором ярилцлаа.

Үзэсгэлэнгийн танхимаас: Би нүүж байна нийтлэлийн зураг

- Таны уран бүтээлийн санаа үйчүүр тоглоомоос сэдэвлэсэн нь их сонирхолтой санагдаж байна. Энэхүү тоглоомыг онцлох болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

- 2014 оны сүүл, 2015 оны үед би гэр бүлийнхээ хүний эмээгийн дүүгээс өвлөгдөж ирсэн маш эртний нэгэн тоглоомыг олж харсан юм. Өмнө нь музейд хальт хараад өнгөрдөг байсан зүйлээ яг дэргэдээс нь ажиглахад зураглал, амьтдын дүрслэл нь мэргэжлийн бус ч тухайн үеийн аж байдал, нийгэм, байгаль дэлхий болон хүн хоорондын харилцааг маш өвөрмөцөөр буулгасан нь сонирхол татсан. Тэрхүү тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх агуулгатай төдийгүй нүүдэл хийж тоглодог нь бидний өдөр тутмын амьдралын шилжилттэй ижил санагдсан тул тэр үеэс судалгаа хийж эхэлсэн юм.

- "Би нүүж байна" гэх нэрийн цаад гүн утга санаа юу вэ?

- Хүн төрөх цагаасаа л нүүдлээ эхэлдэг. “Би нүүж байна” гэдэг нь орон зайн шилжилтээс гадна оюун санааны хувьд байнгын хувьсал дунд, тасралтгүй нүүдэллэж байдгийг илэрхийлж буй хэрэг юм. Өнөөгийн технологийн хурдтай нийгэмд бид нүүдэл хийхээс өөр аргагүй болсон. Энэ их хурд дунд өв уламжлалаа гээлгүй авч үлдэх нь миний бүтээлийн хамгийн чухал санаа юм.

Үзэсгэлэнгийн танхимаас: Би нүүж байна нийтлэлийн зураг

- Үзэгчид заримдаа урлагийг ойлгохгүй байх вий гэж эмээдэг шүү дээ. Бид урлагийг заавал ойлгох ёстой юу?

- Урлагийг мэдэрнэ гэдэг өөрөө ойлголт авч буй хэрэг юм. Үзэгчид заавал “ингэж ойлго” гэж тулгаж болохгүй, тэр хүнд төрж буй хувийн мэдрэмж нь л хамгийн чухал. Гэхдээ уран бүтээлч хүн өөрийн байр суурь дээрээ бат зогсож, нийгэмд хэлэх гэсэн санаагаа урлагийн хэлээр гоо зүйтэй илэрхийлэх хэрэгтэй. Урлагаар дамжуулан хүнийг зөв чигт хөтөлж, аливааг багаасаа мэдэрдэг болох нь ирээдүйд маш том ач холбогдолтой гэж би боддог.

- Өнөөгийн даяаршлын үед өв соёлоо хадгалахын ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

- Манай өв соёл өөрөө маш баялаг, уран бүтээлч болгонд санаа өгөхүйц шавхагдашгүй нөөц юм. Биднийг дэлхийн бусад үндэстнээс ондоошуулж, ялгах зүйл бол ердөө л бидний өв соёл. Тиймээс даяаршиж буй нийгэмд түүнийгээ гээж болохгүй. Монгол уран бүтээлчид дэлхийн хаана ч очсон цаанаасаа л монгол ахуй үнэртэж, бүтээл нь ялгарч харагддаг нь өвөг дээдсээс үлдэж ирсэн тэрхүү "код"-той холбоотой болов уу.

Үзэсгэлэнгийн танхимаас: Би нүүж байна нийтлэлийн зураг

- Уран бүтээлч хүний жаргал юунд оршдог вэ?

- Бүтээлээ дуусгах тэр агшин хамгийн сайхан. Миний хувьд бүтээлээ бүрэн гүйцэтгэж дуусаад, гарын үсгээ зурах тэр мөч хамгийн гоё байдаг. Заримдаа эхлэл нь ч гоё байх үе бий. Гэвч явц дунд болохгүй үе гарч, шантрах тохиолдол цөөнгүй. Тэр болгонд асар их тэвчээр гаргаж, өөртөө “за боллоо” гэж итгэсэн үедээ л бүтээлээ цэглэдэг.

Үзэсгэлэнгээс төрсөн эргэцүүлэл

Үзэсгэлэнгийн танхимаас: Би нүүж байна нийтлэлийн зураг

Цаг хугацаагаар аялуулж, оршихуйн үнэ цэнийг эргэн сануулах эдгээр бүтээлүүд биднийг өнгөрсөн ба өнөөдрийн тухай гүн эргэцүүлэлд хөтөлнө. Үзэсгэлэнгээс гарахад уран бүтээлчийн хэлсэн "үзэгч та ч бас нүүж байна" гэх үгс сэтгэлд цуурайтан үлдлээ. Бид бүгд амьдралын тоглоомын талбарт өөрийн нүүдлийг хийж, түүхээ бичин яваа оюун санааны нүүдэлчид ажээ.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд