Чат бичихдээ эможи ашигладаг хүмүүс илүү найрсаг, бусдыг ойлгох сэтгэлтэй байдаг

Д.Жавхлан2026.01.122 минут унших
Чат бичихдээ эможи ашигладаг хүмүүс илүү найрсаг, бусдыг ойлгох сэтгэлтэй байдаг - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Чат бичихдээ эможи их ашигладаг хүмүүс илүү найрсаг, бусдыг ойлгох сэтгэлтэй, байдгийг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, АНУ‑ын Kinsey Institute‑ээс явуулсан 320 оролцогчийг хамруулсан PLOS One сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнд эможи ашигладаг хүмүүс өөрийн бодлыг илэрхийлэхдээ “тэдэнд ямар санагдах бол” гэсэн бусдын байр байдлыг харгалзан үзэж буруу ойлголт төрүүлэхээс сэргийлэх зорилгоор түлхүү эможи ашиглаж байгааг судалгааны баг онцолжээ. Тэгвэл бичгээр харилцахдаа эможи ашигласнаар бидэнд дараах давуу талууд үүсдэг байна. 

Эможи хэрэглэснээр бид…

Сэтгэл хөдлөлийн өнгө аясыг нэмэгдүүлэх: Бид үгээр илэрхийлэх боломжгүй аз жаргал, уур хилэн, хайр сэтгэл зэрэг мэдрэмжүүдээ эможигоор дамжуулан илэрхийлсээр тухайн текстийг уншиж байгаа хүнд илүү амьд мэдрэмж төрүүлдэг байна. Жишээлбэл, “би чамд хайртай”, “би чамд хайртай❤️” гэсэн хоёр өгүүлбэрийн хооронд маш том ялгаа байдаг ажээ.

Хүн хоорондын харилцааг бэхжүүлэх: Бид илүү дотно хүмүүстэйгээ эможи ашиглаж бичих хандлагатай байдаг аж. Тодруулбал, найз нөхөд, гэр бүл, хамтран ажилладаг хүмүүсийн хоорондох мессежинд инээмсэглэл 😊, зүрх 💖, хөгжилтэй байдлыг илэрхийлсэн 😂 эможи ашиглах нь харилцааг илүү дулаан, найрсаг, ойр дотно болгодог байна. 

Хоосон орон зайг нөхөх: Дижитал харилцаанд бид нүүрний хувирал, дуу хоолой, биеийн хөдөлгөөнийг шууд дамжуулах боломжгүй байдаг шүү дээ. Иймд эможи нь эдгээр дутагдлыг нөхөж, таны илгээсэн мессеж хурц, ширүүн эсвэл хүйтэн хөндий уншигдахаас сэргийлдэг аж. 

Цаг хэмнэх: Нэг эможи нь бүтэн өгүүлбэрийн утга санаа илэрхийлэх нь бий. Тодруулбал, сүүлийн үед “Баяр хүргэж, амжилт хүсье!” гэх өгүүлбэрийг цаг хэмнэж, товчлон “💐👏” гэж бичих тохиолдол ажиглагдаж байна. 

Эможи нь сэтгэл хөдлөлийг илэрхийлэх визуал товчлол болох зэрэг давуу талтай хэдий ч соёл, насны ялгаанаас үүдэн буруу ойлголт үүсэх эрсдэлтэй байдаг ажээ. Тухайлбал, “👍” эможи нь зарим залуучуудын хувьд бүдүүлэг, үл тоож буй мэт санагддаг бол ахмад настнуудын хувьд зөвшөөрөл, дэмжлэгийг энэхүү эможигоор илэрхийлэх нь бий.

Эх сурвалж: Kinsey Institute

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0