

Нягтлангийн ажлаа орхиж, мөнгөөр гоёл чимэглэл урлах болсон түүний хувьд бүтээл бүр нь чимэглэл төдий биш, монгол өв соёл, бэлгэдлийг орчин үеийн хэлээр өгүүлэх нэгэн болжээ. Бид “Сторителлинг” цувралынхаа энэ удаагийн дугаарт түүх соёлыг өөрийн мэдрэмжээр урлан амилуулахыг зорьж яваа уран дархан Мягмаржавын Хулантай ярилцлаа.
Түүнтэй ярилцахад бодол нь цэгцтэй, хэлэх үг бүр нь өөрийн сонгосон замаа олонтоо эргэцүүлж, итгэл үнэмшил бий болгосон хүний өнгө аясыг мэдрүүлж байв. Магадгүй тийм ч болохоор тэр бүтээл урлах мөчөө "хамгийн их эрх чөлөөг мэдэрдэг үе" хэмээн тодорхойлсон байх.
“...Намайг арван жилээ төгсөхөд “математикийн хичээлдээ сайн л бол эдийн засагч бол” гэдэг хамгийн түгээмэл зөвлөгөө байлаа. Тэр жишгээр би МУИС-ийн Бизнесийн сургуульд элсэж, нягтлан бодогч мэргэжлийг сонгосон. Оюутан болоод удаагүй байхдаа би өөрийгөө яг л тоон дунд төөрсөн үсэг шиг мэдэрдэг байлаа. Төгсөөд хүмүүсийн зөвлөснөөр мэргэжлээрээ нэг жил ажиллаж үзэхээр шийдсэн. Нягтлангийн мэргэжил илүү цаг суудгаараа алдартай шүү дээ. Мэдээж хэрэг тэр ажлыг хийхийн тулд надад тухайн компанид хүлээсэн үүрэг хариуцлага байгаа гэж бодоод орой ажлаа дуусгаж байж л харина, амжихгүй бол амралтын өдөр хүртэл ажилладаг. Харин одоо эргээд харахад би тухайн үедээ нэлээд сэтгэл гутралтай явжээ гэдгээ ойлгодог юм…”

-Тогтмол ажлаа орхих шийдвэр гаргахад хамгийн том түлхэц болсон зүйл юу байсан бэ?
-Тэр бол яах аргагүй өмнө хэлсэнчлэн сэтгэл гутрал байсан. Хийж байгаа ажилдаа дуртай биш, ямар ч сэтгэл ханамж мэдэрдэггүй яг л миний гэсэн зүйл биш юм шиг санагддаг байлаа. Эргээд бодоход тэр үед би өөрийгөө орхигдуулчихсан юм билээ.
2020 оны зун ажил дээр маань ажилчдынхаа сэтгэл зүйд анхаарах сарын аян зохион байгуулсан. Эхлээд биднээс сэтгэл зүйн үнэлгээний тест авч, хамгийн өндөр эрсдэлтэй гарсан таван ажилтныг сэтгэл зүйчтэй уулзуулсан юм. Тэр таван хүний нэг нь би байлаа. Сэтгэл зүйчтэй ярилцахдаа би "Надад нэг зүйл дутуу байгаа юм шиг санагддаг. Гэхдээ яг юу гэдгийг нь өөрөө ч мэдэхгүй байна" гэж хэлж байснаа одоо санадаг. Дотроо нэг л болохгүй байгаагаа мэдэрдэг байсан ч тестийн хариуг хараад цочирдсон. Тэгээд л аав ээждээ намайг дуртай зүйлээ олтол ганцхан жил хүлээчих гэж хэлээд бүтэн цагийн ажлаасаа гарч байлаа. Ажлаас гарах үед хүний нөөцийн ажилтан надад хандаж "Ингээд гарсан хүмүүс удалгүй энэ мэргэжлийнхээ ажилд буцаад орчихдог юм" гэж хэлсэн. Харин би дотроо "Би бол эргэж очихгүй" гэж өөртөө амласан.
-Нягтлангаас мөнгөний дархан болно гэдэг ер нь их огцом шийдвэр шиг сонсогдож байна. Дархан болох санаа яаж төрсөн бэ?
-Ажлаасаа гарахын өмнө надад "ямар нэгэн зүйл бүтээдэг л хүн болмоор байна" гэсэн мэдрэмж байнга төрдөг байлаа. Тэгээд оёдол, хувцас зэрэг янз бүрийн сургалтад сууж, олон зүйл туршиж үзсэн. Гэхдээ аль нь ч надад "энэ яг миний хийх зүйл" гэсэн мэдрэмжийг төрүүлээгүй.
Тэр үед надтай яг адилхан бодолтой, ижил сонирхолтой нэг найз байсан юм. Хоёулаа ярилцаж байгаад бидний дуртай хэв маягийн бөгж, ээмэг зэрэг гоёл чимэглэл Монголд ховор байдаг дээр санал нийлсэн. Тэгээд "ер нь өөрсдөө хийж үзвэл яах вэ?" гэж бодоод фэйсбүүкээр дархны сургалт хайж явсаар анхны багшаа олсон. Анх очиход манай найз эрэгтэй болохоор багш маань шууд "За, болно" гэсэн. Харин намайг хараад хамт сурах гэж ирсэн гэж бодоогүй юм билээ. Бид сургалтын төвд биш, ажлаа хийж байгаа алт, мөнгөний дархан дээр очиж сурч байгаа болохоор сургалтын хөтөлбөр гэж байгаагүй. Нэг хараад сурчихдаг ажил ч биш. Хийх бүрдээ алдаж, дахин оролдож, гараараа мэдэрч байж л сурдаг байсан. Анхны бөгжөө хийж дуусгахад өмнө нь надад хэзээ ч төрж байгаагүй "Энэ яг миний хийх зүйл байна" гэсэн мэдрэмж төрсөн.
Эхэндээ бид хамтраад нэг брэнд бий болгохоор мөрөөддөг байсан ч найз маань өөр ажилтай байсан тул энэ ажилдаа бүрэн төвлөрөх боломжгүй. Харин би дархны урлалыг амьдралынхаа гол зүйл болгохоор шийдсэн учраас бид ярилцан ойлголцож, би ганцаараа энэ замыг үргэлжлүүлэхээр болсон. Яваандаа мэдээж орлого олох хэрэгтэй болно. Ингээд хүмүүсээс бага багаар захиалга авч, тухай бүр өөр өөр загвартай учраас хийх болгондоо шинэ зүйл сурч, ур чадвар маань хүртэл сайжирч эхэлсэн дээ.
"Монгол хэв шинжтэй зүйл хэрэглэвэл кринж гэж хардаг болсон нь намайг их эмзэглүүлдэг"

-Таны хувьд гоёл чимэглэл гэдэг зүгээр хэрэглэл үү, эсвэл өөр утга агуулдаг уу. Тэр амин сүнсийг бүтээлдээ хэрхэн шингээдэг вэ?
-Миний дотор бага байхаас л нэг тийм “үндсэрхэг үзэл” байдаг байсан. Өдөр тутамдаа ч гэсэн монгол ахуйгаа шингээсэн зүйлс хэрэглэхийг хичээдэг. Жишээлбэл, хавар намартаа дээл өмсөх ч юм уу. Энгийн үед дээл өмсөөд гудамжаар явахаар хүмүүс гайхаж хараад байдаг шүү дээ. Яг үнэндээ тэр чинь бидний өвөө, эмээгийн өдөр тутамдаа л өмсдөг байсан хувцас шүү дээ. Монголчууд маш жижиг зүйлд хүртэл утга учир, бэлгэдэл шингээдэг ард түмэн. Байгальтайгаа зохицож амьдрах ухаан, зан заншил, өв соёлынхоо цаана ямар их логик, философи байсныг судлах тусам улам биширдэг.
Харин өнөөдөр зарим хүмүүс монгол хэв шинжтэй зүйл хэрэглэвэл "кринж" гэж хардаг болсон нь намайг их эмзэглүүлдэг. Бидний хамгийн их бахархаж, авч явах ёстой зүйл бол өв соёл, түүх, зан заншил шүү дээ. Аз болоход сүүлийн жилүүдэд үүнийг түгээн дэлгэрүүлж, өөр өөрийн өнгөөр илэрхийлдэг олон залуус, олон коммьюнити бий болж байгаа нь нэг талаараа эерэг санагддаг.
Би 2014-2015 оны үед "инфлүйнсэр" гэдэг үгийг анх сонсож байсан. Тэр үед "Хүмүүст эергээр нөлөөлдөг хүн баймаар байна. Гэхдээ юугаараа?" гэж өөрөөсөө их асуудаг байлаа. Тэгээд монгол өв соёл, түүхээ илүү гүнзгий судалж эхэлсэн. Судлах тусам энэ бүхэн үнэхээр гайхамшигтай санагдаж, үеийнхэндээ энэ соёлыг өөрийнхөөрөө түгээх хүсэл улам тод болсон. Одоо бэлдэж байгаа коллекц ч гэсэн яг энэ санаан дээр суурилсан. Тэр коллекцоороо хүмүүст юу хэлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэхийг илүү зорьж байгаа. Магадгүй хүн бүр ижилхэн хүлээж авахгүй, шүүмжлэл ч ирж мэднэ. Гэхдээ өөрийн итгэдэг үнэ цэнийг бүтээлээрээ илэрхийлэх нь миний хувьд хамгийн чухал.
-Коллекцоо бүтээхдээ ямар санаа, бэлгэдэлд хамгийн их ач холбогдол өгсөн бэ?
-Миний коллекцын хамгийн том онцлог нь утга учир, бэлгэдэл дээр төвлөрдөг. Бид яагаад бөгж зүүдэг юм, яагаад ээмэг зүүдэг юм, яагаад тодорхой дүрс, хээ эсвэл чулууг сонгодог юм гэдэг асуултаас бүх санаа эхэлсэн.
Судлаад үзэхээр улс үндэстэн бүр гоёл чимэглэлдээ өөрийн гэсэн утга агуулга, бэлгэдлийг шингээсэн байдаг юм билээ. Монголчууд ч мөн ялгаагүй. Бид яагаад ийм толгойн гоёл хэрэглэдэг байсан, яагаад өлзий хээг ийм хэлбэрээр дүрсэлдэг байсан гээд тэр бүхний цаана ямар түүх, ямар ерөөл байсан юм гэдэг асуулт бүр өөрийн гэсэн хариулттай. Тиймээс би тэр утга, бэлгэдлийг орчин үеийн хэлээр дахин илэрхийлж, хүмүүсийн өдөр тутамдаа зүүдэг бөгж, ээмэг, зүүлтээр амилуулахыг зорьж байгаа. Миний хувьд гоёл чимэглэл гэдэг зүгээр нэг гоёл биш, зүүсэн хүндээ ямар нэгэн утга учрыг сануулж, түүхийг нь мэдрүүлдэг бүтээл байгаасай гэж хүсдэг.

-Анх дархны ажлыг сурч эхэлж байсан үеэ одоотойгоо харьцуулахад хамгийн их өөрчлөгдсөн зүйл нь юу вэ?
-Монголд ихэвчлэн алт, мөнгөний дархныг нэг мэргэжил гэж ойлгодог. Харин гадаадад бол алтны, мөнгөний дархан гэж тусдаа мэргэшдэг юм билээ. Анх сурч эхлэхдээ би 999 сорьцтой цалин цагаан мөнгөөр их ажилладаг байсан. Гэхдээ тэр нь их зөөлөн металл болохоор гоёл чимэглэлд хэлбэрээ амархан алддаг гэдгийг явцдаа ойлгосон. Тэгээд эдэлгээний хувьд илүү тохиромжтой 925 сорьцтой мөнгөөр ажиллах болсон. Ийм жижиг зүйл хүртэл хийх явцдаа сурдаг. Ер нь хүнд энэ мэргэжилд "төгс болчихлоо" гэж байдаггүй юм шиг санагддаг. Би энэ чиглэлээр ажиллаад гуравхан жил болж байгаа учир өөрийгөө одоо ч суралцаж байна гэж хэлдэг. Нэг удаа олон жил дархнаар ажилласан бараг 70 настай хүний ярилцлагыг үзэж байлаа. Тэр хэлэхдээ "Би одоо л өөрийгөө дархан гэж хэлж болохоор болж байна" гэж хэлснийг сонсоод энэ мэргэжил бол төгсдөггүй, насан туршийн суралцах зам юм байна гэдгийг илүү ойлгосон доо.
Дархнаар ажиллахад надад давуу тал болсон зүйл гэвэл харааны мэдрэмж. Өө сэвийг сайн анзаардаг. Бас удаан хугацаанд сууж, нэг зүйлээ нухацтай хийх тэвчээр. Хүнд гоё бүтээл өгөхийг хүсэж байгаа бол цаг гаргаж, өө сэвгүй хийхээс өөр арга байдаггүй.
-Дархны мэргэжлийг нийгэм хэрхэн үнэлдэг гэж та боддог вэ. Юуг өөрчлөгдөөсэй гэж хүсдэг вэ?
-Миний бодлоор дархны хөдөлмөрийг хүмүүс хангалттай үнэлдэггүй юм шиг санагддаг. Тэр нь ажлын орчноосоо ч харагддаг. Би урлангаа илүү цэвэр, эмх цэгцтэй, тухтай байлгахыг хүсэхээр "Дархны газар угаасаа л ийм байдаг шүү дээ. Юуг нь өөрчлөх гээд байгаа юм?" гэж хэлэх хүн цөөнгүй. Тэр ойлголтоо өөрчилж, өөр өнцгөөс харах хүсэл ч төдийлөн байдаггүй юм шиг санагддаг.
Харин миний хувьд урлан бол бүтээл төрдөг газар. Оффис шиг байх албагүй ч орж ирсэн хүнд тухтай мэдрэмж төрүүлж, тухайн бүтээлд хандах хандлага нь хүртэл өөрчлөгдөхөөр цэвэр, цэмцгэр байх ёстой гэж боддог.
Нөгөө талаар гар хийцийн бүтээлийн үнэлэмж ч сул байна. Би хөдөлмөрөө үнэлээд үнээ тогтоохоор хүмүүс үйлдвэрээс олноор үйлдвэрлэсэн эсвэл гаднаас бэлэн оруулж ирсэн бөгжтэй шууд харьцуулдаг. Уг нь гар хийцийн бүтээл бүр дахин давтагдашгүй, олон цагийн хөдөлмөр, ур чадвар, санаа шингэсэн байдаг. Гадаадад ийм бүтээл илүү өндөр үнэлэгддэг бол манайд эсрэгээрээ гар хийцийнх байх тусам үнэтэй байх ёсгүй мэт хандлага одоо ч байдаг. Тэр ойлголтыг л өөрчлөгдөөсэй гэж хүсдэг дээ.
“Хүн бүрийн хүсдэг амьдрал өөр”

-Энэ замыг сонгосноор олсон зүйл их байна. Харин алдсан зүйл бий гэж боддог уу?
-Хэрэв нягтлангийн ажлаа үргэлжлүүлсэн бол тогтвортой орлоготой, магадгүй ипотекийн зээлдээ хамрагдаад, санхүүгийн хувьд илүү тайван амьдарч байх байсан байх. Тэр утгаараа үеийнхнээсээ жаахан хоцорч яваа юм шиг санагдах үе бий.
Гэхдээ тэрнээс өөр алдсан зүйл байгаа гэж боддоггүй. Хүн бүрийн хүсдэг амьдрал өөр шүү дээ. Зарим хүн тогтвортой ажлын байрандаа сэтгэл хангалуун байдаг бол, миний хувьд өөрийн дуртай ажлыг хийж, бүтээлээ урлаад суух нь илүү үнэ цэнтэй санагддаг.
-Өнөөдрийн өөртэйгөө адил эргэлзэж, мөрөөдлөө эхлүүлэхээс айж байгаа залууст юу гэж хэлмээр байна?
-Хүмүүс заавал урлагийн хүн, эсвэл төрөлхийн авьяастай байх албагүй. Хамгийн гол нь тухайн зүйлээ хийх чин хүсэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Би өөрөө нягтлан байсан хүн шүү дээ. Тэгээд дархан болсон л байна. Тэгэхээр "болохгүй" гэж бодох зүйл үнэндээ тийм ч их байдаггүй.
Залуу байгаа дээрээ, өөрөө сонголт хийх боломжтой байгаа дээрээ дуртай зүйлээ зоригтой туршиж үзээсэй гэж хэлмээр байна. Миний хувьд бүтээл урлаж суух тэр мөчүүдэд л хамгийн их эрх чөлөөг мэдэрдэг. Тэр мэдрэмжээ би мөнгөөр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн зүйлээр солих бодол байдаггүй. Ер нь оролдож үзээд алдах нь оролдож ч үзэлгүй харамсахаас хамаагүй дээр гэж боддог.
Сэтгэгдэл