

Урлаг бол хүн төрөлхтний ой санамж, цаг хугацааны толь билээ. Эртний хадан зургийн нууцлаг дүрслэлээс эхлээд хиймэл оюун ухааны эрин үе хүртэлх энэхүү замнал нь “бид хэн бэ” гэх асуултад хөтөлдөг ажээ. Энэхүү асуултын хариуг хамгийн тод томруун, эрч хүчтэйгээр эрэлхийлдэг талбар бол яах аргагүй Венецийн биенналь юм. Дэлхийн дүрслэх урлагийн "Олимп" хэмээн алдаршсан энэхүү наадам 2026 онд 61 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. “Урлагийн түүх” булангийн энэ удаагийн дугаараар Венецийн биенналь гэж юу болох, энэ жилийн тухайд ямар онцлогтойгоор зохион байгуулагдаж байгаа зэрэг мэдээллийг уншигч та бүхэндээ хүргэж байна.
Биенналь: Дэлхийн урлагийн оюун санааны зангилаа
Итали хэлний “хоёр жил тутамд нэг удаа” гэсэн утгатай “биенналь” (biennale) нэршлээс үүдэлтэй энэхүү наадам нь дэлхийн дүрслэх урлагийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй талбар билээ. Анх 1893 онд Италийн хаан I Умберто, хатан Маргарита нарын мөнгөн хуримын ойд зориулан зохион байгуулснаас хойш 130 гаруй жилийн турш модернизмын болон орчин үеийн урлагийн чиг хандлагыг тодорхойлж ирсэн гэдгээрээ урлаг сонирхогчдын хүсэн хүлээдэг наадам болжээ.

Тэр ч утгаараа энэ наадмыг “Урлагийн Олимп” хэмээн тодотгох нь бий. Учир нь дэлхийн өнцөг булан бүрийн сод уран бүтээлчид, кураторууд, судлаачид энд чуулж, соёл иргэншлийн тулгамдсан асуудлыг урлагийн хэлээр хэлэлцдэг тул ийнхүү нэрийддэг ажээ. Тухайлбал, Жардини цэцэрлэгт хүрээлэн, Арсенал зэрэг түүхэн байгууламж уран бүтээлчдийн сэтгэлгээний чөлөөт орчин болон хувирч, улс орнууд өөрсдийн үндэсний павильоноор дамжуулан соёлын дипломат ажиллагаа явуулдаг нь уг наадмын онцлог юм. Наадмын ерөнхий зохион байгуулагчдын урьсан нэр хүндтэй куратор дэлхийн шилдэг уран бүтээлчдийг цуглуулж, тухайн жилийн сэдвийн дор урлагийн онол, шинэлэг туршилтыг нэгэн цэгт төвлөрүүлдэг нь биенналийн оюун санааны орон зайг бүрдүүлдэг билээ.
61 дэх удаагийн наадам: In Minor Keys
2026 оны тавдугаар сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл үргэлжлэх 61 дэх удаагийн биенналь “In Minor Keys” хэмээх үзэл баримтлалын дор зохион байгуулах гэж байна. Хөгжмийн онолын намуун, дотогшоо, гүнзгий минор аялгуунаас сэдэвлэсэн энэхүү концепц өнөөгийн ертөнцийн дуулиан шуугиан, сорилтуудын дунд бидний анзаарагдалгүй үлдсэн тэрхүү намуухан дуу хоолойг олж сонсохыг уриалж байгаа аж. Тиймээс энэ удаагийн наадам урлагийн дотоод мөн чанар, хүний сэтгэлийн эмзэг нандин байдал, нийгмийн далд орших түүхийг илүүтэй тодотгож, чимээгүй эргэцүүллийг дэлхийн урлагийн тайзнаа гаргаж ирэх томоохон оролдлого болж буйгаараа онцлог юм.
Сүлжилдээн: Хил дамнасан холбоос

Монгол Улс 2015 оноос хойш Венецийн биеннальд хөл тавьж, орчин үеийн урлагийн өнгө төрхөө дэлхийн тавцанд тунхаглах болсон түүхтэй. Харин энэ жилийн тухайд Монголын баг “Сүлжилдээн: Хил дамнасан холбоос” хэмээх үзэл баримтлалыг дэвшүүлж байгаа нь нэн сонирхолтой юм. Тодруулбал, уран бүтээлчдийн баг биенналийн 61 дэх удаагийн “In Minor Keys” сэдэвтэй уялдуулан, нүүдэлчин ахуйн гүн ухаан болон даяаршлын нарийн хэлхээсийг илэрхийлэхийг зорьжээ. Куратор Ц.Уранчимэг, ко-куратор Томас Эллэр нарын удирдан чиглүүлж буй багт уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар багтсан байна.

Уран бүтээлч Б.Номин бол монгол зургийн нарийн дэг жаягийг орчин цагийн нийгмийн зөрчил, өөрчлөлттэй чадварлаг хослуулдаг нэгэн юм. Тэрбээр нүүдэлчин ахуйн далд гүн ухааныг бэлгэдэл зүйн өндөр түвшинд дүрсэлдгээрээ онцлог бөгөөд Венецийн тайзнаа хоёр дахь удаагаа хөл тавьж байгаа нь энэ аж. Харин уран бүтээлч Г.Гэрэлхүүгийн тухайд, орон зай болон цаг хугацааны хил хязгаарыг график, уран зургийн хэлээр судалдаг гэдгээрээ ялгарна. Тэрбээр анх удаагаа биеннальд оролцож байгаа бөгөөд үзэгчдийг бодол эргэцүүллийн орон зайд урьж, биет бус мэдрэмжүүдийг өөрийн бүтээлдээ шингээхийг зорьдог байна.
Түүнчлэн, уран бүтээлч Ё.Төгөлдөр нь түүхийн мартагдсан хэлхээсийг видео арт болон инсталяцийн төрлөөр амилуулдгаараа танигдсан уран бүтээлч юм. Түүний хувьд тус наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд нийгмийн үйл явц, хувь хүний дотоод дурсамжийг нэгэн цэгт зангидаж, өнгөрсөн ба ирээдүйн хооронд үзэгчийг аялуулдаг билээ. Эцэст нь, баримал болон инсталяцийн бүтээлээрээ олны анхаарлыг татдаг Д.Дорждэрэмийн тухайд, тэрбээр материалын мөн чанар болон хүний сэтгэл зүйн эмзэг байдлыг биетээр илэрхийлэх дуртай. Анх удаагаа Венецийн наадамд бүтээлүүдээ сойж буй тэрбээр эд зүйлсийн анхдагч шинжийг хадгалахын зэрэгцээ тэдгээрт шинэ утга санааг шингээж, хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг уран бүтээлч юм.
Бидний соёлын өвийг орчин цагийн урлагийн хэлээр дэлхий нийтэд таниулах энэхүү павильон нь Монголын урлагийн цар хүрээг тэлэх томоохон алхам билээ. Ингээд тавдугаар сард нээлтээ хийх Венецийн биеннальд Монголын уран бүтээлчид ямар шинэ ертөнцийг дэлгэж, үзэгчдийн сэтгэлийг хэрхэн татах бол? Бидний туулсан түүх соёл, уран бүтээлчдийн үзэл санаа хэрхэн огтлолцож, Венецийн түүхэн байгууламжуудад хэрхэн уусахыг харах л үлдлээ.
Хэрэв та Монголын уран бүтээлчдийн биеннальд оролцсон түүхэн замнал, өмнөх жилүүдийн сонирхолтой павильонуудтай танилцахыг хүсвэл Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны архиваар зочлох боломжтой юм шүү.
Сэтгэгдэл