

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (Conference of the Parties, COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор зохион байгуулагдах билээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц нь газрын доройтол, цөлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын цорын ганц хууль ёсны гэрээ юм. Энэ нь байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийг газрын зөв менежменттэй уялдуулахыг зорьдог бөгөөд хуурай, хагас хуурай, хуурайшилт ихтэй бүс нутгийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгон авч үздэг. Монгол Улс цөлжилт, газрын доройтолд өртөмтгий хуурай бүсийн орны хувьд энэ чиглэлийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өөрийн туршлагыг хуваалцах, шинэлэг шийдлийг хэлэлцэх боломжийг бүрдүүлж энэхүү хурлын зохион байгуулах хүлээн авагч орноор сонгогдоод байна. Хурлын үеэр 10 мянга гаруй оролцогчийг хүлээн авч, 81 мянга гаруй ам метр талбайд бүтээн байгуулалт, тохижилт хийгдэхээс гадна 100 гаруй нийлүүлэгч, түнш байгууллага хамтран ажиллаж, 100 гаруй төсөл, хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа юм.
Дэлхийн 190 гаруй орны Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирэх нь манай улсын хувьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бодлого, санаачилгаа олон улсын түвшинд танилцуулахын зэрэгцээ дэлхийн анхаарлыг богино хугацаанд татах чухал боломж юм. COP бага хурлуудын дараа зохион байгуулагч улсад ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн төслүүд, олон улсын хамтын ажиллагаа зэрэг мэдэгдэхүйц нэмэгддэг нь бусад орнуудын туршлагаар батлагдсан. Тухайлбал, 2019 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан COP14 бага хурлын үеэр тус улс 2030 он гэхэд 26 сая га газрыг сэргээх амлалтыг өгч, энэ нь тухайн улсын үндэсний бодлого, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хөшүүрэг болсон гэж хэлж болно.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон үндэсний судалгаануудад дурдсанаар Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Мөн бэлчээрийн 90 орчим хувь нь доройтлын тодорхой түвшинд хүрч, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын дундаж температур сүүлийн 80 жилийн хугацаанд ойролцоогоор 2°C-ээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.
Тиймээс COP17 нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна байгаль орчинд ээлтэй технологи, инновацын шийдлүүдийг танилцуулах чухал боломж гэж үзэж буй компаниуд цөөнгүй. Олон улсын эрчим хүчний агентлагийн хамгийн сүүлийн мэдээллээр 2025 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний шинэ хүчин чадал 800 ГВт-аар нэмэгдэж, өмнөх оноос 16%-иар өссөн байна. Шинээр нэмэгдсэн хүчин чадлын 75%-ийг нарны эрчим хүч, 20%-ийг салхины эрчим хүч бүрдүүлжээ. Монгол Улсын хувьд ч нар, салхины эрчим хүчний нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж өндөр. Энэ боломжийг бодит бүтээгдэхүүн, технологийн шийдэл болгон хөгжүүлж буй дотоодын компаниудын нэг нь “BIPV discovery Mongolia” юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал С.Болорбайгальтай тухайн компанийн хөгжүүлж буй шийдлүүд болон COP17-оос хүлээж буй үр дүнгийн талаар ярилцлаа.
“Бид энэхүү хурлаар технологи ярихаас илүү бодит хэрэглээг нь харуулахыг зорьж байна”

-BIB Discovery Mongolia компани COP17-д ямар шийдэл, ямар зорилготойгоор оролцож байна вэ?
-Бид энэхүү хуралд иргэдэд бодит хэрэглээндээ нэвтрүүлэх боломжтой ногоон технологийн шийдлээ танилцуулахаар оролцож байна. Манай компанийн гол бүтээгдэхүүн бол BIPV CdTe (кадми теллурид суурьтай нимгэн хальсан нарны зайн технологи) бүхий сэргээгдэх эрчим хүчнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалаг шилэн фасад юм. Энэ нь барилгын гадаргууг зөвхөн өнгөлгөөний зориулалтаар ашиглах биш, өөрөө эрчим хүч үйлдвэрлэдэг дэд бүтэц болгон хувиргадаг технологи юм. Монголд энэ төрлийн технологийг нутагшуулж, хөгжүүлж буй туршлагаа олон улсын төлөөлөгчдөд танилцуулахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийг бий болгохыг зорьж байна.
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгальд богино хугацаанд нөхөн сэргээгддэг эх үүсвэрээс гарган авдаг эрчим хүч юм. Үүнд нар, салхи, ус, газрын гүний дулаан, биоэнерги зэрэг эх үүсвэр багтана.
Нөгөө талаараа манай оролцооны хамгийн том онцлог бол COP17 бага хурлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдсан ухаалаг эко ариун цэврийн байгууламжийн гадна фасадыг бид энэхүү BIPV CdTe ухаалаг шилээрээ иж бүрэн бүрсэн. BIPV CdTe шилний технологи нь өөрийгөө тэтгэх эрчим хүчийг бий болгож, барилгын гадаргууг нүүрстөрөгчгүй эрчим хүч болгон хурааж буй "A Living Building - Zero Emissions Restroom”Powered by BIPV CdTe Smart Glass Infrastructure юм.
Хуралд ирж буй 10 гаруй мянган гадаад, дотоодын зочид манай технологийг өөрсдийн биеэр үзэж, ашиглаж, бодит үр дүнг нь мэдрэх нь бидний энэхүү хурлын үеэр харуулахыг хүссэн нэг зорилго юм.
-Тогтвортой хөгжлийн бодит шийдлийг хэрэгжүүлдэг компанийн хувьд COP17 бага хурлыг Монголд зохион байгуулж байгаа нь бидэнд ямар боломжийг авчирна гэж харж байна вэ?
-Манай улсын хувьд зөвхөн олон улсын хэмжээний хурал зохион байгуулж байгаа хэрэг биш. Харин Монголд хөгжүүлж буй технологи, инновацаа дэлхийн хэмжээнд танилцуулах маш том боломж. Энэ үеэр олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, хөгжлийн түншүүд нэг дор цугларч байгаа учраас бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна шинэ хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийг бодитоор ярилцах нөхцөл бүрдэх байх.
Нөгөө талаар сүүлийн жилүүдэд ногоон технологийг зөвхөн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг гэсэн ойлголт өөрчлөгдөж байна. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, эрчим хүчний хямрал зэрэг нь бидний тогтвортой шийдэл хэрэгжүүлэх алхмыг урт хугацааны зайлшгүй хэрэгцээ болголоо. Хүмүүс ч өдөр тутмын хэрэглээ, амьдрах орчноо өөрчлөх хэрэгтэй гэдгийг илүү ойлгож байгаа байх. Энэ өөрчлөлт нь зөвхөн төрийн бодлогоор бус, хувийн хэвшлийн инновац, технологийн шийдлээр дамжин бодит ажил болох ёстой. Тиймээс COP17-г бид Монголд хөгжүүлж буй ногоон технологийг олон улсад таниулж, тогтвортой хөгжлийн бодит шийдлүүдийг хамтдаа урагшлуулах боломж гэж харж байна.
-Цөлжилттэй тэмцэхэд зөвхөн ойжуулалт хангалтгүй гэж олон хүн үздэг. Таны бодлоор сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг хөгжүүлэх нь газрын доройтол, цөлжилтийн эсрэг ямар бодит нөлөө үзүүлэх боломжтой вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаануудын нэг нь хүлэмжийн хийн ялгаралт, тэр дундаа нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ нэмэгдэж байгаа явдал. Үүний улмаас дэлхийн дулаарал эрчимжиж, цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн доройтол зэрэг өнөөдөр бидэнд тулгараад байгаа олон асуудал үүсэх нэг шалтгаан болдог. Тиймээс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулдаг технологи, шийдэл бүр цөлжилттэй тэмцэхэд ч мөн тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна. Жишээлбэл, манай ухаалаг шилийг хуурайшилттай бүсийн усан сан, хөв цөөрмийн дээгүүр саравч хэлбэрээр ашиглавал усны ууршилтыг бууруулахын зэрэгцээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр алслагдсан бүс нутагт эрчим хүчний хүртээмжийг сайжруулахаас гадна байгаль хамгаалалтын камер, хяналтын систем зэрэг дэд бүтцийг тогтвортой ажиллуулах нөхцөл бүрдэнэ. Эцсийн дүндээ энэ нь ч гэсэн ус, бэлчээр, байгаль хамгаалалтыг зэрэг дэмжсэн цогц шийдэл шүү дээ.

“Барилга өөрөө жижиг цахилгаан станц болж чадна”
-Монгол Улс нарны эрчим хүчний асар их нөөцтэй орон гэж ярьдаг. Энэ боломжийг бүрэн ашиглахад өнөөдөр хамгийн их тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Монголд хамгийн том сорилт нь зөвхөн технологи биш, сэтгэлгээний асуудал гэж бодож байна. Бид нарны эрчим хүч гэхээр заавал уудам талбай эзэлсэн томоохон цахилгаан станц төсөөлдөг шүү дээ. Харин өнөөдөр барилгын фасад, дээвэр, цонх зэрэг аль хэдийн бий болсон гадаргууг эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, барилга өөрөө жижиг цахилгаан станц болж чадна. Ийм шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлж чадвал нэмэлт газар ашиглахгүйгээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хувьд нар, салхины өндөр нөөцтэй орны нэг. Жилд дунджаар 250 гаруй өдөр нартай бөгөөд уудам газар нутаг нь нар болон салхины эрчим хүчний томоохон төслүүдийг хөгжүүлэх боломжтой.
-COP17 өндөрлөсний дараа Монголд ямар бодит өөрчлөлт үлдээсэй гэж хүсэж байна вэ?
-COP17 Монголд ногоон шилжилтийн бодит эхлэлийг тавьсан арга хэмжээ болоосой гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг өдөр тутмын хэрэглээ, бүтээн байгуулалтын салбарт илүү өргөн нэвтрүүлэх сэтгэлгээ, шинэ стандарт бий болгох нь хамгийн том өв байх болов уу. Бидний COP17-гийн хүрээнд хэрэгжүүлж буй ухаалаг эко байгууламж ч гэсэн ийм зорилготой. Технологийг үзэсгэлэнгийн танхимаас гадна бодит хэрэглээнд хэрхэн ажиллаж болохыг харуулахыг зорьсон. Эцэст нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид нэг зорилгын төлөө хамтарч чадвал COP17-оос үлдэх хамгийн том өв нь Монголын ногоон хөгжлийг хурдасгах бодит өөрчлөлт байх гэж итгэж байна.
COP17-ийн бэлтгэл бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ завгүй үед бидэнтэй цаг гарган ярилцаж, үзэл бодол, туршлагаа хуваалцсан BIPV Discovery Mongolia компанийн Гүйцэтгэх захирал Б.Болорбайгальд баярлалаа. COP17-ийн хөтөлбөр, дагалдах арга хэмжээ болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудсаас авах боломжтой.
Сэтгэгдэл