Аравдугаар сарын сүүлээр Улаанбаатарын гудамжаар алхвал шулам, вампир, аалзны тор, хулууны чимэглэлтэй кофе шоп, үйлчилгээний газрууд эгнэх аж. Хоёрдугаар сарын дундуур цэцгийн дэлгүүрийн өмнө урт дараалал үүсэж, ресторанууд “Валентины онцгой меню” зарлана. Мөн удахгүй мэндлэх хүүхдийнхээ хүйсийг зарлах төрөл бүрийн онцгой санаа төлөвлөж, гэр бүл, найз нөхдийн хамт өргөн дэлгэр баярын үйл ажиллагаа зохион байгуулах энэ бүх дүр зураг Монголын нийгэмд нэгэнт танил болж, баяр ёслолын нэгэн шинэ хэлбэр болон тогтжээ.
Нэг үеийнхэн огт мэддэггүй байсан баярууд яаж дараагийн үеийнхний хувьд энгийн үзэгдэл болов? Эдгээрийн аль нь ч Монголын уламжлалт баяр биш хэдий ч өнөөдөр бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болоод зогсохгүй зарим хүмүүсийн догдлон хүлээдэг баярууд болсон байна. Тэгвэл эдгээр “бидний биш баярууд” хэзээ, яаж, ямар замаар Монголд ирэв? Бас Монголд ирээд, уламжлал хэвээрээ үлдэж байна уу?

Өмнө нь баяр гэдэг тухайн ард түмний шашин, түүх, уламжлалтай салшгүй ойлголт байв. Цагаан сарыг Монголд, Талархлын баярыг Америкт, Сүнсний баярыг Христийн шашинт өрнөдийн орнуудад тэмдэглэдэг гэсэн тодорхой хил хязгаар байдаг байж. Харин интернэт гарч ирснээр баярууд ч хил давдаг болов.
Анхны Сүнсний баярын тухай ойлголтыг бид киноноос үзэж, ойлгож байсан бол Валентиныг романтик киноноос сурсан. Харин хүүхдийн хүйс зарлах үдэшлэг гэх мэт шинэ содон соёлууд тикток, инстаграмаар дамжин Монголд орж иржээ. Нэг хүний баярын бичлэг хэдхэн цагийн дараа дэлхийн нөгөө талд буй хүний сошиал хуудсанд гардаг болсон энэ үед соёл паспортгүй зорчдог болж.
Монголд бас нэгэн соёл шинээр төрөв
Хүүхэд төрөхөөс өмнө хүйсийг нь зарлах ёслол Монголд огт байсангүй. Харин өнөөдөр залуу хосууд удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг тусгай өдөр зарладаг болсноор Монголд бас нэгэн соёл шинээр төрөөд байна. Том хайрцаг нээнэ. Агаарын бөмбөлөг хагална. Бялуу зүснэ. Зарим нь бүр өнгөт утаа ашиглана.
Энэ ёслол нь анх Америкт жирэмсэн эхэд зориулсан оройн хоол, гэр бүлийн жижиг цугларалтын хэмжээнд байсан ч Монголд орж ирээд арай өөр болжээ. Тодруулбал, Монголд ойр дотнын гэр бүлээр зогсохгүй өвөө, эмээ, ах дүү, найз нөхөд бүгд оролцож, заримдаа бараг хурим шиг өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулдаг болсон байна.
Сүнсний баяр Монголд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Аравдугаар сарын сүүлээр Улаанбаатарын клубүүд хамгийн завгүй байдаг болов. Хэн хамгийн өвөрмөц дүр бүтээх вэ. Хэн хамгийн сайн нүүр будалт хийх вэ. Хэн хамгийн олон лайк авах зураг нийтлэх вэ?
Сүнсний баяр нь угтаа нас барагсдыг дурсах шашны уламжлалт өдөр юм. Ойролцоогоор 2,000 жилийн өмнө өнөөгийн Ирланд, Их Британи болон Францын хойд хэсэгт амьдарч байсан кельтүүд шинэ жилээ арваннэгдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг байжээ. Энэ өдөр нь урин дулааны болон ургац хураалтын төгсгөл бөгөөд харанхуй, хүйтэн өвөл эхлэхийг бэлгэддэг байв. Тэдний итгэл үнэмшлээр шинэ жилийн өмнөх шөнө буюу аравдугаар сарын 31-нд амьд хүмүүсийн ертөнц болон нас барагсдын ертөнцийн зааг бүдгэрч, хоёр ертөнц хоорондоо ойртдог гэж үздэг байжээ. Тиймээс тэр шөнө тэд Самхайн (Samhain) хэмээх баярыг тэмдэглэж, нас барагсдын сүнс дэлхий дээр эргэн ирдэг гэж итгэдэг байсан аж. Кельтүүд өвлийг хүний үхэлтэй холбоотой цаг үе гэж үздэг байсантай холбоотойгоор тэмдэглэж эхэлсэн нь Сүнсний баярын анхны хэлбэр болж, он цаг урсахын хэрээр энэхүү баяр нь Христийн шашны тэмдэглэлт баяр болон хөгжсөн байна.
Харин Монголд тэр утга нь бараг үлдээгүй нь бидний уламжлалт шашин, зан заншлын ялгаатай байдалтай холбоотой байж болох юм. Бид Сүнсний баярыг косплэй, нүүр будалт, үдэшлэг, контентын баяр болгож өөрчилжээ.
Соёл хуулбарлагдаагүй, харин шинэ орчинд дахин бүтээгджээ

Эдгээр баярын нэг нийтлэг зүйл нь Монголд нэвтрэхдээ эх хэлбэр, анхны утгаараа үлдээгүйд оршино. Өөрөөр хэлбэл, баярын уламжлалт утга хэв маягийг авч үлдэлгүй, баярын хэлбэрийг өөрийн соёлд тааруулан дахин бүтээсэн байна.
Орчин үеийн залуусыг ахмад үе нь "гадаад соёл дуурайж байна" хэмээн шүүмжилдэг ч үнэндээ тэдгээр ахмад үеийнхэн мөн адил тухайн үед дэлгэрч байсан олон орны соёлыг түгээж байв Учир нь монголчууд түүхийн туршид олон соёлыг өөриймшүүлж авсан байна. Европ хувцас, орос шинэ жил, поп соёл гээд бидний өдөр тутмын амьдралд гаднаас ирсэн зүйл цөөнгүй шүү дээ.
Ахмад үеийнхэн эдгээр баярыг “манай уламжлал биш” хэмээн харж болох бол залуу үеийнхэн эдгээрийг заавал уламжлалтай холбохгүй, зүгээр л тэмдэглэж болох соёлын нэг хэлбэр гэж хүлээн авдаг байна. Нэг тал нь өөрийн соёлын онцлогийг хадгалахыг чухалчилж байхад нөгөө тал нь дэлхий дахины соёлын урсгалд нээлттэй байхыг хэвийн гэж үзнэ. Үүний цаана зөвхөн үе хоорондын ялгаанаас гадна соёлыг өөрчлөгддөг зүйл гэж үзэх үү, эсвэл хадгалж хамгаалах ёстой зүйл гэж үзэх үү гэсэн хоёр өөр хандлага оршиж буй.
Тэгвэл халловин тэмдэглэж байгаа монгол хүн Америк соёлтой болсон гэсэн үг үү. Хүүхдийнхээ хүйсийг үдэшлэг зохион зарласан гэр бүл Монгол уламжлалаасаа татгалзсан гэсэн үг үү? Эдгээр асуултад хариулахын тулд соёл судлалын ойлголтуудаас товч тайлбарлая.
Соёлын тархалт буюу соёл хил хязгааргүй аялдаг

Соёлын тархалт гэдэг нь нэг нийгэмд үүссэн санаа, зан үйл, баяр ёслол, технологи, хоол хүнс зэрэг соёлын элементүүд өөр нийгэмд дамжин дэлгэрэх үйл явцыг хэлдэг юм байна. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд үргэлж байсан үзэгдэл. Торгоны замаар цай, цаас, шашин, хөгжмийн зэмсэг тархаж байсан шиг өнөөдөр тикток, нэтфликс, инстаграмаар аливаа соёл уламжлал, тэмдэглэлт баярууд тархаж байна.
Төрсөн өдрийн баярын үдэшлэг Монголд орж ирсэн нь соёлын тархалтын томоохон жишээ юм. Монголчууд энэ баярыг өөрсдөө зохиогоогүй, харин дэлхийн мэдээллийн урсгалаар дамжин танилцсан байна.
Соёлын дасан зохицол буюу шинэ соёл тухайн шинэ орчиндоо уусдаг
Соёл нэг улсаас нөгөөд яг хуулбарлагдаж очдоггүй аж. Өөр өөр соёлын бүлгүүд харилцах явцад шинэ соёлын элементүүдийг хүлээн авч, өөрсдийн өмнөх зан заншил, үнэт зүйлтэй хослуулан өөрчилж болдог аж. Ийнхүү анхны болон шинэ соёлын элементүүд нийлж, тухайн орчинд тохирсон шинэ хэлбэр бий болдог байна. Үүнийг соёлын дасан зохицол гэдэг. Жишээлбэл, хүүхдийнхээ хүйсийг зарлахдаа Америкт ихэвчлэн ойрын хүрээний хүмүүстэйгээ тэмдэглэдэг бол Монголд төрөл садан, найз нөхөдтэйгөө тэмдэглэдэг том гэр бүлийн арга хэмжээ болсон.
Гадаадын баяр Монголд буухдаа өөр утга, хэлбэртэй болсон байна. Энэхүү үзэгдэл нь гаднаас ирсэн соёлын элементийг өөрийн амьдралын нэг хэсэг болгон, шинэ утга агуулгатайгаар хүлээн авах үйл явц аж. Монголчууд шинэ баяруудыг тэмдэглэхдээ өөрийн гэр бүл, найз нөхдийн харилцаа, хэрэглээний хэв маяг, сошиал медиагийн соёлтой хослуулж шинэ дүр төрх бий болгож байна. Магадгүй соёлын хүч нь өөрчлөгдөхгүй хадгалагдахаас илүү шинэ зүйлсийг өөрийнхөөрөө шингээж чадах чадвар байж болох юм.