Бид ахлах сургуульдаа математик, хими, биологи, нийгмийн ухаан зэрэг ерөнхий хичээлүүдийг судалдаг ч бизнес, эдийн засаг, маркетингийн талаар мэдлэг тэр бүр олж авдаггүй. Гэтэл энэ талын мэдлэг, туршлага нь ирээдүйд аль ч салбарт хэрэгтэй суурь ур чадвар болж чадах юм.
Тиймээс ахлах ангийн сурагчдад бизнес эрхлэлт, манлайлал, хамтын ажиллагааны талаар бодит мэдлэг, туршлага олгох зорилготой Монголын Бизнес Боловсролын Холбоо (BEAM) нь сурагчдаар удирдуулсан санаачилга хэрэгжүүлж байгаа юм байна. Тэд сургуулиуд дээр салбар клубүүд байгуулах, бизнесийн тэмцээн зохион байгуулах зорилгоор BEAM Spotlight арга хэмжээг зохион байгуулах гэж байна. BEAM Spotlight 2026 оны есдүгээр сарын 27-ны өдөр Чингис хаан зочид буудлын Өргөө танхимд болох бөгөөд 5 өөр салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг хуваалцан, бизнес эрхлэхэд хэрэгтэй практик ур чадварыг суулгахаар төлөвлөж буй аж.
Бид BEAM-ийн энэ санаачилга ямар хэрэгцээнээс үүссэн, сурагчдад ямар боломж нээж өгөхийг зорьж байгаа болон бизнесийн боловсролыг яагаад зөвхөн онолоор хязгаарлахгүй байх ёстой талаар үүсгэн байгуулагч Э.Цолмон, Б.Мишээл нартай ярилцлаа.

- BEAM-ийг эхлүүлэх санаа анх хэзээ төрж, ямар зорилгоор эхлүүлсэн бэ?
- Бид өмнө нь олон улсын бизнесийн тэмцээнд оролцож байхдаа энэ төрлийн боломж бас мэдлэг Монголын сурагчдад хэрэгтэй юм байна гэдгийг анзаарсан юм. Гадаадын сурагчид өөрсдийн байгуулсан клуб, баг, төслүүдээрээ дамжуулан бизнес, эдийн засгийн чиглэлээр маш эрт туршлага хуримтлуулдаг юм байна лээ. Монголд олон сурагч ахлах сургуульдаа бизнес, эдийн засгийн хичээлийг гүнзгий судлах боломжгүй байдаг. Ер нь ахлах ангийн сурагчид хими, физик, математик зэрэг хичээлээр олимпиадад оролцох боломж их байдаг ч бизнес, эдийн засгийн чиглэлээр мэдлэгээ зузаатгаж, бодит орчинд хэрэгжүүлэх боломж харьцангуй бага шүү дээ. Гэтэл манлайлал, санхүүгийн ухаан, энтрепренершип, харилцааны ур чадвар зэрэг нь ирээдүйд сонгох бараг бүх мэргэжлийнх нь чиглэлд хэрэг болж чадна. Тиймээс Монголын сурагчдад онолын мэдлэгээс гадна өөрсдөө оролцож, туршиж, алдаж, дахин суралцах боломжтой орчныг бий болгох хэрэгтэй гэж үзсэн.
Бидний гол зорилго бол сурагчдыг зөвхөн бизнесийн тухай мэдлэгтэй болгох гэхээс илүүтэй тэр мэдлэгээ бодит нөхцөлд ашиглаж чаддаг болгохыг зорьж байна. Бизнес эрхлэх үед онолын мэдлэг үнэндээ хангалтгүй шүү дээ. Өөрийн санааг бусдад ойлгуулж тайлбарлах, багаар ажиллах, асуудлыг олж харах, шийдэл гаргах, бусадтай харилцах зэрэг маш олон чадвар шаарддаг. Тиймээс бидний хувьд бизнесийн боловсрол гэдэг нь мөнгө олохоос хавьгүй өргөн ойлголт. Асуудлыг олж хараад, түүнд шийдэл хайж, санаагаа бодит ажил болгох үйл явц юм.

- Үйл ажиллагаа эхэлснээсээ хойш BEAM энэ чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ?
- Бидний анхны томоохон арга хэмжээ болох ABS Business Simulation Competition-ийг зохион байгуулсан. Тус тэмцээнд 12 гаруй сургуулийн 100 гаруй сурагч оролцсон юм. Тэмцээнээр дамжуулан оролцогчид бодит бизнесийн орчинтой ижил төстэй нөхцөлд багаар ажиллаж, шийдвэр гаргах зэргийг бодитоор туршиж үзсэн л дээ.
Мөн Монголын баг Шанхайд болсон “World Youth Economic Forum” нэртэй 20 гаруй орны мянга гаруй хүүхдүүд оролцсон тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн. Энэ нь сурагчдад Монголдоо бэлтгэгдээд олон улсын түвшинд өрсөлдөх боломж байгааг харуулсан гэж боддог.
- Бизнесийн тэмцээнээр ямар даалгавар биелүүлж, ямар ур чадвар шалгадаг гэдэг нь уншигчдад маань тийм ч сайн төсөөлөгдөхгүй байгаа байх. Тэмцээн дээр яг ямар ур чадварыг сорьдог вэ?
- Оролцогчдод нэг бүтээгдэхүүн өгөөд түүнийг хэрхэн хөгжүүлж, зах зээлд гаргах вэ гэдгээс эхэлнэ. Багууд бүтээгдэхүүнээ хүссэнээрээ өөрчилж, маркетингийн төлөвлөгөө боловсруулан, хөрөнгө оруулалт авахын тулд санаагаа танилцуулна, уралдуулна. Ингэхдээ зөвхөн “гоё санаа” хэлэхээсээ илүү яагаад энэ шийдэл хэрэгтэй, ямар зах зээлд чиглэх, орлогоо хэрхэн бий болгох вэ гэх мэтээр олон талаас ажиглах нь зөв юм. Энэхүү явцад хүүхдүүд бизнесийн талаар мэдлэгтэй болохоос гадна өөрийн санааг бусдад танилцуулах, багаар ажиллах, шийдвэр гаргах зэрэг чадвараа хөгжүүлдэг.
Тэмцээн бол суралцах нэг арга шүү дээ. Бидний ихэнх нь өмнө нь жижигхэн бизнес эхлүүлж байсан л даа. Сонирхолтой нь маш жижиг мэт санагдах зүйлс хүртэл бизнест асуудал болж гарч ирдэг. Жишээлбэл, баримт бичгээ хэрхэн бүрдүүлэх, хүмүүсийн хоорондын ажлыг хэрхэн зохицуулах, үүссэн асуудлыг яаж тайван шийдэх гэх мэт зүйлсийг яг ажил дээр гараад л илүү сайн ойлгодог юм шиг. Тиймээс сурагчид багаасаа ийм туршлага хуримтлуулбал цаашдаа өөрсдийн санааг хэрэгжүүлэхэд нь хэрэг болно гэж үзэж байгаа.

- Сурагчдад бизнесийн боловсрол олгосноор ямар ур чадварууд нь сайжирна гэж харж байна вэ. Ер нь бизнест ямар ур чадвар хамгийн чухал байдаг вэ?
- Харилцааны чадвар, багаар ажиллах чадвар маш чухал. Хүн бизнесийн талаар хэчнээн мэдлэгтэй бас шинэлэг гоё санаатай байгаад ч өөрийн санааг бусдад ойлгуулж чадахгүй бол түүнийг хэрэгжүүлэхэд хэцүү шүү дээ. Тиймээс бусадтай ярилцах, санаагаа илэрхийлэх, багийнхаа гишүүдтэй ажиллах зэрэг чадварыг л даалгавар, төсөл, тэмцээнээр дамжуулан хөгжүүлэхийг зорьж байгаа. Мөн өөр өөр сургуулийн хүүхдүүдийг хооронд нь холбох нь чухал байна. Ингэснээр хүүхдүүд сургуулийнхаа хүрээнээс тэлж, үеийнхэнтэйгээ танилцан, хамтарч ажиллах боломжтой юм.
Үнэндээ бид нэг удаагийн тэмцээн зохион байгуулаад л энэ ажлаа дуусгахыг хүсэхгүй байгаа. Сурагчид өөрсдийн сургууль дээрээ тогтмол үйл ажиллагаа явуулдаг орчинтой болох нь илүү чухал. Тиймээс цаашдаа ерөнхий боловсролын сургуулиудад BEAM-ийн салбаруудыг нээж, цаашид салбарууд өөрсдийн арга хэмжээ, тэмцээнийг зохион байгуулдаг болохыг зорьж байгаа. Ингэснээр сургуулиуд хоорондоо холбогдож, туршлага, санаагаа хуваалцах боломжтой болох юм.
- Бизнесийн талаарх мэдлэг, туршлага нэмэгдсэнээр сурагчдын ирээдүйн сонголтод ямар нөлөө үзүүлэх бол? Жишээ нь BEAM Spotlight арга хэмжээнд оролцсоноор юу сурч авах вэ?
- Ахлах ангийн сурагчид 9 дүгээр ангиасаа эхлээд их сургууль, мэргэжил сонголт, цаашдын карьерынхаа талаар бодож эхэлдэг. Тэр үед мэдээлэл сонсохоос илүү тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бодит туршлагатай танилцах нь илүү үр ашигтай гэж бодож байна. Ингэснээр өөрийн сонирхож байгаа мэргэжил бодит байдал дээр ямар байдаг, тухайн салбарт ажиллахад ямар ур чадвар шаарддаг, цаашлаад Монголд ямар боломж байгааг мэдэж авбал сонголтоо хийхэд нь илүү хэрэгтэй байна.
Тиймдээ ч BEAM Spotlight нь өөр өөр салбарын мэргэжилтнүүдийг сурагчидтай холбох нэг өдрийн илтгэлийн цуврал хэлбэрээр зохион байгуулагдах юм. Сурагчид нэг өдрийн дотор өөр өөр салбарын таван мэргэжилтний туршлага, мэдлэгийг сонсож, шууд асуулт асууж, танилцах боломжтой. Зөвхөн тайзан дээрээс илтгэл сонсоод тарах биш, үдийн хоолны үеэр болон чөлөөт ярилцлагын үеэр илтгэгчидтэй илүү ойр харилцах боломжтой байхаар зохион байгуулж байна.

- Сурагчид энэ арга хэмжээнд оролцоод юуг өөртөө авч үлдээсэй гэж хүсэж байна вэ?
- Нэгдүгээрт, бизнес хийх нь өөрт нь тохирох зүйл мөн эсэхийг бодит туршлага дээр үндэслэн ойлгоосой гэж хүсэж байна. Хоёрдугаарт, өөр өөр салбарт ажилладаг мэргэжилтнүүдээс шууд мэдлэг аваасай гэж бодож байна. Мөн Монголын бизнесийн орчин ямар байгаа, тухайн салбарт ажиллана гэдэг ямар утгатай болохыг ойлгуулахыг зорин ажиллаж байна. Үүнээс гадна төсөл удирдах, санаачилга эхлүүлэх, ивээн тэтгэгчийн санал бэлтгэх зэрэг практик чадварын талаар мэдлэгийг хуваалцах болно.
Сурагчид өөрийн санааг туршиж үзээд, бүтэхгүй бол дахин оролдож, бусдаас суралцаж болох орчин байх хэрэгтэй. Тэгээд цаашдаа энэ тэмцээнд оролцсон туршлагаараа ямар нэгэн шинэ зүйл санаачилж, хэрэгжүүлж үзээсэй гэж хүсэж байна. Том мөрөөдөхөөс айх хэрэггүй гэж хэлмээр байна. Заримдаа хүүхдүүдэд бизнесийн санаа нь байдаг ч түүнийгээ хэрэгжүүлэх орчин, зөвлөгөө өгөх хүн, хамтран ажиллах баг нь байдаггүй. Бидний хийх гэж байгаа зүйл бол тэр орчныг бий болгох юм.
- Цаашдаа BEAM ямар чиглэлээр хөгжиж, үйл ажиллагаагаа явуулах вэ?
- BEAM цаашид сургуулиуд дээр салбар клубээ хөгжүүлэх, мөн бизнесийн тэмцээн, хөрөнгө оруулалтын тэмцээн зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран ахлах ангийн сурагчид болон оюутнуудад зориулсан StockTrak хөрөнгө оруулалтын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн өөр өөр салбарын мэргэжилтнүүдийг сурагчидтай холбох BEAM Spotlight-ийг цаашид үргэлжлүүлэх зорилготой. Эцсийн зорилго нь бол сурагчид өөрсдөө санаачилга гаргаж, сурч, туршиж, бусадтай хамтарч чаддаг тогтвортой орчин бий болгох юм.
- Бидэнтэй ярилцсанд баярлалаа!