Дэлхийн харилцаа холбооны салбарт хүн бүрийн ашигладаг ганц аппликейшн гэж байхгүй бөгөөд бүс нутаг бүрийн технологийн экосистемээс хамаарч ярих, зурвас бичих сонголт нь өөр өөр байдаг аж. Олон улсын түвшинд WhatsApp 2 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд Европ, Латин Америк, Африкийн ихэнх орнуудад идэвхтэй ашигладаг байна. Харин Азийн зарим улс өөрсдийн бие даасан дижитал орчныг бүрдүүлж, БНХАУ-д WeChat, Японд LINE, БНСУ-д KakaoTalk, Вьетнамд Zalo зэрэг аппликейшнүүд зөвхөн мессеж бичихээс гадна төлбөр тооцоо хийх, өдөр тутмын хэрэгцээгээ зохицуулах чухал хэрэгсэл болон хөгжжээ.
Харин манай улсын хувьд фэйсбүүк мессенжер холбоо тогтоох гол хэрэгсэл хэвээр байна. Тодруулбал, сүүлийн үеийн судалгаанаас харахад Монгол Улсын нийт хүн амын ойролцоогоор 70-75 хувь нь, харин интернэт идэвхтэй хэрэглэгчдийн (13-аас дээш насны) 85-90 гаруй хувь нь фэйсбүүк мессенжерийг өдөр тутамдаа ашиглаж байна гэжээ. Монголчуудын сошиал хэрэглээ Фэйсбүүк дээр төвлөрдөгтэй холбоотойгоор мессенжер нь найз нөхөдтэйгөө чатлах хэрэгсэл төдий биш, ажил хэргийн харилцаа тогтоож, цахим худалдаа явуулдаг үндсэн суваг болон өргөжөөд байна.
Улс бүрийн энэхүү ялгаатай сонголтод тухайн орны дижитал эдийн засаг болон хэрэглэгчийн зан төлөв шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Монголын нөхцөлд ихэнх жижиг, дунд бизнесүүд бие даасан вэбсайт эсвэл тусгай апп хөгжүүлэхээс илүүтэй фэйсбүүк хуудас болон мессенжерийн чатботыг ашиглан борлуулалтаа хийдэг нь энэхүү үр дүнд мөн нөлөөлдөг байна. Технологийн хөгжил хурдацтай явагдаж, бидэнд харилцаа холбооны олон сонголт үүссэн ч улс орон бүр өөрсдийн онцлогт тохирсон платформ, аппликейшныг сонгон түүндээ зохицон харилцаагаа өрнүүлдэг болохыг энэхүү газарзүйн зургаас харж болох юм.
Эх сурвалж: DataReportal: Global Digital Insights