Монголын даатгалын салбарт 30 жилийн түүхийг бүтээж, салбарын анхдагч суурь, дархлааг тавилцсан "Бодь Даатгал" брэнд цаг хугацааны сорилт, эдийн засгийн хувьсалт дундаас өөрийн гэсэн өв соёл, үнэ цэнийг цогцлоожээ. Анх 1990-ээд оны шилжилтийн үеийн цаг үе, нүүдэлчин ахуйн сэтгэлгээний дундаас эрсдэлийн удирдлага гэх ойлголтыг үндэсний хөрсөнд буулгаж, ууган хувийн хэвшлийн даатгалын компани болон мэндэлж байсан түүхтэй.
Өдгөө тус компани "Богд Даатгал" болон нэрээ өөрчлөн шинэчлэгдэж, зах зээлд өөрийн байр суурь, хөгжлийн шинэ шатанд гарч буй энэхүү түүхэн босгон дээр бид "Богд Даатгал" ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал М.Мөнхбаатартай ярилцлаа. Энэхүү ярилцлагаар дамжуулан брэндийн үүх түүх, анхдагч шийдвэрүүд, дэлхийн түвшний AXA групптэй хамтарсан 10 жилийн замнал, ирээдүйн залгамж халаа болон технологийн шинэчлэлийн бодлогын талаар ярилцлаа.
- Юуны өмнө бидэнтэй ярилцахаар цаг гаргасанд баярлалаа. Ярилцлагаа "Бодь" гэдэг нэрийн үүсэл болон 1990-ээд оны шилжилтийн үеийн анхны гараанаас эхэлье.
- Миний бие 2011 оноос хойш компанидаа тус компанид менежерээс эхлэн шат шатаар ажиллаж ирсэн хүний хувьд тухайн үеийн үйл ажиллагааг сайн мэдэх хэдий ч, түүнээс өмнөх анхдагч суурийг тавьсан үеийн түүхийг үүсгэн байгуулагчдын дурсамж болон хэрхэн үүссэн талаар эхлээд ярих нь зөв байх. "Бодь" гэдэг нэрийн тухайд, Үүсгэн байгуулагч Л.Болдхуяг захирлын маань аав болох С.Лувсанвандан агсны төрсөн нутаг Баянхонгор аймгийн Богд сум буюу төрсөн бууцных нь нэрээс үүдэлтэй юм билээ. Хожим Л.Болдхуяг захирлын ээж 1989 онд “Бодь” оёлдын цех бүхий хоршоо байгуулсан түүхтэй.
Үүний дараа 1993 онд зах зээлийн шилжилттэй зэрэгцэн Л.Болд дарга "Бодь Интернэйшнл" компанийг үүсгэн байгуулж, Европоос компьютер, электрон бараа оруулж ирж бизнесийн гараагаа эхлүүлсэн байдаг. Түүнээс салбарлан "Бодь Электроникс", Голомт банк зэрэг компаниуд бий болсон бол 1995 онд "Бодь Даатгал" компани байгуулагдсан түүхтэй. Үүсгэн байгуулагч Л.Болдхуяг захирал Германд сурч байхдаа оюутны эрүүл мэндийн болон аяллын даатгалын тогтолцоог судлан харж, санхүүгийн салбарын гол тулгуур нь даатгал болохыг олж харан анхны ууган хувийн хэвшлийн даатгалын компанийг үүсгэн байгуулсан байдаг.
Тухайн үед даатгалын салбар 1931 оноос хойших үе шатуудыг туулж, зах зээлийн шилжилтийн ороо бусгаа үе. Мөн монголчуудын уламжлалт соёл, сэтгэлгээ, нүүдэлчин ахуйтай даатгалын ойлголт тэс өөр ойлголт байсан байх. "Амны бэлгээс ашдын бэлгэ" гэдэг ард түмэнд "танд ийм эрсдэл тохиолдвол даатгалаас төлнө" гэхэд муу үг ярилаа гээд ширээгээ тогшдог шүү дээ. Одоо ч ийм зүйлс ажиглагддаг (Инээв). Энэ цаг үед ирээдүйн санхүүгийн эрсдэлээс хамгаалах үйлчилгээ санал болгоход маш хол сонсогдож, миний хувьд ч анх ажилд орж байхдаа даатгалын мөн чанарыг бүрэн таньж мэдээгүй байсан. Манай компанийн анхны бүтээгдэхүүн гадаадад зорчигчдын эрүүл мэндийн даатгал байсан бөгөөд тухайн үед ганзагын наймаа цэцэглэж, хил нээгдэн чөлөөтэй зорчих хөдөлгөөн эхэлж байсан учраас энэ бүтээгдэхүүнийг цаг үеийнх нь хэрэгцээнд нийцүүлэн гаргаж байсан түүхтэй.

"Даатгалын бизнесийн мөн чанар яг хэрэгтэй үедээ үйлчилж чадах эсэхэд оршдог"
Үйл ажиллагаагаа гадаадад зорчигчдын эрүүл мэндийн даатгалаар эхлүүлсэн компани 2006 онд малын индексжүүлсэн даатгалын төсөлд оролцож, малчдад чиглэсэн үйлчилгээгээ өргөжүүлжээ. Тус төсөл нь зудын улмаас мал сүрэг хорогдох эрсдэлийг даатгалаар хамгаалах тогтолцоог Монголд нэвтрүүлэхэд чиглэж байв.
- Компанийн өв соёл, дархлааг та юу гэж тодорхойлох вэ. 30 гаруй жилийн турш эдийн засгийн хямрал, сорилтыг даван туулж, зах зээлд байр сууриа бэхжүүлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
- Манай компанийн өв соёл, дархлаа нь мэргэжлийн, корпорац болон байгууллага, иргэд хослуулсан суурьтай байсандаа оршдог. Зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн анхдагч, түүчээлэгч нь байж ирсэн. Тухайлбал, 2006 онд Дэлхийн банк, Сангийн яам, Монгол Улсын Засгийн газар хамтран малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг орон нутагт нутагшуулах зорилгоор Баянхонгор, Увс, Хэнтий зэрэг аймагт хэрэгжүүлж эхлэхэд манай компани анхны хэрэгжүүлэгчээр оролцсон. Өнөөдөр бараг 20 жил энэ бүтээгдэхүүнийг борлуулж, малчдын амьжиргааг дэмжих, орон нутагт даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Аймаг бүрд салбар, 330 гаруй сумын төлөөлөгчтэй өргөн сүлжээг бий болгосон. Мөн давхар даатгал, гадаад харилцааны түншлэлээр томоохон эрсдэлүүдийг удирдаж, олон улсын зах зээлд байршуулах тал дээр манлайлж ажилладаг нь бидний гол нүүр царай юм. Даатгалын бизнесийн мөн чанар яг хэрэгтэй үедээ үйлчилж чадах эсэхэд оршдог бөгөөд өнгөрсөн хугацаанд бид олон саяын нөхөн төлбөр олгосон. Тухайлбал, Дэлхийн банкны төсөл дээр ажилладаг байсан нэг залуу манай олон улсын эрүүл мэндийн даатгалтай байхдаа томоохон осолд орж олон удаагийн мэс ажилбарт орсон юм. Хожим уулзахад "Энэхүү даатгал байгаагүй бол байр, машинаа зараад ч хүрэхгүй байсан, даатгалтай байснаараа сайн эмнэлэгт эмчлүүлж хөл дээрээ зогслоо" гэж талархал илэрхийлж байсан нь даатгалын ач холбогдол, зах зээлд хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн бидний ажлын гол үр дүн гэж харж байгаа.
"Монголын даатгалын салбарт ийм түвшний гадаад компанитай хамтарсан бүтээгдэхүүн гаргасан тохиолдол байхгүй"
Орон нутагт даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, томоохон эрсдэлийг олон улсын зах зээлд давхар даатгуулах чиглэлээр ажиллаж ирсэн “Бодь Даатгал” 2014 онд Францын AXA групптэй хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Уг түншлэлээр дамжуулан олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн, андеррайтинг болон эрсдэлийн үнэлгээний туршлагыг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр ажилласан байна.
- Монгол Улсын даатгалын салбарт олон улсын туршлагыг нэвтрүүлэх зорилгоор дэлхийд тэргүүлэгч AXA групптэй хамтарч ажилласан түүхэн үйл явц болон үр ашгийн талаар хуваалцах юм бол?
- 2014 онд манай хөрөнгө оруулагчид гадаад хамтын ажиллагааг тэлэх зорилгоор дэлхийн топ санхүүгийн 5 группийн нэг "AXA" гурпптэй хамтын ажиллагааг эхлүүлсэн. Цорын ганц компани. Монгол Улсын даатгалын салбарт манайхаас өөр дотоодын компани ийм түвшний гадаад компанитай хамтарсан бүтээгдэхүүн гаргасан тохиолдол байхгүй байх гэж бодож байна. Магадгүй мэдээгүй байж магадгүй шүү.
Олон улсын туршлагыг Монгол улсын даатгалын зах зээлд нутагшуулаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд тухайн төслийг хариуцсан нэгжид ажиллаж байсан залуучууд өнөөдөр даатгалын салбарын борлуулалт, андрайтинг болон нөхөн төлбөрийн нэгжүүдийг удирдаж, салбартаа манлайлагчид болцгоосон байгааг харахад сэтгэл хангалуун байгаа. Өнөөдрийн түвшинд AXA группийн андрайтингийн шийдвэр гаргалт, баримт бичгийн загвар, технологийн шийдэл, үйл ажиллагааны процессууд манайд бүрэн нутагшсан. Үүнийг дагаад дотоодын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн ч сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг харахад таатай байгаа. Мөн давхар даатгалын болон томоохон эрсдэлийг олон улсын зах зээлд мэргэжлийн өндөр түвшинд байршуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байна.

"Богд Даатгал зах зээлд “сургалтын бааз” гэж үнэлэгддэг"
Олон улсын түншлэлээр дамжуулан бүтээгдэхүүн, үйл ажиллагааны арга барилаа хөгжүүлэхийн зэрэгцээ мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх нь компанийн урт хугацааны хөгжилд чухал. “Бодь Даатгал” 2022-2023 онд хүний нөөцийн бодлогоо шинэчилж, ажилтнуудын сургалт хөгжил, залгамж халаа, бүтээмжид суурилсан ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байна.
- 30 жилийн турш багийг бүрдүүлж, үеийн үед өвлөгдөж ирсэн дотоод соёл болон залуу үеийг бэлтгэж буй хүний нөөцийн бодлогын талаар сонирхуулбал?
- Бодь даатгалын түүх гэдэг ард нь ажилласан ажилчид, удирдлагуудын хөдөлмөрөөс бүрдэнэ шүү дээ. Миний бие 2011 оноос хойш компанидаа ажиллаж байна. Үе үеийн удирдлагууд бидэнд хамгийн түрүүнд мэргэжлийн байхыг шаарддаг байсан. Мэргэжлийн байна гэдэг нь эрсдэлийн удирдлага, андрайтингийн бодлого, давхар даатгалын чиг үүргээ гүйцэтгэхдээ харилцагчдыг урт хугацааны түнш болгох үйлчилгээ үзүүлэх явдал юм. Хариуцлага, итгэлцэл, хамтын үнэ цэн гэсэн зарчмыг бид баримталдаг.
Манай компани зах зээлд "сургалтын бааз" гэж үнэлэгддэг. Манайд ажиллаж байсан боловсон хүчин бусад даатгалын компаниудын топ түвшинд очиж ажиллаж байгаа нь манай компанийн сургалт хөгжлийн бодлого өндөр түвшинд байгааг харуулна. Ажилтан цалин авахаас гадна мэдлэг туршлага хуримтлуулан карьерын өсөлт хийх боломжоор хангагдаж байгаад бид баяртай байдаг. Бид 2022-2023 онд хүний нөөцийн бодлогоо шинэчлэн баталж, залгамж халаа, сургалт хөгжил, бүтээмжид суурилсан ажиллах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн. Энэ хүрээнд саяхан "Talent Summit"-ээс салбартаа ажиллах таатай орчин бүрдүүлсэн даатгалын салбартаа тэргүүлэгч байгууллагын шагнал хүртсэн нь үүний бодит нотолгоо гэж харж байна.
"30 жилийн түүх, өв соёлдоо суурилж, дараагийн 30 жилийн ирээдүй рүү алхаж байна"
Хүний нөөцийн бодлогын шинэчлэлтэй зэрэгцэн компанийн үйл ажиллагаа, санхүүжилт, технологийн шийдлүүд ч хөгжиж иржээ. “Бодь Даатгал” 2019 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болсон бол 2021 онд даатгалыг цахимаар худалдан авах, нөхөн төлбөрийн үйл явцыг хурдасгах дижитал шийдлүүдийг нэвтрүүлсэн байна.

- Өнгөрсөн 30 жилийн түүхээ хадгалж, "Богд Даатгал" болж шинэчлэгдэж байгаа энэхүү түүхэн шилжилт болон ирээдүйн алсын харааныхаа талаар яриагаа өндөрлөх үү?
- Хүн 30 насандаа тодорхой туршлага хуримтлуулаад дараагийн шатанд гардаг шиг компани маань ч энэ хугацаанд бий болгосон туршлага, үнэ цэнээ дараагийн 10, 20, 30 жилд чиглүүлж алсын хараагаа шинэчилж байна. Шинэчилнэ гэдэг нь өнгөрснөөсөө урвана гэсэн үг биш, харин бодлого тасралтгүй үргэлжилнэ. Бид технологи, хиймэл оюун ухаан, эдийн засгийн нөхцөл байдалд зохицож, бага зардлаар өндөр бүтээмж гаргах чиглэлд анхаарч байна.
Группийн стратеги бодлогод нийцүүлж брэндингээ ижилсүүлэх хүрээнд манай компани "Богд Даатгал" болж нэрээ өөрчилж байна. Өнгөрсөн жил логоны шилжилт хийсэн бол энэ жил оноосон нэрээ өөрчилж байгаа юм. Мөн компанийн санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх ажлыг салбартаа анхдагч байдлаар хийлээ.
Бид хувь нийлүүлсэн нэмэгдүүлсэн нь компанийн санхүүгийн чадавхыг бэхжүүлэх, төлбөрийн чадварыг сайжруулах, урт хугацааны стратегийн зорилгодоо хүрэх цогц ажлын нэг хэсэг юм. Компани санхүүгийн чадавхаа бизнесийн өсөлттэй уялдуулан үе шаттай бэхжүүлэх бөгөөд энэ удаагийн нэмэгдүүлэлт нь эхний шат болж байгаа.
Санхүүгийн чадавх бэхэжсэнээр компани томоохон аж ахуйн нэгж, дэд бүтцийн төслүүдийн хөрөнгийн болон баталгааны даатгалд илүү өргөн оролцох, стратегийн бүтээгдэхүүнээ өргөжүүлэх, харилцагчдын өмнө хүлээх үүргээ илүү найдвартай биелүүлэх боломжтой болно.
Технологийн хөрөнгө оруулалтын хүрээнд ERP систем, веб болон мобайл аппликейшнийг нэвтрүүлсэн. Харилцагчид вебээр дамжуулан 14-15 төрлийн бүтээгдэхүүнийг авах, нөхөн төлбөрийн явцаа гар утсаараа хянах боломжийг бүрдүүлсэн. Шинэ веб сайтын 2.0 хувилбарыг нэвтрүүлж, хувааж төлөх нөхцөл болон эрсдэлийн маппинг систем дээр суурилсан зөвлөмж үйлчилгээг хүргэхээр төлөвлөөд ажилласан удахгүй хэрэглэгчдэд хүрээд эхэлнэ. Бид Санхүүгийн Зохицуулах Хорооны үнэлгээгээр засаглалын хувьд 98.2 оноо авч, Хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 гаруй компаниас 2 дугаарт жагссан нь бидний засаглалын өндөр түвшнийг илтгэж байгаа.
Энэхүү брэндийн шинэчлэл нь нэрээ солихоос илүүтэй ирээдүйн зорилгодоо хүрэх шат дараалсан үйл явц гэдгийг онцлон хэлэхээр байна. Бидэнтэй 30 жил хамт байсан нийт харилцагчид, түншүүд болон үе үеийн хамт олондоо талархал илэрхийлье. Бид цаашид ч харилцагчдынхаа эрсдэлийг хамгаалах итгэлт түнш байж, салбарынхаа хөгжлийг түүчээлэх болно.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.