Эх орноосоо хол байгаа үедээ баярын өдрүүдээр сэтгэл зүйгээ хэрхэн дэмжих вэ?

2026.07.115 минут унших
Эх орноосоо хол байгаа үедээ баярын өдрүүдээр сэтгэл зүйгээ хэрхэн дэмжих вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Цагаан сар, Үндэсний их баяр наадам зэрэг үндэсний баярууд монголчууд бидний хувьд гэр бүл, төрөл садан, найз нөхөдтэйгээ уулзан учирч, дурсамж бүтээх, үндэсний онцлогоо мэдрэхийн сацуу үүх түүхээрээ бахархан, омогших онцгой мөч билээ. Гэвч гадаадад ажиллаж, сурч, амьдарч буй олон монголчуудын хувьд эдгээр баяр баясгалантай өдрүүд заримдаа хамгийн их ганцаардлыг мэдрүүлэх нь бий. Заримдаа бүр өөрийгөө бусдаас хөндийрсөн мэт, эсвэл ямар нэгэн чухал зүйлийг алдаж байгаа мэтээр ч мэдэрдэг аж. Иймд эх орноосоо алс амьдарч буй монголчууд баярын өдрүүдэд юу мэдэрч, юуг хамгийн ихээр үгүйлдэг, тэдгээр хүмүүсийн сэтгэлийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

“Уламжлалт баяруудаа гэр бүлтэйгээ хамт тэмдэглэж чадахгүй байгаа нь хоосон мэдрэмж төрүүлдэг”

БНСУ-ын Гачон Их сургуулийн судлаач, докторын оюутан Б.Ануна

Эх орноосоо хол байгаа үедээ баярын өдрүүдээр сэтгэл зүйгээ хэрхэн дэмжих вэ? нийтлэлийн зураг

Миний хувьд Солонгос Улсад суралцахаар ирээд таван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд магистрын зэргээ хамгаалж, одоо докторын зэргээ горилон суралцаж байна. Баярын өдрүүдээр эх орноо санах, гэр бүлтэйгээ хамт байж чадахгүй байгаа нь хоосон мэдрэмж төрүүлдэг. Тиймээс энэ мэдрэмжээ даван туулахын тулд аль болох элэг нэгтнүүдтэйгээ хамт баяраа тэмдэглэх, монголчуудын зохион байгуулж буй наадам, арга хэмжээнүүдэд оролцохыг хичээдэг.

Яагаад бидэнд ийм мэдрэмж төрдөг вэ?

Баяртай холбоотой хүлээлт нь баярын үеэрх ганцаардалд чухал нөлөө үзүүлдэг аж. Учир нь “баяр” гэдэг үгийг сонсоход бидний төсөөлөлд гэр бүл, баярын ширээ, халуун дулаан уур амьсгал, нандин дурсамж сэтгэлд бууж, тэрхүү дүр зурагтай өөрийн нөхцөл байдлыг харьцуулснаар ганцаардлын мэдрэмж илүүтэй нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл, ганцаардал нь бодит харилцаа багатайгаас биш, харин харилцаанаас хүлээх хүлээлт болон бодит байдал хоёрын хоорондын зөрүүнээс үүсдэг аж. Ялангуяа сошиал сүлжээний эрин үед хүмүүс бусдын амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийг л хардаг учраас өөрийгөө илүү тусгаарлагдсан мэт мэдрэх нь элбэг. 

Сэтгэл судлалын үүднээс энэ бүх мэдрэмж нь хэвийн үзэгдэл бөгөөд харин ч хувь хүний үнэт зүйлсийг эргэн сануулах боломж гэж үздэг байна. Бид юуг хамгийн ихээр санаж байгаагаа анзаарах үедээ өөрийн амьдралд юу хамгийн үнэ цэнтэй болохыг илүү тодорхой ойлгох боломжтой аж. Учир нь баярын өдрүүд бидэнд ёс заншил, харьяалагдах мэдрэмж, гэр бүлийн холбоо, хамтын дурсамжийг сануулж байдаг. Гэр бүл, найз нөхөд, эх хэл, соёлын орчин зэрэг нь хүний мөн чанар хийгээд харьяаллын мэдрэмжийн чухал хэсэг болдог. Тиймээс эх орноо санаж, гуниглах нь сул дорой байдал бус, харин хүн хоорондын холбоо, соёл, ёс заншил ямар үнэ цэнтэй болохыг эргэн санаж буй хэрэг юм. Зарим хүн гэр бүлээ, зарим нь найз нөхөдтэйгөө өнгөрүүлсэн мөчүүдээ, зарим нь эх хэлээрээ чөлөөтэй ярилцах орчноо санадаг шүү дээ. Энэ бүхэн хүний өөрийн мөн чанар, нийгмийн холбоо, амьдралын утга учрыг бэхжүүлэхэд тусалдаг байж болох юм.

“Гэрээ санах мэдрэмжийг баярын үеэр л хамгийн их мэдэрсэн”

ХБНГУ-ын Штутгарт хотод сурч буй оюутан Б.Анужин

Эх орноосоо хол байгаа үедээ баярын өдрүүдээр сэтгэл зүйгээ хэрхэн дэмжих вэ? нийтлэлийн зураг

Германд суралцаж эхлээд гурван жил өнгөрч байна. Энэ хугацаанд нэг удаа л Монгол руугаа буцсан. Эхний жилийн баяруудаар ганцаардаж, гэрээ санах мэдрэмж аймшигтай хэцүү байсан ч сүүлдээ тэр бүхэнд дасчихдаг юм билээ. Гадаадад ирээд гэрээ санах мэдрэмжийг баярын үеэр л хамгийн их мэдэрсэн дээ. Одоо бол баярын өдрүүдээр ихэвчлэн монгол хоолоо хийж идээд, дуртай киногоо эсвэл монгол контентоо үзэж өнгөрөөдөг. Магадгүй миний мэргэжлийн онцлогоос болоод сэтгэл санаа хатуужсан байх.

Тэгвэл эдгээр өдрүүдэд юу хийж өнгөрөөх вэ?

Хэрэв яг одоо сэтгэл дотроо эх орон, гэр бүлээ үгүйлэн суугаа бол та ганцаараа биш шүү гэж хэлмээр байна. Энэ мэдрэмж нь эх орноосоо хол амьдарч буй маш олон хүмүүсийн мэдэрдэг хэвийн зүйл юм. Иймд гадаадад амьдран суугаа монголчууддаа сэтгэл зүйгээ ойлгох, баярын үеийн ганцаардлыг хэрхэн даван туулж, юу хийж болох талаар бяцхан зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. 

Нэн түрүүнд өөрийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрөөрэй. "Би баярын үеэр гуниглаж болохгүй" гэж өөрийгөө шахах нь сэтгэл зүйн дарамтыг улам нэмэгдүүлдэг. Харин "Би эх орон, гэр бүлээ санаж байна. Энэ бол хэвийн мэдрэмж" гэж хүлээн зөвшөөрөх нь илүү үр дүнтэй байдаг аж. Мөн баярын өдрүүдэд юу хийхээ эртнээс төлөвлөх нь тодорхойгүй байдлаас үүдэлтэй хүлээлтийг бууруулахад тусална. 

Хоёрдугаарт, ойр дотнынхонтойгоо холбоотой байхыг хичээгээрэй. Өнөө үед хэдэн мянган километрийн зайтай байсан ч видео дуудлагаар гэр бүлийнхэнтэйгээ золгож, найз нөхөдтэйгээ баярын мэнд солилцох боломж бий шүү дээ. Заримдаа ганцхан мессеж ч таныг хайртай хүмүүстэйгээ хамт байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг байна.

Мөн өөрийн гэсэн баярын уламжлалыг бий болгож болох юм. Монгол хоолоо хийх, үндэсний дуу хөгжим сонсох, найз нөхөдтэйгөө цугларах, эсвэл тухайн оронд амьдарч буй монголчуудын арга хэмжээнд оролцох зэрэг нь харьяалагдах мэдрэмжийг нэмэгдүүлдэг ажээ.

Хэрэв хүсвэл гэртээ баярын уур амьсгал оруулах зорилгоор багахан чимэглэж, дээл хувцсаа өмсөн соёл уламжлалаа, хүндэтгэн өнгөрүүлж болох юм. Түүнчлэн, бөхийн барилдаан, хурдан морьны уралдаан зэргийг шууд дамжуулалтаар үзэж яг л Монголдоо байгаа юм шигээр мэдрэх боломжтой биш гэж үү?

Хэрэв таны амьдарч буй улсад өөр нэгэн баяр ч юм уу, тухайн улсын онцлог соёл, уламжлал давхцаж таардаг бол нутгийн хүмүүстэй хамт тэмдэглэж, найз нөхдийн хүрээгээ тэлэхийг хичээгээрэй. Жишээлбэл, Хятад, Өмнөд Солонгос гэх мэт Азийн зарим орнууд Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс Цагаан сараар найзынхаа гэрт зочилж, амьдарч буй улсынхаа соёл уламжлалыг илүү ойроос мэдрэх боломжтой юм.

Энэхүү нийтлэлийг бичин суугаа сэтгүүлч миний өнцөг

Миний хувьд анх удаа шинийн нэгний өглөө гэртээ ганцаархнаа сэрэх, гэрт болон гадуур ямар ч баярын уур амьсгалгүй байх зэрэг нь үгээр илэрхийлэх аргагүй сонин мэдрэмж, туршлага болж үлдсэн юм. Яг л “Гэртээ ганцаараа” киноны  Кевин болчихсон ч юм шиг нэг л эзгүй, сонин мэдрэмж. Сошиал сүлжээгээр золголтын зураг, наадмын талбайн уур амьсгал, гэр бүлийн халуун дулаан мөчүүдийг харахад эх орон, аав ээж, ах дүүгээ санах мэдрэмж жирийн үеийнхээс ч илүү хүчтэй төрдөг. Эхний жилүүдэд нэг их ач холбогдол өгөлгүйгээр, ажил, хичээлдээ яваад гэр лүүгээ ярих гэх мэтээр өнгөрүүлдэг байсан бол сүүлийн жилээс эхлээд багахан ширээ засаж, монгол хоолоо хийж иддэг болсон. Гадаадад байхад монгол хоолоо л маш их санадаг учраас хийж идэх боломжийг алддаггүй. 

Эцэст нь хэлэхэд, Цагаан сар, Наадам цаашлаад төрсөн өдөр, шинэ жил гэх мэт баярын үеэр гуниглаж, ганцаардах нь олон хүний туулдаг нийтлэг үзэгдэл юм. Эх орноосоо хол байсан ч таны дурсамж, үнэт зүйлс, хайртай хүмүүс тань таны амьдралын нэг хэсэг хэвээр байгааг бид энэхүү нийтлэлээрээ сануулахыг хүслээ.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд