Хот суурин газар баавгай үзэгдэн, бүр хүн барьж идсэн түгшүүрт үйл явдал, түүнийг дагасан мэдээ мэдээллийн “шуурганд” бид улс даяараа айдас дүүрэн намаржиж байна. Хүрэн баавгай юунд хөвчийн гүнээс бууж ирээд хот суурин газарт хүний амар тайван байдалд заналхийлэх болсныг тодорхой мэдэх арга ч одоогоор хангалттай биш байна. Тиймээс бид халуун сэдэв болоод буй энэ үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэл, олон улсын судлаачдын ажиглалт, туршлагад үндэслэн тайлбарлахыг зорилоо.
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн 1,006 тохиолдол бүртгэгджээ
Сүүлийн таван сарын хугацаанд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн талаар ЦЕГ-т 84 дуудлага ирсэн бөгөөд үүнээс нэг нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол мал руу дайрсан 45, айлын гэр, эд хөрөнгөд халдсан 3 тохиолдол бүртгэгдсэн байна. Гэвч энэ бол зөвхөн дуудлагаар бүртгэгдсэн тоо гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн тохиолдол үнэндээ мянга гараад буй юм. Үүнээс Хэнтий аймагт 254, Дархан-Уул аймагт 110, Сэлэнгэ аймагт 109, Хөвсгөл аймагт 109, Завхан аймагт 47, Булган аймагт 43, Төв аймагт 21, Увс аймагт 16, нийслэлд 14, Дорнод аймагт 13, Архангай аймагт найм, Баян-Өлгий аймагт хоёр тохиолдол бүртгэгджээ.
Харин тусгай хамгаалалттай газар нутгуудад 257 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэх тохиолдол ч нэмэгдэж байна. Тиймээс эрсдэлтэй бүс нутгуудад баавгай агнах зөвшөөрөл бүхий алба хаагчид, анчдыг ажиллуулж байгаа аж.
Баавгайн “дайралт” бидэнд юуг сануулна вэ?

Баавгай бол экосистемд олон талаараа хэрэгтэй амьтан. Наад зах нь ургамлаар хооллон, гадагшлуулахдаа үрийг нь тарааж, ойг ургамалжуулдаг байх нь. Мөн загас, амьтдыг агнан хооллосноор тоо толгойг нь хэт олшрохоос сэргийлдэг бөгөөд үхсэн амьтны сэг зэмийг идэх нь хүртэл байгальд ялзрах, халдварт өвчин тархахаас сэргийлдэг аж.
Хамгийн чухал бөгөөд сонирхолтой нь баавгайн эрүүл байдал ойн экосистемийн төлөвийг илтгэх хэмжүүр болдог юм байна. Тэгэхээр өнөөдөр биднийг гайхшируулж, айдаст автуулаад байгаа энэ үзэгдэл байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдан, баавгай хоол тэжээлийн хомсдолд орсны дохио ч байж мэднэ. Манай орны ойт бүсийн ихэнх нутгаар хуурайшилт гантай байсан 1988 онд Төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутагт өлсгөлөн, хорхойтсон баавгай үзэгдсэн 103 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хот сууринд орж ирсэн хоёр тохиолдлын нэг нь нийслэл Улаанбаатар хот байжээ. Тэр үед хорхойтсон 47 баавгайг хүмүүс агнатал бүгд турж эцсэн, зарим нь бүр дотор өөхгүй байсан аж.
Мөн сүүлийн жилүүдэд дэлхий даяар, тэр дундаа Монголд эрчимтэй явагдаж буй дэлхийн дулаарал ч амьтдын амьдрах орчныг доройтуулж байна. Тодруулбал, “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Төв Ази болон Азийн өндөрлөг бүсийн хүрэн баавгайн амьдрах тохиромжтой орчин хумигдах нь” судалгаанд 2050 он гэхэд хүрэн баавгайн амьдрахад тохиромжтой нутаг 11 хувиар буюу ойролцоогоор 378,861 км.квт-аар багасах төлөвтэй гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан 11 орны нэг нь Монгол бөгөөд баавгай амьдрах боломжтой орчин гэгдэж буй нутгийн 13,9 хувь нь манай орных юм.
Судалгаа хийгдэх үед эдгээр нутгийн жилийн дундаж температур -1,2 градус, хур тунадас 406 мм байгаа бол 2050 он гэхэд жилийн дундаж температур 1,6 градус, хур тунадас 459 мм болж өөрчлөгдөх төлөвтэй байна. Температурын өөрчлөлтөөс үүдэн баавгай нутаг шилжин, нэг газар хэт олноороо цуглах юм бол хоол тэжээлийн хүртээмж багасах нь ч мэдээж. Баавгай яагаад хүний суурьших газар орж ирэн, хүн, мал руу дайрах болсныг үүнтэй холбож ойлгож болох юм.
Улс орон даяар шуугиан тариад буй энэ үзэгдэл зөвхөн манайд дэгдээд байгаа асуудал биш юм байна. Тухайлбал, Япон улсын Хоккайдо, ОХУ-ын Сибирь, Румын зэрэг нутагт хүрэн баавгай хот суурин газар үзэгдэх нь ихэсжээ.
Япон улс
Хоккайдо мужийн захиргаа есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 31 хүртэл “намрын хүрэн баавгайгаас сэрэмжлэх тусгай үе” болгон зарласан байна. Учир нь тус нутагт сүүлийн жилүүдэд баавгайн халдлага олширч, 2025 онд л гэхэд 230 орчим дуудлага бүртгэгдэн, 13 хүн амиа алджээ.
Японы байгаль орчны газрын мэдээлснээр энэ оны наймдугаар сараас хойш 6 хүн баавгайн халдлагад өртөн амиа алдсан аж. Аравдугаар сарын эхний долоо хоногт л гэхэд цагдаагийн байгууллагад баавгайтай холбоотой 55 дуудлага ирсэн байна.
ОХУ
Албан ёсны мэдээллээр 2026 оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 5-ны хооронд ОХУ-ын 13 бүс нутагт баавгай хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс үүдэн 25 орчим хүн амиа алдсан бөгөөд Красноярскийн хязгаарт хамгийн олон буюу 7 хүн нас баржээ. ОХУ энэ үзэгдэлтэй баавгайгаа устгах замаар тэмцэж байгаа гэхэд болно. Учир нь энэ оны байдлаар ОХУ-д хүнд аюул учруулж болзошгүй 3,440 гаруй баавгайг буудан устгасан гэж ТАСС агентлаг бүс нутгийн эрх баригчдын мэдээлэл болон нээлттэй эх сурвалжид үндэслэн тооцоолсон байна. Мөн баавгай агнасан хүнд урамшуулал, мөнгө олгож байгаа аж.
Румын
Румынд ч мөн баавгай тосгон, хот суурин руу орж ирэх тохиолдол нэмэгдэж байна. Саяхан бүр сургууль руу баавгай орсон тохиолдол ч гарсан. 2026 оны эхний найман сард зөвхөн Ковасна мужид баавгай суурьшлын бүсэд орж ирсэнтэй холбоотой 300 орчим дуудлага, хоёр халдлага бүртгэгджээ. Есдүгээр сарын 30-нд Брашов мужид 55 настай эрэгтэй баавгайн халдлагад өртөж амиа алдсан байна.
Баавгай яагаад “идэвхэждэг” вэ?

180-220 см урт, нас бие гүйцсэн эр нь 140-400 кг, эм нь 100-210 кг жин даадаг хүрэн баавгай нь байгалийн хамгийн хүчирхэг амьтдын нэг. Манай орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт уулсаар тархан амьдрах хүрэн баавгайн үндсэн амьдрах орчин нь бөглүү, шигүү ой юм. Хавар, зуны улиралд өндөр өвс, буттай амрах газар, ойролцоох усан сан, ойн цоорхой бүхий голын хөндий, уулархаг газарт байрших аж.
Жил жилийн цаг агаар, ургац зэргээс хамааран 10-11 сараас эхлэн 3-5 сар хүртэл ичдэг байна. Ичээгээ бүдүүн унанги мод эсвэл хадны хонхор газар сонгож, хуурай хагд өвс, хөвд, мөчир зулж дэвсэн бэлтгэх аж. Баавгайн ороо нийллэг 6-7 сард болох бөгөөд үр төлөө хагас жил тээн 1-2 сард ичээндээ төллөдөг байна. Бамбарууш дөнгөж төрөхдөө ердөө 350-500 грамм жинтэй байх бөгөөд зэрлэг баавгай 20-30 жил, харин тэжээвэр нөхцөлд 40 хүртэл насалдаг аж.
Баавгай намартаа сайн идэж, өөх тосоо нөөцөлснөөр өвлийн хүйтнийг давдаг. Тиймээс ичихийнхээ өмнө жимс, самар, ургамал болон амьтны гаралтай идэш тэжээлийг олж идэх нь нэг ёсондоо тэдний өвөлд бэлтгэх физиологийн бэлтгэл аж. Энэ үеийг шинжлэх ухаанд “hyperphagia” гэж нэрлэдэг байна. Хүний амьдрах орчинд баавгай үзэгдэж байсан урьдын тохиолдлууд ч ихэнхдээ жилийн сүүлийн хагаст бүртгэгджээ.
Баавгайн тоо толгой үнэхээр өссөн үү?
Хүний амьдрах орчинд олноор үзэгдэх болсон нь баавгайн тоо толгой ихсээд байна уу гэдэг асуултыг ургуулж буй. Гэвч баавгай хүний нүдэнд өртөөд байхгүй хөвч газар амьдардаг, мөн өвөлдөө ичдэг учраас тогтмол тоолоход тийм ч амар биш аж. Тиймдээ ч өнөөдөр бид баавгайн тоо толгойг үнэхээр ихэссэн болохыг мэдэх хангалттай баримт мэдээлэл дутмаг байна. Монголд хүрэн баавгайг сүүлд 1986 онд тоолоход 50.000 км2 нутагт ойролцоогоор 500 орчим бодгаль хүрэн баавгай байгаа гэж үзжээ. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баавгайг ховор амьтны жагсаалтад бүртгэсэн байдаг. Өнөөдөр баавгайтай холбоотой мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь давхардсан тоо байх магадлалтайг энд онцлох хэрэгтэй.
Харин дэлхий дээр хэдэн баавгай байдаг бол? Баавгайн нийт тоо толгойн нарийвчилсан, нэгдсэн тооцоо байхгүй чюм байна. Оолон талын тооцоо судалгааг нэгтгэхэд дэлхий дээр нийт 200,000 гаруй хүрэн баавгай байх магадлалтай гэж үздэг. Үүнээс Хойд Америкт ойролцоогоор 60,000, Европт 18,000, Азид 120,000 гаруй хүрэн баавгай байна гэж тооцоолжээ. Гэхдээ Ази тив дэх баавгайн бодит тоо үүнээс нэлээд өндөр байж болзошгүй юм байна. Учир нь зарим эх сурвалж зөвхөн ОХУ-д дор хаяж 180,000 хүрэн баавгай бий гэсэн тооцоог гаргасан байдаг.

Манай хойд хөрш хүрэн баавгайн тоогоороо дэлхийд толгой цохидог орон. Баавгайн дайралт, халдлага ид шуугиан тарьж буй ойрын өдрүүдэд ОХУ-ын баавгайн тоо 1990 оны тооллогоос хойш 2.3 дахин ихэссэн гэдэг мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Гэвч энэ нь баавгайн тоо хэт өссөн болохыг нотлохгүй бололтой. 2015 онд Conservation Biology сэтгүүлд нийтлэгдсэн хөхтөн амьтдын тоо толгойн судалгаанд ОХУ-ын найман зүйлийн амьтны 1981-2010 оны мэдээллийг шинжилсэн байна. Тодруулбал, ЗХУ-ын задралын дараа буюу 1990-ээд онд зэрлэг гахай, хүрэн баавгай, хандгайн өсөлтийн хурд саарсан байна. Үүнийг нийгэм, эдийн засгийн хүнд байдал, хууль бус ан, байгаль орчны тогтолцооны гажуудал зэргээс хамаарсан байх магадлалтай гэдгийг онцолжээ. Харин 2000-аад оноос тэдгээр амьтдын тоо нэмэгдэн, 2010 онд хүрэн баавгайн өсөлт судалгааны явцад хамгийн өндөр түвшиндээ хүрсэн аж. Тиймээс хүрэн баавгай гэнэт л огцом өссөн гэж ойлгож бас болохгүй нь.
Араатан амьтан халдах вий гэсэн түгшүүр, болгоомжлолоор бүрхсэн ойрын нөхцөлд эдгээр баавгай чухам яагаад хүний орон зайд халдах болсныг тодорхой дүгнэх баримт, мэдээлэл дутмаг байна. Олон нийтийн сүлжээнд баавгайг олноор нь агнахыг уриалан, дэмжсэн хүмүүс их байгааг бид харж буй. Мэдээж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд нэгдүгээрт билээ. Гэвч байгалийн аливаа амьтан ургамлыг агнаж устгаснаар асуудал шийдэгдэхгүй болов уу. Хүнд ч, зэрлэг амьтдад ч амьдарч дассан орчин бий. Хүмүүс бид гэр орноо, үр хүүхдээ, амь насаа хамгаалдаг шиг амьтад ч бас амьд үлдэхийн төлөө тэмцэх байгалийн зөн, араншинтай. Амьтад бидний амьдрах хэсэг рүү халдсанаас, хүмүүс бид амьтдын “орон гэр” рүү халдсан нь харьцангуй олон билээ. Мод тайрах, амьтан устгах, самар жимс, ургамал ихээр түүх, хариуцлагагүй, нөхөн сэргээлтгүй уул уурхай эрхлэх гээд амьдрах, хөгжиж дэвшихийн төлөөх алхам бүрдээ байгалийн нөөцийг зохисгүй хэрэглэсээр ирсний хариу нь уур амьсгалын хурдацтай өөрчлөлт, харин түүний үр дагавар нь өнөөдөр биднийг сандаргаад буй араатан амьтны “довтолгоо” ч байж мэднэ.