Хувцасны чанар, эдэлгээг чухалчилдаг хүмүүсийн тоо тогтмол өсөж байна


Хувцас загвар, хэрэглээний цуврал нийтлэлийнхээ шинэхэн дугаараар уншигчидтайгаа уулзаж байгаадаа таатай байна. Бид цувралынхаа өмнөх дугаарт хувцас загварын салбарыг мэргэжлийн түвшинд ойлгож, хувцас загварт ухаалаг ханддаг болоход тань туслах дижитал сувгууд болон олон улсын загварын салбарт ажиллах боломжтой дадлагын хөтөлбөрүүдийг танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт өнөө цагт хувцас үйлдвэрлэл, хувцаслалтын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж, залуусын сонголт хаашаа чиглэж буй талаар хамтдаа сонирхоцгооё.
“Тогтвортой хөгжил” гэдэг шиг “тогтвортой хэрэглээ” гэж бий
Өмнө нь хүмүүс дэлхийн алдартай брэндээр гоёж, олон хувцастай байхыг чухалчилдаг байсан бол энэ цаг үед хэрэглэгчдийн хувцас худалдан авах хандлага илүү чанартай, удаан эдэлгээтэй, биед эвтэйхэн хувцас, эдлэлийг сонгох тийшээ чиглэх болжээ. Тодруулбал, Европын орны хэрэглэгчдийн дунд хийсэн 2025 оны судалгаанаас үзэхэд Их Британичуудын 73% нь 2026 онд илүү чанартай, удаан эдэлгээтэй хувцас худалдаж авна гэж хариулжээ. Харин 49% нь байгалийн гаралтай буюу байгальд ээлтэй материалтай хувцсыг үнэтэй байсан ч хамаагүй авахад бэлэн гэсэн байна.
Мөн Европчуудын 68% нь бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө эдэлгээ, тогтвортой хэрэглээний үзүүлэлтийг харгалзан үздэг гэжээ. Тогтвортой хэрэглээ (Sustainable Fashion) гэдэг нь өөрт хэрэгтэй зүйлээ л авч, удаан ашиглаж, ямар нэг байдлаар байгаль болон нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх ойлголтыг хэлдэг ажээ.
Ийнхүү зөвхөн Европ гэхгүй дэлхий даяар худалдан авалтын шийдвэр гаргахдаа “тогтвортой хэрэглээг” чухалчилдаг хүмүүсийн тоо тогтмол өсөж байгаа бөгөөд хэрэглэгчид хувцсаа илүү удаан өмсөж, дахин ашиглах, засварлах, дамжуулах сонирхолтой болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд хуучин хувцасны зах зээл эрчимтэй хөгжиж байгаа нь хүмүүсийн хэрэглээний соёл өөрчлөгдөж буйн тод илрэл юм.
Комиссын бараа биш гэж үү?
“Хүний хуучин хувцас өмсөөд”, “комиссын бараа авч яах юм?” гэж аав ээж нар хэлдэг шүү дээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хувцас загварын чиг хандлага, хэрэглээ ч мөн өөрчлөгдсөөр байна. Өмнө нь second-hand буюу хэрэглэж байсан хувцсыг санхүүгийн боломж муутай хүмүүсийн сонголт хэмээн үзэж бидний хэлж заншсанаар комиссын бараа гэдэг байсан бол өнөөдөр энэ ойлголт үндсээрээ өөрчлөгджээ. Gen Z буюу 1997-2012 оны хооронд төрсөн залуусын хувьд трифт болон винтаж хувцас нь мөнгө хэмнэх арга гэхээс илүү хувь хүний хэв маяг, тогтвортой хэрэглээний илэрхийлэл болсон байна.
Олон улсын трифт зах зээлийн томоохон төлөөлөл болох ThredUp-аас гаргасан 2025 оны тайланд АНУ-ын Gen Z болон Millennials үеийнхэн хувцасны төсвийнхөө дунджаар 46 хувийг second-hand буюу хуучин хувцсанд зарцуулахаар төлөвлөдөг талаар онцолжээ. Мөн судалгаанд хамрагдсан Gen Z хэрэглэгчдийн дийлэнх нь сүүлийн нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа хуучин хувцас худалдаж авдаг, тогтмол трифт шофыг зорин очдог гэж хариулсан байна.

Хуучин хувцасны хандлага Монгол залуусын дунд ч дэлгэрээд удаж байна. Тухайлбал, 2024 онд хэвлэгдсэн "Shifting Perspectives: Ethics of Secondhand Clothing in Ulaanbaatar, Mongolia" судалгаанд Монгол залуусын дунд трифт болон винтаж хувцасны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, ахмад үеийнхэн хуучин хувцас өмсөх нь "өөр хүний зовлонг авна", "бузар орно" гэж илүү уламжлал, ёс заншилтай холбон тайлбарладаг бол залуу үеийнхэн өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл, байгаль орчноо хайрлан хамгаалж буй илрэл хэмээн үздэг талаар онцолжээ. Өөрөөр хэлбэл, комисс гэсэн ойлголт манай залуусын дунд аажмаар "трифт", "винтаж", "тогтвортой хэрэглээ" гэсэн ойлголтоор солигдож байна.
Залуусын энэхүү сонголтын цаана маш том үнэ цэн оршдог. Нэг талаас трифт болон винтаж дэлгүүрээс өвөрмөц загвартай, бусдаас ялгарах хувцас олох боломжтой. Нөгөө талаас бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс үүдсэн усны хомсдол, нүүрстөрөгчийн ялгарал, хог хаягдлыг бууруулж эх дэлхийдээ ээлтэй сонголт хийх боломжтой. Тиймээс дэлхий даяар хувцас эдлэл сонгохдоо ухаалаг, тогтвортой хэрэглээг чухалчлах болсон энэ цаг үед бид ч хуучин хувцас бол комиссын бараа гэж үздэг хандлагаа өөрчлөх цаг ирсэн бололтой.
Ийнхүү бид “хувцас загвар” цуврал нийтлэлийнхээ гурав дахь дугаарт хувцас үйлдвэрлэл, хувцаслалтын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаар онцоллоо. Дараагийн нийтлэлээр бид үнэхээр хувцасны талаар зөв ойлголт, хэрэглээтэй юу, гэдгээ олж мэдэцгээе.
Сэтгэгдэл