

Суут зураач Пабло Пикассо "Хүүхэд бүр уран бүтээлч болж төрдөг" хэмээн онцолж, насан туршдаа тэдэн шиг чөлөөтэй сэтгэж сурахыг эрмэлзсэн түүхтэй. Учир нь хүүхдийн төрөлх сониуч зан, ертөнцийг харах өвөрмөц өнцөг нь урлагийн бүтээлийг өөрийнхөөрөө тайлж унших хамгийн дөхөм түлхүүр болдог байна. Уран зургийн зураас, өнгө, гэрэл сүүдэр бүр тэдний логик сэтгэлгээг тэлэхээс гадна бусдыг ойлгох чадварыг суулгадаг тул энэхүү бүтээлч чадамжийг нээхэд гэр бүлийн орчин, чиглүүлж буй арга барил чухал билээ.
Тиймээс “Урлагийн түүх” буландаа дэлхийн шилдэг музейнүүд хүүхдийн энэ сониуч занг хэрхэн дэмждэг арга туршлагыг гэр бүлийн өдөр тутмын амьдралын хэв маягтаа хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар хүргэж байна.
1. Мөрдөгчийн карт

Нью-Йоркийн Метрополитен урлагийн музейн хүүхдэд зориулсан "MetKids" хөтөлбөр бэлэн мэдээлэл цээжлүүлэхийн эсрэг байдаг. Тэд хүүхэд үзмэрийг өөрөө шинжлэн судлах явцдаа хамгийн үр дүнтэй суралцдаг гэж үздэг байна. Тэд Египетийн танхимд түүх уншуулахын оронд олдвор дээрх хааны сууж буй байрлал, амьтдын дүрслэлийг нарийвчлан ажиглах даалгавар бүхий картууд байрлуулдаг аж. Хүүхэд тэдгээрийн логик холбоосыг өөрөө тааж мэдсэнээр идэвхгүй сонсогчоос шүүмжлэлт сэтгэгч болон хувирдаг байна. Энэхүү арга нь хүүхдийн аналитик сэтгэлгээг өдөөж, логик чадварыг нь 13 хувиар өсгөдгийг "The Brookings Institution"-ий судалгаа баталжээ.
Музей болон гэртээ тоглох тоглоом: Хүүхэдтэйгээ уран зураг, үзмэр үзэхдээ шууд нэрлэж тайлбарлахаа азнаарай. "Энэ зураг дээрх хүмүүсийн хэн нь хамгийн чухал хүн бэ, чи юугаар нь мэдэв?", "Энэ олдворыг юунд ашиглаж байсан бол?" гэсэн нээлттэй асуултаар логик холбоосыг өөрөөр нь таамаглуулаарай.
2. Зургийг сонсох уу?

Лондоны "Tate Modern" галерей абстракт урлагийг хүүхдэд ойлгуулахын тулд зөвхөн харах мэдрэхүй дээр тулгуурлах нь хангалтгүй гэж үздэг. Учир нь хүн мэдээллийг бие махбод, сонсгол, хүртэхүйгээрээ зэрэг мэдрэх үед танин мэдэхүйн чадвар хамгийн дээд түвшиндээ идэвхэждэг байна. Үүний тулд тэд "Sonic Trails" буюу дуу чимээний аяллыг хэрэгжүүлж, хүүхдүүдэд тусгай чихэвч зүүлгэн, абстракт уран зургуудын урд орон зайн дуу чимээ, байгалийн авиа, салхины исгэрээ зэргийг сонсгодог аж. Зургийн өнгө, хэлбэрийг харангаа тэрхүү чимээг сонсох үед хүүхэд тухайн бүтээлийг дотооддоо бүрэн мэдэрч эхэлдэг байна. Учир нь олон мэдрэхүйн сувгийг зэрэг ажиллуулах нь тархины мэдээлэл боловсруулах хурдыг нэмэгдүүлж, ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг сайжруулдгийг Өмнөд Калифорнийн Их Сургуулийн (USC) Тархи, бүтээлч байдлын институтийн судалгаагаар баталжээ.
Музей болон гэртээ тоглох тоглоом: Хүүхдээ зураг зурж байхад, эсвэл номын зураг үзэж байхад нь тухайн агуулгад тохирсон арын чимээ тоглуулаарай. Байгалийн зурагт салхины исгэрээ, шувуудын жиргээ, усан доорх дүрсэнд далайн давлагааны авиа сонсгох нь тархины олон сувгийг зэрэг идэвхжүүлж, төсөөллийг нь тэлнэ.
3. Хөшөө болох тоглоом

Парисын Луврын музей хүүхдийг бүтээлийн дүрүүд рүү гүн өнгийх, тэднийг мэдрэх аргуудыг ашигладаг бөгөөд энэ нь зураг, дүрслэлийн цаадах түүхийг өөрөөр уншиж сурах үйл явц юм. Жишээ нь, тэд хүүхдүүдэд алдартай түүхэн зураг болон баримлуудын урд очоод, тухайн дүрийн биеийн зогсолт, нүүрний хувирлыг дуурайж зогсох даалгавар өгдөг байна. Энэ үед чиглүүлэгч "Энэ хүн ингэж зогсохдоо юу мэдэрч байсан бол. Гунигтай байна уу, эсвэл сүр хүчтэй байна уу?" гэж асууж, хүүхдийг тухайн цаг үе, дүрийн сэтгэл зүйтэй холбодог аж. Урлагийн бүтээл дэх хүний царайны хувирал, биеийн байрлалыг ингэж шинжилж сурснаар хүүхэд амьдрал дээр бусдын сэтгэл хөдлөлийг унших чадвартай болдог байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) урлаг ба эрүүл мэндийн тайланд дурдсанаар, урлагийн бүтээлийг ингэж нарийвчлан ажиглах нь хүүхдийн бусдыг ойлгох, энэрэх чанарыг нэмэгдүүлж, өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах чадвартай болгоход шууд нөлөөлдөг аж.
Музей болон гэртээ тоглох тоглоом: Ном, сэтгүүл эсвэл уран зураг дээрх хүний биеийн зогсолт, нүүрний хувирлыг хүүхдээрээ дуурайлган тоглуулаарай. Дараа нь "Ингэж зогсоход чамд ямар мэдрэмж төрж байна. Энэ дүр юунд баярласан эсвэл гунигласан бол?" гэж асуух нь хүүхдийн бусдыг ойлгох сэтгэлгээг хөгжүүлнэ.
4. Утасгүй 5 минут

Амстердамын Рейксмузей "Гар утсаар зураг авахыг хязгаарлаж, зөвхөн ноороглохыг дэмжих" аяныг хүүхдүүдийн дунд идэвхтэй хэрэгжүүлдэг. Энэ нь өнөөгийн дижитал орчинд сарнисан анхаарлыг эргүүлэн цуглуулах танин мэдэхүйн маш чухал дасгал болдог байна. Үүний тулд музейн хаалгаар орж буй хүүхэд бүрд тусгай ноорог дэвтэр болон харандаа өгдөг аж. Хүүхдүүд түүхэн зургуудын урд сууж, бүтээлийг яг таг дуурайх албагүйгээр өөрт харагдаж байгаа хэлбэр дүрс, гэрэл сүүдрийг цаасан дээр буулгадаг байна. Үзмэрийн зургийг утсаараа дараад өнгөрөхөд тархи мэдээллийг гүн тогтоохоо больж, анхаарал сарнидаг бол гараар ноороглож зурах үед анхаарал төвлөрөл эрс нэмэгдэж, тархинд стрессийн дааврыг бууруулах, гүн тайвшралын төлөв үүсдэг болохыг "Harvard Health"-ийн тайланд дурджээ.
Музей болон гэртээ тоглох тоглоом: Үзмэр үзэхдээ утсаар зураг дарахыг хойш тавьж, жижиг тэмдэглэлийн дэвтэр, харандаа ашиглаарай. Төгс гоё зурах шаардлагагүй, өөрт нь таалагдсан нэг жижиг хэсгийг дэвтэр дээрээ 3-5 минут сууж дуурайлган зурах хугацаа олгох нь гүн төвлөрөхөд тусална.
5. Цаг хугацааны аялагч

Сөүлийн Үндэсний музей хүүхдэд өөрөө тухайн түүхэн орон зайд орж, бие махбодоороо мэдрэх үед соёлын ухамсар болон бүтээлч сэтгэлгээ хамгийн өндөр түвшинд хөгждөг гэж үздэг байна. Үүний тулд тэд "Дижитал сургалтын орон зай"-г тохижуулж, уламжлалт өвийг хөдөлгөөнт дүрс, панорама дэлгэцтэй хослуулдаг аж. Хүүхдүүд түүхэн барилга, эртний хотуудын дунд өөрийн биеэр алхаж, архитектурын шийдэл, орон зайн хэмжээсийг бодитоор мэдрэхээс гадна аварга том хэмжээгээр хананд амилсан уран зургуудын нэг хэсэг болсон мэт мэдрэмж авдаг байна. Кембрижийн Их Сургуулийн Боловсролын институтийн судалгаагаар, соёлын өвийг орон зайн хэмжээст уусгаж мэдрэх нь хүүхдийн танин мэдэхүйн уян хатан чанарыг нэмэгдүүлж, түүхэн үйл явдлыг өөрийн амьдралтай холбон дүгнэх чадварыг сайжруулдгийг тогтоожээ.
Музей болон гэртээ тоглох тоглоом: Түүхэн өв, архитектурын дурсгал үзэж байхдаа "Хэрвээ чи энэ цаг үед, энэ барилга дотор амьдарч байсан бол хамгийн түрүүнд хаашаа алхах байсан бэ?", "Энд ямар дуу чимээ гарч байсан бол?" гэж асуугаарай. Үзмэрийг хөндлөнгөөс харах биш, орон зайн дотор орж төсөөлөх уян хатан сэтгэлгээг идэвхжүүлнэ.
Хүүхэд бүрийн дотор нуугдаж буй тэрхүү сониуч, чөлөөтэй сэтгэдэг уран бүтээлчийг сэрээх үүд хаалга нь гэр бүлийнхний зөв чиглүүлэг, урам зориг өгөх дулаан орчин байдаг билээ. Өнөөдөр та хүүхдийнхээ асуусан асуултад шууд хариулахын оронд "Чи өөрөө юу гэж бодож байна?" гээд хамтдаа хариултыг нь хайж үзээрэй.
Сэтгэгдэл