1000₮-тэй байсан ч та хөрөнгө оруулагч


Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж буйтай холбогдуулан хүн бүрийн санхүүгээ удирдах, хөрөнгө оруулах хүсэл, чиг хандлага ихэсжээ. Иймээс сүүлийн жилүүдэд хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол эрс нэмэгдэж, энэ нь эдийн засгийн идэвхтэй оролцооны нэг чухал хэлбэр болон төлөвшиж байна. Мөн хөрөнгө оруулагчдын тоо улам олширж буйг мэргэжилтэнгүүд онцолсоор байгаа юм.
Тэгвэл хөрөнгө оруулагч гэж хэн бэ?
Хөрөнгө оруулагч гэдэг нь өөрийн санхүүгийн нөөцийг үр ашигтай, эрсдэлтэйгээр ашиглаж, орлого олох зорилгоор хөрөнгө оруулалт хийдэг хүнийг хэлдэг. Гэхдээ хөрөнгө оруулагч болохын тулд заавал их хэмжээний мөнгөтэй байх шаардлагагүй. Мянган төгрөгөөр ч эхэлж болно. Гол нь санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр, орлогынхоо тодорхой хэсгийг ирээдүйд ашиг өгөх боломж руу чиглүүлэхэд л хангалттай юм. Хамгийн энгийнээр эхлэх нэг арга бол хувьцаа.
Тэгвэл хувьцаа гэж юу вэ?
Хувьцаа гэдэг нь компанид хөрөнгө оруулж, тухайн компанийн тодорхой хувийг эзэмшиж байгааг гэрчилсэн үнэт цаасыг хэлдэг. Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг хүртэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх, компани татан буугдвал үлдсэн хөрөнгөөс хувь хүртэх зэрэг эрхтэй. Жишээлбэл, та 10,000 ширхэг хувьцаа гаргасан компанийн 1,000 ширхэг хувьцааг эзэмшвэл тухайн компанийн 10 хувийн эзэмшигч болно гэсэн үг юм. Хувьцаа эзэмшигч нь үндсэн хоёр төрөлтэй.
- Энгийн хувьцаа эзэмшигч – Саналын эрхтэй, ногдол ашиг авах боломжтой.
- Давуу эрхийн хувьцаа эзэмшигч – Саналын эрхгүй боловч тогтмол ногдол ашгийг түрүүлж авах боломжтой.
Харин аль компаниудад хөрөнгө оруулбал илүү найдвартай талаар мэдэхийн тулд жил бүрийн ТОП-20 компанийн жагсаалтаас харах боломжтой юм. Монголын хөрөнгийн бирж жил бүр хамгийн ашигтай, тогтвортой ажилласан компаниудын тайланг гаргаж, “ТОП-20 индекс”-ийг бүрдүүлдэг. Энэ нь хөрөнгө оруулагчдад илүү найдвартай сонголтыг санал болгодог ажээ.
2025 онд дараах үнэт цааснууд ТОП-20 индексийн багцыг бүрдүүлж байна. Үүнд:

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Тэгвэл дээрх компаниудын хувьцаанаас богино болон урт хугацаанд ямархуу ашиг хүртэж болох талаар бодож үзэцгээе.
Богино хугацаанд
Та 2024 оны наймдугаар сарын 19-нд “Сүү” ХК-ийн 1,000 ширхэг хувьцааг 426,000 төгрөгөөр авсан гэж бодъё. Харин 2025 оны наймдугаар сарын 18-нд нэг хувьцааны ханш нь 566₮ болж өсжээ.
- Ханшийн өсөлтөөс таны ашиг: 140,000₮
- Хөрөнгө оруулалтын нийт үнэлгээ: 606,000₮ (32.86%-ийн өсөлт)
- Нэгж хувьцаанд 3.43₮ ногдол ашиг олговол нийтдээ 3,430₮ авна
Ингэснээр таны 426,000 төгрөгийн хөрөнгө нэг жилийн дараа 609,430 төгрөг болно. Энэ нь та зөв хувьцааг сонгож чадвал жилийн дотор 32.86 хувийн хүү хүртэх буюу хугацаат хадгаламжийн жилийн хүүнээс өндөр ашиг авах боломжтой гэсэн үг юм.
Урт хугацаанд
Ард Санхүүгийн Нэгдэл 2016 онд хувьцаагаа нэг бүрийг нь 1,000₮-өөр зах зээлд гаргаж байсан. Хэрэв та тухайн үед 1,000 ширхгийг 1,000,000 төгрөгөөр авсан бол, 2025 онд ханш нь 2,900 төгрөг болж өсжээ.
- Ханшийн өсөлтөөс ашиг: 1,900,000₮
- Хөрөнгө оруулсан дүнтэй нийлээд: 2,900,000₮
- Ногдол ашгаас ойролцоогоор: 28,060₮
Ингээд таны 1,000,000 төгрөгийн хөрөнгө 2025 оны наймдугаар сарын 20-нд нийтдээ 3,028,060 төгрөг болж өсөх боломжтой.
*Энэхүү тооцоолол нь хөрөнгийн биржийн тухайн өдрийн хаалтын ханшаар тооцсон болно.
Тэгвэл хэрхэн хувьцаа худалдан авч хөрөнгө оруулагч болох вэ?

Алхам 1: Хөрөнгө оруулалтын данс нээх
Хувьцаа болон бусад үнэт цаасыг банкны дансаар худалдаж авдаггүй. Үнэт цаасны компаниар дамжуулан данс нээх шаардлагатай тул хамгийн эхэнд үнэт цаасны дансаа нээлгээрэй. Та үнэт цаасны дансаа банк болон үнэт цаасны компанитай холбогдож нээлгэх боломжтой.
Алхам 2: Компанийн хувьцаагаа сонгох
Ард Апп, Apex Capital, Mandal зэрэг дижитал шийдлээр дамжуулан үнэт цаасны дансаа баталгаажуулж, хувьцааны мэдээлэлтэй танилцан, шууд арилжаа хийх боломжтой байдаг бөгөөд апп дотор байршсан компиануудаас сонгон хувьцааг нь шууд арилжих боломжтой.
Алхам 3: Мэргэжлийн зөвлөгөө авах
Хөрөнгө оруулалт бол мэдлэг, цаг хугацаа, тэвчээр, эрсдэлийн менежмент шаардсан урт хугацааны аялал юм. Тиймээс мэргэжлийн зөвлөхтэй хамтран хөрөнгө оруулалт хийхийг танд зөвлөж байна.
Хувьцаанд хөрөнгө оруулах нь жижиг алхмаар ч санхүүгийн ирээдүйгээ бат бөх болгох боломж юм. Иймээс өнөөдрөөс эхэлж, ухаалаг хөрөнгө оруулагчдын нэг болоорой. Санхүүгийн аялалд тань амжилт хүсье!