

Урлагийн чөлөөт орчинд контемпорари бүтээлүүдийг шимтэн үзэж, цагийг дүрслэх урлагтай ойр өнгөрүүлэнгээ тухлан сууж, мэдрэмжээ хуваалцах боломжтой шинэ орон зай хотод үүдээ нээсэн нь "САВ" арт спэйс юм. Хөх Нар орчин үеийн урлагийн төвийн дэргэд байгуулагдаад хагас жил гаруй болж буй энэхүү газар долоо хоногийн өдөр бүр л урлаг сонирхогч залуусын хөдөлгөөн, сонирхолтой арга хэмжээнүүдээр дүүрэн байдаг аж. Ийм ч учраас "Hunting" цувралынхаа энэ удаагийн дугаараар хотын соёлын амьдралд өөр нэгэн өнгө төрх нэмж буй энэхүү орон зайг "ангуучлахаар" зорилоо.
Хотын соёлын шинэ "САВ"
"САВ" арт спэйс нь уламжлалт галерейн нарийн дэг жаяг, нам гүм уур амьсгалаас арай өөр, чөлөөт хэв маягийг бүрдүүлсэн нь анхаарал татсан юм. Энд зөвхөн үзэсгэлэн үзэхээс гадна урлагийн холбогдолтой ном товхимол уншиж, чөлөөт хэлэлцүүлэгт оролцох, амьд болон электроник хөгжмийн тоглолт сонсох, тэр ч байтугай оройн цагаар найз нөхдөөрөө тухлан сууж хоол идэнгээ ярилцах ч боломжтой соёлын нэгдсэн орон зай аж. Орчны хувьд ч дулаахан уур амьсгалтай кафены хэсэг болон контемпорари урлагийн чөлөөт шинжийг харуулсан саарал өнгө давамгайлсан шийдэлтэй нь сонирхолтой санагдлаа. Намуухан атлаа хэсэгчилсэн өнгөт гэрэлтүүлгүүд нь үзэгчийг бүтээлүүд рүү өөрийн эрхгүй хөтөлж, тухайн орчиндоо уусах мэдрэмж төрүүлж байв. Түүнчлэн танхимын бар, тек хэсэгт уран бүтээлчдийн өөрсдийнх нь гаргасан брэнд бүтээгдэхүүнүүд болон тусгай хэвлэлийн бүтээлүүдийг байршуулсан нь сонирхолтой шийдэл болжээ. Энэ бүхэн нь тус газрыг үзэсгэлэнгийн танхим гэхээс илүү урлаг сонирхогч залуус чөлөөтэй цуглаж, цагийг тухтай өнгөрөөх соёлын дулаахан орон зай гэдгийг илтгэж байлаа.

"САВ" арт спэйс нь уламжлалт галерейн нарийн дэг жаяг, нам гүм уур амьсгалаас арай өөр, чөлөөт хэв маягийг бүрдүүлсэн нь анхаарал татсан юм. Энд зөвхөн үзэсгэлэн үзэхээс гадна урлагийн холбогдолтой ном товхимол уншиж, чөлөөт хэлэлцүүлэгт оролцох, амьд болон электроник хөгжмийн тоглолт сонсох, тэр ч байтугай оройн цагаар найз нөхдөөрөө тухлан сууж хоол идэнгээ ярилцах ч боломжтой соёлын нэгдсэн орон зай аж. Орчны хувьд ч дулаахан уур амьсгалтай кафены хэсэг болон контемпорари урлагийн чөлөөт шинжийг харуулсан саарал өнгө давамгайлсан шийдэлтэй нь сонирхолтой санагдлаа. Намуухан атлаа хэсэгчилсэн өнгөт гэрэлтүүлгүүд нь үзэгчийг бүтээлүүд рүү өөрийн эрхгүй хөтөлж, тухайн орчиндоо уусах мэдрэмж төрүүлж байв. Түүнчлэн танхимын бар, тек хэсэгт уран бүтээлчдийн өөрсдийнх нь гаргасан брэнд бүтээгдэхүүнүүд болон тусгай хэвлэлийн бүтээлүүдийг байршуулсан нь сонирхолтой шийдэл болжээ. Энэ бүхэн нь тус газрыг үзэсгэлэнгийн танхим гэхээс илүү урлаг сонирхогч залуус чөлөөтэй цуглаж, цагийг тухтай өнгөрөөх соёлын дулаахан орон зай гэдгийг илтгэж байлаа.

Энэхүү чөлөөт орчинд биднийг очих үед нэгэн сонирхолтой үзэсгэлэн дэлгэгдсэн байв. Энэ бол Азийн дүрслэх урлагийн томоохон наадмуудын нэг болох "16 дахь удаагийн Гвангжу биенналь"-д Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийн бүтээлүүд байлаа. Танхимд тэдгээр эх бүтээлүүдээс гадна уран бүтээлчдийн өөрсдийнх нь гарын үсэгтэй, цөөн тоогоор хэвлэсэн тусгай хувилбарын принтүүдийг (Limited Edition Prints) хамтад нь дэлгэсэн нь онцлог аж. Үзэсгэлэнгийн дэглэлт, кураторын багт Хөх Нар орчин үеийн урлагийн төвийн Арт директор, уран бүтээлч Ж.Анунаран болон ко-куратор Б.Мөнгөнчимэг нар ажиллажээ. Бид ко-куратор Б.Мөнгөнчимэгтэй Гвангжуг зорих бүтээлүүдийн цаадах санаа, агуулгын талаар ярилцсан юм.
Хотын төвөөс Гвангжугийн биенналийн уур амьсгалыг мэдрэх нь
Энэ жилийн Гвангжугийн биенналь дүрслэх урлагийн ертөнцөд 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд "Чи амьдралаа өөрчлөх ёстой" хэмээх нэлээд содон, философилог сэдвийг дэвшүүлжээ. Энэхүү сэдэв нь алдартай шүлгийн мөрөөс сэдэвлэсэн бөгөөд яг яаж, яагаад өөрчлөх ёстойг шууд тулгаж тайлбарлалгүй, үзэгчдэд өөрсдөө бодож эргэцүүлэх орон зайг үлдээснээрээ онцлог аж.
Тэгвэл энэхүү дэлхийн хэмжээний сорилтод монгол уран бүтээлчид хэрхэн хариу барьж буйг ко-куратор Б.Мөнгөнчимэг бидэнд "Бидний хамтдаа огтлолцож буй ой санамж, өв соёл эсвэл түүх гэх мэт зүйлс дотор маш олон далд ухамсар бий. Тэрхүү хамтын ой санамж хотожсон нийгэм, орчин үеийн амьдралтай хэрхэн нийцэж байна, бид өв соёлоо өнөөдрийн амьдралд хэрхэн хадгалж үлдэж байна вэ гэдгийг уран бүтээлчид өөрсдийн бүтээлээр харуулахыг зорьсон. Энд оролцож буй уран бүтээлчид бүгд өөр өөрийн замаар амьдарч, өөрчлөгдөж, өөр өөрийнхөөрөө бүтээлээ туурвиж байгаа нь цаагуураа Гвангжугийн биенналийн үзэл санаатай уялдаж байгаа хэрэг" хэмээн тайлбарласан юм.
Бүтээл бүрийн цаана нуугдсан өөр өөр түүхүүд
Энэхүү үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид бүгд өөр өөр арга барил, материал, техникийн онцлогтой бөгөөд тэдний бүтээлийн өмнө чимээгүй саатахад өөр өөр түүхүүд хөврөх шиг болно. Өнгөрсөн үеийг эргэн санахаас гадна өнөөдрөөс ирээдүй рүү чиглэсэн ухамсар, орчин цагийн сорилтуудыг тэд уран бүтээлийнхээ хэлээр ийнхүү хүүрнэжээ.

Танхимын хананд байрлах дүрс рүү дөхвөл перформанс артист У.Нарбаясгалангийн “Рестарт” төслийн “Мах” видео перформанс болон түүний тусгай хэвлэлийн принт зураг хамтдаа байршсан нь харагдана. Цар тахлын үеийн хүн төрөлхтний бие махбодын эмзэг байдлыг хөндсөн энэхүү бүтээлд түүхий махыг урж тасдаж буй үйлдэл нь соёл иргэншлийн цаана нуугдаж байдаг амьд үлдэх зөн, биеийн ой санамжийг маш энгийнээр сануулж байх шиг.

Үүнээс цааш алхвал үй олон товчноос бүтсэн, өнгө алаглах нэгэн текстиль бүтээл хараа булаах нь уран бүтээлч Ц.Түвшинжаргалынх аж. Тэрбээр монгол үндэсний хувцасны товч, шилбэний элементээс санаа авч, гагцхүү товч, шилбээр бүхэл зүйлийн мөн чанар, тэнцвэрийг харуулахыг зорьсон нь сонирхолтой. Үндэсний биет өв соёлоос алсарсаар буй өнөөгийн даяарчлагдсан дүр төрхийг уламжлалт элементээр илэрхийлсэн энэ орон зайд ӨМӨЗО-ы уран бүтээлч Ө.Өнөрийн дуу авианы (саунд) бүтээл хоршиж буй аж.

Харин орон зайн голд байрлах медиа артист Б.Бат-Эрдэнийн “Савдаг” бүтээл үзэгчдийг өөрийн эрхгүй татах аж. Долоон цуврал дөрвөлжин карказанд загасны ясыг утсаар нэг бүрчлэн тогтоож хийсэн энэ бүтээл дээрээс нь тусах гэрлийн тоглолтоороо яг л усан доорх зэрэгцээ оршихуйг мэдрүүлэх шиг болно. Түүний өөр нэгэн бүтээл болох “Хоосон үг”-ээс их говийн сүрлэг байгаль, цаасан хуйлраагаар илэрхийлэгдэх салхины хөдөлгөөн гээд үл баригдах атлаа мэдрэгдэх тэр л хоосон орон зайг олж харж болохоор аж.

Мөн Монгол зургийн арга барилыг орчин үеийн үзэл санаатай хослуулсан Б.Баатарзоригийн "Баатрын дуулгууд" цуврал анхаарал татаж байлаа. Буддын шашны догшин дүртэй бурхдын дүрслэлээр амилсан эдгээр дуулгууд нь уран бүтээлчийн зүгээс тавьж буй нэгэн сонирхолтой асуулт юм. Дуулга уг нь сумнаас хамгаалах зориулалттай ч, нөгөө талдаа бусдыг сумлан хөнөөх араатан шинж чанарыг зэрэгцүүлэн агуулдаг тул айдас, эрх мэдэл, хүчирхийллийн эсрэгцлийг нэгэн дор хураан харуулсан нь эргэцүүлэлд хөтөлж байлаа.
Hunting Rating:
- Орчин, уур амьсгал: 4.8/5 Уламжлалт галерейн баригдмал байдлыг эвдэж, кафены тухлаг шийдэл болон контемпорари урлагийг маш гоё уусгаж чадсан орон зай.
- Үзэсгэлэнгийн дэглэлт: 4.5/5 Намуухан гэрэл сүүдрийн тоглолт нь бүтээлүүдийг тодотгож өгсөн бөгөөд бүтээл бүр өөрийн гэсэн орон зайтай, үзэгчийг төөрөгдүүлэхгүй байхаар маш цэгцтэй дэглэгджээ.
- Уран бүтээлчдээ дэмжих боломж: 4.7/5 Зөвхөн үзээд өнгөрөх биш, "лимитэд эдишин" принтүүд болон уран бүтээлчдийн өөрсдийнх нь брэнд бүтээгдэхүүнүүдийг шууд худалдан авч, тэднийг бодитоор дэмжих гүүрийг маш соёлтойгоор шийдэж өгсөн нь өндөр сэтгэгдэл үлдээв.
- Хүртээмж, байршил: 5/5 Хотын төвд байрлалтай, долоо хоногийн өдөр бүр чөлөөтэй зочлох, найз нөхдөөрөө уулзаж тухлан суухад хамгийн тохиромжтой соёлын нэгдсэн орон зай.



Дэлхийн хэмжээний биеннальд эх орноо төлөөлөх контемпорари уран бүтээлчдийн сэтгэлгээний цар хүрээг нэгэн дор тольдоно гэдэг дүрслэх урлагт дуртай залуусын хувьд яах аргагүй ховорхон боломж юм. Танхимын уур амьсгал, бүтээл бүрийн цаана орших гүн гүнзгий түүхүүд нь өдөр тутмын завгүй амьдралаас түр саатаж, өөртэйгөө ярилцах өвөрмөц орон зайг бидэнд бэлэглэж байв. Гвангжуг зорих шилдэг уран бүтээлчдийн энэхүү нэгдсэн үзэсгэлэн долоодугаар сарын 6-ныг дуустал үргэлжлэх тул та ч бас амжиж зочлон, соёлын тэс өөр нэгэн уур амьсгалыг өөрийн биеэр мэдрээд үзээрэй.
Дараагийн дугаараар хотын өөр нэгэн нууцлаг, үнэ цэнтэй орон зайг "ангуучлах" болно. Хамтдаа эрж хайцгаая!
Сэтгэгдэл