Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном

2026.05.165 минут унших
Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Урлагийн түүхийг судлах нь дэлхийн түүхийг, тэр дундаа хүн төрөлхтний туулж ирсэн амьдралыг бүхэлд нь танихтай адил билээ. Уран зураг, баримал бүрийн ард тухайн цаг үеийн үзэл бодол, хүмүүсийн баяр гуниг, амьдралын үнэн нуугдаж байдаг. Ертөнцийг харах энэхүү өнцгийг тэлэхэд ном л биднийг хамгийн зөв зам руу хөтөлдөг.

Иймд бид “Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт 39 дэх удаагийн Үндэсний Номын баярыг тохиолдуулан уншигчдынхаа гоо зүйн боловсролд урт хугацааны хөрөнгө оруулалт болох найман бүтээлийг танилцуулж байна. Олон хуудастай зузаан онолын тайлбараас илүүтэй урлагийн ертөнцийг хамгийн ойлгомжтой, амьд бөгөөд чанартай хэлбэрээр нээж өгөх дараах номуудтай хамт танин мэдэхүйн сандаа шинэ өнгө нэмээрэй.

1. The Story of Art

Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном нийтлэлийн зураг

Хорьдугаар зууны дэлхийн хамгийн нөлөө бүхий урлаг судлаач, түүхч Эрнст Гомбрихийн энэхүү бүтээл бол урлагийн ертөнцөд хөл тавьж буй хэн бүхний заавал унших ёстой суурь гарын авлага. Долоон аравны турш дэлхийн олон хэлээр хэвлэгдэж, сая сая уншигчдыг байлдан дагуулсан энэхүү бүтээл хүн төрөлхтний урлагийн замыг сонирхолтой, ойлгомжтойгоор хүүрнэдэг.

Агуулгын онцлох тал: Зохиолч урлагийн нарийн төвөгтэй түүхийг хэт хүнд нэр томьёо хэрэглэлгүй, хүн төрөлхтний амьдралтай холбон маш энгийнээр тайлбарласан байдаг. Та эндээс хадны сүг зургаас эхлээд өнөө цагийн уран барилга хүртэлх бүхэл бүтэн түүхийг нэг дороос тольдох боломжтой. 

Яагаад унших ёстой вэ?

  • Энгийн хүүрнэлтэй: Мэргэжлийн бус хүн уншихад ч тун ойлгомжтой бөгөөд яг л сонирхолтой түүх сонсож байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
  • Системтэйгээр мэдлэгээ тэлэх боломжтой: Урлагийн төрөл, хэв маягууд хэрхэн нэг нь нөгөөгөөсөө урган гарч, хувьсан өөрчлөгдсөнийг бүтэцтэйгээр ойлгоход тусална.
  • Зураг, тайлбар ихтэй: Дурдагдсан бүтээл бүрийн зураг, тайлбар зэрэгцэн оршдог тул уншсан зүйлээ нүдээрээ харж бататгахад нэн дөхөм.

Урлагийн талаарх мэдлэгээ суурьтай, цэгцтэй тэлэхийг хүсвэл “The Story of Art" хамгийн найдвартай хөтөч болно.

2. What Are You Looking At?

Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном нийтлэлийн зураг

Урлагийн нөлөө бүхий зүтгэлтэн, сэтгүүлч Уилл Гомперц орчин үеийн урлаг гэхээр л толгой нь эргэдэг уншигчдад зориулж энэ сонирхолтой хөтчийг бичжээ. Түүний хошин мэдрэмж, хөнгөн найруулгаар бичсэн энэхүү бүтээл модерн урлагийн 150 жилийн түүхийг огт уйдах завгүйгээр тайлбарлаж, "үүнийг би ч хийж чадах юм биш үү" гэх эргэлзээг тань бүрмөсөн арилгах болно.

Агуулгын гол онцлох тал: Зохиолч Марсель Дюшаны суултуураас эхлээд Энди Уорхолын шөлний лааз хүртэлх "этгээд" бүтээлүүдийн цаадах жинхэнэ утга учрыг тайлдаг. Урлагийн урсгал чиглэлүүдийн ялгаа, мөн зарим бүтээл яагаад сая сая доллароор үнэлэгдэж дэлхийг шуугиулдгийг тун энгийнээр тайлбарласанаараа онцлог юм. Энэхүү бүтээл уншигчийг орчин үеийн урлагийн танхимаар өөртөө итгэлтэй алхаж, бүтээл бүрийн цаадах санааг бие даан уншиж сурахад тань туслах болно.  

Яагаад унших ёстой вэ?

  • Ойлгоход хялбар: Урлагийн түүхийг он сар, нэр томьёогоор бус, зураачдын амьдралд тохиолдсон сонирхолтой түүхүүдээр тайлбарласан тул уншихад уйдахгүй.
  • Хандлагыг өөрчилнө: Орчин үеийн урлагийг ойлгомжгүй, хэцүү гэж боддог хүмүүсийн хандлагыг өөрчилж, үзэсгэлэн үзэх сонирхол төрүүлнэ.
  • Бодит шалтгааныг тайлбарлана: Хуурай онол уншуулахын оронд тухайн бүтээлийг яг ямар зорилгоор, ямар нөхцөл байдалд бүтээснийг нь тодорхой хэлж өгдөг.

Орчин үеийн урлагийн "солиотой" мэт санагддаг ертөнцийг хамгийн ойлгомжтой, ухаалаг байдлаар таньж мэдэхийг хүссэн хэн бүхэнд энэ бүтээлийг санал болгож байна.

3. Ways of Seeing

Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном нийтлэлийн зураг

Урлаг судлаач Жон Бержерийн энэхүү бүтээл уран зургийн цаадах нийгэм, улс төр, соёлын нөлөөг ухаж ойлгоход тусална. Түүний ертөнцийг харах өнцөг хэрхэн бүрэлддэг, тэр нь бүтээлийг хүлээн авахад яаж нөлөөлдгийг тайлбарласан энэ ном урлагийн бүтээлийг цоо шинээр харах боломж олгоно.

Агуулгын онцлох тал: Зохиолч сонгодог уран зургуудыг орчин үеийн зар сурталчилгаа, гэрэл зурагтай харьцуулан, дүрслэх урлаг бидний далд ухамсарт ямар мэдээлэл өгдөг болохыг тайлбарладаг. Эмэгтэй хүний дүр төрх урлагт хэрхэн дүрслэгдэж ирсэн, өмч хөрөнгө ба уран зураг ямар холбоотой вэ гэх мэт сонирхолтой асуултуудад хариулт өгнө. Энэ номыг уншсаны дараа та зурагт хуудас, уран зураг, тэр байтугай сурталчилгааг ч өмнөхөөсөө огт өөрөөр харах болов уу.

Яагаад унших хэрэгтэй вэ?

  • Шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлнэ: Уран зургийг зүгээр л таашааж харахаас гадна, тухайн бүтээл яагаад ийм хэлбэрээр бүтсэн бэ гэдгийг учир шалтгаантайгаар тунгаан бодох чадварт сургана.
  • Уншихад хялбар: Их хэмжээний текст унших шаардлагагүй. Зураг болон богино хэмжээний эсээнд тулгуурласан тул маш хурдан, ойлгомжтой уншигдана.
  • Харах өнцгийг тэлнэ: Өдөр тутам анзааралгүй өнгөрдөг энгийн зүйлсийн цаадах гүн утга учир, далд санааг олж харахад тусална.

Хэрэв та урлагийг мэдрэхээс гадна түүнийг "уншиж", нийгэмтэй холбон ойлгохыг хүсвэл энэхүү бүтээл таны харах өнцгийг бүрмөсөн өөрчлөх болно.

4. The Art Book

Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном нийтлэлийн зураг

Хэрэв та дэлхийн шилдэг зураач, барималчдыг нэг дороос таньж, тэдний хэв маягийг ялгаж сурахыг хүсвэл энэ ном хамгийн оновчтой сонголт юм. Phaidon Press хэвлэлийн газрын нэрээр танигдсан энэхүү бүтээл нь урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий 500 гаруй уран бүтээлчийг цагаан толгойн дарааллаар танилцуулдаг "толь бичиг" гэсэн үг.

Агуулгын онцлох тал: Номын хуудас бүрд нэг уран бүтээлчийн хамгийн алдартай ганц бүтээлийг, түүний хэв маяг болон тухайн үеийнх нь ач холбогдлыг тайлбарласан товч тексттэй оруулсан байдаг. Энэ нь уншигчид олон зуун зураачийн нэр, бүтээлийг хооронд нь холихгүйгээр тогтоож авах, өөрийн сонирхдог чиглэлийг олж мэдэхэд тусалдаг.

Яагаад унших хэрэгтэй вэ?

  • Хэрэглэхэд хялбар: Заавал эхнээс нь дуустал унших шаардлагагүй, хүссэн хуудсаа нээгээд тухайн зураачийн тухай мэдээллийг 2-3 минутад багтаан авах боломжтой.
  • Харьцуулж харах боломжтой: Зураач бүрийн өвөрмөц техник, өнгө аяс, зохиомжийг нэг дороос харьцуулан харснаар таны гоо зүйн мэдрэмж хөгжнө.
  • Бүх цаг үеийг хамарсан: Дундад зуунаас эхлээд өнөөдрийн концептуаль урлаг хүртэлх бүх төрлийг багтаасан тул таны мэдлэгийн хүрээг хязгааргүй тэлнэ.

Урлагийн асар том далайд төөрөхгүйгээр уран бүтээлч бүрийг өөрийнх нь хэв маягаар таньж сурахад энэхүү бүтээл хамгийн шилдэг хөтөч, байнгын туслах болно.

5. Think Like an Artist

Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном нийтлэлийн зураг

Урлаг судлаач, сэтгүүлч Уилл Гомперц энэхүү номоороо урлагийг үзэсгэлэнгийн танхимд хадгалагддаг зүйл биш, амьдралд хандах хандлага, сэтгэлгээний хэлбэр гэдгийг тайлбарлажээ. Түүний суут уран бүтээлчдийн амжилтын нууцыг судалсан тус бүтээл уран бүтээлчдийн ур чадвараас илүүтэй сэтгэлгээний онцлог, өдөр тутмын дадал хэвшлийг нь уншигчдад таниулдагаараа онцлогтой.

Агуулгын онцлох тал: Пикассо, Энди Уорхол, Ван Гог зэрэг суутнууд яаж шинэ санаа олдог байсан, тэд бүтэлгүйтлийг хэрхэн даван туулж, урам зоригийг хаанаас олдог байсан тухай өгүүлнэ. Энэ ном танд аливаа зүйлийг илүү бүтээлчээр харж, өөрийнхөө хийж буй зүйлд хэрхэн "урлаг" шиг хандаж сурахад туслах болов уу.

Яагаад унших хэрэгтэй вэ?

  • Бүтээлч чадварыг сэрээнэ: Өөрийгөө шинэ санаа гаргаж чаддаггүй, бүтээлч биш гэж голдог хүмүүсийн тогтсон төсөөллийг эвдэж, сэтгэлгээг нь чөлөөлж өгнө.
  • Амьдралд ойрхон жишээнүүд: Алдартай уран бүтээлчдийн туулж өнгөрүүлсэн түүхээр дамжуулан тэдний амжилтад хүрсэн бодит дадал, зарчмуудыг маш тодорхой тайлбарласан.
  • Урам зориг, сэдэл өгнө: Урлагийг онол талаас нь харахаас илүүтэй өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, тулгарсан асуудлуудыг өөр өнцгөөс шийдвэрлэх урам зориг авна.

Урлагийг өнгөц харахаас гадна түүний бүтээлч мөн чанарыг амьдралынхаа хэв маяг болгож, сэтгэлгээндээ өөрчлөлт хийхэд энэ ном танд хамгийн чухал нөлөөг үзүүлнэ.

6. Seven Days in the Art World

Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном нийтлэлийн зураг

Урлаг судлаач, социологич Сара Торнтон энэхүү бүтээлээрээ урлагийн зах зээлийн гол цэгүүдэд долоо хоногийг өнгөрүүлж, хөшигний ардах амьдралыг уншигчдад нээж өгчээ. Урлагийг музейн танхимаас гадна өрнөдөг бизнес, нэр төр, өрсөлдөөний талбар талаас нь харуулсан тус ном энэ ертөнцийн бодит дүр зургийг тольдох шилдэг бүтээл юм.

Агуулгын онцлох тал: Дуудлага худалдааны танхим, Венецийн биенналь, нэр хүндтэй сэтгүүлийн редакци болон уран бүтээлчийн урлан дотор яг юу болдгийг энэ номоос унших боломжтой. Уран бүтээл хэрхэн үнэд ордог, кураторууд ямар шалгуураар зураачдыг сонгодог, урлагийн ертөнцөд "амжилт" гэж юуг хэлдэг тухай маш сонирхолтой баримтуудыг дэлгэдэг.

Яагаад унших хэрэгтэй вэ?

  • Амьд тогтолцоог харуулна: Урлагийг дан ганц гоо зүй, уран зургийн талаас нь бус, цаана нь ажиллаж байдаг зах зээлийн бүтэц, бодит механизмынх нь хувьд тайлбарласан.
  • Уншихад урамтай: Бичлэгийн хэв маяг нь маш хөнгөн тул уншиж байх явцад яг л сонирхолтой баримтат кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
  • Дотоод дүрмийг таниулна: Урлагийн зах зээл хэрхэн ажилладаг, үнэ цэн нь яаж тогтдог тухай далд дүрмүүдийг ойлгоход туслах шилдэг хөтөч юм.

Урлагийг бүтээл талаас нь биш, түүнийг тойрон хүрээлэгч нийгмийн том тогтолцоо, зах зээлийн хэмнэлийг бодитоор харахад энэхүү сурвалжлага шинэ мэдлэг, сонирхолтой өнцгийг нээх болно.

7. A History of Pictures

Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном нийтлэлийн зураг

Дэлхийн хамгийн нөлөө бүхий зураач Дэвид Хокни урлаг шүүмжлэгч Мартин Гейфордтой өрнүүлсэн сонирхолтой ярианыхаа үндсэн дээр энэхүү бүтээлийг туурвижээ. Түүнчлэн агуйн хананаас авахуулаад өнөөгийн дижитал дэлгэц хүртэл хүн төрөлхтөн ертөнцийг дүрслэхдээ ямар арга техник ашиглаж ирснийг энэ номд маш энгийнээр тайлбарласан байдаг.

Агуулгын онцлох тал: Зохиолчид уран зураг, гэрэл зураг, кино болон дижитал урлагийг хооронд нь зааглалгүйгээр "дүрслэх урлаг" гэх нэгэн том дээвэр дор авч үздэг. Камер бий болохоос өмнө зураачид ямар "нууц" төхөөрөмж ашиглаж байсан, технологи урлагийг хэрхэн өөрчилсөн тухай сонирхолтой яриа өрнүүлнэ. Энэ ном танд зураг бүрийг түүхэн цаг хугацааны хэлхээс дотор ойлгоход тусална.

Яагаад унших хэрэгтэй вэ?

  • Зураачийн өнцгийг таниулна: Урлагийн түүхийг гаднын ажиглагч, шүүмжлэгчийн байр сууринаас бус, яг бүтээлийг туурвиж буй зураачийн нүдээр харж ойлгох боломж олгодог.
  • Хөгжлийн хэлхээсийг харуулна: Хадны сүг зургаас эхлээд орчин үеийн дижитал технологи хүртэлх дүрслэх урлагийн уялдаа холбоо, хувьслыг маш тодорхой тайлбарласан.
  • Дүрслэлийн мөн чанарыг өгүүлнэ: Хүн төрөлхтөн яагаад зураг зурах, харах дуртай байдаг болон дүрслэл бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг сонирхолтойгоор гаргаж ирсэн.

Дүрслэх урлагийн олон мянган жилийн хувьслыг технологийн хөгжилтэй холбосон энэхүү бүтээл зураг бүрийн цаадах үнэ цэнийг гүнзгийрүүлэн таньж, харах мэдрэмжээ хурцлахад тусална.

8. The Architecture of Happines

Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном нийтлэлийн зураг

Философич, зохиолч Ален де Боттон энэхүү бүтээлдээ архитектурыг хүний сэтгэл хөдлөл, аз жаргалтай холбон тайлбарлажээ. Түүний амьдарч буй байшин, хүрээлэн буй орчин бидний хэн болохыг хэрхэн тодорхойлдог тухай өгүүлсэн энэ ном барилга байгууламжийг зүгээр нэг чулуун хана биш, хүний сэтгэл зүйн тусгал гэдгийг харуулах болно.

Агуулгын онцлох тал: Зохиолч барилга байгууламжийг инженерийн шийдэл гэхээс илүү хүний сэтгэл зүйн хэрэгцээг хангах амьд орон зай гэж үзсэн бөгөөд зарим барилга бидэнд амар амгалан мэдрэмж төрүүлж, зарим нь яагаад тухгүй сэтгэгдэл үлдээдэг шалтгааныг тайлбарласан байна. Түүнчлэн сайн архитектур, зөв төлөвлөлт хүнийг дотоод хүнээ таньж, илүү амар амгалан амьдрахад хэрхэн тусалдгийг эл бүтээлээс унших боломжтой.

Яагаад унших хэрэгтэй вэ?

  • Өдөр тутмын гоо зүй:  Урлагийг заавал музейн танхимаас хайх албагүй бөгөөд өөрийн амьдардаг гэр, алхдаг гудамж, эргэн тойрон дахь барилга байгууламжаас олж харахад сургана.
  • Сэтгэл зүйн нөлөөлөл: Дизайн болон архитектур хүний сэтгэл санааг хэрхэн засаж, өөрчилж болдгийг харуулдаг.
  • Уран яруу бичлэг: Философийн гүн ухааны агуулгыг маш энгийн, хүнд ойлгомжтой хэлбэрээр хүүрнэсэн.

Хүрээлэн буй орчин, барилга байгууламжийг өөрийн аз жаргал, сэтгэл зүйн тусгал гэж хардаг болоход энэ ном туслах бөгөөд уншигчид хамгийн нандин, гүнзгий мэдрэмжийг бэлэглэх болно.

Дээр дурдсан найман бүтээл танд мэдлэг, мэдээлэл өгөөд зогсохгүй, уран бүтээлчдийн сэтгэлгээгээр аялж, ертөнцийг илүү өөр, гүнзгий өнгөөр тольдоход тань тусална гэдэгт итгэлтэй байна. Учир нь сайн ном бидний доторх гоо зүйн мэдрэмжийг сэрээж, өдөр тутмын амьдралаа урлагийн нүдээр харах боломжийг олгодог билээ. "Урлагийн түүх" булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолсон эдгээр бүтээлүүд таны танин мэдэхүйн санд үнэтэй хувь нэмэр оруулж, оюуны таашаал бэлэглэх болтугай.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Урлагийг ойлгож, мэдэрч сурахад тань туслах 8 ном | Posted