Passion in the city: Улаанбаатарын хавар

2026.04.225 минут унших
Passion in the city: Улаанбаатарын хавар - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Зун, намар, өвөл, хавар тэгээд…

Хааяа нэг зэврүүн салхи үлээж, бороо цас хаялавч, цаанаа л нэг дулаан мэдрэмж төрүүлдэг хаврын улирал хүн бүрд өөр өөрөөр мэдрэгддэг нь гарцаагүй. Passion in the city цувралынхаа энэ удаагийн дугаарт бид их хотын залуусын хавартай холбоотой дурсамж, газар, хаврыг санагдуулдаг дуу хөгжмийн талаар хуваалцлаа. Хаврын улирал тэдэнд өнгөрснөө эргэн харж, хүсэл тэмүүллээр дүүрэн, бүхнийг шинээр эхлэх боломжийг олгохоос гадна гуниглах, шаналах бас хайрлах зориг өгдөг ажээ. 

“Бага тойрог лэйбл”-ийн хамтран үүсгэн байгуулагч Ц.Тэгшбаяр

Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг

- Хавар ирэх үед Улаанбаатар хотын аль хэсэг танд илүү таалагддаг вэ?

Би хавар болохоор скүүтер их унадаг. Монгол банкны уулзвараас Занабазарын музей хүртэлх хэсэг их өргөн учраас таалагддаг юм. Бас алхахад ч тухтай байдаг. Зун дөхөөд ирэхээр эргэн тойрон нь ногоороод, харагдах орчин илүү үзэмжтэй болдог доо.

- Танд хаврын улирлыг санагдуулдаг дуу, хөгжмөөс нэрлэж өгөөч

Сүүлийн үед үнэндээ бага хөгжим сонсож байгаа. Магадгүй ажил маань хөгжимтэй хэтэрхий их холбогдож буйтай холбоотой байх. Өмнө нь уран бүтээл, дуу хийдэг байхдаа хөгжмийг илүү шимтэж сонсдог байсан. Заримдаа ажлаас болоод дургүй дуу хөгжмөө хүртэл сонсох шаардлага үүсдэг юм. Яг хавартай холбоотой гэвэл сүүлийн үед “The Lumineers” хамтлагийг их сонсож байгаа.

- “Бага тойрог лэйбл”-ийн талаар уншигчдад маань танилцуулахгүй юу?

Хүмүүс “Бага тойрог гэж юу юм бэ”, гэж их асуудаг л даа. Би нэг найзтайгаа нийлээд шууд компани байгуулсан юм. Эхлээд энэ нэрийг өгнө гэж бодоогүй л дээ. Анх өгсөн нэр маань олон удаа буцаагдсан. Сүүлд нь монгол нэр өгье гэж шийдсэн юм. Соёл-эрдэнэ, Харанга, Баянмонгол чуулга гээд л хуучны монгол хамтлагуудын нэр их гоё шүү дээ. Мөн хотын хуучны барилга байшин, хорооллын нэр ч гоё. Тэгээд л Бага тойрог гээд өгчихье гэж шийдсэн. Би Бага тойргийг хуучны неоклассик барилгуудтай хотын хамгийн сайхан үзэмжтэй хэсэг гэж боддог юм. Хотын хамгийн анхны орон сууцтай хороолол байх шүү. Тухайн үед Бага тойргийн залуус шинэлэг хэв маягтай, тэр ч утгаараа хотод шинэ соёл түгээсэн дүүрэг байсан гэж сонсож байлаа. Тэгээд л бид хөгжмөөр дамжуулж хотдоо соёл түгээе гэж бодсон юм.

- Бага тойрог сувагт одоогоор хэдэн уран бүтээлч, хамтлаг оролцсон байгаа вэ?

Эхний нэг жил найзтайгаа хоёулхнаа хийж бүтээсэн зүйлгүй хий эргэсэн л дээ. Хамтран үүсгэн байгуулсан хүн маань видео хийдэг. Тэгээд хоёулаа шууд дамжуулалт (live season) хийе гэж шийдсэн. Өнгөрсөн жил гэхэд 46 дугаар хийсэн. Одоогийн байдлаар 7 дугаар бичсэн байгаа. Энэ жилдээ 24 дугаар цацахаар төлөвлөж байна. 

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

Эхэлсэн ажлынхаа ард гарсан үед. Амьдралын уналтаас босох үедээ Бага тойргийг эхлүүлэхээр шийдсэн юм. Гадагшаа явж хар ажил хүртэл хийсэн. Гэхдээ дотор минь уран бүтээл, хөгжим хийх хүсэл тэмүүлэл минь байсаар л байсан. Сайн ч бай, муу ч бай аливаа асуудлыг даваад ард нь гарах тэр мэдрэмж л хүсэл тэмүүллийг минь бадраадаг. 

“Усны гудамж” зохиолчдын нэгдлийн бичээч С.Энхцэцэг

Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг

- Улаанбаатар хотын аль хэсэг танд хаврыг мэдрүүлдэг вэ?

Би хотод төрж өссөн хүн л дээ. Ээж, аав маань ч мөн адил. Би дөрвөн улирлаас  хаварт илүү дуртай. Тэнгэр царцчихсан байж байгаад хавар хөдөлгөөнд орж буй мэт санагддаг юм. Би гэр хороололд өссөн. Тэр үед хавар эхлэхэд тэнгэр бүтэн харагддаг байлаа. Хотын хамгийн дуртай хэсэг гэвэл миний өссөн газар шууд санаанд бууж байна. Хотын гоё хэсэг гэхээр л заавал өндөр барилга байшин, зам талбай байх албагүй шүү дээ. Хотын нэгээхэн хэсэг болсон гэр хороолол ч гэсэн сайхан. Бага байхдаа ханш нээгдээд, шоргоолжнууд хөдөлгөөнд орох үед их баярладаг байж билээ. Шоргоолж гараад ирчихвэл дагаад бүх амьтад гарч ирээд зун болчих юм шиг санагддаг байлаа. Энэ бүхэн хотын хаврыг илүү мэдрүүлдэг дээ.

- Танд хаврыг санагдуулдаг дуу, хөгжим бий юу?

Би хавар болохоор илүү зоригтой болж, гунигтай дуу сонсох тэнхээтэй болдог гэх үү дээ. Өмнөд Солонгосын дуучин Nam Taehyun-ий “Hug me” дууг хавар их сонсдог. Миний сонсдог дуучны түүх их гунигтай. Хавар болж зунтай залгаад ирэхээр дуу сонсох илүү их тэнхээтэй болдог юм.

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

Уншсан номын минь аль нэг хэсэгт төсөөлж байгаагүй зүйлс гараад ирэхээр их олзуурхдаг. Би олон жил өдрийн тэмдэглэл хөтөлж байна. Бодож ч амжаагүй зүйлсээ бичиж байхдаа олох нь бий. Тэр үед их таатай мэдрэмж авдаг юм. Сайн зохиол, бүтээл туурвихыг хүсдэг түүнээсээ л хүсэл тэмүүлэл мэдэрдэг дээ.

Гэрэл зурагчин Г.Ананд

Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг

- Хавар ирэх үед хотын аль хэсэг танд илүү таалагддаг вэ?

Арван жилээ хотод төгсөөд оюутан болохдоо өөр тийшээ нүүчихсэн юм. Тэнд нэг их өрнөл болж байгаагүй л дээ. Харин энд өсөж торних цаг хугацаандаа хаврын өрнөлийг илүү их мэдэрсэн юм байна. Сургуулиас гэр хүрэх зайд сайхан, муухай олон жилийн дурсамж энэ л газар өрнөсөн. Зун болохыг их хүлээдэг байлаа. Хаврын урь орох үед шороо шуураад гэр хороолол зэвхий дардаг байсан ч хаврын догдлол минь илүү тод санагддаг байв. Өвөл гэр хороолол маш их утаатай. Утаа арилаад эргэн тойрны үзэмж харагдаж эхлэх үе, гадаа тоглох, зун юу хийх вэ гэж догдлон хүлээх мөч, хаврын шалгалт гээд л энэ бүх зүйл надад хаврыг санагдуулдаг даа.

- Хаврын улиралд сонсох дуртай дуунаасаа бидэнтэй хуваалцаач

Хүүхэд байхад одоогийнх шиг дуу сонсохын тулд нэг газар очоод утсан дээрээ ч юм уу, дуугаа татаж суулгаад сонсдог байсан шүү дээ. Хавар болохоор яагаад ч юм, Justin Bieber-ийн “Baby” дууг сонсмоор санагддаг. 

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

Дурсамжаасаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон зүйл үзэж туулж, мэдэрч, одоогийн өөрийгөө бүтээсэн болохоор дурсамжаа эргэн харахад сайхан байдаг юм. Хүмүүс өнгөрснөө ардаа үлдээгээд урагшлах хэрэгтэй гэж хэлдэг ч би үүний эсрэг байдаг хүн. Анх камер мэддэггүй байхдаа утсаараа зураг аваад л, авсан зургаа дараа нь хараад суудаг байсан тэр өнгөрсөн цаг хугацаа өнөөдрийн хүсэл тэмүүлэл дүүрэн намайг бүтээсэн шүү дээ.

Зураач Ц.Соёлмаа

Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг

- Улаанбаатар хотод хавар ирэхэд танд хотын аль хэсэг илүү их таалагддаг вэ?

Хавар гэхээр Олимпын гүүрний тэр хавиар алхдаг үе санаанд бууж байна. Автомашинуудын хөдөлгөөн хотын завгүй хэмнэлийг илэрхийлж, урин дулаан ороод хүмүүс нимгэхэн хувцсандаа орчихсон. Баруун тийшээ парк харагдаад л, орой тэнгэрийн хааяа болон хотын үзэмж их үзэсгэлэнтэй харагддаг. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хавар очиход үнэхээр таатай газар.

- Танд хаврыг санагдуулдаг дуу, хөгжим бий юу?

Ном, кино, дуунаас мэдэрдэг таашаал хүмүүсийн наснаас шалтгаалаад өөр хоорондоо ялгаатай байдаг байх. Зөвхөн хаврын улиралд баригдахаас илүү сүүлийн үед би монгол ардын хөгжим юм уу, ямар ч үггүй классик хөгжим их сонсож байгаа. Хавар гэвэл Дмитрий Шостаковичийн 2 дугаар вальсыг сонсох үед удаан хөдөлгөөнгүй байсан зүйлс амь орж байгаа юм шиг санагддаг юм. Ардын хөгжмөөс Мөнхбаатар гуайн Баянмонгол чуулгатай хамтарсан “Сэр сэр салхи” дууг сонсох үед яг хаврын тэр нэг тэсрэх орон зайн мэдрэмжийг мэдрэх шиг болдог.

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

Шинэ бүтээл туурвих хүсэл тэмүүлэл байнга л төрж байдаг юм. Сүүлийн үед анзаараад байхад уран бүтээлч хүний амьдрал өдөр бүр уран бүтээл хийх боломжгүй юм билээ. Гэхдээ өдөр бүр л шинэ бүтээлийн санаа төрж, өмнөх бүтээлийнхээ талаар боддог юм. Заримдаа уран бүтээлээсээ түр хөндийрөх үед шинэ бүтээл хийх хүсэл тэмүүлэл төрдөг бол эсрэгээрээ шинэ бүтээл хийх явцад илүү мэдрэгдэх үе ч бий. 

Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг
Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг
Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг
Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг
Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг
Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг
Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг
Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг

Passion in the city: Улаанбаатарын хавар нийтлэлийн зураг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Passion in the city: Улаанбаатарын хавар | Posted