Lost in Nebula: Хөгжим хүнийг мэдрэхүйн хамгийн өндөр түвшинд хүргэдэг


Олны нүдэнд
Эсвэл далд хамаагүйгээр
Өөрийн замаар амьдарсаар
Өөрийгөө мэдрэн амьсгалсаар...
“Lost in Nebula” хамтлагийн энэ хэдхэн мөр тэдний хөгжмийг төдийгүй өөрсдийг нь илэрхийлэх шиг. Өдөр нь анагаахын ухаанд суралцаж, орой нь тайзан дээр амьд хөгжмийн хэмнэлээр амьсгалдаг Соло болон ритм гитарчин Г.Билгүүтэй, Т.Жавхлан, басс гитарчин М.Мөнхжин, бөмбөрчин П.Азжаргал нар, тэдний хөгжмийн ертөнцийг хоолойгоороо амилуулдаг дуучин Э.Хулангийн хувьд хөгжим бол тайзан дээр тоглох төдий урлаг биш. Харин өөрсдийгөө хамгийн үнэнээр нь мэдэрч, илэрхийлдэг хэл юм.
2026 оны Playtime Festival-ийн BNKR Stage-д тоглохоор бэлтгэж буй “Lost in Nebula” хамтлагтай тэдний хөгжмийн цаадах ертөнц, хамтлаг болсон түүх, цаашдын мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.
“Хамтлаг гэдэг хөгжмөөс илүү мэдрэмжийн нэгдэл байдаг”

Э.Хулан: Анх Билгүүтэй, Жавхлан, Мөнхжин гурав хамтлаг байгуулж, хамтдаа хөгжим тоглоё гэж цуглаж байсан юм билээ. Миний анхны тайз Volunteer Hub-аас зохион байгуулсан Open Mic арга хэмжээ байсан. Түүнээс өмнө би зөвхөн гэртээ, хөшигний ард эсвэл угаалгын өрөөндөө л дуулдаг байсан болохоор өөрийгөө сайн эсвэл муу дуулдаг эсэхээ ч мэддэггүй байлаа.
Тэр орой Билгүүтэй, Жавхлан хоёр намайг анх сонссон юм байна лээ. Харин сар орчмын дараа Инстаграмаар намайг олж, холбоо бариад хамтлагтаа нэгдэх санал тавьсан. Ингээд 2022 онд бид хамтлагаа байгуулсан. Эргээд бодоход тэр өдөр тайзан дээр гарахаар өөрийгөө зоригжуулсан шийдвэр минь миний амьдралын хамгийн үнэ цэнтэй алхмуудын нэг байжээ.
Тэр үед бүгд л маш их хүсэл тэмүүлэлтэй байсан ч хамтлаг гэдэг зөвхөн сайн хөгжим тоглодог хүмүүсийн нийлбэр биш юм билээ. Хүн бүр өөрийн амьдралд сэтгэл хангалуун, хийх ёстой зүйлээ хийж, нэгэн ижил мэдрэмж дээр огтлолцож байж жинхэнэ утгаараа хамтлаг болдог юм шиг санагддаг.
Эхэндээ бидний хэмнэл төдийлөн нийлэхгүй байсан. Нэг хэсэг тарж, өөр өөр хамтлагт тоглож үзсэн үе ч бий. Харин 2025 онд бид дахин уулзахад удаан уулзаагүй найзууд шиг маш амархан ойлголцсон. Тэр үеэс бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн дээ. Дараа нь бөмбөрчин хэрэгтэй болж, Азжаргал манай хамтлагт нэгдсэнээр өнөөдрийн “Lost in Nebula” бүрэн бүрэлдэхүүнээ олсон. Одоо бид өөрсдийн долоон дуутай болжээ.
-Хөгжимчин бүрийн түүх нэгэн жижиг оч дүрэлзэн асахаас эхэлдэг. Заримынх нь хувьд хүүхэд насны тоглоом шиг сониуч зан байсан бол, заримынх нь хувьд амьдарлыг нь өөрчлөх ганцхан дуу байхад л хангалттай байдаг. “Lost in Nebula” хамтлагийнхны хувьд тэр эхлэл ямар байсан бэ?
Т.Жавхлан: Би багаасаа хөгжимд маш дуртай хүүхэд байсан. Долоодугаар ангид байхад сургууль дээр бүх хүүхэд бишгүүр сурдаг байлаа. Миний тоглож сурсан хамгийн анхны хөгжим тэр байсан юм. Тэр үед анх “Naruto” анимэгийнхаа аяыг тоглож сурч, дараа нь аав маань жижигхэн төгөлдөр хуур авч өгснөөр ямар ч багшгүйгээр өөрөө сонсож сурч эхэлсэн дээ.
Харин 12-р ангид байхдаа анхны акустик гитараа авч байсан. Их сургуулийн хоёрдугаар курст ороод "ямар ч байсан хамтлагт тоглож үзье" гэж бодоод оюутнуудын дундах нэг хамтлагт элсэж орсноор Билгүүтэйтэй танилцсан юм. Бид хоёр анхнаасаа л хэзээ нэгэн өдөр өөрсдийн гэсэн хамтлагтай болно гэж ярьдаг байсан. Сонирхолтой нь, хамтлагт орсныхоо дараа л өвөөгөө гитарчин байсныг мэдсэн. Тэгэхээр хөгжимд татагдах тэр мэдрэмж надад хаа нэгтээгээс өвлөгдөж ирсэн юм шиг санагддаг.

Г.Билгүүтэй: Нэгдүгээр курстээ анхны гитараа аваад л "за, хамтлагтай болно" гэж бодож эхэлсэн дээ. Тэр үеийн хамгийн том мөрөөдөл маань нэг л өдөр Playtime-ын тайзан дээр тоглох байлаа. Ер нь шилжилтийн насандаа анх амьд хөгжим сонсоод маш их дурласан. Тайзан дээр хөгжимчид тоглож, үзэгчид тэр хөгжимтэй нь хамт нэгэн хэмнэлд амьсгалж байгаа мэт санагдсан нь надад үнэхээр хүчтэй мэдрэмж төрүүлсэн. Playtime-ын тайзан дээр тоглоно гэдэг бидний анхны мөрөөдлүүдийн нэг байсан. Тэр мөрөөдөлдөө энэ жил хүрч BNKR Stage-д тоглох гэж байгаадаа үнэхээр баяртай байна.
М.Мөнхжин: Жавхаа, Билгүүтэй хоёр намайг хамтлагтаа урьж, басс гитар тоглож үзэх санал тавьсан. Би багаасаа амьд хөгжим сонсож өссөн болохоор "нэг оролдоод үзье" гэж бодсон. Үнэнийг хэлэхэд, басс гитар гэдэг хөгжмийн зэмсгийг тэр үед бараг анх удаа л харж байлаа. Тэгээд хамтлагийнхантайгаа тууштай бэлтгэл хийж, одоо хүртэл сурсаар байгаа гэж боддог.

Э.Хулан: Манай их сургуулийн ангийн найз надад Colors хамтлагийн "Хайр ба гэр бүл" дууг анх сонсгоод, хамт коверлож дуулъя гэж санал тавьсан юм. Тэр дуу миний хувьд амьд хөгжмийн ертөнц рүү хөтөлсөн эхлэл байсан гэх юм уу. Тэр оройноос хойш хамтлагуудын хөгжмийг зүгээр л сонсоод өнгөрөхөө болиод нэг нэгээр нь гүнзгий мэдэрч сонсохыг хичээж, ямар түүхтэй, ямар өнгө аяс, ямар мэдрэмжээр бүтсэнийг нь ойлгохыг хүсдэг болсон.
П.Азжаргал: Би тав, зургаадугаар ангиасаа л бөмбөр тоглож эхэлсэн. Манай гэр бүлийнхэн бүгд хөгжимтэй ойр хүмүүс болохоор хөгжим бидний амьдралын нэг хэсэг байсаар ирсэн. Магадгүй тийм болохоор л намайг ч бас бөмбөрийн ард суулгаж, хөгжимтэй нөхөрлүүлсэн байх. Эргээд бодоход бөмбөртэйгээ бараг хамт өссөн юм шиг санагддаг. Бөмбөрийн иж бүрдэл өөрөө олон хэсэгтэй шүү дээ. Bass drum, snare, tom, hi-hat, crash, ride гээд бүгдийнх нь нэр, үүрэг өөр. Анатомийн хичээл дээр маш олон бүтэц, нэршил цээжлэх шаардлагатай болдог болохоор би заримдаа тэдгээрийг бөмбөрийнхөө хэсгүүдтэй зүйрлэж тогтоодог байсан. Ингэхээр надад илүү амар санагддаг байлаа.

-Анатомийн хичээл гэж дурдлаа шүү дээ. Ингэхэд та бүхэн одоо ямар мэргэжлээр суралцаж, эсвэл ажиллаж байна вэ?
Э.Хулан: Манай хамтлагийн дөрвөн хөгжимчин бүгд эмчээр сурдаг. Жавхаа, Билгүүтэй, Мөнхжин гурав Хүний их эмчээр, Азаа Шүдний эмчээр сурч байгаа. Магадгүй тэр утгаараа хөгжим дээрээ их мэдрэмжтэй байдаг байх.
Нэг удаа би зураач Бадам гуайн үзэсгэлэнг үзээд их удаан ярилцаж суусан юм. Тэгэхэд Бадам гуай "Эмч хүмүүс юмыг илүү задалж, нарийн ойлгож мэдэрдэг. Тийм болохоор урлагийг ч бас өөрөөр хүлээж авдаг" гэж хэлсэн. Манайхан хоорондоо хөгжим дээр ч их нарийн ойлголцдог нь үүнтэй холбоотой ч юм шиг санагддаг.
Хэрэв хүний мэдрэмжийг доод, дунд, дээд гэсэн гурван түвшинд хувааж болох юм бол хөгжим хүнийг хамгийн дээд түвшинд нь хүргэдэг юм шиг. Зарим аялгуу үгээр илэрхийлж чаддаггүй мэдрэмжийг хүртэл хөглөж чаддаг шүү дээ.
Хүн хамгийн дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийж байхдаа л өөрийгөө хамгийн үнэнээр нь илэрхийлдэг байх.
-Хөгжим хүнийг мэдрэхүйн хамгийн өндөр түвшинд хүргэдэг гэж хэллээ шүү дээ. Тэгвэл танай хамтлаг хөгжмөөрөө хүмүүст яг ямар мэдрэмж үлдээхийг хүсдэг вэ?
Э.Хулан: Nebula гэдэг нь сансар дахь хий, тоосонцрын аварга үүл юм. Зарим нь мөхсөн оддын үлдээсэн мөр байдаг бол, зарим нь шинээр од төрөх эхлэл болдог. Тэр дүр зураг нь өөрөө их үзэсгэлэнтэй яг л нэг зүйл төгсөхийн зэрэгцээ нөгөө нь эхэлж байдаг тэр мөчлөг шиг санагддаг. Манай хамтлаг ч гэсэн хөгжмөөрөө дамжуулан хүмүүсийг зөвхөн сонсоод өнгөрөх биш, мэдрэмжийн өөр нэг ертөнцөд аваачихыг хүсдэг. Хэсэгхэн хугацаанд өдөр тутмын бүх зүйлээ мартаад, тэр мэдрэмж дотроо хамтдаа "төөрөөсэй" гэсэн санаанаас Lost in Nebula гэх нэр төрсөн.
Бид Nar Bar-д тоглохдоо "манайх шинэ хамтлаг, цацагдсан уран бүтээл ч цөөн болохоор хүн нэг их ирэхгүй байх" гэсэн хүлээлттэй байсан юм. Гэтэл төсөөлснөөс хавьгүй олон хүн ирсэн. Тэр үед тайзан дээрээс нэг зүйлийг маш хүчтэй мэдэрсэн нь бид тайзан дээр байхдаа энгийн үедээ байдаг өөрсдөөсөө тэс ондоо хүн болчихдог юм байна лээ. Магадгүй хүн хамгийн дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийж байхдаа л өөрийгөө хамгийн үнэнээр нь илэрхийлдэг байх. Тэр үед ямар нэгэн дүр эсгэх, жүжиглэх шаардлага огт байдаггүй. Зүгээр л доторх мэдрэмжээ хөгжимтэйгөө хамт гаргаж байгаа мэт санагддаг.
-Энэ жил Playtime Festival-ийн BNKR Stage дээр тоглох гэж байна. Өмнө үзэгчийн суудлаас харж байсан тайзан дээрээ өөрсдөө гарах гэж байгаа энэ мөч та бүхэнд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?
Г.Билгүүтэй: Playtime дээр тоглох бол бидний хамгийн анхны мөрөөдлүүдийн нэг байсан. Тэр мөрөөдлөө биелүүлж байна гэхээр мэдээж их догдолж байна. Цаашдаа илүү ихийг сурах, илүү сайн хөгжим хийх шинэ эхлэл болох байх. Тайзан дээр гарч тоглох тэр хэдхэн минутын төлөө бид маш их бэлтгэл хийсэн. Одоо тэр мөчид үнэн сэтгэлээсээ хөгжим тоглож, бидний хөгжмийг сонсохоор ирсэн хүмүүст сайхан мэдрэмж үлдээж чадвал хамгийн том шагнал нь тэр байх.

Э.Хулан: Бид тав уулзаад зүгээр л ая тоглож эхлээд нүдээ аних төдийд өөр ертөнцөд оччихсон юм шиг мэдрэмж төрдөг. Дууныхаа үгийг бичихдээ ч эхлээд тэр аялгуу биднийг хаашаа аваачиж байгааг төсөөлдөг. Энэ хөгжим хаана эгшиглэж байна, тэнд ямар дүр зураг байна, бидэнд юу мэдрүүлж байна вэ гэдэг мэдрэмжээс л манай дуу төрдөг. Хамгийн гол нь бид өөрсдийн бүтээсэн тэр ертөнцдөө сонсогчдыг ч бас хамтдаа аваачиж, хэдхэн хормын ч болов өдөр тутмын бүх зүйлээс нь хөндийрүүлэн, хөгжим дотроо "төөрүүлэхийг" хүсэж байна.
Nebula бол мөхсөн оддын мөр ч байж болно, шинээр од төрөх эхлэл ч байж болно. Харин Lost in Nebula-ийн хувьд энэ зун шинэ нэгэн аяллын эхлэл болох нь гарцаагүй. Тэд өөрсдийн бүтээсэн ертөнцөд хамт "төөрөх" хүн бүртэй Playtime Festival-ийн гурав дахь өдөр 13:00-14:00 цагт BNKR Stage дээр уулзах гэж байна.

Сэтгэгдэл