

Монголын тал нутаг алсаас харахад өнөө ч уудам хэвээрээ. Гэвч тэр уудам нутгийн доорх хөрс, дээрх ургамал, түүнийг түшиглэн амьдардаг хүн зоны амьдрал хэдийн өөрчлөгдөж эхэлжээ.
Байгаль орчны тулгамдсан олон асуудлаас сүүлийн жилүүдэд хамгийн ихээр анхаарал татах болсон нь цөлжилт юм. Учир нь бидний анзаардаггүй өдөр тутмын жижиг асуудал бүрийн үр дагавар нь экосистемийг доройтуулж, цөлжилт үүсэх шалтгаан болдог байна. Иймд байгаль дэлхий ийнхүү хурдацтай хувьсан өөрчлөгдөж буйн шалтгаан үр дагаврыг эрэлхийлэн дараах нийтлэлийг бэлтгэлээ.
Говь нутаг болон цөлжилтийг ялгаж ойлгох нь

Юун түрүүнд говь нутаг болон цөлжсөн нутаг хоёрыг бид ялгаж ойлгох хэрэгтэй. Хээрийн бүсийн урд тал, цөлийн бүсийн араар үргэлжлэх өргөн уудам нутгийг говь гэнэ. Монголын говь бол дэлхийд хосгүй өвөрмөц нутаг юм. Цэлгэр уудам говьдоо монголчууд идээшиж дассан төдийгүй мал амьтан нь ч ээнэгшин зохицсон байдаг. Ургамал нь тачирхан, ус нь ч ховорхон хэр нь ургасан жаахан өвс ногоо нь шим шүүс сайтай, олон төрлийн амьтнаар баян. Өөрөөр хэлбэл, говь бол байгалийн зохилдлогоотой, баян тансаг нутаг аж.
Харин цөлжилт бол байгаль орчны доройтол юм. 1977 онд болсон НҮБ-ын бага хурлаар “Тухайн дэвсгэр нутгийн биологийн бүтээмж удаан хугацаагаар буурах үзэгдлийг цөлжилт гэнэ” хэмээн тодорхойлжээ. Товчхондоо, цөлжилт нь газрын гарц муудаж, мал амьтан тарга, тэвээрэг авахгүйн улмаас наанадаж хүний хүнс тэжээлийн хангамж муудах эрсдэлийг дагуулах уур амьсгалын өөрчлөлт юм.
Цөлжилтийг хурдасгагч хүчин зүйлс
Манай оронд цөлжилт дэлхийн дунджаас хурдан явагдаж байгаа нь судалгаа, ажиглалтын үр дүнд илэрдэг. Иймдээ ч цөлжилтөд чиглэсэн олон улсын хэмжээний COP17 талуудын бага хурлыг эх орондоо зохион байгуулж байна.
Эх газар доройтоход нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал, 1977 онд Кени улсын Найроби хотод болсон олон улсын бага хурлаар цөлжих үзэгдэл эрчимжихэд дараах хүчин зүйлс онцгой нөлөөлдөг болохыг тогтоожээ. Үүнд:
- Үйлдвэр, хоршоолол, усалгааны барилга, байгууламжийг барихдаа хөрсийг гэмтээн, ургамлыг устгах
- Малыг нэг газар байнга бэлчээснээс хөрс, ургамлын нөмрөг талхлагдах
- Түлшний зорилгоор мод, сөөгийг устгах
- Усалгаагүй газар тариаланг эрчимтэй явуулснаас хөрс эвдрэх
- Усалгаатай газар тариалангаас үүдэн хөрс намагших, давсжих
- Уулын энгэрийн тэгш талаар шал тойром үүсэх
- Уул уурхайн үйлдвэрийн хаягдал, бохир уснаас болж ландшафт эвдрэх гэж ангилжээ.
Эдгээрийг шалтгаан, үр дагаврын үүднээс тоймлон үзвэл юун түрүүнд, олон жил дараалсан ган, хөрсний эвдрэл зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэн цөлжилт явагдаж байна. Хоёрдугаарт, хүний буруутай үйлдлүүд цөлжилтийн гол хүчин зүйл болж байна. Жишээ нь, хагалж атаршуулсан олон мянган га газар, тайрч огтолсон олон сая модныхоо төлөөсөнд бид цөлжилтийг хурдасгаж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй юм. Үүнд төрийн зохицуулалтгүй зах зээлийн харилцаа маш том буруутай гэж хэлж болно. Хараа хяналтгүйгээр ой модыг хайр найргүй устгасан, газрын хэвлий дэх баялгийг хоморголон ашиглаад, хөрсний шархыг нөхөн сэргээлгүй орхисон зэрэг нь цөлжилтийг эрчимжүүлдэг аж.
Дэлхийн дунджаас хурдан цөлжиж буй Монгол орон

Манай орны газар нутгийн 90 орчим хувь нь цөлжих эрсдэлтэй гэж үздэг. Үүнээс 77 хувь нь аль хэдийн их, бага хэмжээгээр цөлжилтөд өртжээ. Цөлжилтийн зэргийг тодорхойлж үзвэл 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь маш хүчтэй цөлжилтийн ангилалд багтсан байна. Уг үнэлгээг өмнөх 20-40 жилийн статистик, ажиглалтын мэдээлэлд үндэслэн боловсруулсан байна.
Тиймээс манай орны газар нутгийн доройтол, цөлжилт нь анхаарах ёстой бодит асуудал мөнөөс мөн юм. Учир нь хөрс доройтсон үед ган болбол ургамал нөхөн сэргэхэд илүү хэцүү болох аж. Ургамлын бүрхэвч сийрэгжих тусам салхи хөрсийг илүү амархан хийсгэнэ. Хөрс доройтох тусам ус хадгалах чадвар мууддаг байна. Ингээд нэг сөрөг үйл явц нь нөгөөгөө улам эрчимжүүлдэг мөчлөг бий болно. Энэ мөчлөгийг таслахгүй бол цөлжилттэй тэмцэх ажил зөвхөн мод тарих кампанит ажил төдий болоод үлдэх эрсдэлтэй юм.
Цөлжилт бидний амьдралд яаж нөлөөлөх вэ?
Хөрс доройтож бэлчээр муудахад үр дагавар нь хүний амьдралд шууд нөлөөлж эхэлдэг байна. Тухайлбал малчин айлын хувьд бэлчээр гэдэг бол өрхийн орлого, хүнсний эх үүсвэр, амьдралын баталгаа юм. Бэлчээр доройтох тусам малчид илүү хол нүүдэллэх шаардлагатай болно. Усны эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн илүү нэмэгдэж, малын тарга хүч буурна. Мөн өвөлжилт, хаваржилтын эрсдэл нэмэгдэнэ. Ингээд экологийн асуудал эдийн засгийн асуудал болж хувирах эрсдэлтэй юм.
Түүнчлэн, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, хүнсний нийлүүлэлт, хөдөөгийн ажлын байр, улмаар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн хүртэл бэлчээрийн экосистемийн төлөвтэй холбоотой аж. 2025 онд нийтлэгдсэн Монголын цөлжилт, газрын доройтлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн тойм судалгаанд ч энэ асуудлыг зөвхөн экологийн хүрээнд бус, нийгэм, эдийн засгийн үр дагавартай нь холбон авч үзсэн байна.
Судалгаанд цөлжилтөөс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг жилд дунджаар 1.2 их наяд төгрөг гэж тооцжээ. Мөн цөлжилт нь орон нутгийн иргэдийн амьжиргааны зардлыг 2-3 дахин нэмэгдүүлж байгааг тодорхойлсон байна. Тухайлбал, шатахуун түлш, ган зудын эрсдэл болон бэлчээрийн доройтлоос үүдэн малын ашиг шим багасах нь тэдний амьжиргааны орлогод сөргөөр нөлөөлдөг аж.
Цөлжилттэй тэмцэх нь

Монгол Улс цөлжилттэй тэмцэх хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. Мод тарих нь салхи, элсний нүүдлийг бууруулах, хөрсийг хамгаалах, экосистемийг сэргээхэд ач холбогдолтой.
Гэхдээ Монголын цөлжилтийн асуудлыг зөвхөн модоор шийдэх боломжгүй юм байна. Учир нь Монгол орны газрын дийлэнх хэсгийг ой мод бус бэлчээрийн экосистем эзэлдэг. Тиймээс газрын доройтлыг бууруулахын тулд тухайн газрын онцлогт тохирсон арга хэрэгтэй аж. Тухайлбал:
- бэлчээрийг зохистой ашиглах
- малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах
- усны эх үүсвэрийг хамгаалах
- доройтсон газрыг нөхөн сэргээх
- уул уурхай болон зам тээврийн нөлөөллийг бууруулах зэрэг арга хэмжээ авах нь зайлшгүй зүйл юм.
Эндээс бид асуудал бүр жижигдэхгүй, нэг нэгэндээ нөлөөлж л байдаг гэдгийг харж болохоор. Эцэст нь, цөлжилтийн асуудал, шийдлийг нэг өгүүлбэрээр илэрхийлэх гээд үзье. Бид цөлийг хүлээн зөвшөөрөх биш, доройтож буй газрыг амьд байгаа дээр нь сэргээх хэрэгтэй юм байна. Учир нь газрын доройтол дуусахад өвс ургамал алга болоод зогсохгүй тэр газрыг түшиглэн амьдарч байсан хүний амьдралын хэв маяг ч алга болох эрсдэлтэй юм.
Сэтгэгдэл