УБ 4°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Ц.Дэлгэрмаа: Яруу найраг, уран зохиол бичихийн тулд хүн аливаа зүйлийг мэдрэмжээрээ, сэтгэлээрээ илүү гүн туулдаг юм шиг санагддаг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Ц.Дэлгэрмаа: Яруу найраг, уран зохиол бичихийн тулд хүн аливаа зүйлийг мэдрэмжээрээ, сэтгэлээрээ илүү гүн туулдаг юм шиг санагддаг

Ц.Дэлгэрмаа: Яруу найраг, уран зохиол бичихийн тулд хүн аливаа зүйлийг мэдрэмжээрээ, сэтгэлээрээ илүү гүн туулдаг юм шиг санагддаг

Б.Урнаа
Б.Урнаа
Сэтгүүлч
2026.09.30 · 3 унших

Дэлхийн яруу найргийн өдрийг угтан зохион байгуулсан нэгэн яруу найргийн уншлагын үеэр яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн шүлгийг анх сонссон юм. Түүний шүлгүүд хаа нэгтээ орхигдуулж, мартсан мэт сэтгэлийн гүнд чимээгүйхэн оршсоор байдаг хамгийн эмзэг хэсгийг зөөлнөөр элбэн, аргадах шиг санагдсан. Уянгалан зөөлөн хоолой, үгийн нарийн хэлхээ, дүрслэлийн намуухан хэмнэл нь түүний шүлгийг зөвхөн сонсох бус, дотроо мэдрэхэд хүргэж байлаа. 

Цагаанчулууны Дэлгэрмаа өдгөө “А тэмдэглэл”, “Дотоод тэнгис”, “Зүрхэнд агч Намур”, “Нүд чинь миний тэнгэр” хэмээх яруу найргийн дөрвөн түүврээ уншигчдад хүргээд байна. Түүнчлэн “Шагундалагийн ертөнц”, “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” хэмээх хүүхдийн бэсрэг тууж туурвиж, энэ удаагийн номын баяраар “Зам” нэртэй хүүхдийн зурагт номоо мөн өлгийдөн авчээ.

“Дуртай дууг чинь гэнэт санаж сонсохуй

Дуртгалд минь чи дэргэд… Тийн суухуйд

Духан дээр үнссэн ором гэрэлтэх мэт болоод

Дулаан ээнэг элч нь өвч биеэр түгнэ…” хэмээн бичсэн түүний шүлгүүдэд үгээр хэлэгдээгүй мэдрэмж, анзаарагдаагүй атлаа удаан үлдэх агшин багтдаг гэлтэй. Монголын орчин үеийн уран зохиолын ертөнцөд өөрийн өнгө аясаар, чимээгүй хэр нь тод оршиж буй зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаатай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

“Бичих гэж буйгаасаа илүү ухаарч, мэдэрч, боловсорч байж хүн бүтээлч болдог”

fin-5.jpg

Би хүүхэд байхаасаа үеийнхнийхээ л нэгэн адил ном уншиж өссөн. Ерээд оны шилжилтийн үед ухаан орж, өсөж торнисон бидний хувьд одоогийн хүүхдүүдийн адил цахим хэрэглээ, дэлгэцийн сатаарал гэж үгүй болохоор олонх нь гэрийнхээ номын сан, сонин хэвлэлээр дамжуулан ертөнцийг таньж, хүмүүжиж өссөн болов уу. Яахав, тэр дундаас хэлний гоо сайхныг мэдэрдэг, уран зохиолд илүү дуртай хүүхдүүд нь цаашлаад сайн уншигчид болж үлддэг. Харин авьяас, хүсэл нь байвал уран бүтээлч ч болж чаддаг байх. Би өөрийгөө тийм цөөн хүүхдүүдийн нэг байсан болов уу гэж боддог.

-Таныг уран зохиолын замд хөтөлж, зохиолч, яруу найрагч болоход тань хамгийн их нөлөөлсөн хүмүүс, орчин, үйл явдлууд юу байв?

Энэ тухай өмнө нь энд тэнд ярьчихсан болохоор төдий л сонин биш болов уу. Гэхдээ би Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн уран зохиолын багш Д.Чулуунбаатар агсныг ямагт дурсах дуртай. Авьяастай хүүхдийг таньдаг, яаж хөгжүүлэхээ мэддэг хүн байсан. Мөн МУИС-ийн багш, доктор Ч.Билигсайхан агсан миний хувьд эрхэм хүн. Анхны шүлгийн түүврээ эмхэтгээд энэ ном болох нь уу та хараад өгөөч гэж аваачаад өгөхөд их сайхан өмнөтгөл биччихсэн, ирж уулзаарай гэж дуудаад урмын сайхан үг хэлж, “Өөрийнхөө мэдрэмжид хэзээ ч бүү эргэлз” гэсэн нь тод санагдаж байна.

Эдгээр сайхан багш нараас гадна надад нөлөөлсөн зүйл бол гэр бүлийн орчин. Ялангуяа манай аав уншдаг, бичдэг, аливаа хүнтэй чин сэтгэлээсээ харьцдаг, ярилцдаг, сайхан сэтгэлтэй, гэгээн мөрөөдөлтэй хүн байсан. Ном их уншихаас гадна хүүхэдтэй яг хүүхдийн түвшинд очиж харьцдаг. Хүүхэд чинь гэнэн, сониуч зангаараа утга учиргүй ч юм шиг зүйл ярьдаг шүү дээ. Тэр бүхэнд аав маань яг л найз нь юм шиг хандаж бүхий л асуусан асуултад чин сэтгэлийн хариулт өгдөг байсан. Би оюутан болоод хотод суралцаж байх үед аав маань араас захидал их бичдэг байлаа. Тэр захидлуудыг одоо эргээд бодоход, аав намайг уран зохиолын хүн болно гэдгийг эртнээс олж харсан байсан юм шиг санагддаг.

-Яруу найрагч, уран бүтээлчийн замнал дандаа гэрэлтэй, баяр жаргалтай байдаггүй байх. Заримдаа бууж өгмөөр, энэ замаас хөндийрмөөр үе ч тохиолддог болов уу. Танд тийм үе байсан уу. Тийм хүнд үеүд таны уран бүтээлд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү?

Аавыг өөд болсны дараа амьдралын илүү хүнд сорилтууд, өөрөө л туулж гарахаас өөр аргагүй жам ёсны зүйлс тулгарсан. Тэр үед, үнэнийг хэлэхэд, би заавал уран бүтээлч байх ёстой гэж үү, заавал зохиолч, яруу найрагч байх шаардлага надад байна уу гэсэн бодол маш хүчтэй төрж байсан. Тийм бодол залуу насанд магадгүй цөөн хэдэн удаа мэдрэгдсэн байх. Аливаа бичгийн хүн, ялангуяа уран зохиолыг зам мөрөө болгож яваа хүн мэдрэмжийн хувьд илүү гүн, сэтгэлийн хувьд аливаа үнэнийг шууд онон харах зөн гэмээр онцлогтой байдаг шиг санагддаг. Тэр мэдрэмж, хараа нь тэлж боловсорч сайн бүтээл болох нэг хэрэг. Гэхдээ энэ их материаллаг, хүний сэтгэл хатуурсан нийгэмд бол тээж явахад амаргүй ачаа ч байж мэднэ. Яг л нэг хамаг бүхэнд эргэлзсэн амьдралын том эргэлтийн ард бичигдсэн шүлгүүд “Зүрхэнд агч Намур” түүвэрт минь орсон бий. Тэгэхээр уран зохиолын зам мөрийг сонгосондоо эргэлзэж, амьдралд гутсан үедээ бүр илүү хүчтэй бичсэн байгаа юм.

Тэгээд араас нь “Шагундалагийн ертөнц” романаа ч бичсэн. Сэтгэлд нэг л юм тороод яваад байгаа бол түүнийг тойруулаад тордох, өөрөө хүрч ойлгож чадахгүй байгаадаа хүрч ойлгохыг эрмэлзэх, сэтгэлээ, мэдрэмжээ таних, товчхондоо бичих гээд байгаагаасаа илүү ухаарч, мэдэрч, боловсорч байж л хүн зохиол бичдэг юм шиг санагдсан.

“Эх хэлээрээ ямар нэгэн зүйлийг илэрхийлж сайхнаар цогцлоох нь уран бүтээлчийн хувиар амсах жаргалын нэг гарцаагүй мөн”

fin.jpg

-Тэгвэл уран бүтээлч хүний хувьд танд хамгийн их аз жаргал өгдөг зүйл нь юу вэ. Шүлэг бичиж, бүтээлээ туурвихын яг аль мөчид та “энэ л миний хийх дуртай зүйл” гэдгээ хамгийн тод мэдэрдэг вэ?

-Сайхан зүйл олон шүү. Ялангуяа хорь гаруйхан настай, залуу явахдаа сайхан шүлэг биччихвэл түүндээ их баярладаг байлаа. Гэхдээ миний баяр гаднаасаа нэг их харагдахгүй. Пээдийгээд л, ааглаад л байдаггүй. Дотроо, өөртөө урамшина, өөрийгөө урамшуулна. “Яг үүнийг би ямар гоё илэрхийлчхэв ээ” гээд амандаа шүлгээ шивнээд, хэм хэмнэлийг нь засаад л алхана. Тэгж өөртөө урамших хүртлээ өчнөөн муу юм биччихсэн л байгаа. Тэр бүгдээ засна, хасна. Хэлээр бүтээх, илэрхийлэхүй гэдэг чинь хүний нүдэнд ил бус тархин дотор өрнөх чанд хөдөлмөр шүү дээ. Тэгээд л эцсийн, өөртөө болсон гэж үзсэн, өөрөө тоосон шүлгээ бусдад харуулна.

Шүлэг бичнэ гэдэг зүгээр нэг бодол, мэдрэмжид торсон бүхнээ гадагшлуулчихдаг зүйл ерөөсөө биш. Бид монгол хэлний ай сав дотор байна. Бидний хамгийн чухал хэрэглэгдэхүүн бол хэл. Хэл гэдэг өөрөө маш гайхамшигтай. Ямар үг ямар хам орчинд, ямар байдлаар илэрхийлэгдэхээсээ хамаараад тэс өөр утга, өнгө аяс бий болгож болдог тийм гайхамшигт чанартай. Хэлний уран сайхан, илэрхийлэх боломж хязгааргүй, шавхагдашгүй. Шүлгийнхээ нэгээхэн мөрөөр ч болов тийм боломжийг нээх гэдэг үнэхээр сайхан мэдрэмж. Тэр хэрээрээ эх хэл маань ямар нандин, ямар баялаг, ямар яндашгүй сайхан юм бэ гэдгийг мэдэрнэ, хайрлана. Хэлэндээ хайр найргүй хандахгүй байхыг хичээнэ, үгийг асгаж цутгахгүй, яг илэрхийлэх гэснээ онохыг хичээнэ. Эх хэлээрээ ямар нэг сайхан зүйлийг илэрхийлж цогцлоох нь уран бүтээлчийн хувиар амсах жаргалын нэг гарцаагүй мөн.

-Сүүлийн жилүүдэд залуу үеийнхэн уран зохиол, тэр дундаа яруу найргийг илүү сонирхон уншдаг болсон. Гэхдээ олон нийтэд төдийлөн танигдаагүй, анзаарагдалгүй үлдсэн ч таны бодлоор заавал уншиж, нээж танилцах хэрэгтэй зохиолч, яруу найрагч, бүтээлүүд байдаг уу?

Цаг үедээ, үеийнхэн дундаа бүтээж туурвиж явсан ч ихэнх нь одоо үгүй болсон эсхүл өөр зам мөрөөр замнасан хүмүүсийг эргэж унших, шинээр нээх хэрэгтэй байдаг нь аль ч цаг үед байдаг бололтой. Жишээ нь Батжаргалын Одгэрэлийн “Үл таних зочин” гээд алгын чинээхэн ном байдаг. Тэр номыг залуучууд уншаасай гэж боддог. Мөн Гүржавын Нямдорж гэж 1980, 1990-ээд онд яруу найраг, хүүрнэл бичиж байсан авьяаслаг зохиолч бий. Одоо байхгүй л дээ. Дашийн Оюунчимэг гэдэг гайхалтай яруу найрагч эмэгтэйг бас уншаасай гэж боддог. Ер нь анзаараад байхад олны нүдэнд ил харагдаад байдаг улсын цаана адилхан нээж уншиж, ядахдаа амьдарч асан цаг үеийг нь, уран зохиолын цаг үеийг ч зураглаад баримжаалах ёстой чөмөгтэй бүтээлчид хэзээд байдаг. 1990-ээд оны гэгдэх Д.Цогбадрах, Т.Содномнамжил, Д.Баттогтох гээд сайхан шүлэгчид байсан. Эдгээр хүмүүсийг би яагаад нэрлэж байна вэ гэхээр монгол хэлээрээ бичих, илэрхийлэхийн сайхныг өөр өөрийнхөөрөө бүтээж чадсан хүмүүс болов уу гэж боддог. Тийм өөр өөр өнцөг, өөр өөр илэрхийллийг нээж унших хэрэгтэй. “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” туульс , ардын дуунаасаа ч бид хэлнийхээ сайханд суралцах боломжтой. Бидний язгуурын бүхэн тэнд л бий шүү дээ. 

“Аавыгаа өөд болсны дараа тэр дурсамжийг арай өөрөөр харж, зохиолдоо илүү нандин хандсан юм болов уу гэж боддог”

fin-2.jpg

 -Та 2025 онд “Долоон од” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулсан. Ээж болж, хүүхдийн номтой илүү ойр танилцсанаар хүүхдийн ном бүтээх бүтээх хүсэл бий болсон уу? Энэ шилжилт хэрхэн эхэлсэн бэ?

Арван хэдэн жилийн өмнө ээж болоод нэг зүйлийг анзаарсан нь уран зохиол, ном хэвлэлийн талбарт хүүхдийн монгол агуулга их цөөн юм уу гэж бодогдсон. Мэдээж, сайн хүүхдийн зохиолчид бий, бичиж л байгаа. Гэхдээ тэд маань их даруухан, тэрүүхэн тэндээ нам гүм оршиж, бичиж туурвих хөдөлмөртөө л анхаардаг улс шиг байгаа юм. Тэгэхэд л энэ талбарт миний орон зай байгаа юм шиг мэдрэгдсэн. Гэхдээ бичтэлээ их удсан.

2021 онд миний анхны хүүхдийн зохиол болох “Баавгай нэртэй шувуу” бэсрэг тууж хэвлэгдсэн. Бичих болсон шалтгаан нь их энгийн. Ахлах ангидаа зуны амралтаараа гэртээ очтол аав ижлээсээ төөрсөн өчүүхэн ангирын дэгдээхий гэртээ аваад ирсэн байна. Манайх сумын төвд, байшинд. Гэтэл ангир нүүдлийн шувуу байдаг. Дэгдээхэйг анх олсон хүн усанд тавихаар ижил сүрэг нь олдохгүй эсвэл гологдоод байж. Тэгээд өнөөх дэгдээхэйдээ “Баавгай” гэж нэр өгөөд, аав бид хоёр зунжингаа л үзэж тарсан. Дэгдээхэй чинь ээжийгээ дагаж бүхнийг  сурдаг юм байна л даа. Гэтэл тэр хариуцлага аав бид хоёр дээр ирчихсэн. Өглөө босоод л нөгөө дэгдээхийгээ арчлаад, сургаад, хооллоод, нисгэж хүртэл сургалаа. Энэ бол аав бидний, ер нь манай гэр бүлийн сайхан дурсамжийн нэг юм даа.

Аавыгаа амьд сэрүүн байхад л Баавгайнхаа тухай ном бичнэ ээ гээд яваад байлаа. Гэтэл өөд болсных нь дараа сая нэг бүтээл болж хэвлэгдсэн. Одоо бодоход аавыгаа өөд болсны дараа тэр дурсамжийг арай өөрөөр харж, зохиолдоо илүү нандин, сүнстэй хандсан юм болов уу гэж боддог.

Хүүхдийн ном гэхээр “хөнгөн, хялбар, бичихэд амархан” гэх мэт ташаа ойлголт байж болохыг үгүйсгэхгүй. Хэрэг дээрээ бол тийм биш. Адилхан л ширээний ард сууж, ижилхэн бодож сэтгэнэ, бичнэ, засна, нямбайлна. Харин ч хүүхдийн гэгээлэг, хөнгөн, заримдаа хоржоонтой сэтгэл зүйд өөрийгөө тааруулах шаардлагатай болдог. Хүүхдийн уран зохиол бичих болсон нь намайг элдэв хүлээснээс салгасан юм шиг санагддаг. “Чи хүссэнээ л бич. Чамаас юу гарна, тэрийгээ л бич. Хийж бүтээж байгаа л бол тэр болгон сайхан” гэж өөртөө хэлдэг. Шүлгээ ч бичиж, хүүрнэлээ ч бичиж, тэр зуураа хүүхдэд зориулж ном бичихээ марталгүй явсаар энэ хүсэл минь “Little Seven” гэдэг хүүхдийн номын бяцхан редакц болж өргөжөөд байна. Хэлний яруу сайхныг мэдэрдэг, үгээр дамжуулж ертөнц нь нээгддэг, уран зохиолд илүү дуртай тэр л хүүхдүүд миний уншигч гэж боддог юм.

-Сүүлд “Зам” хэмээх хүүхдийн зурагт номоо номын баяраар уншигчдын хүртээл болголоо. Өмнөх уран бүтээлүүдтэйгээ харьцуулахад энэ номыг бүтээх үйл явц хэр өөр байсан бэ?

fin-1.jpg

Миний хувьд зурагт ном дээр ажиллах нь шинэ туршлага байв. “Зам” зурагт ном маань хоёр, гуравхан хуудас зохиолоос бүрдсэн. Зураачтайгаа холбогдоод зурагт ном болгохоор ажиллах явцдаа тэр өчүүхэн текст хүртэл ямар их хувирч, өөрчлөгдөж болдгийг харсан. Зураг, текст хоёр нийлж байж нэг агуулгыг бий болгоно. Харилцан нэг нэгнээ нөхнө. Үгээр илэрхийлээгүйг зураг нөхөж, зураач өөрийнхөө уран сэтгэмжээр баяжуулж болно. Дөчөөдхөн хуудастай тэр номоос хүүхэд Монгол эх орноо хот хөдөөтэй нь, дөрвөн улиралтай нь, агаарын сайхантай нь, утаатай угаартай нь, зовлон жаргалтай нь харж болохоор бүтээгдсэн бий.

Редакцын төлөвлөгөөнд янз бүрийн, гэхдээ дан уран зохиолын агуулгатай хүүхдэд танин мэдэхүйн гоо сайхан, аливааг хайрлан энэрэхийн гоо сайхныг түгээх зорилготой хэд хэдэн ном, зохиолын санаа ар араасаа явж байна. Юу санаснаа биш, анхнаасаа бодлоготой, зорилго нь тодорхой байхаар бодож байгаа. Жишээ нь “Зам” бол “Томчууд ч уншиж болох зурагт ном” төслийн анхны бүтээл. Хүүхдийн бүтээлч уншлагад томчуудын, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүл дундаа ярилцах сэдэв гаргаж өгөх нь энэ цувралын зорилго. Зам гэхээр түүгээр зорчих аливаа төрлийн тээврийн хэрэгсэл юу юм, хүн хаашаа, юугаар явж, зорчиж болох юм гэдэг ерөнхий ойлголтыг хүүхэд авч байхад цаана нь хүний амьдралын өргөн зам, өөрөө өөрийгөө олохын тухай, амьдралаа бүтээхийн тухай, хэн болох тухай утга явж байж болно оо доо, тийм ээ. Тэр сацуу томчууд хүүхдэдээ уншиж өгөхдөө, өөрөө уншаад эргэцүүлэх, дурсах, хүүхэдтэйгээ ярилцах боломжтой байхаар бодож энэ номоо бүтээсэн.

-Та өөрөөсөө доош үеийн уншигчид, тэр дундаа өсвөр үеийнхний тухай бодохдоо юуг хамгийн их анзаардаг вэ?

Өнөөдөр хэл гэдэг маань их эмзэг зүйл болчихлоо. Гэхдээ цагийн цагт л тийм байсан уу, тийм эмзэг торгон ирэн дээр оршдог, хувь үндэстний оршихуй, үнэт зүйлтэй холбогдсон нандин эд хэл л бололтой. Охиныхоо ярианаас, сонсож байгаа дуу хөгжмөөс нь заримдаа анзаарна. Сэтгэлийн нандин, үнэт чанар одоо цагийн дуу хөгжмийн хэлээс их л ховор харагдах шиг. Гэхдээ зарим зүйлийг хайрламаар, нандигнамаар. Энэ чинь ийм сайхан шүү дээ гээд харуулмаар. Тийм сайхныг, нандиныг, нэгдмэл үнэт зүйлийг улс нь бодлогоор ирээдүйн үр хүүхдэдээ суулгаж, уран бүтээлчид нь түүнийг чин сэтгэлээсээ дэмнэж, өргөж, бүтээж өгөх ёстой болов уу.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Урнаа
Б.Урнаа
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.