2023-2024 оны өвөл нутгийн бүх хэсгээр цасны зузаан нягтарч төмөр болон мөсөн зуд нүүрлэсэн. Тэр жил ойр наана тохиогоогүй хүнд өвөл болж манай улсын мал аж ахуйн салбар ихээхэн хохирол амссан билээ. Тухайн үед олон нийтийн сүлжээнд “малчид залхуу болохоор малаа алдаж байгаа юм” гэх хүчтэй шүүмжлэл өрнөж, хот хөдөөгөөрөө хуваагдах дээрээ тулан энэхүү үйл явдал хүндэрсэн бол зудтай адил Үндэсний хэмжээнд ноцтой асуудал үүсэх эрсдэлтэй талаар мэргэжлийн судлаачид өөрсдийн цахим хуудсаар дамжуулан анхааруулж байсан цаг саяхан.
Одоо эргээд харахад тэр үеэс хойш аль хэдийн гурван жил өнгөрсөн байгаа нь хачирхалтай. Гэтэл манай улсын мал аж ахуй, монгол малчдад тулгамддаг асуудал мундахгүй юм болохоор малчид улирал бүр хүнд сорилттой нүүр тулсан хэвээр. Гэхдээ энэ удаагийн нийтлэлд бид зуд, ган зэрэг байгаль цаг уурын тухай биш, жилийн дөрвөн улирал нүүдэллэн бэлчээр сэлгэж, таван хошуу малаа өсгөн үржүүлж яваа малчдын хомсдолын талаар дурдах гэж байна.
Сүүлийн үеийн тоо баримт бидэнд юу хэлэв?
Нээлттэй эх сурвалжаас харахад 2025 оны байдлаар Монгол Улсын малын тоо толгой ойролцоогоор 60 саяд хүрээд байгаа юм. Ирээдүйд энэ тоо өсөх магадлалтай. Гэвч тэр цаг үе ирэхэд энэхүү асар их баялгийг маллаж, өвлөн үлдэх эзэд болох малчдын тоо жил ирэх тусам буурч байгаад гол асуудал байгаа юм.

2025 онд манай улсад 313,195 малчин бүртгэгдсэний 195,526 нь малчин өрх байна. Үүнээс Хөвсгөл аймагт хамгийн их буюу 20,069 малчин өрх байгаа бол Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 775 малчин өрх байна. Энэхүү тоон үзүүлэлтийн ард Монголын уламжлалт мал аж ахуйн салбарын ойрын хэдэн жилдээ анхаарах шаардлагатай асуудал нуугдаж буйг насны бүтцээс харж болох юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн хэдэн жил малчдын насжилт, хөдөөгөөс хотыг зорих залуу малчдын шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдсээр байна.

Говь нутгийн малчин өрхийн тоо хангайн бүсийн аймгуудтай харьцуулахад илүү хурдан буурдаг. Учир нь өвс, усны хомсдол, ган ганчиг, цөлжилт зэрэг байгаль цаг уурын өөрчлөлт говийн аймгуудад илүү тулгардагтай холбоотой аж. Тодруулбал, 2020 онд Өмнөговь аймагт 10,219 малчин өрх, Дундговь аймагт 12,505 малчин өрх бүртгэлтэй байсан ч 5 жилийн дараа буюу 2025 онд Өмнөговь аймагт 8,947, Дундговь аймагт 11,982 малчин өрх бүртгэгджээ. Дээр дурдсанчлан 2023-2024 оны зуднаар хамаг малаа алдсан малчид төв суурин газар бараадсан нь энэхүү өөрчлөлтөд мөн нөлөөлж байгаа.
Насны бүтцийн статистик мэдээллийг нарийвчлан авч үзвэл, өнөөдөр нийт малчдын 60 орчим хувийг 40-өөс дээш насныхан бүрдүүлж байгаа бол 15-34 насны буюу залуу малчдын эзлэх хувь 10 жилийн өмнө 40 гаруй хувьтай байсан ч өнөөдөр 25 хувь руу унаж, хөдөө орон нутагт өндөр настай, эсвэл дунд эргэм насны нэг малчинд ногдох залуу халаа үгүйлэгдэж эхлэв. Ердөө 10-15 жилийн дараа гэхэд өнөөдрийн дунд эргэм насны малчид өндөр настны эгнээнд шилжинэ. Харин тэр үед тэдний араас төрөн гарах залуу малчид одоогийнх шиг хомс хэвээр байвал хөдөө нутаг эзэнгүйрч, малгүй, малчин ч үгүй болох эрсдэл байна.
Мөн монгол хүний дундаж наслалт 2024 оны байдлаар 71.8 байгаа бөгөөд хөдөөгийн хүнд хүчир хөдөлмөрийн ихэнхийг нугалдаг эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдтэй харьцуулахад 9 жилээр бага байна. Одоо мал маллаж буй өндөр настнуудаас залуус бид суралцах зүйл асар их, үнэлж баршгүй өв соёл тэдэнд бий ч, хажууд нь байж тэрхүү нүүдэлчдийн ухааныг өвлөн авах цаг хугацаа дэндүү бага үлдээд буйг санах хэрэгтэй.

Тэгвэл малчдын дунд залуусын, тэр дундаа охид бүсгүйчүүдийн хувийн жин буурч байгаад хөдөөгийн нийгэм, соёл, эдийн засгийн орчин нөхцөл, мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн нөхцөл байдал нөлөөлж буй нь нэг талаар үнэн. Нөгөө талаар, хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөрийн үнэлэмж муу, малын гаралтай түүхий эдийн үнэ ханш тогтворгүй, орчин цагийн залуусын шаардлагад нийцэх дэд бүтэц (интернэт, цахилгаан, эрүүл мэнд, боловсролын дэмжлэг) сул байгаа нь залуус хот суурин газар нягтрах гол шалтгаан болж байгаа талаар судлаачид онцолж байгаа юм.
Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ЮНЕСКО-гийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (IISNC)-гээс зохион байгуулсан “Nomadic Futures: Cultural Rights, Knowledge Systems, Climate Resilience” олон улсын хурлын үеэр 20 орны 60 гаруй эрдэмтэн, судлаач, оролцогчид нүүдлийн болон мал аж ахуйн соёл, уламжлалт мэдлэгийн тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар, залуу малчдын өнөөгийн нөхцөл байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар хэлэлцэж сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс танилцуулсан юм.
Тус хурлын үеэр залуу малчдад тулгамдаж буй асуудал нь бэлчээрийн хомсдол, цаг уурын өөрчлөлт зэрэг уламжлалт сэдвийн хүрээнд хязгаарлагдахгүй нийгэм, соёл талаас нь анхаарах шаардлагатай байгааг мөн онцолсон. Тухайлбал, Япон Улсын Хокүсэй Гакуэн Их сургуулийн Дэд профессор Антропологич Казато Мари “Чанартай боловсрол эзэмших хүсэл, эдийн засгийн тогтворгүй байдал болон харилцаа холбооны хөгжил сул байгаа нь залуус хөдөө амьдрахаас татгалзахад хүргэж байна” хэмээн тайлбарласан юм. Бид үргэлжлүүлэн соёлын антропологийн арга зүйд суурилсан сүүлийн үеийн судалгааных нь үр дүнд тулгуурлан, залуу малчдын бодит байдал өнөөдөр ямар байгааг түүнээс тодруулсан юм.
“Гадаадын юм үнэтэй, дотоодынх хямд байх ёстой гэж бодож болохгүй”

“Миний хувьд Завхан, Булган аймгийн малчдын амьдралын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн болон тэдний амьдрах орчинд нөлөөлж буй хүчин зүйлсийг түлхүү судалдаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад өнөөдөр “шинэ малчин” гэх ойлголт бараг алга болоод байна. Хөдөө орон нутагт 50-иас дээш насны малчид давамгайлж, 40 орчим насны эрэгтэйчүүд олон байгаа ч эмэгтэй малчид дэндүү цөөн байгаа дүр зураг ажиглагдах боллоо.
Залуус ийнхүү хот руу шилжихэд хэд хэдэн голлох шалтгаан байгаагийн нэг нь орон нутагт чанартай боловсрол олгох сургууль дутмаг байгаатай холбоотой. Хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд аав ээж нар хүүхдүүдээ дагуулаад аймаг, хот руу явдаг. Эсвэл аав нь хөдөө малаа маллаж үлдээд, ээж нь төв дээр хүүхдүүдээ хардаг тохиолдол цөөнгүй бий. Гэтэл хүүхдүүд багаасаа мал ахуйгаасаа холдож, төв газар өсөхөөр эргээд мал дээр гарах сонирхол нь буурчихдаг. Үүнээс гадна эдийн засгийн тогтворгүй байдал болон харилцаа холбооны сүлжээ, техник технологийн хөгжил сул байгаа нь залуусыг хотод амьдрах сонголт хийхэд хүргэж байна.
Тэгвэл үүнийг хэрхэн шийдэх боломжтой гэвэл, нэн тэргүүнд орон нутагт сурч боловсрох боломжийг хангаж, сургуулиудыг нэмэхээс гадна чадварлаг, ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй багш нарын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэн цалин хангамжийг нь нэмэх шаардлагатай. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлт, худалдаа наймааг дэмжих нь малчдын эдийн засагт үзүүлж буй бодит дэмжлэг болох юм. Жишээлбэл, үхэр ашиг шим ихтэй учраас залуучууд “үхэр маллая” гэж шийдэх боломжтой. Би хувьдаа цагаан идээ, үхрийн махны үнэ нэмэгдэх нь зөв гэж боддог. Гадаадын юм үнэтэй, дотоодынх хямд байх ёстой гэж бодож болохгүй шүү дээ. Дотоодын үйлдвэрлэл зохих үнэ цэнээ хадгалахын зэрэгцээ малчдыг оролцуулан бүх хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг үнийн өсөлттэй уялдуулан баталгаажуулах нь залуучуудад хөдөө амьдрах шийдвэр гаргахад эергээр нөлөөлнө.
Дээрээс нь хөдөө орон нутагт интернэтийн хэрэглээ өндөр байгаа ч харилцаа холбооны сүлжээ, техникийн хөгжил сул байна. Тиймээс сүлжээ, интернэтийн хөгжил сайн байвал залуучууд, хүүхдүүд одоогийнхтой харьцуулахад хөдөө илүү удаан байх боломжтой. Монголчуудын бас нэг онцлог нь аав ээжийгээ хөгшрөхөөр нь асарч, тэтгэдэг соёл байна. Харилцаа холбоо, интернэтийн дэд бүтцийг сайжруулснаар хөдөлмөрийн насны хүмүүс орон нутагт амьдарч, өндөр настай эцэг эхээ асран халамжлахын зэрэгцээ хотод төвлөрсөн ажлаа зайнаас хийх боломж бүрдэх юм.”
Судлаачийн хөндсөн асуудлыг сүүлийн үеийн судалгаатай харьцуулж үзвэл
Хөдөлмөр эрхлэлтийн хувьд малчдад тогтсон ажлын цаг байхгүй, харин улирлын онцлог, малын тооноос хамааран хөдөлмөрт зарцуулах цаг өөр өөр байхаас гадна тогтмол орлого байхгүй малчид хаана амьдарч, хэр хэмжээний хөдөлмөр эрхэлж байгаагаас үл хамааран зардал нь орлогоосоо үргэлж давдаг. Тодруулбал, зардлын дийлэнх хэсэг хүнс, зээлийн төлбөр болон малын тэжээл, эм тариад зарцуулагддаг байна. Мал малладаг учраас мах, сүү зэрэгт мөнгө үрэхгүй, хөдөө орон нутагт амьдардаг учраас бензин тосонд санаа зовох шаардлагагүй гэж малчдын амьдралыг хөнгөн дүгнэх нь буруу юм. Малын тоо толгой ихсэх тусам орлогод эзлэх цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багасаж харин ХАА-н үйлдвэрлэлийн орлого болон ХАА-н бус үйлдвэрлэл үйлчилгээний орлогын эзлэх хувь нэмэгддэг аж.

Түүнчлэн антропологич Казато Маригийн “Монголын малчдын дундах шилжилт хөдөлгөөний олон талт байдал ба харилцаа холбооны аргууд” хэмээх 2025 оны судалгаанд дурдсанаар Завхан аймгийн Тэлмэн сумын малчин Б-гийн зуслангийн байршилд интернэт сүлжээ маш сайн барьдаг. Энэхүү таатай нөхцөлийн ачаар нийслэл болон орон нутагт суралцдаг хүүхдүүд нь зуны амралтаараа хөдөө гэртээ очихдоо найз нөхөдтэйгөө онлайнаар байнга холбоотой байх боломжтой болж, зуны амралтаа хөдөө өнгөрүүлжээ. Энэ нь дэд бүтэц сайжирвал залуу үеийнхэн хөдөө орон нутгаас дайжихгүй байх бүрэн боломжтойг харуулж байгаа юм.

among herders in Mongolia.
Малын тоо толгой ярихаас илүү хүн рүүгээ чиглэсэн бодлого дутагдаж байна
“Нүүдлийн ирээдүй” олон улсын хурлын үеэр залуу малчдын залгамж халаа тасрах эрсдэл зөвхөн Монголд төдийгүй нүүдлийн соёлтой дэлхийн бусад улсуудад ч тулгамдаж буй асуудал болсон талаар судлаачид онцолж байв. Багаасаа аав ээжтэйгээ мал маллаж өссөн хүүхдүүд мал дээр гарахаас биш хот суурин газар сурч, амьдрахаар явсан залуус нутагтаа эргэж ирэх нь тун ховор байгаа аж. Мөн судлаачид залуу малчдын хомсдол нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлт, ган зудаас гадна, уламжлалт аж ахуй, өв соёл, мэдлэгээсээ алсарч хөндийрсөнтэй шууд холбоотой гэдгийг санууллаа.
“Тогоон дотор нь шарагдаж буй хүн л галын халууныг мэддэг” гэдэг шиг хөдөөгийн хатуу ширүүн амьдрал, малчдын өмнө тулгамдаж буй бодит хүндрэл бэрхшээлийг малчид л өөрсдөө хамгийн сайн мэдэх биз ээ. Тэгвэл залуу малчдад тулгамдаж буй асуудлыг бодитоор тодорхойлохын тулд Төв аймгийн Бүрэн сумын залуу малчин Д.Цэцэг-Өлзийтэй цөөн хором ярилцлаа.

-Таныг хот суурин газар амьдарч байгаад хөдөө мал маллахаар шийдсэн гэж сонссон, залуу хүний хувьд хөдөө амьдрах ямар санагдаж байна?
-Малчин байна гэдэг мэдээж амаргүй, тэр тусмаа залуу малчин байна гэдэг бүр ч сорилттой. Цаг агаарын хүнд нөхцөл, зудын эрсдэл, малын тэжээл, малын үнэ ханш зэрэг тулгардаг асуудал олон. Мөн залуу хүмүүсийн хувьд орлогоо тогтвортой байлгахад багагүй бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ нөгөө талаараа хөдөө мал маллан амьдрахын сайхан нь маш их. Наад зах нь гэхэд л өглөө босоод л цэвэр агаараар амьсгална. Ялангуяа бага насны хүүхэдтэй гэр бүл хүүхдээ хөдөө эрүүл орчинд, чийрэг өсгөж байгаа нь л хамгийн сайхан санагддаг. Ерөнхийдөө хөдөөгийн амьдрал хүнд хэцүү ч гэсэн маш тайван, эрх чөлөөтэй, үнэ цэнтэй амьдрал гэж боддог доо.
-Танай нутагт залуу малчдын эзлэх хувь, хөдөөгөөс хот суурин газар шилжих хөдөлгөөн хэр ажиглагдаж байна вэ?
-Манай нутагт мал маллаж байгаа залуучууд байгаа ч ажил хөдөлмөр эрхлэх, сургуульд суралцахаар хот суурин газар руу шилжих хандлага ажиглагдсаар байна. Хэрэв хөдөө амьдрах нөхцөл болон орлого олох боломжийг нэмэгдүүлж чадвал залуучууд нутагтаа үлдэх нь нэмэгдэх байх гэж боддог. Миний бодлоор залуусыг хөдөөд тогтоохын тулд хөдөлмөрлөж байгаа хүний орлогыг нэмэгдүүлэх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй болов уу. Мөн залуу малчдад хөнгөлөлттэй зээл, малын тэжээл, тоног төхөөрөмжийн дэмжлэг зэрэг бодит тусламж шаардлагатай байна. Залуучуудыг хөдөө амьдруулахын тулд зүгээр л “хөдөө сайхан” гэж хэлэхээс илүүтэй, хөдөлмөрлөөд сайхан амьдрах боломж байгаа гэдгийг бодитоор харуулж батлах нь илүү чухал юм.
Залуу нүүдэлчдийн дуу хоолойг дэлхийд хүргэх нь
Өнгөрөгч наймдугаар сард Hunu Climate Tech LLC-гийн залуус нүүдлийн мал аж ахуйгаа хадгалан хамгаалж, залуу малчдыг дэмжих, тэднийг хөдөө рүү чиглүүлэх зорилготой "STEPP (Sustainable technology environmental precision programm)" залуу малчдын хөтөлбөрийг Говьсүмбэр аймгийн Баянтал суманд амжилттай хэрэгжүүлж энэ есдүгээр сард мөн Архангай аймгийн Цэцэрлэг суманд хэрэгжиж цар хүрээгээ тэлсээр байна.
STEPP хөтөлбөрийн талаар Hunu Climate Tech LLС-гийн хамтран Үүсгэн байгуулагч Г.Ананд “Хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгал, нийгмийн нөхцөлд нүүдлийн мал аж ахуйгаа тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай мэдлэг, технологи, арга хэрэгслээр залуу малчдыг дэмжиж, урам зориг өгөх зорилготой тус хөтөлбөрийг эхлүүлсэн” гэв.

Мөн Hunu Climate Tech LLC-гийн дадлагажигч Л.Тэнүүн “Говьсүмбэр аймагт хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан судалгаа, бүлгийн хэлэлцүүлгээр 5 асуултын дагуу залуусын бодит байдлыг тодорхойлсон. 17-18 насны залуустай хийсэн хэлэлцүүлгээр тэдэнд ирээдүйд малчин болоход юу саад болж буйг ярилцсан бол, 20-30 гаруй насны малчидтай тулгамдаж буй асуудал болон шаардлагатай дэмжлэгийн талаар хэлэлцсэн” хэмээн онцолж байлаа.

Наймдугаар сарын хөтөлбөрт говийн бүсийн 15-35 насны 37 залуу малчин Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв аймгуудаас ирж оролцсон бөгөөд технологи, байгаль хамгаалал, соёл гэсэн гурван салбарын хүрээнд цогц мэдлэг олгохоос гадна говийн бүсийн залуу малчдад тулгамдаж буй асуудал болон түүний боломжит шийдлийн талаар малчидтай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлгийн үеэр малчид малын түүхий эдийн үнэгүйдэл, ченжүүд болон малчдын харилцаа зэрэг эдийн засгийн асуудлыг түлхүү онцолсон байна. Манай улсад арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр байдаггүй нь энэхүү асуудал өдийг хүртэл даамжирсаар байгаагийн гол шалтгаан болж байгаа юм.
Hunu climate tech LLC-гийн Үүсгэн байгуулагч Г.Билгүдэй “Монголын нүүдлийн мал аж ахуй байгальдаа зохицон нүүдэллэж амьдардаг гэдэг утгаараа фермийн аж ахуйгаас эрс ялгаатай. Манай технологи залуусыг хөдөө рүү чиглүүлж, нүүдлийн амьдралыг технологиор дэмжиж нүүдэлчин аж ахуйгаа дэмжих зорилготой. Харин нүүдэллэж буйг нь GPS-ийн түүхээр баталгаажуулж өгч байгаа юм. Нүүдэлчин мөн гэдгийг нь баталчихвал ноос ноолуур, мах зэрэг бүтээгдэхүүнээ томоохон компаниудад илүү өндөр үнээр борлуулах боломжтой болно. Мөн бэлчээр сэлгэн нүүдэллэнэ гэдэг нь байгалиа хамгаалж, бэлчээрээ нөхөн сэргээж буй хэрэг” гэж ярилаа.

Тэрбээр цааш нь “COP17-ийн үеэр бид UNCCD, IPM, UNDP зэрэг байгууллагаас зохион байгуулсан 16 хэлэлцүүлэг, арга хэмжээнд хөтөлбөрийн үр дүнгээ танилцуулсан. Мөн Японы NHK телевиз бидэнтэй холбогдон Архангай аймагт тус хөтөлбөрийг хэрэгжүүлбэл "NHK World"-оор дэлхий даяар цацах хүсэлт тавьсан. Ийнхүү бид STEPP хөтөлбөрөөр дамжуулан залуу нүүдэлчдийн дуу хоолойг дэлхийд хүргэхээр ажиллаж байна” гэсэн юм.
Цаашид ч STEPP хөтөлбөрийг 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн хөтөлбөрийн үеэр “Залуу нүүдэлчдийн холбоо”-г мөн байгуулахаар ажиллаж буйгаа танилцуулсан юм байна. Тус холбоо нь залуу малчдын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, олон улсын малчидтай холбох, туршлага болон шийдлээ солилцох талбар болгоход чиглэх ажээ.
Мөн Hunu Climate Tech LLC-гийн залуус “Дан ганц хот суурин газар боломж бололцоо байгаа юм биш. Түгжрэл, стресс зэрэг их хотын чимээ шуугианаас хол байгаль эх дэлхийтэйгээ зохицон, малынхаа ашиг шимийг хүртэж, тал нутагтаа тайван сайхан амьдралыг цогцлоох боломжтой. Үүсгэн байгуулагчдын хувьд ” хэмээн онцолж байлаа.
Дээрх хөтөлбөрийн хэлэлцүүлгийн үр дүнд залуучууд “сургуульд сурч, мэргэжил эзэмших сонирхолтой, мэргэжил эзэмшсэний дараагаар мал дээр гарч магадгүй, мөн үзэж харах зүйлээ харчхаад нутагтаа буцаж ирэхийг хүсдэг” хэмээн нүүдлийн мал аж ахуйн ирээдүйг тодорхойлсон байна.

Бид энэхүү сурвалжилгаараа залуу малчдад тулгамдаж буй асуудлыг малын тоо толгой, бэлчээрийн маргаанаар хязгаарлах бус, соёл, технологи, тэдний бодит туршлага зэрэг олон өнцгөөс харж, гарц гаргалгааг эрэлхийлэхийг зорьсон юм. Үр дүнд нь залуус өөр өөрсдийн түвшинд боломжит бүхий л шийдлийг санал болгож, хэдийнээ санаачлан хэрэгжүүлж байгааг харлаа.
Та магадгүй "Хөдөө гарч мал маллах эсэх нь хувь хүний л сонголтын асуудал" гэж бодож байж болох юм. Гэвч малчид бол сайн дурын ажилчид биш. Нийт газар нутгийнхаа 70 гаруй хувийг бэлчээрийн зориулалтаар ашигладаг манай улсын хувьд малчин тэр дундаа шинэ залуу үеийг нутагт нь тогтоох асуудалд онцгой анхаарах шаардлагатай.
Монголын нүүдлийн мал аж ахуй өөр бусад оронтой харьцуулах аргагүй өөрийн онцлог шинжийг хадгалж байдаг. Тиймээс өөрсдийн энэхүү бахархалт соёлыг цаг үетэй нь нийцүүлэн зөвөөр ойлгон хүлээн авч, хамгаалж, хөдөөний малчин, хотын иргэн гэх бидний дунд тогтсон төсөөллийн хил хязгаарыг арилгаж монгол хүн бүр нүүдэлчин ахуй соёлынхоо тээгч гэдгээ ухамсарлан амьдрах цаг хэдийн иржээ.