“Artemis II” баг сарны цаад талд гарах үедээ дэлхийгээс 40 минут орчим холбоо тасарчээ


NASA-гийн "Artemis II” хөлөг 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нд амжилттай хөөрч арав хоногийн даалгавраа дуусган эх дэлхийдээ эргэн ирсэн билээ. Энэ нь хүн төрөлхтөн хагас зуун жилийн дараа сар руу эргэн очиж, олон ололт амжилт, нээлтүүдийг хийсэн онцлох үйл явдал юм. Тэд Улаанбаатарын цагаар дөрөвдүгээр сарын 11-ны өглөөний 8 цаг орчим АНУ-ын Калифорни мужийн эргээс холгүй Номхон далайн усанд шүхрээр буужээ. Одоогоор “Artemis II” багийн сарны тойрог замд байхдаа цуглуулсан зураг болон өгөгдөлд NASA-гийн эрдэмтэд нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна. Эдгээр шинжилгээний мэдээллүүд нь ирээдүйн төсөл даалгавруудын бэлтгэл ажилд чухал ач холбогдолтой юм.
Сансраас ирсэн мэндчилгээ

Ахлагч Рид Уайсман “Сансраас дэлхийг харах нь үнэхээр гайхалтай. Бид дөрвүүлээ дэлхийг туйлаас туйл хүртэл хараад алмайрч, хэсэг зуур юу ч хийж чадалгүй зогссон” гэжээ. Ингэхдээ өөрийн дарсан “Hello, World” нэртэй зургийг илгээсэн байна. Уг зурагт Атлантын далайн гүн цэнхэр өнгө, нимгэн үүлс давамгайлж, зүүн доод хэсэгт Хойд Африк болон Сахарын цөл тод ялгаран харагдана. NASA тус зургийг “Хоёр туйлын туяа дээд баруун, доод зүүн хэсэгт, нарны замын гэрэл доод баруун хэсэгт харагдаж байна. Энэ бол дэлхий нарыг халхалж байгаа үе юм. Зургийг сайн анзаарвал ард нь одод гялалзаж байгаа нь тод харагдана” хэмээн тайлбарлажээ. Энэхүү зураг нь манай гарагийн агаар мандал болон сансар огторгуйн зааг хэрхэн үзэсгэлэнтэй харагддагийг харуулсан ховор агшин юм.

Энэ үед нислэгийн мэргэжилтэн Жереми Хансен “Хүн төрөлхтөн ямар ихийг хийж чаддагаа дахин харууллаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Мөн нисгэгч Виктор Гловер ABC сувагт өгсөн ярилцлагадаа дэлхийн харагдах байдлыг дүрслэн “Бидэнд итгээрэй, та бүхэн үнэхээр гайхалтай харагдаж байна. Эндээс харахад та бүхэн ганцхан цул зүйл шиг харагдаж байна. Хаанаас ирсэн, ямар хүн байх нь хамаагүй. Бид нэг ард түмэн” хэмээн эв нэгдлийг уриалжээ.
Харин Кристина Кохын хувьд “Бидний харах зүйл яг л ийм байх болно гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ төрөлх гэр болох эх дэлхийгээ өдөр шиг тод гэрэлтэж, шөнийн сарны гэрэлд гялалзахыг харах тэрхүү гайхамшигт агшинд хүн хэзээ ч бүрэн бэлтгэгдэж чаддаггүй юм байна” гэжээ.
Түүхэн амжилтуудыг шинэчлэн дэлхий рүү буцлаа
Тэд сансарт 10 хоногийн турш даалгавар биелүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 11-нд Номхон далайд бууж нислэгээ албан ёсоор дуусгасан юм. Тэдний сансар дахь зургаа дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хөлөг сарны гадаргуутай хамгийн ойртсон түүхийг шинэчилж ойролцоогоор 4,067 миль буюу 6,545 км зайд дөхөж очжээ. Ингэхдээ хөлөг сарны цаад тал руу очиж, дэлхийтэй 40 минут орчим холбоо тасарсан байна. Учир нь хөлөг сарны цаад тал руу гарахад дэлхий рүү радио долгион дамжуулах боломжгүй болдог аж. Иймээс сансрын нисэгчид дэлхийн хяналтын төвөөс ямар ч заавар авах боломжгүй болж, хөлгийн автомат систем болон өөрсдийн сургуулилтад бүрэн найджээ.
Үүний дараагаар тэд "Orientale basin" хэмээх аварга тогооны бүтэн зургийг илгээсэн юм. Өмнө нь зөвхөн автомат робот, хөлгүүд уг хэсгийн зургийг авч байсан бол “Artemis II”-ын багийнхан уг газрыг бүхэлд нь харсан анхны хүмүүс болж байна. Учир нь “Orientale basin” нь сарны дэлхий рүү харсан тал болон дэлхийгээс алслагддаг талын зааг дээр байрладаг тул дэлхийгээс зөвхөн ирмэг хэсэг нь харагддаг аж.

Үүнээс удалгүй хөлөг дэлхийгээс ойролцоогоор 252,760 миль буюу 406,788 км зайд хүрсэн амжилтыг үзүүлсэн юм. Энэ нь 1970 оны "Аполло 13" хөлгийн тогтоосон хүн төрөлхтөн дэлхийгээс хамгийн хол зайд очсон амжилтыг ойролцоогоор 4,100 миль буюу 6,600 км-ээр ахиулсан байна. Энэний дараагаар сансрын нисгэгчид сарны харанхуй гадаргуу дээрээс "Earthrise" зургийг өндөр нягтаршилтай зургаар шинэчлэн авчээ. Earthrise гэдэг нь бид нар мандахыг хардаг шиг, сарны харанхуй гадаргуугийн цаанаас манай гараг аажмаар гарч ирэхийг ийнхүү нэрлэдэг аж. Энэ бол өмнөх 1968 оны "Apollo 8" даалгавраас хойш 58 жилийн дараа анх удаа хүн төрөлхтөн "Earthrise"-ыг өөрсдийн биеэр харж, түүхэн зураг дарсан онцлох үйл явдал юм.
Ийнхүү тухайн өдрөө "Artemis II" баг сарны ажиглалтын хугацаагаа дуусгаж, эх дэлхий рүүгээ буцах аялалдаа оржээ. Энэхүү үйл явдлаар дамжуулан нисэгч Жереми Хансен "Бид өмнөх үеийнхнийхээ гайхамшигт ололт амжилтыг хүндэтгэн энэхүү дээд амжилтыг шинэчиллээ. Бидний энэ амжилтыг удаан хадгалахгүй байхыг бид хойч үедээ уриалж байна" хэмээжээ.
Хүн төрөлхтний сар руу тэмүүлэх аялалд түүхэн шинэ хуудас нээгдлээ
"Artemis II" даалгаврын баг нь асар их туршлага, мэргэжлийн ур чадвар болон түүхэн шинэчлэлийг хийсэн дөрвөн шилдэг мэргэжилтнээс бүрдсэн юм. Хөлгийн ахлагч Рид Уайсман нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд 27 жил алба хаасан туршлагатай нисэгч, инженер юм. Тэрбээр 2009 онд NASA-д сансрын нисэгчээр сонгогдож, 2014 оны тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Олон Улсын Сансрын Станц дээрх “Expedition 41” багийн нислэгийн инженерээр ажилласан бөгөөд өмнө нь 2014 онд "Союз ТМА-13М" хөлгөөр ОУСС-д хүрч, 165 хоногийг сансарт өнгөрүүлсэн байна. Тухайн үед тэрбээр сансраас авсан дэлхийн гэрэл зургуудаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олны анхаарлыг ихэд татаж байсан.

Харин нисэгч Виктор Гловер нь сар руу нисэж буй анхны өнгөт арьст сансрын нисэгч бөгөөд 2013 онд NASA-д сансрын нисэгчээр сонгогджээ. Мөн хамгийн урт хугацаа буюу 328 хоног сансарт ажилласан дээд амжилтыг тогтоосон сансрын нисэгч уг багт багтаж байгаа юм. Тодруулбал, Кристина Кох нь судлаач, инженер бөгөөд 2013 онд NASA-гийн сансрын нисэгч болжээ. Энэхүү нислэгээр “Artemis II” багийн нислэгийн мэргэжилтэн бөгөөд тус үйл явдлаар сар руу ниссэн анхны эмэгтэй сансрын нисэгч болж байна. Тэрбээр өмнө нь 328 хоног буюу хамгийн урт хугацаанд сансарт ажилласан дээд амжилтыг тогтоосон аж. Нислэгийн мэргэжилтэн Жереми Хансен нь Канадын хааны агаарын цэргийн хүчний хурандаа, Канадын сансрын агентлагийн (CSA) нисэгч юм. Уг нислэгээр сар руу нисэж буй анхны Канад хүн болж буй. Тэрбээр 12 настайдаа Агаарын цэргийн кадет болж, нисэх сонирхлоо хөгжүүлж эхэлсэн ба 17 настайдаа хувийн нисгэгчийн үнэмлэхээ авч байжээ.
“Artemis II” багийнхан зөвхөн сансар судлалын техник технологийн дэвшлийг харуулаад зогсохгүй, хүн төрөлхтний хамтын үйл ажиллагааны цаашдын ололт шинэчлэлийн суурийг бататгалаа.
Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг
Сэтгэгдэл