Hunting: Наадмын өдрүүдээр хотод үлдсэн бол эдгээрийг заавал туршиж үзээрэй


Энэ жилийн Үндэсний их баяр наадмын амралт 10 хоног үргэлжилж байгаа. Энэ хугацаанд зарим нь нутгаа зорьж, нөгөө нэг нь гэр бүлээрээ аялал төлөвлөж эсвэл найзуудтайгаа хөдөө гарахаар бэлтгэлээ базааж байгаа биз ээ. Харин жил бүрийн наадмаар тодорхой шалтгааны улмаас гэр болон хотоо сахиж үлддэг хүмүүс ч цөөнгүй. Эхэндээ "амралтаараа сайхан амарчихна" гэж боддог ч хэдхэн хоногийн дараа хот нам гүм болж, хийх зүйлгүй мэт санагдах үе бий. Эхний өдөр нь ханатлаа унтаж амраад, дараагийн өдөр нь кино үзэж өнгөрөөнө. Харин гурав дахь өдрөөс эхлээд "бүгд хөдөө явчихсан" гэх бодол төрж, ямар ч төлөвлөгөөгүй өдөр хоногийг өнгөрөөж байтал 10 хоногийн амралт дуусчихсан байдаг шүү дээ.
Жилдээ ганц удаа Улаанбаатар хот маань ийм нам гүм, уужим болдог. Зам түгжрэлгүй, кофе шопууд тайван, музей, цэцэрлэгт хүрээлэнгээр аялахад хүртэл өөр мэдрэмж төрнө. Энэ удаагийн Hunting цувралаар наадмаар хотоо сахиж байгаа уншигчдадаа зориулан баярын амралтаа илүү сонирхолтой, дурсамжтай өнгөрүүлэхэд тань туслах Улаанбаатарт хийх зүйлсийг нэг дор хүргэж байна.
КОФЕГОО ТУХТАЙ УУЖ, ШИНЭ НОМ ЭХЛҮҮЛЭЭРЭЙ

Хөл хөдөлгөөн багассан энэ үеийг ашиглаад дуртай буландаа сууж, шинэхэн кофены үнэрт удаан хойшлуулсан номоо эхлүүлэх, тэмдэглэл хөтлөх эсвэл зүгээр л өөртөө цаг гаргаарай. Наадмын өдрүүдэд тухтай суух орчин хайж байвал ROC Caffeine Bar-ын MPM, Monnis болон Хороолол салбараас бусад бүх салбар богиносгосон цагийн хуваарийн дагуу ажиллана гэнэ.
КИНО ТЕАТРТ ГАНЦААРАА КИНО ҮЗЭХ АЛТАН БОЛОМЖ

Хэрэв удаан хүлээсэн киногоо үзэхээр төлөвлөж байсан бол Наадмын амралт хамгийн тохиромжтой үе байж магадгүй. Өргөө кино театр Наадмын өдрүүдэд бүх үзвэртээ хямдрал зарласан тул найз нөхөд, гэр бүлтэйгээ эсвэл ганцаараа кино үзэж, амралтынхаа нэг өдрийг өнгөрүүлэх боломжтой. Попкорноо аваад, дэлгэцийн өмнө хэдэн цагийг өнгөрүүлэх нь Наадмын амралтын хамгийн энгийн атлаа таатай төлөвлөгөөний нэг байж болох юм.
Наадмын амтыг хотын төвд мэдрээрэй

Төв цэнгэлдэх хүрээлэн орж урт дараалалд зогсон хуушуур идэж, айраг уухаас татгалзаж байвал Наадмын уур амьсгалыг хотын төвд ч мэдрэх боломжтой. “Lime Haus” soft bar долоодугаард сарын 9-нөөс эхлэн Наадмын өдрүүдэд хуушуур, айргийг хослуулсан тусгай цэсээр үйлчлэх гэж байна. Найзуудтайгаа уулзах, гэр бүлээрээ өдрийн хоол идэх эсвэл хотын тайван уур амьсгалд Наадмын амтыг мэдрэхийг хүсвэл Lime Hause-ийг зориорой.
Мөн Uulzbar-ийн бүх салбарт 7-р сарын 10-наас эхлэн айраг, хуушуурын тусгай сет худалдаанд гарах бөгөөд бүх салбар нь Наадмын өдрүүдэд хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Хэрэв төв цэнгэлдэхийг зорихгүйгээр Наадмын уламжлалт амтыг тухтай орчинд мэдрэхийг хүсвэл эдгээр сонголтууд танд тохирох болно.
Шинэ хобби туршиж үзэх алтан боломж

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар түгээмэл болсон энэ урлал нь тусгай “tufting gun” ашиглан өнгө өнгийн утсаар өөрийн хүссэн хээг бүтээдэг бүтээлч хобби юм. Дуртай дүр, зураг, үсэг эсвэл өөрийн санаагаар жижиг хивс хийж, гэрийн чимэглэл болгон авч үлдэх боломжтой.
“Noim Art Studio” долоодугаар сарын 10, 13, 14-ний өдрүүдэд хивс урлах воркшоп зохион байгуулах бөгөөд дараах цагуудаас сонгон оролцох боломжтой юм байна.
Цагийн хуваарь
- 11:00
- 14:00
- 18:00
Хаяг: Арслантай гүүрний зүүн талд, Санхүү эдийн засгийн их сургуулийн эсрэг талд, Орчлон комплексийн А блокийн баруун урд хаалга.
Хол явж амжихгүй ч байгальд нэг өдрийг өнгөрүүлмээр байвал…

Наадам болохоор л хөдөө гарч, уул ус, цэвэр агаарт хэд хоног амармаар санагддаг ч хүн бүрт тийм боломж гардаггүй шүү дээ. Хэрэв та холын аялал төлөвлөөгүй ч хотоос нэг их холдохгүйгээр байгалийн дунд нэг өдрийг өнгөрөөж, эрч хүчээ цэнэглэмээр байвал "Naadam in the Woods" аяллыг сонирхоод үзээрэй.
Долоодугаарр сарын 11-нд зохион байгуулагдах Naadam in the Woods өдөрлөг нь хотын төвөөс ердөө 75 км-ийн зайд болох бөгөөд хуушуур, айраг, үндэсний наадгай, бөхийн барилдаан, амьд хөгжим, Sunset DJ Session, оройн түүдэг гал зэрэг хөтөлбөрүүдээр Наадмын уур амьсгалыг ой модны дунд мэдрүүлэхээр төлөвлөжээ.
Заавал хуушуур гэхгүй баярын өдрөөр Италийн уламжлалт хоолыг туршаад үзээрэй

“Samako Kitchen” энэ сарын долоодугаар сарын 10-19-ний өдрүүдэд хотод үлдсэн хүмүүстээ зориулж зөвхөн урьдчилсан захиалгаар үйлчлэх юм байна. Тэд Италийн уламжлалт хэд хэдэн хоолыг Наадмын тусгай цэсэндээ багтаажээ. Тодруулбал,
- Arancini - Гадна талаараа шаржигнуур, дотроо ризотто будаа, бяслаг, мах эсвэл ногооны шанзтай Сицилийн уламжлалт будааны бөмбөлөг,
- Cannelloni - Том хэмжээтэй пастаг төрөл бүрийн шанзаар дүүргэж, улаан лоолийн эсвэл бэшамель соустайгаар жигнэж болгодог Италийн сонгодог хоол,
- Cannoli - Шаржигнуур хоолойн хэлбэртэй гурилан бүрхүүлийн дотор рикотта бяслагийн зөөлөн кремээр дүүргэсэн Сицилийн алдарт амттан.
Харин нэг зүйлийг анхаараарай. Эдгээр хоолыг зөвхөн урьдчилан захиалсан тохиолдолд бэлтгэх тул захиалгаа эртхэн өгөхөө мартав аа.
Сэтгэгдэл