

Хүн төрөлхтний эцэс төгсгөлгүй шунал, техник технологийн хэт хурдацтай хөгжил биднийг нэгэн төрлийн үл үзэгдэх айдсаар бүрхэж орхижээ. Бид өдөр бүр нийгмийн түгшүүртэй нүүр тулдаг. Энэ нь эргээд хувь хүний бухимдал болж, дотоод амар амгаланг үгүй хийж байдаг аж. Гэвч түгшүүрийг заавал сөрөг утгаар харах албагүй юм. Энэ бол асуудал ойртож буйг сануулж, түүнд бэлтгэхийг анхааруулж байгаа "аюулын дохио", амьдралын төлөөх тасралтгүй тэмцлийн нэгэн өдөөгч байж болохыг уран бүтээлч Ө.Одхүү өөрийн бүтээлээр хүүрнэжээ.

"Hunting" цувралын энэ удаагийн дугаарт бид дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл ХААН галерейд дэлгэгдэж буй “Амь” бие даасан үзэсгэлэнг онцолж байна. Хотын соёлд хөдөлгөөнт урлагийн (kinetic art) өвөрмөц өнгө төрхийг нэмж буй энэхүү орон зайгаар хамтдаа аялцгаая.
Улаан хөшигний цаадах өөр ертөнц

Галерейн үүдэнд угтах улаан хөшгийг нээх агшинд гадаад ертөнцийн дуу чимээ тасарч, нэгэн жигд нүргэлэх механизмын хэмнэл таныг угтана. Уран бүтээлч энэхүү шийдлийг гадаад орчноос өөрийгөө тусгаарлаж, дотоод ертөнц рүүгээ нэвтэрч буйн илэрхийлэл хэмээн тайлбарласан юм.

Танхимын бүдэг гэрэл дунд дотроосоо лугшин гэрэлтэх зүрх, уушги, нүдний нүсэр дүрслэлүүд нэгэн жигд хэмнэлээр хөдөлнө. "Амьд байна гэдэг зөвхөн оршихуйн нэр биш, оршин тогтнохын төлөөх тасралтгүй тэмцэл юм" гэх философи энд бүтээл бүрийн хөдөлгөөнөөс мэдрэгдэх нь нэн сонирхолтой. Энэ орон зай залууст өвлийн утаа, нийгмийн стресс зэрэг бидний хайхрамжгүй ханддаг атлаа амьдралтай маань салшгүй холбоотой асуудлуудыг асар том хэмжээсээр, маш ойроос харах боломж олгож буй нь энэ юм.
“Бидний доторх үл үзэгдэх тэмцлийг амилуулахыг хүссэн"
Уран бүтээлч Ө.Одхүү
"Би 2012 оноос хойш нийгмийн уур амьсгал руу чиглэсэн эрэл хайгуул хийж байна. Нийгмийн түгшүүр эргээд хувь хүний бухимдал болж хувирдаг. Үүнийг л “Амь” үзэсгэлэнгээрээ дамжуулан хөдөлгөөнд оруулж, хүмүүст илүү бодитоор мэдрүүлэхийг зорьсон юм.

Яагаад уран бүтээл хөдөлж болохгүй гэж? Хөдөлдөг бүтээл хийснээрээ миний мэдрэх гээд байгаа тэр санааг үзэгчид нэгэн амь болоод, надтай хамт цохилж мэдрээсэй гэж хүссэн. Бидний дотор байдаг атлаа хайхрамжгүй ханддаг уушги, зүрх зэрэг эрхтнүүд нийгмийн стресс, агаар орчны бохирдолд хамгийн түрүүнд өртдөг шүү дээ. Тэдгээрийг томоор гаргаж ирснээрээ биеэ хайрлах, амьд байгаагаа мэдрэх тэр чухал хэрэгцээг хүмүүст хүргэхийг хичээлээ.

Галерейг зорьсноор хүн маш их тайвшралыг авдаг. “Ганцхан би ийм хүнд үеийг туулж байгаа биш юм байна, надтай адилхан мэдрэмж бусдад ч байдаг юм байна” гэдгийг ойлгох нь өөрөө том сэтгэл засал болдог доо."
Та энэ орон зайгаас юу мэдрэх вэ?

"Амь" үзэсгэлэн бол өөртэйгөө ярилцах орон зай юм. Тэнд цугласан хүмүүс бүтээлийн өмнө чимээгүй саатаж, механизмын ажиллагааг ажиглах нь хотын соёлд нэгэн шинэ хэмнэл нэмэгдсэнийг илтгэнэ.

- Төвлөрөл ба терапи: Хөдөлж буй бүтээлийн өмнө түр саатаж, тэрхүү хэмнэлээр амьсгалж үзээрэй. Түгшүүрийг асуудлаас зугтах шалтгаан гэж харахын оронд, хөгжил дэвшилд хүргэх хөшүүрэг гэж таньж чадвал та жинхэнэ тайвшралыг мэдрэх болно.
- Гоо зүйн шинэ туршилт: Хөдөлгөөнт урлагийн бүтээлүүдийн гэрэл сүүдрийн тоглолт таны дуранд маш өвөрмөцөөр бууна. Гэхдээ камераа түр буулгаад, өөрийн нүдээр тэрхүү "цуурай"-г сонсох нь илүү үнэ цэнтэй юм шүү.
- Соёлтой үзэгч: Танхимд хүн их байх тусам бусдын орон зайг хүндэтгэх, бүтээлд гар хүрэхгүй байх нь урлагт хандах бидний соёлын илэрхийлэл юм.
Hunting rating:

- Уур амьсгал: 4/5 Улаан хөшиг, механизмын чимээ болон бүдэг гэрэлтүүлэг нь танхимыг яг л амьд бие махбод шиг мэдрүүлнэ.
- Үзэл санаа: 5/5 Нийгмийн түгшүүрийг биологийн эрхтнүүдтэй холбосон нь философийн хувьд маш гүнзгий, оновчтой.
- Төвлөрөх боломж: 3/5 Залуусын хандалт ихтэй тул амар амгаланг мэдрэхийг хүсвэл хөл хөдөлгөөн бага үеэр очихыг зөвлөе.
Дараагийн дугаараар хотын өөр нэгэн нууцлаг, үнэ цэнтэй орон зайг "ангуучлах" болно. Хамтдаа эрж хайцгаая!
Сэтгэгдэл