2025 оны төгсгөлд төрсөн бодрол
Бидний хувьд 2025 он улиран одож буй хуанлийн ээлжит нэгэн мөчлөгөөс илүү гүн гүнзгий утга агуулгатай жил байв. Энэ жил олон үйл явдал, тодотголоор дүүрэн байсан хэдий ч эцэстээ бидний бүхий л бүтээл, үйл хэрэг хүнлэг чанарт суурилан орших ёстой гэсэн ганц л үнэнийг бататгасан юм.
Дэлхий дахинаа 2025 он “итгэлцлийн хямралаар” тодрон үлдэж байна. Геополитикийн зөрчил, эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжлэхийн зэрэгцээ хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил хүний мэдрэмж, сэтгэлгээ болоод бодит мэдээллийн орон зайг улам бүр хумьсаар байна. Монгол Улсын хувьд ч ялгаагүй, бодлогын хэлэлцүүлэг дутмаг, сенсац давамгайлсан орчинд "юунд итгэх вэ?" гэх асуулт урьд өмнөхөөсөө илүү хурцаар тавигдаж байна.
Ийм нөхцөл байдалд бид ЦойлогсоZ экосистем болон Posted.mn веб сайтыг мэдээлэл дамжуулах төдий хэрэгсэл бус, эргэцүүлэн бодох боломжийг олгодог оюунлаг орчин байлгахыг эрмэлзсэн юм. Энэ нь тийм ч хялбар сонголт биш байлаа. Учир нь олон нийтийг бодож тунгаахад уриалах нь хандалт хөөн, лайк цуглуулахаас илүү хүчин чармайлт шаарддаг бөгөөд үнэнтэй нүүр тулах нь түр зуурын нэр алдар хөөхөөс хавьгүй урт хугацааны, тууштай замыг туулахыг шаарддаг билээ.
Коммьюнити → Медиа → Бизнес гэсэн гурвалсан шилжилт
ЦойлогсоZ экосистемийн анхны суурь нь оролцогчид харилцан итгэлцэлд тулгуурлан санаагаа солилцож, хамтдаа хөгжих боломжийг олгосон коммьюнити байсан. Харин Posted.mn веб сайт нь тухайн коммьюнитигийн үзэл санааг олон нийтэд хүргэх, нийгэмтэй харилцах гол дуу хоолой болж байна.
Бид 2025 онд энэхүү үйл ажиллагаагаа нэг шатаар ахиулж, медиа салбарын мөн чанарыг шинээр тодорхойллоо. Өнөөдөр медиа гэдэг нь агуулга үйлдвэрлэлийн хүрээнээс хальж, нийгэмд нөлөө үзүүлж, шинэ уур амьсгал бүрдүүлж, итгэлцэл бий болгох үндсэн механизм, ёс зүйн стандартыг тогтоогч институц, цаашлаад ирээдүйн бизнесийн нэр хүндийг тодорхойлох гол тулгуур болж байна.
Олон улсын зах зээлд өрсөлдөхийг эрмэлзэж буй бизнесүүдийн үнэ цэн бүтээгдэхүүний чанараас гадна түгээж буй агуулга, төлөвшүүлсэн соёл, эрхэмлэдэг үнэт зүйлээр нь хэмжигддэг болсон. Тиймээс бидний хувьд коммьюнити, медиа болон бизнес гэсэн эдгээр гурван тулгуур нь тусдаа ойлголт биш бөгөөд нэгдмэл системийн салшгүй хэсгүүд юм.

Бид гялалзаж, гялтганахын төлөө бус, чиг заахын тулд оршиж байна
2025 оны төгсгөл, шинэ жилээс ердөө хэдхэн хоногийн өмнө ЦойлогсоZ экосистемийн хувьд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Манай хамт олны нэг гишүүн, Posted.mn веб сайтын сэтгүүлч Батсүхийн Намуун зуурдаар таалал төгслөө.
Энэхүү харамсалтай үйл явдал бидэнд эрхэм хүнээ алдсан нөхөж баршгүй гуниг авчрахын зэрэгцээ бидний бүтээж буй хамт олон, редакц болон медиа хэмээх ойлголт ямар эмзэг бөгөөд асар их хариуцлага дээр тогтдог бүтэц болохыг тод сануулсан юм.
ЦойлогсоZ коммьюнитигийн хувьд Б.Намуун нь багийн гишүүн, манай экосистемийн эрхэмлэн баримталдаг үнэт зүйлсийн бодит илэрхийлэл байсан юм. Бодлого, нийгэм, улс төрийн асуудлыг хэт туйлшралгүйгээр тайлбарлах, уншигчийг үл хүндэтгэсэн хялбар дүгнэлтээс татгалзах, баримтад тулгуурласан соёлтой хэлэлцүүлгийг өрнүүлэх нь манай редакцын суурь зарчим бөгөөд тэрбээр энэ бүхнийг түүчээлэгч нь байлаа.
Түүний санаачилсан “Policy Point” булан нь “сэтгүүл зүй бол хашхираан биш, харин өндөр хариуцлага” гэсэн бидний итгэл үнэмшлийг тод илэрхийлдэг. Иймд Б.Намууны эхлүүлсэн үнэт зүйлс, түүний нийтлэл, контентод шингэсэн үзэл санааг зогсолтгүй үргэлжлүүлэх нь бидний ёс зүйн үүрэг хэмээн үзэж байна. Цаашид энэхүү үйл хэрэг илүү системтэй, нягт, хариуцлагатай хэлбэрээр үргэлжлэх болно. Санан дурсах хэлбэрээр биш үргэлжлүүлэх амлалт хэлбэрээр. Тэгж байж түүний бүтээсэн үзэл санаа бидний үйл хэргээр дамжин “амьд” орших учиртай билээ.
2025 он ба сэтгүүл зүйн ёс зүй
Монголын сэтгүүл зүйн суурийг тавьсан оюуны аваргуудын нэг Л.Түдэв гуай “Сэтгүүлч хүн үнэнээс зугтвал, уншигч түүнийг заавал гүйцэж барина” хэмээн тэмдэглэсэн байдаг. 2025 онд энэхүү сургаал өмнөхөөсөө илүү хүчтэй цуурайтаж байна. Үнэн түр зуур бүдгэрч болох ч хэзээ ч ор мөргүй арилдаггүй бөгөөд түүнийг түгээх үүрэг хүлээсэн медиа институц өөрөө өндөр хариуцлагатай байх учиртай.
ЦойлогсоZ болон Posted.mn веб сайтын хувьд бид энэ жил үйл ажиллагааны хурд үнэнээс түрүүлэх ёсгүйг, хувийн үзэл бодол баримтыг орлох учиргүйг, мөн коммьюнити гэдэг нь итгэлцэл дээр тогтсон амьд бүтэц болохыг гүнээ ухамсарлалаа.
Төсгөлд нь
Улиран одож буй 2025 он бидний хувьд алдаж, түүнийгээ засахын төлөө хичээсэн, их үүрэг хариуцлагыг хүлээхийг эрмэлзсэн, хурдацтай хөгжилд итгэж тэмүүлсэн цаг хугацаа байв. Энэ жил бидэнд том болохоосоо өмнө илүү "зөв" байх нь нэн чухал гэсэн ганц л үнэнийг бататгаж өглөө.
ЦойлогсоZ экосистем цаашид цар хүрээгээ тэлж, илүү өргөн хүрээнд ажиллана гэдэгт бид итгэж байна. Гэхдээ энэхүү өсөлт нь зөвхөн тоон үзүүлэлтээс гадна үнэт зүйлээ хамгаалах, хүнээ хайрлах, оюуны хариуцлагыг институцын түвшинд төлөвшүүлэх тухай ойлголт юм. 2025 он бидэнд амжилтаас илүү үнэ цэнтэй хэмжүүрийг таниулж, илүү том болохоосоо өмнө зөв байх, илүү хурдан явахаасаа өмнө алсын хараатай байхын ач холбогдлыг ойлгууллаа.
Хэрэв "ЦойлогсоZ болон Posted.mn яагаад оршдог вэ?" гэж асуувал, “бид гялалзаж, гялтганахын төлөө бус, чиг заахын тулд оршдог” хэмээн хариулна. Энэ бол хувь хүний биш нэгэн зорилгын дор нэгдсэн хамт олны амлалт юм.
Энэхүү нийтлэлийг уншиж, бидэнтэй хамт алхсан хүн бүхэнд талархал илэрхийлье. Бидний нийтлэл, сурвалжилга, ярилцлага контентыг шимтэн уншдаг уншигчид, итгэл хүлээлгэн хамтардаг түншүүд, шүүмжлэл, дэмжлэгээрээ хурцалдаг коммьюнити, мөн өдөр бүр чимээгүйхэн хөдөлмөрлөж, ЦойлогсоZ экосистемийг авч яваа хамт олондоо гүнээ талархаж байна. Бид алдаж, суралцаж, урагшилсан нэгэн оныг үдлээ. Хамгийн гол нь бид энэ бүх цаг хугацаанд сэтгэл зүрхээрээ хамтдаа байж чадсан юм.
Шинэ ондоо илүү зөвийг эрэлхийлж, илүү холыг харж, итгэлцлийг улам бататган алхах болтугай. Та бүхэндээ эрүүл энх, ухаарал, тэсвэр, гэрэл гэгээг хүсэн ерөөе!

