Цахим шүүмжлэл нийгмийн хяналт болж чадах уу?

2026.08.134 минут унших
Цахим шүүмжлэл нийгмийн хяналт болж чадах уу? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

"Нэр хугарахаар яс хугар", "Хүн нэрээ, тогос өдөө" хэмээн монголчууд эртнээс нэр төрийг юунаас ч илүү эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн билээ. Хүний нэр төр нэгэнт сэвтсэн бол эргээд сэргээхэд амаргүй, заримдаа яс хугарснаас ч хүнд тусдаг гэж үздэг байв. Харин цаг үе өөрчлөгдөж, технологи хөгжихийн хэрээр нэр төрөө хамгаалах, хадгалах нь улам хэцүү, харин бусдын нэр хүндэд халдах нь алга урвуулахын дайтай амархан болсон мэт. Өнөөдөр ганцхан пост, хэдхэн секундийн бичлэг олон мянган хүний нүдний өмнө хэн нэгний нэр хүнд, амьдралыг эргэлт буцалтгүй өөрчилж чадах хүчтэй болжээ.

Ялангуяа олны танил хувь хүн, байгууллага буруу үйлдэл гаргах, зохисгүй үг хэлэх, ёс зүйн хэм хэмжээг зөрчих, заримдаа бүр олон жилийн өмнөх үзэл бодлынх нь төлөө олон нийт цахим сүлжээгээр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж, тухайн хүнийг дэмжихээ зогсоох, бүтээгдэхүүн үйлчилгээг нь авахгүй, хэрэглэхгүй байх (бойкотлох), хамтын ажиллагааг нь цуцлуулах, цаашлаад нийгмийн хүрээнээс шахан гаргахыг шаардах болсон. Энэ үзэгдлийг бид өнөөдөр “Cancel Culture” буюу “Олон нийтийн татгалзах соёл” хэмээн нэрлэх болсон байна.

Цахим шүүмжлэл нийгмийн хяналт болж чадах уу? нийтлэлийн зураг

Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт, үзэн ядсан үг хэллэг зэрэг ноцтой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд орж, өмнө нь эрх мэдэл, алдар нэрийнхээ ард нуугддаг байсан хүмүүсээс хариуцлага нэхэх хөдөлгөөн эрчимжиж, манай улсыг ч тойрсонгүй. Нэг талаас, олон нийтийн татгалзах соёл нь дуугүй өнгөрдөг байсан асуудлыг ил болгож, эрх мэдэл, алдар нэртэй хүмүүсийг олон нийтийн өмнө хариуцлага хүлээлгэх шинэ механизм болж чадсан байна. Харин нөгөө талаас, бүх баримт тодорхой болоогүй байхад хүнийг олон нийтийн өмнө яллаж, нэр хүндийг нь нөхөж баршгүйгээр сүйтгэх, улмаар цахим орчны "олны шүүх"-ийг бий болгож байна гэсэн шүүмжлэл ч дагуулсаар байна.

Анх "cancel" гэх хэллэг нь поп соёлд хэн нэгнийг "тоохоо болилоо", "дэмжихээ больё" гэсэн хөнгөн утгаар хэрэглэгддэг байв. Харин өнөөдөр олон нийтийн татгалзах соёл нь зөвхөн сошиал медиагийн үзэгдэл биш нэр төр, хариуцлага, шударга ёс, уучлал гэсэн ойлголтуудыг дижитал эрин үед бид хэрхэн шинээр тодорхойлж байгааг харуулсан нийгмийн үзэгдэл болжээ.

Сонирхолтой нь, энэ ойлголтын талаар судлаачид ч санал нэгдээгүй байдаг. Нэг хэсэг нь үүнийг ардчилсан нийгэмд иргэд эрх мэдэлтэй хүмүүсээс хариуцлага нэхэх шинэ механизм гэж үздэг байна. Харин нөгөө хэсэг нь нотлох баримт, хууль, нөхцөл байдлыг үл харгалзан олны уур хилэнгээр шийдвэр гаргадаг дижитал эрин үеийн албан бус нийгмийн хариуцлагын механизм гэж тайлбарладаг аж. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн шийтгэлээс илүүтэйгээр нэр хүнд, ажил мэргэжил, олон нийтийн дэмжлэгээр дамжуулан нийгмийн хэм хэмжээг хэрэгжүүлэх оролдлого юм.

Cancel Culture хаанаас эхэлсэн бэ?

Цахим шүүмжлэл нийгмийн хяналт болж чадах уу? нийтлэлийн зураг

Үндэс нь илчилж хариуцлага нэхэх соёл буюу "call-out culture"-аас эхтэй. Олон нийтийн татгалзах соёлийн өмнөх үеийг call-out culture буюу хэн нэгний арьс өнгөөр ялгаварласан, хүйсээр гадуурхсан, хүчирхийлэлтэй холбоотой эсвэл ёс зүйн зөрчилтэй үйлдлийг олон нийтийн өмнө ил гаргаж, хариуцлага шаардах соёл байв. Энэ хэлбэр нь 2010-аад оны эхээр Twitter (одоогийн X), Tumblr зэрэг платформ дээр өргөн тархсан бөгөөд Black Twitter гэх онлайн нийгэмлэг ихээхэн нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг байна.

Сошиал медиагаас өмнөх үед олон нийтийн дуу хоолой өнөөдрийнх шиг хүчтэй байгаагүй аж. Томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар асуудлыг онцлохоо шийддэг, харин энгийн иргэд мэдээлэлд хүлээн авагчийн байр сууриас хандах нь түгээмэл байв.

Харин Twitter (одоогийн X), Facebook, Instagram, TikTok зэрэг платформууд энэ харилцааг үндсээр нь өөрчилсөн юм. Өмнө нь мэдээллийг цөөн хүн түгээдэг байсан бол өнөөдөр хэн бүхэн мэдээлэл түгээж, олон нийтийг хөдөлгөж чаддаг болсон нь олон нийтийн татгалзах соёл дэлгэрэх суурь нөхцөл болжээ.

Сэтгэл судлалын тайлбарууд

Сэтгэл судлалд хэн нэгэн бидний үнэт зүйлтэй зөрчилдөх үйлдэл хийхэд уурлах, жигших мэдрэмж төрөхийг ёс суртахууны зэвүүцэл” (moral outrage) гэж үздэг. Энэ бол нийгмийн хамтын амьдралд ихээхэн хэрэгтэй механизм юм. Учир нь хүмүүс шударга бус байдлыг хамтдаа эсэргүүцэхгүй бол нийгмийн хэм хэмжээ тогтохгүй аж.

Гэвч сошиал медиа энэ мэдрэмжийг хэд дахин өсгөдөг байна. Сэтгэл судлаач Жон Сулерийн тайлбарласнаар, хүмүүс цахим орчинд нүүр тулан уулзахгүй учраас бодит амьдралаас хавьгүй хатуу, ширүүн үг хэлэх хандлагатай байдаг аж. Үүнийг онлайн орчин дахь өөрийгөө хянах чадварын сулрал (Online Disinhibition Effect) гэж нэрлэдэг байна. Тухайлбал, кофе шопд таарсан танихгүй хүнд хэлэхгүй үгээ бид онлайн платформын сэтгэгдлийн хэсэгт төвөггүйхэн биччихдэг. Үүн дээр алгоритмын нөлөө нэмэгдэнэ. Уур, бухимдал, ёжлол төрүүлсэн контент илүү их түгээгддэг учраас нэг хүний шүүмжлэл богино хугацаанд олон мянган хүний хамтын уур хилэн болон хувирдаг байна.

Цахим шүүмжлэл нийгмийн хяналт болж чадах уу? нийтлэлийн зураг

Харин сэтгэл судлаач Жонатан Хайдтын үзэж буйгаар, хүмүүс ёс суртахууны асуудлыг логикоос илүү мэдрэмжээрээ шийддэг аж. Түүний тайлбарласнаар, хүн эхлээд "зөв" эсвэл "буруу" гэсэн дүгнэлтийг өөрсдийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр гаргаад, дараа нь тэр дүгнэлтээ зөвтгөх тайлбар хайдаг аж. Өөрөөр хэлбэл, бид эхлээд шийдвэрээ гаргаад дараа нь нотолгоогоо цуглуулдаг байна.

Магадгүй ийм учраас сошиал медиад шүүх хурал хоромхон зуур өрнөдөг байж болох юм. Тэгвэл энэ үзэгдлийг олон нийт хэрхэн хүлээж авч байна вэ? Цахим орчинд хүнийг буруутгаж, олны дэмжлэгийг цуглуулах нь хариуцлага тооцож буй хэлбэр мөн үү, эсвэл олны хэт туйлширсан шүүлт үү? Энэ асуултад иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

“Буруутгагдаж байгаа хүн хэчнээн муухай зүйл хийсэн байлаа гээд түүнээс дутахгүй муухай зүйлийг тэр хүнд хийх ёсгүй гэж бодож байна.”

Иргэн №1, 27 настай, эрэгтэй

“Уг нь байх ёстой зөв зүйл гэж боддог ч хүмүүс үүнийг буруугаар ашиглаад байгаа харагддаг. Зарим нь зүгээр үзэн ядах зорилгоор, яг унасан дээр нь дэвслэх шиг бүр байхгүй болгохыг оролддог. Бас хүний морал хэм хэмжээг давж, хэтэрхий хүнлэг бусаар дайрч, “явж үх” гэж хүртэл хэлж болохгүй, бүгд л хүн шүү дээ. Зүгээр тухайн хүний нийгэмд нөлөөлөх нөлөөллийг байхгүй болгох зорилготой байх ёстойгоос биш, амьдралыг нь сүйрүүлэх, сэтгэл санаанд нь нөлөөлөх  хэмжээнд байж болохгүй. Тэр бол сошиал дээрэлхэлт болж байгаа юм. Буруутгагдаж байгаа хүн хэчнээн муухай зүйл хийсэн байлаа гээд түүнээс дутахгүй муухай зүйлийг тэр хүнд хийх ёсгүй гэж бодож байна. Үнэхээр гэмт хэрэг, хүчирхийлэл бол хуулиар хариуцлага хүлээлгэх, мөн олон нийт дэмжихээ болиход болно. Хүний амьдрал, гэр бүл рүү хальж болохгүй. Уучлалт гуйгаад, алдаа гаргасандаа гэмшиж байвал бүх насаар нь заавал буруутгах ад үзэх шаардлага байхгүй. Гэхдээ бас юу хийснээсээ шалтгаалах байх. Тухайлбал, хүчин, хүчирхийлэлийн хэрэг дээр “гэр бүлийн гишүүн”, “олон жил өнгөрсөн” гэх мэт хуулиар хариуцлага үүрэх боломжгүй тохиолдлууд олон нийтэд дэлгэгдсэн бол бүх насаараа олны нүднээс хол байх ёстой.”

“Олон нийт тэднээс хариуцлага шаардах, дэмжихээ болих эрхтэй гэж бодож байна.”

Иргэн 2, 54 настай, эмэгтэй

“Юу тарина түүнийгээ хураана шүү дээ. Олны танил, улс төрч, олон нийтэд нөлөөтэй хүмүүс бол жирийн биднээс илүү нэр хүндтэй байхын хэрээр өндөр хариуцлага хүлээж, тодорхой хэмжээнд нийгмийг соён гэгээрүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс хэлэх үг, хийх үйлдэлдээ асар болгоомжтой хандах ёстой бөгөөд тэдний хувьд нэг удаагийн ноцтой алдаа насаар нь дагалдах хар сүүдэр болж үлдэх нь ч бий. Олон нийтийн дэмжлэг тэр хүмүүст өнөөдрийн эрх мэдэл, нэр хүнд бүр эд баялгийг өгсөн байх. Тиймээс олон нийт тэднээс хариуцлага шаардах, дэмжихээ болих эрхтэй гэж бодож байна. Буруу сэхсэн хүнийг бурхан буцаагаад байранд нь аваачдаг гэж үг хүртэл байдаг. Өнөөдөр хүмүүс шуугианаас шуугианы хооронд шилжиж, өнгөрснийг амархан мартаж байна. Тиймээс олон нийтийн татгалзах соёл Монголд зөв утгаараа хэрэгждэг болбол ядаж л нэр нөлөөтэй хүмүүс хэлэх үг, хийх үйлдэлдээ илүү хариуцлагатай ханддаг болох байх.”

Эцэст нь хэн нэгэн буруу зүйл хийсэн үед дуугүй өнгөрөхгүй байх нь нийгмийн хариуцлага байж болох ч олон нийтээрээ нэг хүнийг буруутгаж эхлэх үед бид өөрсдөө ёс суртахууны хил хязгаар давж буйгаа анзаарахгүй үлдэх нь бий.

Нэр хүндийг сэргээхэд олон жил шаарддаг ч үгүй хийхэд хэдхэн цаг хангалттай болсон энэ цаг үед хамгийн чухал асуулт нь, “Хариуцлага нэхэх нь хаана дуусаж, хүнийг бүхэлд нь үгүйсгэх, үгүй хийх оролдлого хаанаас эхэлдэг вэ?” Энэ асуултыг эрхэм уншигч танд үлдээе.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Цахим шүүмжлэл нийгмийн хяналт болж чадах уу? | Posted