"Монголд урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шинэ зүйлийн шувууд олноор ажиглагдах болсон"


Монголчууд бид эрт дээр үеэс байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, өөрсдийн өдөр тутмын үйл хэргээ уг соёл сэтгэлгээтэйгээ хослуулан авч явж, амьдарсаар ирсэн ард түмэн билээ. Цаг үе хувьсан өөрчлөгдсөн ч энэхүү сэтгэлгээ одоо ч бидний дунд үлдэж илүү боловсронгуй болон хөгжсөөр байна. Үүний тод жишээ нь “шувуу судлал” юм.
Анх 19-р зууны сүүл үеэс Орос болон Европын судлаачдын хийсэн аяллын тэмдэглэл, цуглуулгаар суурь нь тавигдсан шувуу судлал нь үе үеийн судлаач эрдэмтэд, байгаль хамгаалагчдын хөдөлмөр, олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд өргөжин тэлсээр өдгөө бие даасан шинжлэх ухаан болон хөгжөөд байна. Иймд манай сайтын редакцаас шувуу судлалын ач холбогдол, шувуудын экосистем дэх үүргийн талаар “Шувуу хамгаалах төв”-ийн судлаач Ц.Алтангэрэлтэй ярилцлаа.
“Хүмүүс шувуу судлалыг зөвхөн шувуудын амьдралыг судалдаг гэж ойлгох нь бий. Гэвч энэхүү салбар нь байгаль орчны эко системийн ерөнхий төлөв байдлыг цогцоор нь ойлгох чухал шинжлэх ухаан юм. Учир нь шувууд бол уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, орчны бохирдолд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг амьтан. Тиймээс тэдний тоо толгой, олон янз байдлын өөрчлөлт нь байгальд ямар асуудал үүсээд буйг илтгэх нэгэн шинжүүр болж өгдөг аж. Ховор болон ховордож буй олон зүйл шувуудын хувьд Монгол орон газар зүйн хувьд үржлийн болон дайран өнгөрөх нутаг болдгоороо онцлогтой. Иймд байгаль хамгааллын ажлаас үүдсэн алдаа, эсвэл хайхрамжгүй байдал нь байгальд эргээд том сөрөг үр дагаврыг үлдээдэг учраас бид маш хариуцлагатай, нягт нямбай ажиллах шаардлагатай байдаг” хэмээн судлаач Ц.Алтангэрэл онцолж байлаа.
-Шувуу нь байгаль орчны экосистемд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол?
-Шувууд экосистемд олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс хэд хэдэн ерөнхий жишээ дурдаж болно. Тухайлбал, махчин шувууд болох шонхор, бүргэд, тас гэх мэт шувууд зарим зүйлийн хэт олшрол болон тархалтаас сэргийлж, бүлгэмдэлд буй амьтдын тоо толгойг тогтвортой барьж байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг. Мөн бусад олон зүйл махчин амьтдын адилаар өвчтэй болон сул дорой бодгалиудаар голчлон хооллож, тухайн зүйлийн сүргийг эрүүл байлгахад тусалдаг. Харин сэгээр хооллогч шувуудын хувьд байгаль дээр буй үхсэн амьтны сэг зэмийг хурдан цэвэрлэж, орчинд халдварт өвчин тархах, нян үржих эрсдэлийг бууруулахад нөлөөлдөг. Бас зарим зүйлийн шувуудын хувьд идээшлэх явцдаа ургамалд тоос хүртээх, үр тараах зэргээр ургамлын өсөлт хөгжил, ойн нөхөн төлжилтөд асар тустай нөлөө үзүүлдэг бол махчин шувууд болон шавж идэшт шувууд нь бэлчээр, тариаланг сүйтгэдэг мэрэгч, хөнөөлт шавжийн зүйлүүдийг байгалийн аргаар зохицуулж, эдийн засгийн маш том бодит дэмжлэг үзүүлэх нь бий.
-Манай улсад шувууд нутагших, нүүдэллэн өнгөрөх нь газар зүйн хувьд ямар давуу талтай вэ. Нөгөө талаас тэдний амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс юу байна вэ?
-Дэлхий дээрх шувууд нүүдлийн үедээ голчлон ашигладаг тив дамнасан “есөн том замнал” бий. Үүнээс Монгол орныг Баруун Ази-Зүүн Африкийн нүүдлийн зам, Төв Азийн нүүдлийн зам болон Зүүн Ази-Австрали Азийн нүүдлийн зам гэх гурван гол замнал буюу нүүдлийн шувуудын голчлон дайран өнгөрдөг чиглэл юм. Монгол орны гадаргын онцлогийг авч үзвэл, өндөр уулсаас хээр тал, умардын ойгоос говь цөлийн бүс хүртэлх ялгаатай амьдрах орчнуудыг хамарсан байдаг тул олон зүйл шувуудын үржих болон түр саатах таатай орчин болдог давуу талтай.
Сөрөг хүчин зүйлсийн хувьд, сүүлийн жилүүдэд газрын доройтол, зам барилга байгууламж барих, хүний суурьшлын бүс тэлэх, мөн малын тоо толгойн хэт өсөлтөөс үүдэх бэлчээрийн талхагдал ажиглагдаж байна. Ялангуяа хуурайшилт ихтэй үеүд дэх ус намгархаг газарт малын төвлөрөлт хэт ихсэх зэрэг хүний зүгээс үзүүлж буй дарамт, сөрөг нөлөөллүүд ихээр ажиглагдаж байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд Монгол орны шувуудын төрөл зүйл, тоо толгойд ямар мэдэгдэхүйц өөрчлөлтүүд ажиглагдаж байна вэ. Энэхүү өөрчлөлтүүд нь байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Сонирхолтой нь сүүлийн жилүүдэд Монголд урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шинэ зүйлийн шувууд олноор ажиглагдах болсон. Үүнийг хоёр хүчин зүйлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, манай улсад шувуу судлаач, сонирхогчдын тоо эрс нэмэгдэж, урьд нь хүрч чаддаггүй байсан алслагдсан бүсүүдийг байнгын ажиглалтад оруулж чадсан явдал юм. Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор шувуудын ерөнхий тархац нутаг өөрчлөгдөж, хойд зүг рүү шилжиж байх магадлалтай гэсэн таамаглал бий. Гэвч нөгөө талдаа, Монгол орны хэмжээнд нийт популяцийн хэмжээг нарийвчлан гаргасан судалгаа үр дүн дийлэнх зүйлүүдийн хувьд дутмаг хэвээр байна.

-Та ус, хөрс, агаарын бохирдол шувуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар бодит жишээ дурдах боломжтой юу?
-Уур амьсгалын өөрчлөлт нь шувуудын амьдралын мөчлөгийн хугацааг бүхэлд нь өөрчилж байна. Нүүдэл, үржил хэт эрт эхлэх эсвэл бүр тасалдах, өндөр өргөрөг, сэрүүн бүс рүү дайжих хөдөлгөөнийг үүсгэдэг. Хойд Америкт хийгдсэн загварчлалаар 314 зүйл шувуу одоогийн газарзүйн тархцынхаа 50 гаруй хувийг алдах эрсдэлтэй гэж гарсан байдаг. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гэрэл, дуу чимээ, агаар, хүнд метал, радио идэвхт хаягдал, пестицид, эмийн хаягдал, тос болон хуванцар гэсэн есөн хэлбэрийн бохирдол нь шууд үхэлд хүргэх эсвэл дам байдлаар буюу амьдралын хэвийн үйл ажиллагаа алдагдах өөрийн болон дараа дараагийн үр удмын мэнд үлдэлт буурахад нөлөөлж буй талаар Freddie-Jeanne Richard нар 2021 онд Global Ecology and Conservation сэтгүүлд хэвлүүлсэн ажилд дурдсан байдаг. Эдгээрээс пестицидийн үзүүлж буй нөлөөн дээр хамгийн их судалгаа хийгдсэн ба зөвхөн АНУ-д л гэхэд жилд ойролцоогоор 67-72 сая бодгаль шувуу хорогддог гэсэн мэдээ бий.
-Монголд одоогоор хамгийн их эрсдэлд орж байгаа эсрэгээрээ тархац нь нэмэгдэж буй төрөл зүйлүүд байна уу. Үүний шалтгааныг юутай холбон тайлбарладаг вэ?
-Шувуудын тоо толгойн элбэгших эсвэл ховордож байгаа явдал нь олон жилийн судалгаа, тогтвортой мониторингийн үр дүнд гардаг. Манай орон гэлтгүй дэлхий дээр хүний үйл ажиллагаа, хуурайшилт, хотжилт зэрэг олон асуудлаас болж зэрлэг, унаган шувуудын тоо толгой буурах ерөнхий хандлага байдаг бол үүний эсрэгээр хот суурин газар болон хүний хог хаягдлыг дагаад хэрээний овгийн шувууд, мөн хүний нөлөөгөөр зориудаар нутагшуулсан харь зүйл шувуудын тоо толгой хотын экосистемд огцом элбэгших тохиолдол байдаг. Энэ нь тухайн газрын унаган зүйлийн шувуудын өндөг, ангаахайг идэх, үүр, амьдрах орчныг нь булаах зэргээр байгалийн өөрийнх нь суурь тэнцвэрд маш сөрөг нөлөөг үзүүлдэг.
-Хэрэв тодорхой бүс нутгаас шувууд бүр мөсөн дайжвал тухайн орчны экосистем, ургамал болон бусад амьтдын амьдралд ямар өөрчлөлт явагдах вэ. Ер нь шувуудын төрөл зүйл цөөрөх нь байгаль орчин доройтож буйн дохио мөн үү?
-Тийм. Шувууд байгаль орчны өөрчлөлтөд маш мэдрэмтгий, эмзэг учраас тэдний төрөл зүйл, тоо толгой буурах нь экосистемийн доройтлын анхны бөгөөд хамгийн тод аюулын дохио болдог. Усны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны доройтол, биологийн болон химийн бохирдол зэрэг нь шувуудын үүрлэлт, үржилд шууд нөлөөлдөг. Тиймээс шувуудын зүйл багасаж байгаа нь тухайн орчны экологийн тэнцвэр алдагдаж, байгаль орчин доройтож байгааг шууд илтгэнэ.
Хэрэв тухайн бүсээс шувууд бүр мөсөн алга болбол тэдний зохицуулж байдаг шавж, мэрэгч зэрэг амьтдын тоо толгой хяналтгүйгээр хэт өсөж, бэлчээр болон тариаланг сүйтгэнэ. Мөн ургамлын үр тархалт эрс багасаж, ой мод, ургамлын бүрхэвч доройтох бөгөөд ус намгархаг газрын экосистем бүхэлдээ нуран унах зэрэг гинжин сөрөг үр дагавар гарна. Зарим шувууд үхсэн амьтдын сэг зэмийг цэвэрлэдэг экологийн үүрэгтэй учраас тэд байхгүй бол халдварт өвчин дэгдэж, бусад зэрлэг амьтад болон мал сүрэгт халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс шувууд нь байгалийн эрүүл байдлын гол үзүүлэлт юм.

-Шувуу судлалын төвийн ажиглалтаар сүүлийн жил хамгийн их анхаарал татаж буй асуудал юу байна вэ. Шувуудыг хамгаалахад төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо хэр байна вэ?
-Сүүлийн жилүүдэд ус намгархаг газрын доройтол, нуур цөөрөм ширгэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хомсдол манай ажиглалтаар хамгийн их анхаарал татаж байна. Мөн хүний үйл ажиллагаа, ялангуяа уул уурхайн олборлолт, хууль бус агнуур болон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд нүүдлийн том шувууд өртөж, тогонд цохиулж үхэх зэрэг асуудлууд ихээр нэмэгдэж байна. Улмаар шувуудын нүүдлийн болон үржлийн асар чухал бүсүүдэд олон зүйлийн шувуудын тоо толгой эрс буурах хандлага ажиглагдаж байна.
Монгол оронд зэрлэг амьтад, шувуу хамгаалах хууль эрх зүйн орчин бий боловч хэрэгжилт тал дээр хангалтгүй, сул байдал ажиглагддаг. Төрийн холбогдох байгууллагууд, түүн дотроо хуулийн хэрэгжилт хангах, хяналт шалгалт, хээрийн эргүүл хийх эрх бүхий газруудад санхүүжилт болон мэргэжлийн хүний нөөцийн хомсдол түгээмэл байна. Хувийн хэвшил, ялангуяа уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарынхан хуулийн дагуу Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа ч, шувуудад үзүүлэх бодит нөлөөлөл, тэдний нүүдлийн замд учруулах дарамтыг нарийн тооцож, хамгаалалтын менежментийг бүрэн хийдэггүй. Сүүлийн жилүүдэд хотын сонирхогч иргэдийн мэдлэг, оролцоо илт сайжирч байгаа талаар олон судлаачид хэлдэг хэдий ч, газар бүрийн нутгийн онцлогоос хамааран хөдөө орон нутгийн иргэд, малчдын оролцоог бодитоор нэмэгдүүлэх шаардлагатай байна.
-Тэгвэл байгаль хамгааллын бодлого хэрэгжилт дээр яг ямар хүндрэл, сул талууд ажиглагдаж байна вэ. Олон нийт шувууд болон байгаль орчноо хамгаалахад хамгийн түрүүнд юуг ойлгох шаардлагатай байна?
-Бодлогын гол хүндрэлүүд гэвэл хээрийн хяналт шалгалтын хүний нөөц, байгаль хамгаалагчдын тоо бага, хууль зөрчиж байгаль орчин сүйтгэсэн зөрчил гаргагчдад хүлээлгэх хуулийн хариуцлага хангалтгүй байна. Мөн БОАЖЯ болон бусад салбар дундын бодлогын зохицуулалт дутмаг байх зэрэг асуудлууд юм. Хамгийн том сул тал нь манай дотоодын эрдэмтэн судлаачдын хийсэн олон чухал судалгааны ажлын бодит өгөгдөл, үр дүнг төрийн бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтад хэрэглэхгүйгээр орхигдуулдаг явдал юм. Үүнээс гадна олон улсын байгаль хамгааллын стандарт, конвенциуд болон манай дотоодын хууль тогтоомжийн хоорондын уялдаа холбооны зөрүү байсаар байна.
Олон нийтийн хувьд, шувууд бол экосистемийн салшгүй нэг хэсэг бөгөөд тэдний оршин байх нь тухайн амьдрах орчны эрүүл байдлыг илтгэдэг чухал үзүүлэлт болдог гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хэрэв шувуудын тоо толгой буурч эхэлбэл нуур, ус, намгархаг газар, тал хээр, ой мод, цаашлаад бидний ууж буй усны чанарт хүртэл ямар нэгэн аюултай асуудал үүсэж байгаагийн тод дохио юм. Тиймээс шувуудыг хамгаална гэдэг нь зөвхөн нэг зүйлийг хамгаалж буй хэрэг биш, харин бүхэл бүтэн экосистемийг, өөрсдийн амьдрах орчныг хамгаалж байгаа хэрэг юм.
Үүнд хүн бүрийн өдөр тутмын жижиг үйлдэл ч маш чухал нөлөөтэй. Жишээлбэл, шувуудын амьдрах орчин, үүрлэх газрыг сүйтгэхгүй байх, үүрийг нь хөндөж нураахгүй байх, үржлийн эмзэг үед нь ус, намгархаг газрыг бохирдуулахгүй цэвэр байлгах, гэрийн мал болон тэжээвэр нохой, муураа шувуудын үүрлэдэг эмзэг бүсээс хол байлгах зэрэг нь хүн бүрийн хийж чадах үр дүнтэй шийдлүүд юм. Мөн иргэдэд түшиглэсэн шинжлэх ухаан буюу мэргэжлийн бус хүмүүс байгаль орчныг ажиглаж, шувуудын зургийг авч, тархалтын мэдээллийг аппликэйшн болон платформд бүртгэж судалгаанд туслах үйл явц хөгжих нь чухал. Хүмүүс өөрсдийн эргэн тойрны байгаль орчноо ажиглаж, амьтан, шувуудаа танин мэдэн анзаарч байх нь маш чухал суурь юм.
-Хэрэв шувуудын төрөл зүйл цөөрөх асуудлыг одооноос анхаарахгүй бол ирээдүйд ямар эрсдэл дагуулах бол?
-Энд нэг зүйлийг нарийвчлан залруулж хэлэхгүй бол болохгүй. Шувуудын нийт төрөл зүйл цөөрөх гэхээс илүүтэй, тухайн экосистемд голлох үүрэгтэй ховор болон ховордож буй зүйл шувуудын тоо толгой буурах нь экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулах эрсдэлтэй байдаг. Тиймээс энэ талын ойлголт, судалгааг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
-Үнэтэй мэдээлэл өгч, бидэнтэй ярилцсан танд баярлалаа!
Сэтгүүлч А.Дүүрэнбилэг
Сэтгэгдэл