Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. Харин энэ удаа өмнөх дугааруудад багтаагүй чухал санаа, агуулгуудыг багцлан уншигчдадаа хүргэж байна. Тус бүрийн гарчиг дээр дарж дэлгэрэнгүй ярилцлага, бусад агуулгыг унших боломжтой.
О.Оюун-Эрдэнэ: Бидний хэрэглэж буй будаг, шингэлэгч бодисууд Европын стандартаас 1000 дахин их бохирдлыг дотоод орчинд ялгаруулж байна

Бид агаарын бохирдол гэхээр зөвхөн гадаах утааг төсөөлдөг ч хүмүүс амьдралынхаа 70-90 хувийг барилга байгууламж буюу дотоод орчинд өнгөрүүлж байна. Гэрээс гараад машиндаа сууж, ажлын байрандаа очих хүртэлх бүх процесс битүү орчинд өрнөж байгаа нь дотоод агаарын чанарыг эрүүл мэндийн нэн тэргүүний асуудал болгож байгаа юм.
Дотоод орчны бохирдол нь галлагаанаас гадна бидний хэрэглэж буй тавилга, барилгын материалаас шууд хамаардаг. Шинэ хулдаас, буйдан, тэр байтугай монгол гэрийнхээ модон эдлэлийг будсан будаг хүртэл аюултай бохирдуулагчийн эх үүсвэр болдог. Ялангуяа цэвэрлэгээнд хэрэглэдэг белизна нь бензолыг, харин хямд төсөр хурц тод будгууд нь хар тугалга болон формальдегидийг агаарт тасралтгүй ялгаруулж байдаг.
Судалгаагаар манайд ашиглагдаж буй зарим будаг, шингэлэгчээс ялгарах бохирдол Европын стандартаас даруй 1000 дахин их гарсан. Эдгээр дэгдэмхий органик нэгдлүүд нь хэвийн температурт ууршиж, амьсгалын замаар дамжин харшил үүсгээд зогсохгүй, алсдаа хавдрын суурь болдог. Тухайлбал, миний докторын судалгааны ажлын үр дүнгээр өнөөдөр бохирдолтой орчинд амьдарч буй 0-5 насны хүүхдүүд 70 жилийн дараа хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй гэсэн түгшүүртэй дүр зураг харагдсан.
Бид гадаах агаар руу л анхаараад байгаагаас биш дотоод орчны агаарын чанарын стандартгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Иймд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахдаа ирээдүйн эрүүл мэндээр нь дэнчин тавихгүйн тулд барилгын материалын сонголтоос эхлээд үндэсний стандартыг яаралтай батлуулахад онцгой анхаарах ёстой байна.
Г.Ганзориг: Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа бол хуульд заасан нарийн дэглэмүүдийг яс мөрдөх шаардлагатай

Дархан цаазат газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хүндрэлтэй. Учир нь байгалийг унаган төрхөөр нь хадгалахын тулд хүнээс хамгаалах үйл ажиллагааг маш өндөр түвшинд явуулдаг. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хувьд зохистой аялал жуулчлалын салбар чухал байна. Байгалийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болбол уламжлалт эдийн засаг үүсэх эрсдэлтэй байдаг. Тиймээс ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол байгаль орчинд ээлтэй байдлаар л хийх хэрэгтэй.
Хэрвээ ТХГН-т аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа бол хуульд заасан нарийн дэглэмүүдийг яс мөрдөх шаардлагатай. Амарч болно гэсэн газарт нь амарч, дуу чимээ гаргаж болохгүй гэсэн бол яг л дагах ёстой. Гэтэл олон нийт аялал жуулчлалын бүс гэхээр л наргиж цэнгэдэг газар гэж хөнгөн хүлээж аваад дураараа аашлах гээд байдаг сул талтай. Тэр бол сонгодог байгалийн аялал жуулчлал биш байхгүй юу. Байгалийн аялал жуулчлал гэдэг нь зөвхөн байгальдаа очоод өөрийгөө байгалийн нэг хэсэг гэдгээ мэдрэхийг л хэлж байгаа юм. Тийм байхад би тэнд очоод чанга хөгжим дуугаргаад, машин уралдуулаад, утаа тоос ялгаруулаад байж болохгүй шүү дээ.
Тиймээс байгалийг арилжааны хэлбэрт оруулж болохгүй гэсэн үг. Мэдээж байгалийн аялал жуулчлалаар ашиг олж болно. Гэхдээ ном журмын дагуу сонгодог утгаар нь аялал жуулчлалыг явуулах хэрэгтэй байгаа юм. Мөн гадаад, дотоодын жуулчдад зөв шаардлага тавьж сурах хэрэгтэй. Бид өөрсдөө байгальд гараад хариуцлагатай хандаж наад зах нь гэхэд л ил задгай хогоо хаяхгүй байж, эх дэлхийгээ хайрлаж хамгаалах шаардлагатай байна. Байгальд нэг ширхэг хог хаяхад л ургамал ургах хөрс, ундаалах цэвэр ус зэрэг нь бохирдож загас жараахай, зэрлэг амьтадаас эхлээд доор нь амьдарч байгаа хүмүүс буюу бид өөрсдөө хохирно гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм.
М.Отгончимэг: Төрийн үйлчилгээний ажилчдын дундаж цалин инфляцыг гүйцэхгүй байгаа нь соёлын салбарын залуу халааг үгүй хийж байна

Соёлын салбарын, тэр дундаа төрийн байгууллагуудын хүний нөөцийн асуудал өнөөдөр туйлын хүнд нөхцөлд байна. Манай салбар ашиг олохоос илүү иргэдийг соён гэгээрүүлэх эрхэм зорилготой тул ажилтнуудаас, уран бүтээлчдээс маш их тэвчээр, хувийн амьдралаа зориулах сэтгэл зүйг шаарддаг. Гэвч зөвхөн сэтгэл зүрхээрээ бүхнийг шийдэх боломжгүй болсныг бодит тоо баримтууд сануулсаар байна.
Өнөөдөр төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдын дундаж цалин 1.3-1.4 сая төгрөг байгаа нь татвар, шимтгэлийн дараа гар дээр ирэхдээ өнөөгийн инфляц, зах зээлийн үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Энэ нь ялангуяа залуу боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллахад хамгийн том саад болж байна. Сэтгэл зүйн хувьд мэргэжилдээ хайртай байлаа ч эдийн засгийн баталгаагүй байдал нь залуусыг энэ салбараас холдуулж байна.
Бидний мэргэжлийн онцлогийг хамгийн энгийнээр тайлбарлавал, соёлын өвийг сэргээн засварлагч хүн бол "өв соёлын эмч" юм. Хүний шүд өвдөхөд эмчид ханддаг шиг, олон зуун жилийн настай дахин давтагдашгүй уран бүтээлүүд эвдэрч гэмтэхэд сэргээн засварлагч нар л түүнийг анагааж, амийг нь авардаг. Энэ бол маш нарийн мэргэшил, ур чадвар шаарддаг ажил. Хэдийгээр СУИС, ШУТИС зэрэг сургуулиудад холбогдох ангиуд байдаг ч энэ мэргэжлээр суралцах элсэгчдийн тоо цөөрч, сурч буй цөөн хэд нь зөвхөн чин сэтгэлдээ хөтлөгдөн орж байна.
Боловсон хүчин бэлтгэдэг ч эргээд ажлын байр цөөн, цалин хөлс бага байгаа нь мэргэжилтнүүд ажилгүй болох эсвэл өөр салбар руу дайжих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Соёлын салбарын энэхүү хүний нөөцийн асуудал бол зөвхөн нэг байгууллагын хичээл зүтгэлээр шийдэгдэх зүйл биш юм. Энэ бол төрийн бодлогын түвшинд заавал авч үзэх ёстой нийгмийн асуудал. Төрөөс соёлын салбарын ажилтнуудын нийгмийн баталгаа, ажиллах нөхцөлийг бодлогоор дэмжихгүй бол бид ирээдүйд өв соёлоо "эмчлэх" мэргэжилтэнгүй болох аюул нүүрлээд байна.
Г.Цэнгүүн: Улсын бүх үнэт өвийг ганц музейд байршуулах нь нэн учир дутагдалтай

Олон улсын музейн салбарыг Монгол Улсын салбартай харьцуулахад мэдээж давуу тал ч бий, сөрөг тал ч бий. Дэлхийн томоохон музейнүүдтэй зэрэгцэхүйц маш олон үзмэртэй музей манай улсад байгаа. Гэхдээ улсын бүх үнэт өвийг ганц л музейд байршуулах нь нэн учир дутагдалтай. Тодруулбал, Монгол Улсын 21 аймгийн хосгүй үнэт үзвэрүүд болон үзэгч татах боломжтой үзмэрийг нэг музейд төвлөрүүлж болохгүй гэсэн үг. Энэ нь бусад салбарын өрсөлдөх чадвар шууд буурахад нөлөөлөхөөс гадна орон нутгийн хөгжих боломжийг хааж байгаа үйлдэл болно. Түүхэнд том улс гүрэн жижиг улсынхаа түүх, соёл, үнэ өвийг шууд булааж авах эсвэл судалгаа шинжилгээ нэрийдлээр авч яваад өөрийн улсын музейд тавьсан тохиолдол цөөнгүй бий. Энэ түүхийг орчин үед манай улс орон давтаж болохгүй. Үүнийг хянахад мэдээж улсаас хуулийн зөв зохицуулалт шаардлагатай болно.
Монголын музейн салбар бол хөгжиж яваа салбар. Аливаа зүйл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үргэлж л хөгжиж байдаг, ялангуяа музейн салбар тасралтгүй хөгжиж байх учиртай. Музей зөвхөн жуулчдад зориулсан газар биш юм. Музей бол тухайн улсын түүх, ард иргэдийн ой санамж оршиж байдаг газар учраас түүнийг байнга шинэчилж өөрчлөхийн сацуу хуучин зүйлсээ хадгалж, хамгаалж, эргэлтэд оруулж байх ёстой. Аялал жуулчлалын салбар хөгжиж байвал музейн салбар дагаад хөгжиж байх шаардлагатай. Гэвч тус хоёр салбар хоорондоо холбоо хамааралтай мөртөө зарим талаараа нэгнээ нөхөж чадахгүй байх тохиолдол бий. Ойролцоогоор 5-10 жилийн дараа гэхэд монголын музейн салбар илүү сайжирч одоогийнхоос өөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.



Сэтгэгдэл