М.Отгончимэг: Соёл, урлагийн салбарын бодлогын үр дүн 10 жилийн дараах зөв монгол хүний төлөвшлөөр илэрнэ

М.Энхмаа
М.Энхмаа
2026.02.035 минут унших
М.Отгончимэг: Соёл, урлагийн салбарын бодлогын үр дүн 10 жилийн дараах зөв монгол хүний төлөвшлөөр илэрнэ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид Монголын уран зургийн галерейн Захирал, доктор М.Отгончимэгийг урьж оролцууллаа. Бидний энэ удаагийн ярилцлага дүрслэх урлагийн бүтээлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах лабораторийн ач холбогдол болон соёл урлагаар дамжуулан ирээдүйн үзэгчийг, тэр дундаа зөв монгол хүнийг төлөвшүүлэх асуудлын хүрээнд өрнөсөн юм.

Бидний ярилцлага дүрслэх урлагийн галерейн үндсэн чиг үүрэг, сан хөмрөгт хадгалагдаж буй соёлын үнэт өвийг хамгаалах суурь ойлголтыг тодорхойлохоос эхэлсэн юм. Соёл, урлагийн байгууллагыг үзвэр үйлчилгээний түвшинд буюу явцуу хүрээнд хүлээн авах тал нийгэмд ажиглагддаг хэдий ч соёл, урлаг нь иргэний гоо зүйн төлөвшил, сэтгэл зүйн тогтвортой байдалд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болохыг энэ удаагийн дугаарт онцоллоо.

Урлагийн боловсрол буюу ирээдүйн үзэгчийг төлөвшүүлэх нь

Урлагийн боловсрол гэдгийг бид их хол хөндий зүйл шиг санадаг ч, үнэндээ энэ бол ерөөсөө л "хүн байх" соёл юм шүү дээ. Соёл гэдэг зөвхөн үзэсгэлэн үзэхийг хэлэхгүй, хүний харилцаа, ёс зүй, амьдарч буй орчиндоо хандаж байгаа хандлагаас л эхэлдэг гэсэн үг.

Эцэг эхчүүд хүүхдээ мундаг боловсролтой болгох гээд л гадагшаа сургуульд явуулдаг. Гэтэл хамгийн суурь хүмүүжил нь ердөө л гэрийн орчин, аав ээжийнх нь харилцаанаас эхтэй байдаг. Хэрэв иргэд маань өөрсдөө соёлд суралцах хүсэлгүй бол урлаг соён гэгээрүүлэх гээд хэчнээн зүтгээд үр дүнд хүрэхэд хэцүү юм.

Урлаг яагаад ийм хүчтэй вэ гэхээр хүүхдийн хандлагыг маш богино хугацаанд өөрчилж чаддагт байгаа юм. Жишээ нь, Хүүхэлдэйн театрын "Миний хөөрхөн шүдний аялал" жүжгийг үзсэн хүүхдүүд ердөө дөчхөн минутын дотор шүдээ угаахын ач холбогдлыг ойлгож, дадал болгож байх жишээтэй. Гэр бүл, цэцэрлэгийн орчинд олон жил хичээгээд чадаагүй зүйлийг урлаг ингэж л шийдэж байна.

М.Отгончимэг: Соёл, урлагийн салбарын бодлогын үр дүн 10 жилийн дараах зөв монгол хүний төлөвшлөөр илэрнэ нийтлэлийн зураг

Тэгэхээр бидний хийж байгаа ажил бол ирээдүйн зөв монгол хүнийг төлөвшүүлэх оюуны хөрөнгө оруулалт юм шүү. Урлагийн бодлогын бодит үр дүн хамгийн багадаа 10 жилийн дараа л тухайн хүний төлөвшил, хандлагаар илэрдэг онцлогтой. Нийгэмд тулгамдаад байгаа ёс зүйн асуудлуудын гол гарц нь ерөөсөө л соён гэгээрүүлэх энэ үнэ цэнийг ойлгож, дэмжихэд байгаа юм.

Урлаг бол гоо зүйн таашаалаас гадна хүний хандлага, төлөвшлийг өөрчлөх хамгийн хүчирхэг хэрэгсэл болох нь Хүүхэлдэйн театрын жишээнээс тод харагдаж байна. Үнэхээр ч соёл, урлагийн салбар дахь хөрөнгө оруулалт бол алс ирээдүйн оюуны эдийн засгийн суурь юм. Олон улсын түвшинд ч үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсаар ирсэн билээ. 

Тухайлбал, Харвардын Их сургуулийн “Project Zero” судалгаагаар урлагийн боловсрол нь хүүхдийн шүүмжлэлт сэтгэлгээ, бусдыг ойлгох чадвар болон асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадварыг 17-20 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2019 оны тайланд дурдсанаар, урлагтай ойр байх нь стрессийг бууруулж, нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахад эм тарианаас илүү урт хугацааны үр дүн үзүүлдэг байна.

Монголын уран зургийн галерейд зочилж буй хүмүүсийн 60 орчим хувь нь хүүхэд

Манай галерейн түүх 1991 оноос эхтэй. Тэр үед Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс өрх тусгаарлаж, орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон бүтээлүүдийг хадгалж хамгаалах үүргийг хүлээсэн юм. Өдгөө бид алдарт Б.Шарав гуайн бүтээлээс эхлээд залуу уран бүтээлчдийн туурвил хүртэлх 4,000 гаруй үнэт бүтээлийг хадгалж байна. Дүрслэх урлаг гэхээр хүмүүс зөвхөн зураг гэж боддог ч, үүнд баримал, хөөмөл урлаг гээд урлагийн олон төрөл багтдаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

М.Отгончимэг: Соёл, урлагийн салбарын бодлогын үр дүн 10 жилийн дараах зөв монгол хүний төлөвшлөөр илэрнэ нийтлэлийн зураг

Сүүлийн хоёр жилийн тоон үзүүлэлтийг харахад манай үзэгчдийн тоо 30 мянгад хүрсэн байна. Хамгийн баярлууштай нь, тэдний 60 орчим хувийг хүүхэд, залуус бүрдүүлж байгаа юм. Галерейн тэр намуухан, тайван орчин нь өсвөр үеийнхэнд дан ганц  үзэсгэлэн үзэхээс гадна сэтгэл зүйн амар амгалан байдлыг мэдрэх нэг төрлийн тайвшрал болдог гэсэн үг.

Урлагийн бүтээлийг ойлгоно гэдэг нэг удаа үзээд өнгөрөх биш, давтамжтай үзэж, ажиглаж, дотроо тунгаах танин мэдэхүйн процесс шүү дээ. Тийм ч учраас бид үзэгчдийнхээ хүрээг тэлэхээр бүтээлүүдээ дижитал хэлбэрт шилжүүлэхийн зэрэгцээ “Аугаа уран зураг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрт хүүхдүүд мэргэжлийн багш нарын тусламжтайгаар өөрийн гараар бүтээл туурвиж үзэж байна. Өнгө будгийн зохицлыг сурч, дотоод сэтгэлээ зургаар илэрхийлээд эхлэхээр хүүхдэд "би чадах юм байна" гэх өөртөө итгэх итгэл суудаг. Түүнчлэн нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурах, дотоод мэдрэмжээ гадагшлуулах нь сэтгэл заслын асар их ач холбогдолтой байдаг.

Хүүхэд өөрийнхөө баяр баясал эсвэл гунигт мэдрэмжийг өнгөөр илэрхийлж байгааг хараад сэтгэл зүйн оношилгоо, засал хийх ч боломж бүрддэг. Товчхондоо, манай “Аугаа уран зураг” хөтөлбөр хүүхдийг сэтгэл зүйн хувьд тогтвортой, гоо зүйн мэдрэмжтэй "зөв монгол хүн" болж төлөвшихөд чиглэсэн цогц ажил юм.

2009 оны гал түймрээр 1,000 гаруй бүтээл гэмтэж, шатсан

Урлагийн бүтээлийг хадгалж хамгаална гэдэг нь соёлын өвийг цаг хугацааны элэгдэл, гэнэтийн аюулаас хамгаалж, "эмчлэх" нарийн мэргэжлийн үйл ажиллагааг шаарддаг ажээ. 2009 онд тохиосон эмгэнэлт түймэр Монголын дүрслэх урлагийн санд нөхөж баршгүй гарз авчирсан ч, энэ нь биднийг сэргээн засварлалтын шинэ шатанд гарах хөшүүрэг болжээ. Ингээд галерейн дотоод байдал, гал дундаас аврагдсан бүтээлүүдийн хувь заяаны талаар үргэлжлүүлэн ярилцъя.

Манай галерейн үйл ажиллагаа, сан хөмрөгийн хадгалалт бүхэлдээ “Музейн тухай” хуулийн хүрээнд явдаг. Гэхдээ бидний хувьд 2022 онд ХБНГУ-ын Засгийн газрын тусламжаар сэргээн засварлах лабораторитой болсон нь маш том ахиц байлаа. Ер нь энэ лабораторийг байгуулах гол шалтгаан нь 2009 оны түймрийн дараах хохирлыг арилгах зайлшгүй шаардлага байсан юм.

Тухайн үед гэмтсэн 1,000 гаруй бүтээлийн 80 орчим хувийг бид өнөөдөр амжилттай сэргээгээд байна. Сэргээн засварлалт гэдэг маш нарийн, тэвчээр шаардсан ажил. Гэмтлийн зэргээсээ хамаараад нэг зургийг сэргээхэд гурван сар зарцуулах нь бий, заримдаа бүр гурван жил ч болдог. Гэтэл өнөөдөр манай лабораторид ердөө хоёрхон сэргээн засварлагч ажиллаж байна гэдэг хүний нөөцийн хувьд асар их ачаалал шүү дээ.

Тэр түймрийн үеэр шатсан бүтээлүүдийн 4-5 орчим хувь нь дахин сэргээгдэх боломжгүй болтлоо гэмтсэн байдаг. Гэхдээ бид тэдгээр бүтээлийн үнэ цэнийг яаж ирээдүйд үлдээх вэ гэж бодсон. Ингээд 2024 онд “Аргун Холдинг” компанитай хамтарч, хиймэл оюун ухаан (AR) ашиглан галд өртсөн зургуудыг дижиталаар “амилуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Дижиталаар нөхөн сэргээж, хөдөлгөөнд оруулсан нь соёлын өвийг орчин үеийн залууст хүргэх шинэлэг шийдэл болсон. Мөн бид дохионы хэлний тайлбартай виртуал хөтчийг нэвтрүүлсэн нь урлагийн хүртээмжийг хүн бүрд нээлттэй болгох бидний зорилгын нэг хэсэг юм.

М.Отгончимэг: Соёл, урлагийн салбарын бодлогын үр дүн 10 жилийн дараах зөв монгол хүний төлөвшлөөр илэрнэ нийтлэлийн зураг

- Сэргээн засварлалтын тухай асуудал хөндөгдөхөд иргэдийн дунд гадаад улс руу эсвэл мэргэжлийн байгууллага руу илгээх явцад хуулбар бүтээлээр солигдох, эх хувь нь алдагдах вий гэсэн болгоомжлол байдаг шүү дээ. Энэ тал дээр аюулгүй байдал хэрхэн хангагддаг вэ?

- “Бүтээл солигдох вий” гэсэн энэ ойлголт 1990-ээд оны шилжилтийн үед магадгүй нийгэмд байсан байх. Харин өнөөдөр ийм асуудал үүсэх ямар ч боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.

Яагаад гэвэл музей, галерейн сан хөмрөгт байгаа бүх бүтээл Соёлын өвийн үндэсний төвийн нэгдсэн санд нэг бүрчлэн бүртгэлтэй байдаг. Бүтээл бүр өөрийн гэсэн таних тэмдэг, дэлгэрэнгүй зураг, хэмжээ, бүртгэлийн дугаар бүхий нууцлалын зэрэглэлтэй мэдээллийн сантай гэсэн үг. Сүүлийн жилүүдэд манай Соёлын өвийн үндэсний төв орчин үеийн стандарттай болсон учраас бүтээлийг заавал гадагшаа явуулж засах шаардлага ч үндсэндээ үгүй болсон.

Хэрэв бүтээлийг галерейгаас лаборатори руу тээвэрлэвэл энэ нь тусгай журам, өндөржүүлсэн хамгаалалт дор явагддаг. Галерейгаас гарах, тээвэрлэх, лабораторид очих, засварлах гээд алхам бүрийг фото болон видео бичлэгээр баримтжуулж архивд хадгална. Тиймээс солигдсон эсвэл хуулбарласан гэх хардлага ямар ч үндэслэлгүй.

Дээрээс нь улсын хэмжээнд дөрвөн жил тутамд нэгдсэн тооллого явагддаг. Тооллогоор бүтээл бүрийг таних тэмдгээр нь баталгаажуулдаг учраас ямар нэг зөрчил гарах боломжгүй. Бүх музей, галерей бол төрийн тусгай хамгаалалтын объект бөгөөд аюулгүй байдал нь олон улсын жишигт бүрэн нийцсэн байдаг.

Соёлын өвийн “эмч”

Соёлын өвийг хамгаална гэдэг барилга байгууламж, сан хөмрөгийн тухай асуудал биш бөгөөд хамгийн гол нь түүнийг амилуулж байдаг мэргэшсэн боловсон хүчний тухай асуудал юм. Дэлхийн улс орнууд соёлын өвийг сэргээн засварлагчдыг бэлтгэхэд дунджаар 7-10 жилийн хугацаа зарцуулдаг бөгөөд тэдний нийгмийн баталгааг хамгийн өндөр түвшинд хангадаг жишиг бий. Гэтэл манай улсын хувьд цалин хөлсний үнэлэмж бага байгаа нь өвийн эмчийг залгамж халаа тасрахад хүргэж буйг тэрбээр онцолж байлаа.

М.Отгончимэг: Соёл, урлагийн салбарын бодлогын үр дүн 10 жилийн дараах зөв монгол хүний төлөвшлөөр илэрнэ нийтлэлийн зураг

Бид сэргээн засварлагчдаа соёлын өвийн “эмч” гэж нэрлэдэг.. Хүн өвдөхөд нарийн мэргэжлийн эмчид ханддаг шиг цаг хугацааны явцад гэмтсэн бүтээлийг  тэд л аварч үлддэг. Гэтэл өнөөдөр залуу мэргэжилтнүүд энэ салбарт тууштай ажиллахад цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал маш том тээг болж байна. СУИС, ШУТИС-д холбогдох ангиуд байдаг ч эдийн засгийн үнэлэмж бага учраас төгсөгчид мэргэжлээрээ ажиллах сонирхол бага байна шүү дээ. Энэ бол аливаа нэг байгууллагын хичээл зүтгэлээр биш төрийн цогц бодлогоор шийдэгдэх асуудал.

Нөгөө талаас, соёлын байгууллагууд үйл ажиллагааны орлогоо өөрсдөө зарцуулах эрх зүйн орчин бүрдсэн нь бидэнд шинэ боломж нээж өгсөн. Бид лабораторио түшиглэн хувь хүн, байгууллагуудын уран зургийг төлбөртэйгөөр сэргээн засварлах үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ орлогоороо лабораторийн материалаа авах, ажилчдаа дэмжих боломжтой болно гэсэн үг.

Энэ жил манай галерейн 35 жилийн ой тохиож байна. Ойн баяраа бид зүгээр нэг арга хэмжээ төдийхнөөр тэмдэглэхгүй. Гол нь уран бүтээлчдээ дэмжихэд анхаарна. Бусад музей малтлагаар сангаа бүрдүүлдэг бол галерей зөвхөн уран бүтээлчдийнхээ оюун санаа, туурвисан бүтээлээр уран бүтээлийн сангаа бүрдүүлдэг онцлогтой. Тиймээс үе үеийн уран бүтээлчдээ дэмжиж, бүтээлийг нь сурталчлах замаар соёлын өвөө баяжуулахыг бид тэргүүн эгнээнд тавьдаг. 

Салбарын хөгжлийн цогц хүчин зүйлс

Ярилцлагын үеэр соёл, урлагийн байгууллагыг амжилттай авч явахад гурван тулгуур хүчин зүйл зайлшгүй шаардлагатайг тэрбээр онцолсон юм. Үүнийг нэг ёсондоо соёлын салбарын “алтан гурвалжин” гэж хэлж болохоор аж. Нэгдүгээрт, мэргэшсэн хүний нөөц, хоёрдугаарт, стандартын барилга байгууламж, гуравдугаарт, төсөв санхүүгийн тогтвортой байдал юм байна.

М.Отгончимэг: Соёл, урлагийн салбарын бодлогын үр дүн 10 жилийн дараах зөв монгол хүний төлөвшлөөр илэрнэ нийтлэлийн зураг

Соёлын салбарын хууль эрх зүйн орчин сайжирч байгаа ч амьдрал дээр хэрэгжих механизм нь дутмаг хэвээр байна. Миний докторын судалгааны ажлын үр дүнгээс харахад салбар дундын бодлогын уялдаа л нийгэмд бодит өөрчлөлт авчирна. Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, хамгаалах төсөв Нийгмийн хамгааллын яаман дээр байдаг ч соёлын салбартай огтлолцохгүй байна. Гэтэл энэ хоёр салбар төсөв, арга зүйгээ нэгтгэж чадвал соёлын байгууллагуудаар дамжуулан зорилтот бүлэгтээ илүү үр дүнтэй хүрч, төсвөө ч хэмнэх боломжтой юм.

Нийгмийн хамгааллын салбарт хамгаалагдсан хүүхэд гэдгийг зөвхөн халамжийн мөнгө авдаг хүүхдээр төсөөлж болохгүй шүү дээ. Минийхээр бол хамгийн сайн хамгаалалт бол хөгжсөн хүүхэд. Урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олж, өөрийгөө илэрхийлж сурсан хүүхэд өөрийнх нь эрхэд хэн нэгэн халдахад түүнийг таньж, үзэл бодлоо илэрхийлж, өөрийгөө хамгаалж чаддаг. Тийм ч учраас бид Боловсролын яамтай хамтарч, урлагийн боловсролыг суурь хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна.

Товчхондоо, нэг талд нь байгаа мэргэжлийн арга зүйг нөгөө талд байгаа төсөв санхүүтэй нь зөв холбох нь соёлын салбарын ирээдүйн гол гарц гэж хэлж болно. Хэрэв бид дэд бүтэц, хандлагын түвшинд энэ бодит боломжийг бүрдүүлж чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэн Баянхошуунаас манай галерейг зориод ирэхэд ямар ч саадгүй, бусдын адил нийгэмших боломж бүрдэнэ. Соёлын хүртээмж гэдэг нь зөвхөн үзэсгэлэн гаргах биш иргэн бүр оюуны хэрэгцээгээ хангах тэрхүү орчныг цогцоор нь бүрдүүлэх тухай асуудал юм шүү дээ.

Технологиор дамжуулан хүртээмжийг нэмэгдүүлэх нь

М.Отгончимэг: Соёл, урлагийн салбарын бодлогын үр дүн 10 жилийн дараах зөв монгол хүний төлөвшлөөр илэрнэ нийтлэлийн зураг

Бид соёлын салбарт тулгамдаж буй хүний нөөц, төсөв санхүүгийн асуудлуудыг хөндлөө. Гэвч асуудлыг тодорхойлох нь шийдлийн зөвхөн эхлэл юм. Орчин үеийн менежментэд хүртээмж гэдэг ойлголт зөвхөн үзвэр үзүүлэхээр хязгаарлагдахаа больж, иргэн бүр байршил, бие махбодын онцлогоос үл хамааран соёлын үйлчилгээг саадгүй авах тэгш боломжийг эрэлхийлэх болжээ.

Дэлхий нийтэд “Smart Museum” буюу ухаалаг музейн чиг хандлага эрчээ авч, технологийн тусламжтайгаар орон зайн хязгаарлалтыг давж байна. Монгол Улсын хувьд ч газар зүйн алслагдмал байдал, дэд бүтцийн дутагдлыг дижитал шилжилтээр нөхөх бодит гарцуудыг хайж эхэлжээ. Соёлын байгууллагууд дангаараа зүтгэх бус, салбар дундын уялдааг хангах замаар халамж хүртэгч бус өөрийгөө хамгаалах чадвартай, хөгжсөн иргэнийг төлөвшүүлэх шинэ үзэл баримтлал руу шилжиж байна. Ингээд галерейн үйлчилгээг иргэн бүрд ойртуулах бодит шийдлийг энэхүү ярилцлагынхаа төгсгөлд хөндлөө. 

Урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэддээ хүрч үйлчлэх нь манай галерейн нэгэн тэргүүлэх чиглэл юм. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд соёлын үйлчилгээг бодитоор авах боломжтой байгаа ч алслагдсан 21 аймаг, 330 сумын иргэдэд энэ боломж хязгаарлагдмал байна. Уран зургийн эх хувийг орон нутагт тээвэрлэн үзэсгэлэн гаргахад цаг уурын нөхцөл байдал, хадгалалт хамгаалалт, тээврийн зардал зэрэг асар их эрсдэл, төсөв шаардагддаг.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр бид “Галерей 330” төслийг хэрэгжүүлэхээр 2025 оноос төлөвлөж эхэлж байна. Төслийн гол санаа нь 330 сумын соёлын төвүүдэд галерейн сор болсон бүтээлүүдийн албан ёсны зөвшөөрөлтэй хуулбарыг байршуулж, тэдгээрийг AR (Augmented Reality) буюу өргөтгөсөн бодит байдлын технологиор амилуулах явдал юм. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд, сурагчид галерейд гарч буй үзэсгэлэнгийн нээлттэй нэгэн зэрэг танилцаж, технологийн тусламжтайгаар бүтээлийг гүнзгийрүүлэн танин мэдэх боломж бүрдэнэ. Энэхүү өндөр өртөгтэй программ хангамжийг бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байгаа. Энэ нь соёлын салбарт дижитал шилжилтийг нэвтрүүлж буй стратегийн чухал алхам болж байна.

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0
М.Отгончимэг: Соёл, урлагийн салбарын бодлогын ... | Posted