Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид ХААИС-ийн профессор, доктор Г.Ганзоригийг урьж, байгаль орчин бидний амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, Тусгай хамгаалалттай газар нутгийг тэлэх нь эдийн засагт хэр үр өгөөжтэй болох мөн уламжлалт эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих боломж, шийдлийн талаар ярилцлаа.
Бидний ярилцлага ТХГН-аас эко системийн үйлчилгээ хүртэж буй зургаан салбарыг онцолж, эко системийн үйлчилгээ гэж юу болох талаар дэлгэрэнгүй тайлбарласнаар эхэлсэн юм. Олон нийт байгаль орчныг амралт, зугаалгын газар төдийхнөөр төсөөлөх нь элбэг байдаг ч байгаль нь хүний амьдрал, эрүүл мэнд, сэтгэл зүй төдийгүй эдийн засгийн тогтвортой хөгжилд маш том нөлөө үзүүлдэг болохыг энэ удаагийн дугаарт онцоллоо.

ТХГН-аас эко системийн үйлчилгээ хүртэж байгаа зургаан салбар байна гэж бид үздэг. Эко системийн үйлчилгээ гэдэг нь хүмүүсийн байгаль орчин, эко системээс хүртэж байгаа бүх төрлийн үр өгөөжийг хэлдэг. Жишээлбэл, уул уурхайн салбар байгаль орчноос үр өгөөж хүртээд эргээд хэрхэн үнэ цэнийг бий болгож байна, хэрвээ тусгай хамгаалалттай газар нутаг байхгүй болчихвол тухайн салбар хэр хэмжээний уналтад орох магадлалтай вэ гэдгийг судалдаг гэсэн үг.
Мөн эдийн засгийн ухааны талаар товч тайлбарламаар байна. Эдийн засгийн ухаан бол аливаа хүмүүсийн хоорондох аж ахуйн удирдлага гэж хэлж болно. Аж ахуй гэдэг нь амь амьжиргаагаа авч явах тухай ойлголт юм. Тэгэхээр эдийн засгийн ухаанд хэрэглэгч, үйлдвэрлэгч, дунд нь зохицуулагч гэсэн гурван үндсэн субъект байдаг. Арилжаа наймаа ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ хоорондоо солилцож байгаа энэ бүх үйл явцыг л эдийн засаг гэж хэлж байгаа юм. Тэгвэл эдийн засгийн үйл ажиллагааг явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход газар, хөдөлмөр, капитал, ур чадвар гэсэн дөрвөн орц нөөцийг онцолдог.
Уг дөрвөн нөөцийн анхдагч нь байгаль байхгүй юу. Аж амьдралаа авч явах ухаан буюу аж ахуйн ухаанд нөөц байх ёстой. Тэр нь байгалийн нөөц болж өгдөг учраас байгаль, эдийн засаг хоёр ийнхүү холбогдож байгаа юм. Хэрвээ байгаль экологи сүйдвэл эдийн засаг сөнөх аюултай. Учир нь байгаль экологийн нөөцгүйгээр ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ гарах боломжгүй шүү дээ.
Философийн ухаанаар бол бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой. Хүн байгалийн нэг нөөц бүтээгдэхүүн учраас байгаль, хүн хоёрыг салгаж ойлгох боломжгүй гэдгийг тэрбээр онцолж байв. Тэгвэл эдийн засагт маш үр өгөөжтэй салбар ухаан бол байгаль орчин гэдгийг монголчууд хэр сайн ойлгож, хүлээж авдаг талаар бид тодруулсан юм.
Хүний анхдагч хэрэгцээ ба байгалийн доройтол

Эдийн засгаа хөгжүүлж байж бид сайхан амьдарна, байгаль орчин хэнд хамаатай юм гэж хэлээд л уул уурхайгаа ухаад, байгаль дэлхийгээ доройтуулаад л байдаг. Энэ бол зөвхөн Монгол Улсын хэмжээнд биш байгалийн баялаг ихтэй хөгжиж буй бүх орны гол зовлон болдог зүйл.
Масловын хэрэгцээний шатлалын онолоор хүний хэрэгцээг анхдагч хэрэгцээ, хоёрдогч хэрэгцээ, тансаг хэрэглээ гэж гурав хуваадаг юм. Анхдагч болоод хоёрдогч хэрэгцээгээ аль хэдийн хангачихсан өндөр хөгжилтэй орнууд одоо эргээд байгаль гэдэг чинь чухал юм байна, бид тансаг амьдрах гэхээсээ илүү байгаль орчиндоо анхаарснаар ирээдүй хойч үе маань сайхан амьдрах юм байна гэдгийг ойлгоод “ногоон эдийн засаг”, “тогтвортой хөгжил” гэдгийг ярьж байхад буурай хөгжилтэй орнууд анхан шатны хэрэгцээндээ төвлөрөөд байгаль орчноо доройтуулсаар л байна.
Монголын хувьд байгалийг доройтуулж байгаа асар олон асуудлууд бий. Тухайлбал, хот сууринтай холбоотой хог хаягдал, хариуцлагагүй уул уурхай, тэгш бус байдал гэх мэт. Яагаад тэгш бус байдлыг онцолж байна гэхээр манай орон маш их байгалийн баялагтай хэр нь хөгждөггүй. Ухаад, зараад л байдаг хэр нь үр өгөөжийг нь нийтээр хүртэж чаддаггүй маш цөөхөн хүн л хүртдэг. Үүнээс үүдээд авлигал, хээл хахууль, тэгш бус байдал газар авсаар л байна. Учир нь хэсэг бүлэг хүмүүс өөрийн анхдагч хэрэгцээгээ хангахын тулд бусдыг болоод байгалиа огт бодохгүй байна гэсэн үг.
“Мал аж ахуйн салбар ойролцоогоор 1 сая орчим ажлын байрыг дангаараа бүрдүүлэх чадамжтай”
Манай улсын хэмжээнд уул уурхайн салбар баялгийн ихэнх хувийг бүрдүүлж байдаг ч 40-50 мянган хүнийг л ажлын байраар хангах чадамжтай. Уул уурхайн салбарын онцлог нь их баялаг бүтээдэг хэр нь ажлын байраар маш цөөн хүнийг хангадаг байхгүй юу. Гэтэл мал аж ахуйн салбар ойролцоогоор 1 сая орчим ажлын байрыг дангаараа бүрдүүлэх чадамжтай. МАА нь ДНБ-д эзлэх хувиараа уул уурхайтай харьцуулахад 2-3 дахин бага хэдий ч давуу тал нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө маш бага.
Манай улсын газар нутгийн 70 орчим хувь нь аль хэдийн бэлчээрийн доройтолд орсон буюу нөөц нь багасчихсан гэсэн судалгаа гарсан. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар малын тоо толгойгоос илүү уур амьсгалын өөрчлөлт бэлчээрийн доройтолд илүү нөлөөлж байгааг тогтоосон байдаг. Малын амьсгал болон өтгө бууцнаас гарч буй хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн дулааралд нөлөөлж байна гэж үздэг ч энэ хөгжингүй орнуудын суурин фермерийн аж ахуйд хамааралтай ойлголт юм. Учир нь фермерийн мал бэлчээрийн өвс биш гар аргаар тариалсан тариа ногоог идэж байгаа. Тэрийг идсэн мал Монголын малтай харьцуулахад их сүү ордог, таргалдаг, тэгээд амьсгалаар болон өтгөнөөрөө асар их хий ялгаруулдаг. Гэтэл Монголын бэлчээрийн мал жижиг, давжаа биетэй, фермийн үхэр бол жил алсахгүй хээл авдаг, манайх харин ийм эрчимжсэн байдлаар явдаггүй, дөрвөн улирлын шинж чанараа хадгалдаг шүү дээ.
Олон нийтэд сүүлийн үед мал аж ахуйг байгаль орчны доройтолд нөлөөлөх гол шалтгаануудын нэг болж байна хэмээн үзэх хандлага нэмэгдэх болсон аж. Тэгвэл уг асуудалтай холбоотой эргэлзээ, буруу ташаа ойлголтыг мэргэжлийн хүний өнцгөөс энгийн байдлаар тайлбарлахыг зорилоо. Түүний ярианаас уламжлалт мал аж ахуй нь байгальд ээлтэй байх талдаа чиглэдэг болохыг харж болохоор байна.
“ТХГН байгаагүй бол аялал жуулчлалын салбар өнөөдрийнх шиг ийм ашигтай ажиллахгүй байх байсан”

- ТХГН-ийн хэмжээг тэлэх нь малчид болоод малын бэлчээрт хэрхэн нөлөөлж байна вэ?
АНУ-ын Yellow Stone National Park буюу манайхаар байгалийн цогцолбор газар маш өндөр түвшний хамгаалалтад байдаг. Байгаль хамгаалагчдад хууль бус үйл ажиллагаа илэрсэн тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авах хүртэлх эрхийг нь олгосон байх жишээний. Монгол Улс маань уудам газар нутагтай, тэр газар нутгийг бүтнээр нь хаших угаас боломжгүй, зардал мөнгө, хугацаа их шаардагдана. Тэглээ гээд зүгээр задгай орхичхож болохгүй шүү дээ. ТХГН-ийн тухай хуулиар тодорхой үйл ажиллагааг хориглосны ачаар манай улсын маш олон газар нутаг хамгаалалтад орж өөрсдийн унаган төрх, онгон дагшин байдлаа хадгалж үлдэж чадсан байдаг.
Манай улсад малчдын хувьд тодорхой хэмжээний газар нутгийг малын бэлчээр болгон ашиглахыг нь хуулиар зөвшөөрдөг. Зарим шаардлагатай тохиолдолд буюу зуд, ган гачиг нүүрлэсэн хүнд жилүүдэд тусгай дэглэмийн дагуу хамгаалалттай газар нутагт нэвтэрч хадлан өвс бэлтгэх, отрын жижиг бүс нутаг гаргаж өгөх зэргээр уян хатан зохицуулалтыг хийх боломжтой.
- ТХГН-ийг хамгаалж, тэлэх нь эдийн засгийн хувьд хэр үр өгөөжтэй юм бэ?
Бид The Nature Conservancy олон улсын байгууллагатай хамтарсан судалгаандаа аялал жуулчлалын салбарыг онцолсон юм. Манай улсад аялал жуулчлалаар 700 мянган гадаад жуулчид ирсэн гэсэн тоо баримт гарсан. Үүнээс 200-300 мянган жуулчин ТХГН-аар зорчиж аялсан байгаа юм. Тиймээс ТХГН байгаагүй бол Монголд энэ хэмжээний гадаад жуулчид ирэхгүй, аялал жуулчлалын салбар өнөөдрийнх шиг ийм ашигтай ажиллахгүй байх байсан гэж үзэж байна.

Аялал жуулчлалын салбар улирлын онцлогоосоо хамаараад ойролцоогоор 70-73 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Бараг уул уурхайн салбараас ч илүү байх жишээний. Ковид цар тахлын үеэс хойш дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдээд сая хүрээд буй. Хүмүүс хамгийн сайхан газар л очиж байгаа шүү дээ. Хэрвээ тэр сайхан газар нутгийг тусгай хамгаалалтад аваагүй бол байгалийн үзэмж нь хэдэн зуун хүний хөлд нэрвэгдэж дахин сэргээх боломжгүй болох байлаа.
Тодруулбал, Хөвсгөл нуурыг гадаад, дотоодын маш олон хүн зорин очиж байгаа. Тэгэхээр уг газрыг хамгаалахаас өөр аргагүй. Тэгж байж л ажлын байр нэмэгдэж, тус орон нутгийн эдийн засагт тодорхой хэмжээний үр өгөөж бий болгож өгөх юм. Аялал жуулчлалын салбарын суурь нь ТХГН болно. Эргээд аялал жуулчлалын салбар уул уурхайтай адилхан валютыг наашаа маш сайн татдаг салбар. Тиймээс Монголын эдийн засагт асар их нөлөөтэй гэсэн үг.
“Анх 1994 онд ТХГН-ийн тухай хууль батлагдсанаас хойш тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон ч шинэчилсэн найруулга нь одоо хүртэл батлагдаагүй хэлэлцээд л яваад байна. Гэтэл бараг 30 жилийн өмнөх үе одоо үеийн хооронд асар их ялгаа үүсээд байхад хуучин эрх зүйн зохицуулалтаар асуудлыг шийдээд яваад байх нь учир дутагдалтай” хэмээн доктор Г.Ганзориг онцолж байв.
Саарал эдийн засаг ба Ногоон эдийн засаг
Эдийн засгийн тухай ойлголтыг саарал эдийн засаг буюу уламжлалт эдийн засгийн тогтолцоо, ногоон эдийн засаг буюу байгаль орчин, хүнд ээлтэй эдийн засгийн тогтолцоо гэж хоёр хувааж үзэх боломжтой. Уламжлалт эдийн засгийн тогтолцоо нь ерөөсөө үйлдвэрлээд л, хэрэглээд байхыг санал болгодог. Жишээлбэл, энгийн орон сууц байлаа гэж бодоход илүү олон, үнэтэй, тансаг орон сууц болгох хэрэгтэй, тэр нь сайн зүйл мэтээр ойлгуулдаг. Гэтэл орчин үед чанаргүй олон байшин барилга чинь буруу шүү гээд саарал эдийн засгийг үгүйсгээд ногоон эдийн засаг гараад ирчихсэн байхгүй юу.
Уламжлалт эдийн засагт бол зэрлэг амьтадын хорогдол, ТХГН-ийн доройтол, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг нь ямар ч хамаагүй. Өндөр хөгжилтэй улс орнууд яг энэ замыг туулаад гарчихсан. Жишээлбэл, Лондон хот 1940-өөд онд агаарын бохирдолд нэрвэгдээд маш олон хүн нас барж байсан. Их нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлээд, машины хувьсгал явагдаад л, аж үйлдвэрлэгчдийн хувьсгал сонгодог утгаараа Англи улсад хөгжсөн шүү дээ. Үр дүнд нь эдийн засаг өсөж, хотууд нь хөгжсөн ч байгаль орчин нь сөнөөд, олон хүн эндээд эхлэхээр “эрчимтэй үйлдвэрлэл нь буруу юм байна, байгаль орчноо хамгаалах ёстой юм байна” гээд эргээд энэ чиглэл рүүгээ хөрөнгө мөнгө зарж эхэлсэн байдаг. Гэтэл бидний өнөөгийн байдал энэ алдааг давтаж байгаа нь харамсалтай.

Олон улсад ногоон эдийн засгаа дагаад хүмүүс “бидэнд их зүйл хэрэггүй юм байна” гэдгийг ойлгож эхэлж байна. Үүнийгээ дагаад “Ойн хүний сайн сайхан байдлын аялал жуулчлалын салбар” хүртэл маш хурдтай хөгжиж байгаа юм. Тодруулбал, ойд алхдаг, салхилдаг, тэнд очоод зүгээр сайхан бясалгал хийгээд өөрийнхөө сэтгэл санааг ариусгадаг, стрессээ тайлдаг болоод ирэхээр хүмүүсийн хандлага дагаад өөрчлөгдөж эхэлж байгаа юм. Тэгэхээр ТХГН доройтвол энэ чиг хандлагаа алдах магадлалтай.
Бид сайн сайхан байдлаа ТХГН-аар хангах боломжтой гэсэн үг. Тиймээс улс орны хөгжил, эдийн засгийн өсөлт гэхээр л нэг хүнд ноогдох ДНБ-ээр сэтгээд байж болохгүй. Монгол Улсын хэмжээнд 2005 онд нэг хүнд ноогдох ДНБ 4 мянган ам.доллар байсан, өнөөдөр 7 мянган долларт хүрсэн байна. Тэглээ гээд хүмүүс уур бухимдалгүй, инээж хөөрөөд явж байгаа зүйл алга. Эцсийн эцэст хүн байгальд гарч байж л илүү тайвширч, амьдралыг ойлгож, өөрийгөө олдог юм шүү дээ.
“Ногоон эдийн засагт заавал хүн багтсан байх ёстой”
Уламжлалт буюу саарал эдийн засаг нь богино хугацаанд өсөлт үзүүлж болох ч байгаль орчин, нийгмийн сайн сайхан байдалд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Олон улсын судалгаанууд ногоон эдийн засаг нь байгаль хамгааллыг эдийн засгийн өсөлттэй уялдуулснаар, урт хугацаандаа ажлын байр нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах боломжийг бүрдүүлдэг тогтвортой хөгжлийн загвар болохыг онцолжээ. 2025 оны судалгаагаар Энэтхэг улс ногоон эдийн засгаар 2047 он гэхэд 4.1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татаж, 48 сая ажлын байр шинээр бий болгох боломжтой хэмээн үзэж байгаа аж.
1990-ээд оноос хойш Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд байгаль орчинд сөрөг үйл ажиллагааг маш ихээр явуулсан. Учир нь зах зээлийн эдийн засаг уламжлалт эдийн засаг байхгүй юу. Тухайн үед зах зээлийн эдийн засагт нэрвэгдсэн хүмүүс түлэх түлшний ч мөнгөгүй болоод ямар ч хяналтгүй Туул голын бургас, ой модыг хөрөөдөж, тарвага, цагаан зээр зэргийг агнаад арьсыг нь зарж борлуулаад махыг нь хөсөр хаяж байсан үе. Тэр цагаас хойш маш чанга хамгаалалтын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний ачаар өнөөдөр Монгол Улс нийт газар нутгийнхаа 21%-ийг ТХГН-аар бүртгэж, 121 ТХГН-ийг байгуулаад байна.

- Манай улсын хэмжээнд ногоон эдийн засгийг хэрэгжүүлж чадаж байгаа болов уу?
Ногоон эдийн засагт дөрвөн үндсэн асуудлыг тусгадаг юм. Үүнд:
1. Байгаль орчны эрсдэл доройтлыг бууруулсан байх
- Эрсдэл доройтол гэдэг нь, агаарын бохирдол, усны бохирдол, байгалийн гамшигт үзэгдэл зэргийг хэлнэ.
2. Байгалийн нөөцийн хомсдолоос сэргийлэх
- Байгалийн нөөцийг нөхөн сэргээгддэг нөөц, нөхөн сэргээгддэггүй нөөц гэж хоёр ангилна. Нөхөн сэргээгддэггүй нөөц бол алт, зэс, нүүрс зэрэг бидний ухаад л байдаг баялаг. Нөхөн сэргээгддэг нөөц нь ус, бэлчээрийн нөөц зэрэг юм.
3. Хүний сайн сайхан байдлыг дээшлүүлсэн байх
- Ногоон эдийн засаг гэхээр зөвхөн байгаль орчны талаар гэж ойлгоод байдаг. Гэтэл ногоон эдийн засагт заавал хүн багтсан байх ёстой.
4. Тэгш бус байдлыг багасгасан байх
- Нийтээрээ бус хэсэг нөхөд л баян тансаг амьдардаг энэ байдал даамжраад байвал ногоон эдийн засаг биш гэсэн үг.

Монгол Улс Ногоон хөгжлийн бодлого буюу ногоон эдийн засаг чухал юм байна, эдийн засаг саарлаараа байгаад байвал тогтвортой хөгжилд хүрэхгүй, тиймээс бүх асуудлыг ногоон болгох ёстой юм байна гэдгийг ойлгоод 2014 онд Ногоон хөгжлийн бодлогоо баталж байсан. Энэ бодлого ч тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөөр байна. Жишээлбэл, банкны салбар гэхэд байгаль орчинд ээлтэй үйл хэрэгт зориулах бол бид танд тусалъя гээд ногоон санхүүжилт, ногоон зээлийг санал болгож байх жишээний.
Бид өнөөгийн нийгэмд уламжлалт эдийн засаг, ногоон эдийн засгийн аль нь давамгай байгааг дээрх дөрвөн шалгуур асуултыг өөртөө болон бусдад тавьснаар мэдэх боломжтой аж. Үүнээс гадна малчин айл бол нарны толь ашиглаж эрчим хүчээ зохицуулдаг, хот суурин газар цахилгаан машин унах зэргээр бид өдөр тутмын амьдралдаа ногоон эдийн засгийг үр дүнтэй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг тэрбээр онцолж байлаа.
“Нүүдэлчдийн соёл тэр чигээрээ ногоон эдийн засаг...”
Уламжлалт бэлчээрийн буюу нүүдлийн мал аж ахуй нь мөн чанартаа байгальд ээлтэй, өнөөгийн ойлголтоор бол бүрэн утгаараа ногоон эдийн засгийн тогтолцоо байсан юм. 100 жилийн өмнөх малчин ахуйд байгальд шингэхгүй үлддэг, байгаль орчноо хордуулдаг хог хаягдал гэж бараг байгаагүй шүү дээ. Дээл, гутал хувцсаа арьс, ширээр өөрсдөө оёж өмсдөг, дээс томж оосор бүчээ хийдэг, эсгий гэрээ ноосоороо бүрж, хэрэглээний эдлэлээ мод, төмрөөр урладаг байв. Эдгээр нь бүгд байгальдаа эргээд шингэдэг, ямар нэг хор нөлөөгүй түүхий эдүүд.
Нүүдэлчдийн амьдралд гялгар уут, хуванцар гээд байгальд задрахгүй үлддэг материал огт байсангүй. Тээврийн хэрэгсэл нь хүртэл үхэр тэрэг, тэмээ, адуу зэрэг байгальд ул мөр үлдээдэггүй энгийн хэрэглээ байв. Суурин барилга байгууламж барихгүй, нүүдэллэн амьдардаг учраас нэг газар удаан ачаалал өгдөггүй, нутгаа орхиод явахдаа бууриа цэвэрлэж, ариутган үлдээдэг уламжлалтай ард түмэн шүү дээ.
Суурин иргэншлээс ялгаатай нь бид бол ул мөргүйчүүд. Ашигласан газраа цэвэрлэж, бохирдлыг арилган, дараагийн хүн, дараагийн үедээ үлдээх ухамсар нь нүүдэлчдийн ёс суртахуун, соёлын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Энэ утгаараа Монголын нүүдэлчдийн соёл тэр чигээрээ ногоон эдийн засаг байсан гэж хэлэхэд хилсдэхгүй.
“Байгальтайгаа зөв харьцах ухамсар монгол хүний генд нь шингэсэн байдаг үнэт зүйл”

Ямар ч монгол хүн байгалиа зориуд доройтуулъя гэж боддоггүй. Уул усаа тахин шүтэж, өглөө бүр тэнгэр хангайдаа цайныхаа дээжийг өргөдөг байгаль эх дэлхийтэйгээ зөв харьцах ухамсар монгол хүний генд шингэсэн байдаг үнэт зүйл юм. Харин суурин, орчин үеийн амьдралын хэв маяг нэвтэрснээр энэ их хог хаягдал, байгальд хайнга ханддаг асуудлууд нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг бид өөрсдийн уламжлалт соёлоос ялгаж ойлгох нь зүйтэй.
Гэвч энэхүү соёл өнөөдөр орчин үеийн амьдралын хурдацтай өөрчлөлтүүд, хэрэглээний соёлын нөлөөгөөр алдагдах эрсдэлтэй байгаа учраас бид үүнийг сэргээж, бидний генд байгаа тэр ухамсрыг бадрааж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх шаардлагатай байна. Үүний хамгийн энгийн шийдэл хүн бүрд бага наснаас нь эхлүүлээд байгаль орчны боловсролыг зөвхөн онол, сурах бичгийн түвшинд биш, бодит амьдрал дээр тулгуурласан практик хэлбэрээр олгох явдал юм. Бидний хаясан хог хаягдлыг хаашаа авч явдаг, тэндээс ямар үнэр ялгардаг, замбараагүй хог хаягдал нь ямар үр дагавар дагуулдаг гээд бүгдийг нь нүдээр үзүүлж, цэвэрлүүлж, тэрийг хүүхдүүдэд биеэр мэдрүүлж байж л зөв ухамсар, төлөвшилтэй болж өснө шүү дээ.
Иймд энэхүү боловсрол олгох хөтөлбөрийг эцэг эх, багш, бодлого боловсруулагчдыг хамарсан цогц оролцоонд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай. Багш заах л үүрэгтэй, сурагчид заалгах үүрэгтэй гэхээс илүү “хэрхэн хийдэг вэ, хэрхэн суралцах вэ” гэдэг бодит туршлага өгөх боломжийг бүрдүүлэх нь орчин үеийн боловсролын гол чиг хандлагаыг хэрэгжүүлэх шаардлагай байна. Үүнээс гадна гадаад туршлага судлахаас илүүтэйгээр Монголын уламжлалт соёл, ахмад малчдын эрдэм мэдлэгээс суралцах нь илүү бодит, үр өгөөжтэй шийдэл болох бүрэн боломжтой.
Эцэст нь, ямар ч бодлого, сургалт хүсэл сонирхолгүйгээр үр дүнд хүрэхгүй. Тиймээс төрийн бодлого нь заах, шахахаас илүүтэй байгальд ээлтэй амьдралын үнэ цэнийг ойлгуулах, сонирхлыг нь бадраахад чиглэх нь ногоон хөгжилд хүрэх хамгийн энгийн алхам, бодит суурь болж өгөх юм. Мөн өнгөрсөнд гаргасан алдаа дутагдлаасаа суралцаад урагшлах хэрэгтэй. Урагшаа харж явахдаа шинэ эдийн засгийн хандлага буюу ногоон хөгжил, ногоон эдийн засгаа баримтлаад байгаль орчин, хүндээ ээлтэй ийм л хөгжлийн замаар явах хэрэгтэй байгаа юм.
Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.


Сэтгэгдэл