О.Оюун-Эрдэнэ: Агаарын чанарыг сайжруулахад зарцуулсан хөрөнгө ирээдүйн эрүүл мэндийн зардлыг хэмнэнэ

М.Энхмаа
М.Энхмаа
2026.01.195 минут унших
О.Оюун-Эрдэнэ: Агаарын чанарыг сайжруулахад зарцуулсан хөрөнгө  ирээдүйн эрүүл мэндийн зардлыг хэмнэнэ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Оюун-Эрдэнийг урьж, агаарын бохирдлын өнөөгийн байдал, тэр дундаа бидний анзаардаггүй дотоод орчны бохирдол болон түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлаа.

Бидний ярилцлага агаар мандал гэж юу болох, түүний хэвийн найрлага хэрхэн алдагдаж бохирдол үүсдэг талаарх суурь ойлголтоор эхэлсэн юм. Өнөөгийн нийгэмд бид агаарын бохирдлыг зөвхөн яндангийн утаа, авто машинаар төсөөлдөг ч бодит байдал дээр бидний амьдралынхаа 90 орчим хувийг өнгөрүүлдэг дотоод орчны агаар, түүнд агуулагдах химийн болон биологийн бохирдуулагчид хүний эрүүл мэндэд, тэр дундаа бага насны хүүхдийн ирээдүйд хэрхэн заналхийлж буйг энэ удаад онцлон хөндлөө. Хүн бүр өөрийн амьдрах орчны агаарын чанарт хэрхэн хяналт тавьж, мэдлэг мэдээлэлтэйгээр өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой талаарх шийдлүүдийг энэхүү ярилцлагаас уншаарай.

Агаарыг бохирдуулж буй гол эзэн нь хүн өөрөө

Агаарын бохирдлын талаар ярихаасаа өмнө бид "агаар" болон "бохирдол" гэх ойлголтыг тодорхойлох хэрэгтэй. Агаар мандал нь өнгөгүй, үнэргүй, амтгүй бөгөөд хүчилтөрөгч, азот зэрэг олон хийнээс  бүрдсэн өөрийн жинтэй хийн мандлын орчлыг хэлж байгаа юм. Гэтэл энэхүү байгалийн хэвийн найрлага алдагдаж, дотроо ямар нэгэн механик хольцтой болж, хүний мэдрэхүйн эрхтнүүдэд нөлөөлж, хүрээлэн буй оочин болон амьд организмын амьдрах орчинд нөлөөлж эхлэхийг агаарын бохирдол гэж нэрлээд байгаа юм.

Энэхүү бохирдлыг бий болгож буй гол эзэн нь хүн өөрөө юм. Бид өөрсдөдөө таатай орчин бүрдүүлэх, хөгжих, амьдрахын тулд байгалийн баялгийг ашиглахдаа агаарыг бохирдуулах процессуудыг тасралтгүй үүсгэж байдаг. Хамгийн энгийн жишээ нь, бид дулаан байхын тулд бүс нутгаасаа хамааран нүүрс, мод, аргал хоргол зэрэг хатуу түлшийг шатааж, эрчим хүч гаргаж байна. Иймд агаарын бохирдлын менежмент нь бид байгалийн нөөцийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэдэг асуудлаас эхэлнэ. Айл бүр тусдаа яндантай байх уу эсвэл нэгдсэн дэд бүтэц болон сэргээгдэх эрчим хүчний шийдэл рүү шилжих үү гэдэг нь агаарын бохирдлыг бууруулах суурь алхам юм.

О.Оюун-Эрдэнэ: Агаарын чанарыг сайжруулахад зарцуулсан хөрөнгө  ирээдүйн эрүүл мэндийн зардлыг хэмнэнэ нийтлэлийн зураг

Нөгөөтэйгүүр бид агаарын бохирдлыг зөвхөн гадаа орчны агаарын бохирдол буюу утаагаар төсөөлж болохгүй. Өнөөдөр ДЭМБ-аас "өрхийн агаарын бохирдол" хэмээх ойлголтыг онцлох болсон. Энэ нь нэг өрхөөс шаталтын явцад дотоод болон гадаад орчинд хаягдаж буй бохирдуулагчдыг хэлдэг. Хүн амьдралынхаа 70-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг учраас бидний амьдарч буй орон сууц, оффисын агаарын чанар эрүүл мэндэд хамгийн их нөлөөтэй. Бидний сонгосон тавилга, барилгын материал, тэр ч байтугай цэвэрлэгээний бодисоос ялгарах химийн нэгдлүүд, дуу шуугианы бохирдол нь чихрийн шижин, таргалалт, цаашлаад хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлийг дагуулж байна.

Тиймээс агаарын бохирдлын менежмент гэдэг нь төрийн бодлогоос гадна хувь хүн өөрөө мэдлэг мэдээлэлтэй байж, эко бүтээгдэхүүн, зөв агааржуулалт, зуух яндан ашиглах гэх мэт өдөр тутмын сонголтоо хариуцлагатай хийхээс эхлэх цогц ойлголт юм.”

Үл үзэгдэгч аюул: PM2.5 тоосонцрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

“Агаарын бохирдлын менежментийн талаар ярихад бидний анхаарлын гадна үлддэг нэг томоохон хэсэг бол бохирдуулагч бодисын төрөл болон тэдгээрийн эх үүсвэр юм. Монгол улсад агаарын чанарыг хянах зориулалттай "Агаарын чанар техникийн ерөнхий шаардлага MNS 4585:2025" стандарт мөрдөгдөж, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хяналт тавьж байгаа ч бодит байдал дээр бид зөвхөн яндангийн утаа гэх ойлголттойгоо зууралдсаар байна. Агаар бохирдуулах бодисыг дотор нь PM2.5, PM10 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг түгээмэл бохирдуулагч болон органик дэгдэмхий нэгдлүүд болох хавдар үүсгэгч бензол, формальдегид, мөн биологийн бохирдол буюу мөөгөнцөр, нян, радон гэх зэрэг цацрагийн бохирдуулах бодисууд гэх мэтээр ангилагд бөгөөд төрөл тус бүр нь хүний эрүүл мэндэд өөр өөр сөрөг нөлөөтэй. 

Ялангуяа шаталтын процессоос үүсдэг PM2.5 тоосонцор нь маш жижиг хэмжээтэй тул амьсгалын замаар дамжин цусны эргэлтэд орж, дархлааг бууруулахаас гадна ихсийн хоригыг нэвтэрч урагт нөлөөлдөг  аюултайг судлаачид тогтоосон юм. Г.Энхжаргал докторын судалгаагаар PM2.5 тоосонцорт 36 төрлийн хүнд металл, хортой бодис агуулагддаг нь тогтоогдсон байдаг. Монголд бохирдлын гол эх үүсвэр нь одоогоор нүүрс, нүүрсний  бүтэц өөрчлөгдөхгүй, харин тоосонцорыг нь бууруулах, түүхий нүүрсийг боловсруулж дараагийн төрлийн түлш бусад бүтээгдэхүүн хийх технологи манай улсад хөгжөөгүй тул бид угаасан нүүрс гэх мэтээр зөвхөн харагдах байдлыг нь л өөрчилж, нарийн тоосонцрыг тодорхой хэмжээнд бууруулж байгаагаас бус хоруу чанарыг нь  багасгах чадаахгүй байна.“

Бид агаарын бохирдол гэхээр л утаа, униар гэж ерөнхий ярьдаг. Гэвч яг юу бидний уушгийг гэмтээгээд байгааг нарийвчилж үзвэл энд PM10 болон PM2.5 гэх “үл үзэгдэгч дайснууд” байдаг. Энгийнээр хэлбэл, эдгээр нь маш өчүүхэн хэмжээтэй тоосонцрууд юм. PM10 гэдэг нь хүний үсний ширхгийг тав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний тоосонцор. Энэ нь бидний хамар, хоолойн шүүлтүүрээр нэвтэрч зарим нь хамарт үлдэж зарим нь уушгинд очдог. 

PM2.5 тоосонцор хүний үсийг 70 хуваасны нэгтэй тэнцэхүйц маш бичил хэмжээтэй. Хэтэрхий жижиг учраас уушгины цулцангаар дамжаад шууд цусанд нэвтэрч, зүрх судас, тархи мэдрэлд нөлөөлөх чадвартай байдаг. Яг ийм нарийн ширхэгтэй тоосонцор, дээрээс нь угаарын хийн эрсдэл бидний гэр дотор, амьдрах орчинд ямар аюул тарьж байгааг тэрбээр онцолж байлаа. 

О.Оюун-Эрдэнэ: Агаарын чанарыг сайжруулахад зарцуулсан хөрөнгө  ирээдүйн эрүүл мэндийн зардлыг хэмнэнэ нийтлэлийн зураг

Агаарын бохирдол хүний биеийг эд эсийн түвшинд гэмтээдэг…

“Агаарын бохирдлын бодит нөлөөллийг тооцоолохын тулд түүний бүтэц болон эх үүсвэрт хийсэн нарийвчилсан судалгаанууд чухал үүрэгтэй. Манай улсад гадаад орчны агаарын чанарыг "MNS 4585:2025" стандартаар хянаж байгаа бөгөөд 2025 онд энэхүү стандартыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шинэчлэн чангатгасан нь бодлогын томоохон ололт болсон юм.

Хэдийгээр бид 2019 оноос түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр сольж, харагдах байдал болон нарийн тоосонцрын хэмжээг тодорхой хэмжээнд бууруулсан, гэвч шаталтын үр дүн хоруу чанар хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Бидний амьдралын хэв маягаас хамааран агаарын бохирдолд өртөх байдал харилцан адилгүй. 

Хүн амьдралынхаа 70-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг, мөн өрхийн агаарын бохирдлын асуудлыг анхааралтай байна. Дотоод орчны бохирдуулагчдад түгээмэл бодисуудаас гадна тавилга, барилгын материалаас ялгарах бензол, формальдегид зэрэг өвөрмөц бохирдуулагчид багтдаг. Тухайлбал, чанаргүй будагт агуулагдах органик дэгдэмхий нэгдлүүд Европын стандартаас 1000 дахин их гарсан тохиолдол судалгаагаар бүртгэгджээ. 

Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчин үүсгэдэг, урт хугацаандаа хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн хавдрын агентлаг зарласан. Гэтэл манай улсад дотоод орчны агаарын чанарын стандарт одоогоор байхгүй байгаа бөгөөд түүнийг батлуулах ажил сүүлийн гурван жил гацаж байгаа нь иргэдийн, ялангуяа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндэд ирээдүйд учрах эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.”

- Агаарын бохирдол гэдгийг бид зөвхөн гадаах утаа мэтээр явцуу ойлгож болохгүй нь. Нарийн ширхэгтэй тоосонцор хүний цусанд нэвтэрч эрүүл мэндийг хохироохоос гадна, гэр доторх орчны аюулгүй байдал, цаашлаад уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн холбогдож байна вэ? Бид яг юутай тэмцэх ёстой вэ?

Агаарын бохирдуулах бодисууд нь ялангуяа PM2,5 тоосонцор амсьгалын эрхтэн системээр нэвтэрч орохдоо хамрын намираа хучуур эсэд том ширхэгтэй нь үлдэж 2.5 түүнээс доош жижиг диаметртэй тоосонцорууд нь цусны эргэлтэд орж, бүх эрхтэн системд нөлөөлдөг. Химийн бохирдуулах бодисууд мөн ялгаагүй амьсгалын замаар орж эрхтэн системд нөлөөлдөг. Иймд гэр бүлээ хамгаалахын тулд бид сонголтондоо анхаарах, тухайлбал засвар үйлчилгээнд усан суурьтай будаг сонгох, агааржуулалтын системээ сайжруулах, эко бүтээгдэхүүн хэрэглэж хэвших нь хувь хүний түвшний агаарын бохирдлын менежментийн хамгийн суурь бөгөөд үр дүнтэй шийдэл юм.

О.Оюун-Эрдэнэ: Агаарын чанарыг сайжруулахад зарцуулсан хөрөнгө  ирээдүйн эрүүл мэндийн зардлыг хэмнэнэ нийтлэлийн зураг

Үүнээс гадна, агаарын бохирдол нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой. Хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэнээр агаарын хэм дулаарч, энэ нь ургамлын ургалт, төрөл зүйлд нөлөөлөх, дулааны цохилт үүсгэж даралт исэлт, цус харвалт зэрэг эрүүд мэндийн сөрөг үр дагавар үүсгэж байна. Тиймээс агаарын бохирдолтой тэмцэнэ гэдэг нь утааны тухай асуудлаас гадна, дотоод орчны агаарын бохирдлыг үүсгэж байгаа эх үүсвэр, түүний найрлага, дэлхийн дулааралтай холбоотой асуудлыг цогцоор нь тэмцэх асуудал юм.

“Агаарын чанар ба эрүүл мэнд” 2021 оны баримтын цомогт дурдсанаар, агаарын бохирдол нь өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Жил бүр дэлхий даяар 4.2 сая хүн PM2.5 нарийн тоосонцрын өртөлтөөс үүдэлтэй өвчлөлөөр эндэж байгаагийн дотор нас баралтын 58 хувийг зөвхөн зүрхний шигдээс болон харвалт эзэлж байна. Үлдсэн хэсэг нь уушгины архаг бөглөрөл, амьсгалын замын халдвар болон хавдрын шалтгаантай байгаа нь агаар дахь хорт бодисууд хүний амин чухал эрхтэн системийг хэрхэн гэмтээж буйг харуулж байна.

Аюул зөвхөн гадаад орчноор хязгаарлагдахгүй бөгөөд өнөөдөр 3 тэрбум орчим хүн гэр доторх галлагаа, нүүрсний шаталтаас үүдэлтэй дотоод орчны бохирдолд өртөж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Энэ нь агаарын бохирдолтой тэмцэх асуудал нь зөвхөн утааг арилгах бус, хүн амын оршин тогтнох аюулгүй байдал, амьдрах орчны цогц стандартыг шинэчлэх тухай асуудал болохыг бидэнд сануулж байна.

Дотоод орчны аюулгүй байдал

“Агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэн бүр өдөр тутмын амьдралын сонголт, хариуцлагаас эхлэх явдал юм. Бидний гаргаж буй бохирдол бүр эргээд бидний эрүүл мэндэд нөлөөлдөг тул менежментийн хамгийн эхний суурь нь “би өөрийнхөө орчны агаарын чанарыг хэрхэн хянах вэ?” гэсэн асуултаас эхлэх учиртай. Бид гадаа орчны агаарыг бие даан шийдэж чадахгүй ч, амьдралынхаа 90 хувийг өнгөрүүлдэг дотоод орчныхоо агаарыг агааржуулалтын системээ сайжруулах, эко-тэмдэглэгээтэй барилгын материал сонгох, усан суурьтай будаг хэрэглэх зэрэг дадлаар бүрэн хянах боломжтой. Иргэдэд энэ мэтчилэн "үл үзэгдэгч" бохирдолтой хэрхэн тэмцэх тухай мэдлэг олгож, хариуцлагатай хэрэглээний дадал төлөвшүүлэхгүйгээр агаарын бохирдлын асуудал бүрэн шийдэгдэхгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн нь технологийн томоохон шилжилт байв. Гэвч уг шийдвэр хэрэгжиж эхэлсэн эхний долоо хоногт л 185 хүн угаарын хийн хордлогод өртөж, 6 хүний эрдэнэт амь нас хохирсон харамсалтай үйл явдал болсон юм. Үүгээр зогсохгүй 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 879 өрх хордлогын эрсдэлд орж, амь насаа алдсан иргэдийн тоо 15-д хүрсэн нь уг бодлогын интервенцийн хэрэгжүүлэх явцдаа алдаа байсныг илтгэж байна.

Энэхүү нөхцөл байдалд хийсэн талбарын судалгааны үр дүнгээс үзэхэд, бодлого боловсруулагчид "түлш солих" техникийн шийдэлд хэт анхаарч, салбар хоорондын уялдаа холбоог орхигдуулснаас хэрэглэгчийн аюулгүй байдал эрсдэлд орсон гэж үзэж болохоор байна. Тухайлбал, иргэдэд шинэ төрлийн түлшний шаталтын онцлог, зуух яндангийн битүүмжлэл, агааржуулалтын дэглэмийг хэрхэн сахих талаарх бодит зааварчилгаа, мэдээллийг хэрэглэгчийн орчинд нь туршиж, идэвхжүүлээгүй нь гол алдаа болсныг НЭМҮТ-ийн судалгаагаар тогтоосон.

О.Оюун-Эрдэнэ: Агаарын чанарыг сайжруулахад зарцуулсан хөрөнгө  ирээдүйн эрүүл мэндийн зардлыг хэмнэнэ нийтлэлийн зураг

Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд зөвхөн утааг арилгах гэхээс илүүтэй уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулсан цогц бодлого дутагдаж байна. Тухайлбал, нийтийн тээврийг цахилгаанжуулах, дулаалгын чанарыг сайжруулах замаар эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг ложистик болон техникийн шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж л иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчныг хамгаалах тогтвортой менежмент бодитоор биеллээ олж эхэлнэ.”

Агаарын бохирдлыг бууруулах бодлого гэдэг техникийн шийдэл төдий бус түүний цаана хэрэглэгч төвтэй аюулгүй байдлын маш нарийн стандарт байх ёстойг бид өнгөрсөн гашуун сургамжаасаа харж болохоор ажээ. Япон, Солонгос зэрэг орнууд шинэ технологи нэвтрүүлэхдээ иргэдийнхээ ахуйн соёл, зан төлөв дээр үндэслэн талбарын туршилтыг заавал хийдэг. Гэтэл манайд энэ шат дамжлагыг орхигдуулж, иргэдийг мэдээллээр хангаагүй нь хүний амь насаар дэнчин тавьсан эрсдэлтэй алхам болж хувирсан гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Манай улсын онцлогоос харахад, эрс тэс уур амьсгалтай тул өвлийн улиралд эрчим хүчний хэрэглээ асар өндөр байдаг. Үүнийг дагаад агаарын бохирдол дэлхийн дунджаас хэд дахин давдаг тул дулаан хадгалах дэвшилтэт технологи, эко барилгын материалыг нутагшуулах хэрэгтэй. Улаанбаатар хотын хувьд ч ялгаагүй, дотоод орчны агаарын чанарыг сайжруулахын тулд сургууль, цэцэрлэгүүдэд агаар шүүгч суурилуулахаас гадна агааржуулалтын системийг (HEPA шүүлтүүр гэх мэт) стандартын дагуу шинэчлэх бодлого дутагдаж байна.

Энэ бүхий л үйл ажиллагаа нь агаарын чанарыг сайжруулж, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах гэсэн нэг зорилго руу чиглэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад агаарын чанарыг бодит цаг хугацаанд хэмжиж, иргэдэд мэдээлдэг нарийн систем хөгжсөн байдаг ч манай нөхцөлд гадаад орчны хяналтаас гадна өрх бүр өөрийн амьдарч буй орчиндоо агаарын чанарын хяналт тавих (monitoring) дадал суугаагүй байна. Тиймээс манайд илүү тохиромжтой шийдэл нь нэгдсэн стандартын тогтолцоо юм. Энэ хувилбарын үед зөвхөн гадаа агаарын чанар, бохирдуулах бодисыг хэмжих бус, дотоод орчны агаарт агуулагдах химийн бодисын аюулгүй хэмжээг хуульчилж, хяналт тавьснаар иргэдийн эрүүл мэндийг бодитоор хамгаалах боломжтой.

Тиймээс агаарын бохирдлын менежмент гэдэг нь зөвхөн утааг харахтай холбоотой энгийн ойлголт биш бөгөөд иргэдийн мэдлэг, дадал, хууль эрх зүй, эрчим хүчний хэмнэлт, хяналт, дэд бүтэц гээд бүх түвшний уялдаатай ажиллагаанаас бүрддэг том систем юм. Энэ тогтолцоо зөв ажиллаж, бид "үл үзэгдэгч" бохирдолтойгоо тэмцэж чадвал өвчлөл буурах, дундаж наслалт нэмэгдэх, улмаар эрүүл, аюулгүй амьдрах орчин бий болдог.”

Технологийн шинэчлэл ба иргэний хариуцлага

– Агаарын бохирдлыг бууруулах, тэр дундаа дотоод орчны аюулгүй байдлыг хангахад төрөөс үзүүлэх дэмжлэг, хөрөнгө оруулалт ямар үр ашиг авчрах вэ?

– Агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг бид эдийн засгийн үр ашгаас илүүтэй экологи болон эрүүл мэндийн үнэ цэнээр нь харах ёстой. Хэдийгээр агааржуулалтын систем суурилуулах, стандартын хяналт тавих нь зардал ихтэй мэт боловч энэ нь ирээдүйд өвчлөлөөс сэргийлэх, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах хамгийн том хэмнэлт юм. Өнөөдөр бид "Дотоод орчны агаарын чанарын стандарт" батлахад хойрго хандаж байгаа нь ирээдүйн 10, 20, 50, 100 жилд иргэдийнхээ эрүүл мэндэд учрах асар их зардлыг үл тоомсорлож буй хэрэг. Өнөөдөр зарцуулах мөнгө ирээдүйд учрах нөлөөллийн нэг хувьд ч хүрэхгүй.

О.Оюун-Эрдэнэ: Агаарын чанарыг сайжруулахад зарцуулсан хөрөнгө  ирээдүйн эрүүл мэндийн зардлыг хэмнэнэ нийтлэлийн зураг

Агаарын бохирдлыг амжилттай бууруулсан улс орнуудын туршлагаас үзэхэд энэ асуудал нь эрүүл мэндийн хяналт, бодлогын уялдаа холбооноос шууд хамаардаг. Манай улсын хувьд дараах стратегийн алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна:

1. Стандартын шинэчлэл ба эрх зүйн зохицуулалт: ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу агаарын чанарын стандартыг шат дараатай чангатгах нь нэн тэргүүний зорилт юм. Өнөөдөр манай улсад "Дотоод орчны агаарын чанарын стандарт" байхгүй байгаа нь хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Хүн амьдралынхаа 70-90 хувийг өнгөрүүлдэг гэр, сургууль, ажлын байрны агаарыг хуульчлан хянадаг болсноор "үл үзэгдэгч" бохирдлыг илрүүлж, арилгах боломж бүрдэнэ.

2. Мэдээллийн ил тод байдал ба иргэдийн боловсрол: Агаарын чанарын бодит мэдээллийг иргэдэд цаг алдалгүй, нээлттэй хүргэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Иргэд мэдээлэлтэй болсноор гадаад орчны бохирдлын үед өөрийгөө хамгаалах, дотоод орчинд HEPA шүүлтүүртэй агаар шүүгчийг стандартын дагуу ашиглах, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах зэрэг бодитой алхмуудыг хийж чадна. Энэ нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

3. Уур амьсгалын бодлоготой уялдуулах: Агаарын бохирдол нь дэлхийн дулааралтай шууд хамааралтай тул хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, барилгын дулаан хадгалалтыг сайжруулах зэрэг цогц менежментийг хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр агаарын зогсонги байдал болон харшил үүсгэгч хүчин зүйлсийг урт хугацаанд хянах боломжтой болно.

4. Ирээдүйд учрах эрсдэл ба үндэсний аюулгүй байдал: Эдгээр шийдвэртэй алхмуудыг хийхгүй бол ойрын 5-10 жилд нийгмийн эрүүл мэндийн байдал ноцтой түвшинд хүрнэ. Судалгаагаар PM2.5 тоосонцор эхээс урагт дамжин өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Энэ нь өвчлөл залуужих, хорт хавдар болон дархлааны тогтолцооны эмгэгүүд нэмэгдэх үндсэн шалтгаан болж, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

5. Иргэний хариуцлага ба өдөр тутмын дадал: Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн төрийн үүрэг бус, иргэн бүрийн хариуцлагатай сонголтоос эхэлнэ.

  • Орон байрандаа агааржуулалтыг стандартын дагуу хийх.
  • Барилгын засвар, тохижилтод хорт хий ялгаруулдаггүй, усан суурьтай будаг болон эко-тэмдэглэгээтэй материал сонгох.
  • Өөрийн болон гэр бүлийнхээ амьдрах орчны агаарын чанарыг тогтмол хянах.

Эдгээр дадлыг төлөвшүүлж, тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлснээр эрүүл, аюулгүй, тогтвортой ирээдүйг цогцлоох боломжтой.

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0