БНХАУ цөлжилттэй бүсдээ дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг байгуулжээ


BBC News онцлох нийтлэлдээ БНХАУ хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улс хэдий ч сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч гүрэн болж буйг дурдсан байна. Мөн олон улсын судлаачид “АНУ ногоон эрчим хүчний бодлого, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг боловсруулсан зорилтуудаасаа ухарч эхэлсэн цаг үед БНХАУ дэлхийн эрчим хүчний хувьсгалыг манлайлж, АНУ-ын хоосон орон зайг нөхөж байна” гэжээ. Энэхүү өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны салбарт төдийгүй, эдийн засаг, технологийн ноёрхолд хүчтэй нөлөөлж байгаа аж.
АНУ-ын ухралт ба БНХАУ-ын боломж
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын шинэ засаг захиргаа ойрын хугацаанд хүлэмжийн хийг бууруулахаар боловсруулсан зорилтуудаасаа татгалзаж чулуужсан түлшний салбараа дахин дэмжих бодлого руу шилжсэн байна. Эсрэгээрээ БНХАУ эрчим хүчний шилжилтээ үндэсний эдийн засаг, геополитикийн стратегийнхаа суурь болгож чаджээ. Улмаар Хятад улс нарны хавтан, цахилгаан автомашин (EV) болон өндөр хүчин чадалтай батарей үйлдвэрлэлээр дэлхийг тэргүүлж байна.
2020 онд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин “2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжилтад бүрэн хүрнэ” хэмээн НҮБ-ын чуулганы үеэр мэдэгдсэн байдаг. Энэхүү зорилтоо бодитоор хэрэгжүүлж Хятадын баруун хойд бүс нутаг болох Ганьсү, Шинжаан, Өвөр Монголын Кубучи зэрэг говь цөлийн бүсүүд нь дэлхийн хамгийн том салхин болон нарны цахилгаан станцуудыг байгуулаад байгаа юм. 2018 он гэхэд Хятад улс 7,000 гаруй нарны ферм байгуулж, 111 гигаватт хүчин чадалтай болсон нь Их Британийн нийт эрчим хүчний хэрэгцээнээс гурав дахин их үзүүлэлт байв.
Элсэн цөлд суурилуулсан олон сая нарны хавтангууд нь дан ганц эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй, байгалийн аюулт үзэгдлээс хамгаалж, хөрсний чийгийг хадгалан, хүчтэй салхийг хаах сүүдрэвч болж буйгаараа онцлогтой юм. Үр дүнд нь цөлжилтөд өртсөн 4,600 гаруй га бэлчээрийн талбайд ургамал ногоо дахин сэргэж, нутгийн оршин суугчид, тариаланчдын амьдрах нөхцөл сайжирсан ажээ.
Шинэ технологийн инновац
БНХАУ сэргээгдэх эрчим хүчнээс гадна технологийн шинэчлэлд ихээхэн анхаарч говь цөлд Solar thermal power plant буюу нарны дулааны цахилгаан станцыг байгуулаад байгаа юм.
Тус станц нь 200 метр өндөр, 27,000 гаруй тусгай толины тусламжтайгаар нарны гэрлийг нэг цэгт төвлөрүүлж, дулаан үүсгэдэг байна. Үүссэн дулаанаа 570°C хүртэл халааж нөөцөлдөг бөгөөд нар жаргасан эсвэл үүлэрхэг үед нөөцөлсөн дулаанаараа цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм байна. Уг шийдэл нь нараар л ажиллах, нарны эрчим хүчний сул талыг нөхсөн шинжлэх ухааны том ололт болж байгаа аж.
БНХАУ сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлж байгаа хэдий ч, эрчим хүчнийхээ 58%-ийг нүүрснээс гаргаж авдаг бөгөөд дэлхийн нүүрсний цахилгаан станцтай улсуудыг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Энэхүү зөрчилтэй байдал нь Хятад улсын хурдтай өсөж буй аж үйлдвэрлэл буюу нарны хавтан хайлуулан, үйлдвэрлэхэд шаардагдах эрчим хүчний хэрэгцээтэй холбоотой хэмээн үздэг ч, БНХАУ-ын нүүрсний хэрэглээ оргилдоо хүрсэн тул цаашид багасгах тал дээр анхаарч ажиллах хандлагатай байгаа аж.
Эх сурвалж: BBC news
Сэтгэгдэл