Моод эргэдэг: 2016 оны хэв маяг эргэн ирлээ!

Д.Жавхлан2026.01.085 минут унших
Моод эргэдэг: 2016 оны хэв маяг эргэн ирлээ! - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Сүүлийн үед цахим орчинд тод өнгийн фильтерүүд, зоримог нүүр будалтын чиг хандлага эргэн давамгайлж, дуучин Zara Larsson-ийн “Lush Life” дуу дахин тоглогдох болсныг та анзаарсан уу? Энэ нь санамсаргүй тохиолдол биш, харин тухайн үеийн гоо зүй, хөгжилтэй мэдрэмжийг дахин санагалзах болсон хүмүүсийн хүсэлтэй холбоотой ажээ.

Тухайлбал, сошиал орчинд “2026 is the new 2016” буюу “2026 бол шинэ 2016” гэх тайлбар, хаштагийг хүмүүс пост, рийл хийхдээ идэвхтэй ашиглахын хэрээр интернэтийн алгоритм 2016 оны үеийн зураг, бичлэг, хуучны мийм, поп дуунуудыг илүү ихээр санал болгож эхэлсэн байна. 

“2026 is the new 2016” чиг хандлага нь дан ганц гадаад төрх, хөгжим, визуал хэв маягаар хязгаарлагдахгүй юм. Хүмүүс сошиал ертөнцөд төгс харагдах дарамтаас түр ч болов ангижирч, 2016 он шиг илүү чөлөөтэй, хөгжилтэй байдлаар өөрийгөө илэрхийлэхийг хүсэх болжээ. 

“2026 is the new 2016” чиг хандлага дэлгэрэх болсон шалтгаан

Энэхүү чиг хандлага нь анх 2025 оны арванхоёрдугаар сард Great Meme Reset хэмээх сошиал хөдөлгөөний үр дүнд интернэт ертөнцөд идэвхтэй дэлгэрсэн бөгөөд 2016 оны хөгжилтэй миймүүд дахин дэлхий даяар хайлтыг тэргүүлж эхэлжээ. 

Түүнчлэн тикток контент бүтээгч Joey өөрийн @joebro909 хаягтаа 2026 оны нэгдүгээр сарын 1-нийг “reset day” буюу “дахин эхлэх өдөр” хэмээн дурдаж, “2016 оны өнгөлөг, хөгжилтэй хамгийн гол нь snapchat ашиглан нохойны хэл гаргаж, цэцгэн титэм зүүсэн зургийг чинь хараад хэн ч чиний юу өмсөж, юу нийтэлсэнд анхаарах шаардлагагүй” үеийн интернэт соёл руу буцахыг уриалсан нь олон нийтийн дэмжлэгийг авсан юм.

Моод эргэдэг 

Gen Z болон миллениал үеийн хувьд 2016 он бол интернэтийн оргил үе байсан билээ. Tumblr, Musical.ly, Facebook, Instagram-ын анхны хувилбар зэрэг нь хүчтэй ноёрхож, бүх хүн адил дуу хөгжим, трендээр амьсгалж байлаа. 

Поп соёлын чиг хандлагууд ихэвчлэн 10 жилийн зайтай эргэн ирдэг учраас энэ онд 2016 оны моод дахин дэлгэрсэн нь санамсаргүй тохиолдол биш юм. Минималист “clean-girl” чиг хандлагын оронд илүү тод өнгийн будалт, хувцаслалт эргэн дэлгэрч, ягаан гэрэл сүүдэр бүхий “Rio de Janeiro” филтер хүртэл дахин тренд болж байна. Гэвч цаг хугацаа өнгөрч, амьдралын хэв маяг, техник технологи хувьсан өөрчлөгдөхийн хэрээр бид 2016 оныг шууд хуулбарлах боломжгүй юм. Тиймээс орчин үеийн интернэт хэрэглэгчид тухайн үеийн хөнгөн хөгжилтэй, бусдыг шүүмжлэхээс илүү байгаагаар нь хүлээж авдаг хандлагыг, одоогийн бодит байдалтай уялдуулан цаашид шинэчилсэн хувилбарыг бүтээх төлөвтэй байгаа аж.

Поп соёлын давлагаа эргэн ирлээ

Моод эргэдэг: 2016 оны хэв маяг эргэн ирлээ! нийтлэлийн зураг

2016 оны носталжик мэдрэмжийг улам хүчтэй болгож буй бас нэг хүчин зүйл бол яах аргагүй 2016 оны алдартай уран бүтээлүүд эргэн ирсэн явдал байв. Тухайлбал, 2016 онд анх цацагдсан Stranger Things цуврал 2026 онд албан ёсоор төгсөж, Zootopia 2 нээлтээ хийсэн бөгөөд  2015 оны сүүлээр дэлгэцнээ гарсан ч 2016 онд ашиг орлогоороо тэргүүлсэн The Hunger Games цувралын шинэ бүлэг “Sunrise on the Reaping” энэ онд нээлтээ хийх юм. 

Мөн Kylie Jenner-ийн загварын чиг хандлагыг дагаж, Justin Bieber, Ariana Grande зэрэг дуучдын дууг сонсож өссөн хүмүүсийн хувьд энэ үед 2016 оны нөлөө илүү хүчтэй мэдрэгдэж байгаа ажээ. Үүний тод жишээ нь тикток хэрэглэгчид дуучин Justin Bieber-ийн “Sorry” дуун дээр бүжиглэж, Ariana-гийн “Everyday” дуу дахин хит болсон явдал юм.

Яагаад Gen Z үеийнхэн 2016 оныг илүү дурсаж байна вэ?

Gen Z үеийнхэн амьдралаа илүү хөнгөн байлгахыг зорьж хамтдаа нэг зүйлийн төлөө тэмүүлж, интернэт орчинд гэгээлэг бүхнийг түгээхийг хүсэж байгаа аж. “2026 бол шинэ 2016” гэх ойлголт нь өнгөрснийг сохроор даган дуурайж, санагалзаж буй явдал биш, харин өнгөрсөн он жилүүд бидний дурсамжид хэр гүн ул мөр үлдээдгийг, мөн тэр мэдрэмжүүд одоогийн бидний амьдралд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлсон явдал юм.

Иймд интернэт, сошиал орчин бидний амьдралын нэг хэсэг биш зүгээр л хөгжилдөх хэрэгсэл болж, төгс бус байдал үнэ цэнтэй санагдах тэр цаг үе рүү бид алхам алхмаар буцаж байна. Гэвч энэ нь ухрахын тухай ойлголт биш, харин ирээдүйгээ илүү хүнлэг, бодит болгохыг хүсэж байгаагийн илэрхийлэл билээ.

Эх сурвалж: Her Campus

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0