Залуусын орон зай

Орой унтахын өмнө дэлгэц ашиглах нь өглөө нойрмоглох шалтгаан болдог

М.Энхмаа2025.12.222 минут унших
Орой унтахын өмнө дэлгэц ашиглах нь өглөө нойрмоглох шалтгаан болдог - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Унтахын өмнө гар утас, таблет, компьютерийн дэлгэц ашиглах нь нойрны байгалийн хэмнэлийг алдагдуулдаг болохыг шинжлэх ухааны судалгаанууд нотолж байна. Тухайлбал, Proceedings of the National Academy of Sciences (PNAS) сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар оройн цагаар гэрэл ялгаруулдаг дэлгэц ашиглах нь нойрыг зохицуулдаг мелатонин дааврын ялгарлыг мэдэгдэхүйц бууруулж, тархины дотоод цагийн системийг хойшлуулдаг болохыг тогтоожээ.

Тус судалгаанд оролцогчдыг хэдэн шөнийн турш ижил гэрэлтүүлэгтэй орчинд байлгаж, нэг хэсгийг нь дэлгэц ашиглуулан, нөгөө хэсгийг нь хэвлэмэл ном уншуулж харьцуулсан байна. Үр дүнд нь дэлгэц ашигласан оролцогчдын мелатонины ялгаралт дунджаар 50 гаруй хувиар буурч, бие физиологийн хувьд унтахад бэлэн болох үе буюу тархинаас өгдөг унтах дохио 1-1.5 цагаар хойшилжээ.

Үүний улмаас унтах хүртэлх хугацаа уртасч, нойрны чанарт чухал үүрэгтэй REM унтлагын хэмжээ багассан байна. Хэдийгээр судалдаанд оролцогчдын нийт унтсан цаг ижил байсан ч нойрны бүтэц алдагдаж, тархины бүрэн сэргэлт хангалтгүй явагдсаны улмаас дэлгэц ашигласан оролцогчид маргааш өглөө илүү нойрмог, анхаарал төвлөрөл сул байжээ. Судлаачид энэхүү нөлөөг зуршил, кофеин зэрэг хүчин зүйлтэй бус, харин циркад хэмийн алдагдал болон REM унтлагын бууралтаас шууд шалтгаалсан гэж дүгнэсэн байна.

Эдгээр өөрчлөлтийн гол шалтгаан нь дэлгэцээс ялгарах цэнхэр гэрэлтэй холбоотой. Богино долгионы энэ төрлийн гэрэл нь нүдний торлог дахь циркад цагтай шууд холбогддог эсүүдийг идэвхжүүлж, тархинд “өдөр үргэлжилж байна” гэсэн биологийн дохио өгдөг байна. Ингэснээр тархи түр зуур сэргэлэн мэт мэдрэмж авдаг ч нойрны байгалийн хуваарь бүхэлдээ хойшилж, маргаашийн сэргэлтэд сөргөөр нөлөөлдөг ажээ.

Иймээс оройн цагаар дэлгэцийн хэрэглээ тогтмол давтагдвал циркад хэмийн архаг алдагдал үүсэх эрсдэлтэй бөгөөд энэ нь зөвхөн нойр төдийгүй сэтгэл зүй, ой тогтоолт, танин мэдэхүйн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх боломжтойг судлаачид анхааруулж байна. 

Холбоотой нийтлэлүүд