УБ 19°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Урлагийн түүх 0%
Үзэсгэлэнгийн тэмдэглэл: Өөрийгөө хүлээн зөвшөөрөхүйн урлаг
Урлагийн түүх
Нүүр хуудас / Урлагийн түүх / Үзэсгэлэнгийн тэмдэглэл: Өөрийгөө хүлээн зөвшөөрөхүйн урлаг

Үзэсгэлэнгийн тэмдэглэл: Өөрийгөө хүлээн зөвшөөрөхүйн урлаг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.23 · 3 унших

Заримдаа бид амьдралын их шуурган дунд өөрийнхөө жинхэнэ төрхийг гээж, бусдын хэмжүүрт нийцэх гэж хэт их хичээдэг. Энэхүү дотоод эсэргүүцэл биднийг амар амгалангаас холдуулж байдаг бол уран бүтээлч Мазин Мөнхзулын "Нар" үзэсгэлэн бидэнд ахиад нэг удаа зүгээр л байгаагаараа оршихын гоо үзэсгэлэнг сануулна. Танхимын хаалгыг татан ороход анир гүм орчин угтах бөгөөд өөрийн дотоод ертөнц рүү өнгийх нандин аялал эндээс эхлэх шиг.

Байгалийн хэлээр хүүрнэхүй

cover-2.jpg

Үзэсгэлэнгийн орон зайд босоо байрласан, мурийж сунасан хар модон баганууд нь байгалийн эх төрхөө хадгалан оршино. Салхи, нар, бороонд элэгдэж, олон арван жилийн турш оршихуйн сорилтыг туулсан эдгээр модод өөрийн ширхэг, мурийлт бүрээрээ эсэргүүцэлгүй оршихуйн тухай хүүрнэх мэт. Уран бүтээлч модны тэрхүү ондоошлыг засаж янзлахыг урьтал болгосонгүй, харин ч түүнийг нь хүлээн зөвшөөрч, орон зайд дахин амилуулжээ.

cover-1.jpg

Мод бүр өөр өөрийнхөөрөө мурийж, өөрийнхөө түүхийг биедээ сийлсэн байдаг. Тэрхүү өөр байдал нь алдаа биш харин тухайн биетийн оршин тогтносон түүхийг тодорхойлж буй дахин давтагдашгүй үнэ цэн билээ. Үүнийг ажиглан зогсохдоо бид өөрийнхөө дутагдал гэж голдог зүйлс үнэндээ биднийг бие хүн болгодог хамгийн эрхэм чанар болохыг ухаарах шиг.

Хар өнгө ба дотоод тэнцвэр

cover-6.jpg

Бүтээлүүдийг бүхэлд нь бүрхсэн цулгуй хар өнгө нь үзэгчийг гаднах чимэглэлд сааталгүйгээр тухайн биетийн язгуур мөн чанар руу өнгийхөд хөтөлж байлаа. Монголчуудын хувьд хүч чадал, бат бөхийн бэлгэдэл болсон энэхүү гүн өнгө нь модны хэлбэр дүрс, гадаргуугийн нарийн ширхгийг гэрэл сүүдрийн тусламжтайгаар улам тодотгох аж.

cover-7.jpg

Инсталляцийн төв хэсэгт агаарт хөвөх мэт байрлах алтан шаргал "Нар" нь бүхэл бүтэн орон зайн хүндийн төв болно. Эргэн тойрон дахь хар модон баганууд бидний оршихуйг илтгэх бол төв дэх гэрэлт биет тэрхүү харилцааны тэнцвэрт байдлыг сануулж байлаа. Модны үртсээр бүтсэн энэхүү нар зөөлөн, дулаан мэдрэмж төрүүлэх нь харанхуй ба гэрэл, хатуу ба зөөлөн хоёр нэгэн урсгалд хэрхэн зохицон оршиж болдгийн илэрхийлэл юм.

Эсэргүүцэлгүй оршихуйн амар амгалан

Бүтээлүүдийн дундуур алхах зуур модны биед шингэсэн тайван урсгал, дотоод тэнцвэрийг мэдрэх агшинд бид өөртэйгөө эвлэрч эхлэх шиг санагдсан юм. Учир нь урсгал ус хад чулууг эсэргүүцэхийн оронд тойрон урсахдаа л өөрийн замыг олдог шүү  дээ. Үүний нэгэн адил бид өөрийнхөө мөн чанар, ондоошлыг хүлээн зөвшөөрсөн цагт амьдралын жинхэнэ хөдөлгөөн эхэлдэг гэдгийг эл үзэсгэлэнгийн мөн чанар бидэнд сануулж байлаа.

cover-5.jpg

Уран бүтээлч М.Мөнхзул уламжлалт модон сийлбэрийн арга барилыг орчин үеийн сэтгэлгээтэй хослуулснаараа урсгалыг мэдрэх, зогсолт бус тэнцвэрийг ойлгох боломжийг бүрдүүлжээ. Бид өөр өөр байхдаа л бүрэн бүтэн бөгөөд үзэсгэлэнтэй. "Нар" үзэсгэлэн бол таныг өөрийнхөө дотоод урсгалыг чагнахыг уриалсан, сэтгэл амрам нандин аялал байх болно гэдэгт итгэлтэй байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.