BIGBANG хамтлагийн хуучин гишүүн T.O.P соло эргэн ирэлтээ зарлалаа

Д.Жавхлан2026.01.052 минут унших
BIGBANG хамтлагийн хуучин гишүүн T.O.P соло эргэн ирэлтээ зарлалаа - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

БНСУ-ын BIGBANG хамтлагийн хуучин гишүүн T.O.P нэгдүгээр сарын 1-ний өдөр өөрийн шинэхэн инстаграм хуудас болох “topspot_pictures” хаягтаа “A NEW ALBUM IS ON THE WAY” (Шинэ цомог тун удахгүй) хэмээх бичвэртэй видеог нийтэлж, K-POP ертөнцөд эргэн ирж буйгаа өөрийн биеэр мэдэгдлээ. Тус бичлэг дээр “TOP SPOT- ANOTHER DIMENSION” (өөр хэмжээс) гэх үгийг бичсэн нь шинэ дууныхаа утга агуулга, нэр зэргийг илэрхийлсэн явдал хэмээн олон нийт таамаглаад байгаа юм. 

T.O.P-ийн энэ удаагийн соло цомог нь 2013 оны арваннэгдүгээр сард гаргасан дижитал сингл “DOOM DADA”-гаас хойших ойролцоогоор 13 жилийн дараах эргэн ирэлт болж байгаа аж. T.O.P анх 2006 онд YG энтертейнментийн харьяа BIGBANG хамтлагийн гишүүнээр дебют хийсэн ч 2023 онд гэрээгээ дуусган албан ёсоор хамтлагаасаа гарсан билээ. Үүний дараа дуу хөгжмөөс түр хөндийрөөд байсан тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сарын сүүлээр цацагдсан Netflix-ийн “Squid Game 2” цувралд тоглосноор фенүүдтэйгээ дахин уулзсан юм.

2016 онд T.O.P мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр 10 сарын хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ял авснаар хамтрагч байгууллагууд нь гэрээгээ цуцалж, нээлтээ хийхээр төлөвлөсөн хэд хэдэн кино нь түүний дүрсийг киноноосоо хассан байдаг. Тэгвэл өнгөрсөн оны нэгдүгээр сард өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр өмнө нь гаргасан бүх алдаанаасаа уучлал хүсэн “Өнгөрсөн хугацаанд би дэлхийгээс тусгаарлагдсан юм шиг л амьдарч, гэр, студи хоёрын хооронд л явдаг байсан. Хөгжим зохиож, микрофоны өмнө зогсох мөчид л жинхэнэ утгаараа амьсгалж чаддаг байлаа. Амьд үлдэхийн тулд би дуу зохиосон. Энэ хугацаанд хийсэн маш олон дуу бий. Бүгдийг нь фенүүддээ сонсгохыг хүсэж байна. Энэ бол миний хариуцлага” гэжээ.

BIGBANG хамтлагийн 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед T.O.P соло эргэн ирэлтээ зарласанаар фенүүдийг нь гайхшруулж, өмнөх дуунуудаасаа хэр өөр байх бол гэсэн  хүлээлт олон нийтийн дунд өндөр байгаа аж.

Эх сурвалж: Korea Billboard

Холбоотой нийтлэлүүд

0