Бяцхан уран бүтээлчдийн мөрөөдөл биелэх мөч “Цөмөөхэй”


Шинэ жилийн баяр гэдэг хүслээ шивнэж, мөрөөдлөө биелүүлэх ид шидийн цаг билээ. Жилийн хамгийн сүүлийн үдэш хүн бүр зүрхэндээ нэг л хүслийг нандигнан тээдэг. Зарим нь аз жаргал, зарим нь амжилт, харин зарим бяцхан зүрхнүүдийн хувьд тэр хүсэл нь мөрөөдлийн тайзан дээрээ бүжиглэх мөч байдаг. Бяцхан уран бүтээлчдийн энэ л мөрөөдлийг биелүүлдэг тэрхүү ертөнц бол дэлхийн сонгодог урлагийн тайзнаа шинэ жилийн бэлгэдэл болон мөнхөрсөн Цөмөөхэй балет юм. Иймд “Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт бид тайзан дээр үлгэр амилж, мөрөөдөл биелдэг Цөмөөхэй балетын ид шидийн ертөнцөөр аялах болно.
Хүүхэд бүрийн мөрөөдлийн эхлэл
Монгол Улсад Цөмөөхэй балетыг анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа толилуулж байсан бөгөөд тэр цагаас хойш шинэ жилийн улирал бүрийн хамгийн хүсэн хүлээдэг гол бүтээл болон тогтжээ. Хэдэн арван жилийн турш энэхүү балет нь үзэгчдийг үлгэрийн ертөнцөөр аялуулж, хөгжим, гэрэл, хөдөлгөөнөөр дамжуулан шинэ жилийн ид шидийг мэдрүүлэхийн зэрэгцээ ирээдүйн уран бүтээлчдийг бэлтгэх гол талбар болж ирсэн юм.

Энэ жил Цөмөөхэй балет онцлог агуулгатайгаар тайзнаа амилж байна. Анх удаа Япон, Хятад зэрэг улс орноос ирсэн бяцхан уран бүтээлчид Монголын балетчидтай нэг тайзан дээр гарч, бүжгийн хөдөлгөөн, гүйцэтгэл бүрээрээ мэдрэмжээ илэрхийлэн, үзэгчидтэй гоо зүйн хэлээр “ярилцаж” буй нь энэ жилийн онцлох дүр зураг юм.
Тайзны хөшиг нээгдэхээс өмнөх догдлол, айдас, баяр хөөр тэдний хувьд хөгжим, гэрэл, хөдөлгөөн болон хувирч, үлгэр бодит мэт амилна. Иймд энэхүү гайхалтай мэдрэмжийн эзэд болсон Цөмөөхэй балетын бяцхан уран бүтээлчдийн сэтгэгдлийг энэ удаагийн дугаараараа уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
“Гол дүрд анх удаа тоглож байгаа болохоор илүү чухал санагдаж байна”

Намайг Номулун гэдэг. Би есөн настай. Цөмөөхэй балетад гурав дахь удаагаа тоглож байна. Өмнө жилүүдэд поли-шинэль, хулгана, хүүхэлдэй болж байсан. Харин энэ жил гол дүр болох Кларагийн дүрд тоглох болсондоо жаахан гайхаж бас догдолсон. Тайзан дээр гарахаас өмнө бага зэрэг сэтгэл хөдөлж байна. Учир нь гол дүр соло бүжиг ихтэй учраас илүү чухал санагдаж байна.
Ганцаараа бүжиглэх мөчид бүх хүмүүс над руу хараад “ямар хөөрхөн юм” гэж бодож байгаа мэт санагддаг нь их гоё мэдрэмж төрүүлж байна. Тайзан дээр байхдаа үзэгчдийн баяр хөөр, хөгжмийн аянд хөдөлгөөнөө тааруулж бүжиглэх нь хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг.
“Цөмөөхэйд тоглож үзэх юм сан гэж боддог байлаа”

Намайг Цогбадрах гэдэг. Цөмөөхэйд анх удаагаа оролцож байна. Анх юу ч бодолгүй, сонирхоод л шалгаруулалтад оролцсон учраас Фрицийн найзын дүрд тоглож байгаа нь гоё санагдаж байна. Тайзан дээр гарах үеийн мэдрэмж үнэхээр гоё. Өмнө жил манай найз Цөмөөхэйд оролцсон учраас тухайн үед би “Цөмөөхэй гэж юу байдаг юм бол доо, ороод үзэх юм сан” гэж бодож байсан юм. Тэгээд энэ жил багш маань оролдоод үз гэсэн учраас надад их урам өгсөн. Тайз болгондоо илүү сайжирч, хөдөлгөөнөө бүрэн гаргаж, гоё мэдрэмж авч байна. Анх гарахад зарим хөдөлгөөнөө мартдаг байсан бол одоо бол тайван, өөртөө итгэлтэй болсон. Найзууддаа хандаж, та нар минь үнэхээр мундаг шүү, бүгдэд нь хайртай шүү гэж хэлмээр байна. Удахгүй болох шинэ жилийн баярын мэнд хүргэе.
“Хүндэлж явдаг бүжигчидтэйгээ хамт бүжиглэх мөч үнэхээр сайхан”

Намайг Есүй гэдэг. Би арван нэгэн настай, Цөмөөхэйд дөрөв дэх жилдээ тоглож байна. Өмнө нь жижиг хүүхэлдэй, поли-шинэлийн дүрд тоглож байсан. Энэ жил Кларагийн найзын нэг болсон учраас өөр мэдрэмж төрж байна. Клара маань гол дүрийн нэг болохоор би үнэхээр баяртай байгаа.
Анхны шалгаруулалтад их догдолж байсан, тайзны ард гарах гээд бэлдэж зогсохдоо сэтгэл хөдөлдөг байлаа. Гэхдээ тайзан дээр гарч тоглоод ирэхээрээ гоё мэдрэмж төрдөг. Хүндэлж явдаг балетчид, бүжигчидтэйгээ хамт бүжиглэх мөч үнэхээр сайхан санагддаг.
Цөмөөхэй бол олон үйл явдалтай, утга санааг нь ойлгож үзвэл их гоё балет. Тиймээс дараа жил ч юм уу, хэзээ ч байсан хамаагүй, үзээрэй гэж зөвлөмөөр байна. Биднийг бүжиглэхийг тайзан дээрээс хараарай. Шинэ жилийн мэнд хүргэе.
“Зуу гаруй жилийн түүхтэй Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох нь жинхэнэ бэлэг шүү дээ”

Анх Цөмөөхэйд тоглож байхдаа их айж, сандарсан. Танихгүй хүүхдүүд дунд ганцаарддаг байлаа. Ихэнх балетын бүжигчид эмэгтэй учраас заримдаа балетад эрэгтэй хүүхэд оролцож болохгүй гэж боддог байсан үе бий. Харин одоо найзуудтай болчихсон, энэ хэдтэйгээ инээгээд, тоглож байгаадаа их баяртай байна.
Бидний хувьд зарим нь зөвхөн бэлэг авах гэж, зарим нь гэр бүлийнхээ зөвлөмжөөр шалгаруулалтад оролцож байлаа. Гэхдээ зуу гаруй жилийн түүхтэй Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох нь өөрөө жинхэнэ бэлэг шүү дээ. Тиймээс бид найзуудтайгаа уулзаж, хамтдаа бүжиглэх мөчүүд хамгийн гоё бэлэг гэдгийг ойлгосон. Тайз, хөгжмийн хэмнэл, үзэгчдийн инээд баяслыг мэдрэх нь хэзээ ч мартагдашгүй гоё дурсамж болдог. Тиймээс оролцож буй бүх хүүхдүүдэд хандаж хэлэхэд шинэ жилийн мэнд хүргэе.
“Кларагийн найзын дүрд тоглоно гэдэг бол олон хүүхдэд олдохгүй маш гоё боломж”

Намайг Болор гэдэг, арван настай. Би Цөмөөхэйд гурав дахь жилдээ тоглож байна. Шалгаруулалтдаа тэнцээд, дүрээ хуваарилаагүй байхад ямар дүр авах бол гэж догдолдог. Харин аль дүрд сонгогдсоноосоо шалтгаалж догдлол маань өөр өөр байдаг. Энэ жилийн хувьд Кларагийн найзын дүрд тоглож байгаа маань их гоё санагдаж байна. Олон хүүхдэд олдохгүй боломж шүү дээ. Учир нь өмнөх жилүүдэд би зөвхөн өлмийн дээрээ алхдаг дүрд тоглож байсан юм. Харин энэ жил бүжиглэж байгаадаа үнэхээр баяртай байгаа учраас тайзан дээр гарахдаа аль болох сандрахгүйг хичээж байгаа. Цөмөөхэйд тоглож байгаа найзууддаа хэлэхэд, битгий сандраарай, бүгдээрээ Цөмөөхэйд тоглоод мундаг бүжигчид болж чадна шүү гэж хэлмээр байна.
Эдгээр яриа, дурсамж бүрээс “Цөмөөхэй” балет нь хүүхдүүдийн хувьд анхны догдлол, анхны айдас, анхны итгэл, анхны том мөрөөдлийн эхлэл болж байгаа нь мэдрэгдэж байлаа. Тайзан дээр алхах бүр, хөгжимтэй нийлэх хөдөлгөөн бүр нь тэдний ирээдүйн уран бүтээлийн эхлэл болж, мартагдашгүй дурсамж болон хувирч буй нь энэ ажээ.
Ийнхүү “Цөмөөхэй” нь шинэ жилийн баярын уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ, бяцхан уран бүтээлчдэд урлагийн ертөнцтэй нүүр тулан учрах, өөртөө итгэх итгэлээ олж авах үнэт боломжийг олгосоор байна. Үзэгчдийн хувьд ч энэхүү бүтээл үлгэрийн ертөнцөөр аялах төдийгүй, ирээдүйн уран бүтээлчдийн анхны мөрөөдөл хэрхэн тайзан дээр амилж байгааг харах онцгой мөч билээ.
Ковер зураг: Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын цахим хуудас