Solution Journal: Өмнөх дугааруудад багтаагүй чухал хэсгүүд


Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. Харин энэ удаа эхний гурван ярилцлагад багтаагүй чухал санаа, агуулгуудыг уншигчдадаа хүргэж байна. Тус бүрийн гарчиг дээр дарж дэлгэрэнгүй ярилцлага, бусад агуулгыг унших боломжтой.
Б.Батаа: Нийгмийн тогтолцооноос хамаарч боловсролын үнэ цэн буурч, хүүхдийн сурах хандлага өөрчлөгдөж байна

Үүний эсрэгээр, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс орнуудад боловсролын үнэ цэнийг хүмүүс илүү гүнзгий мэдэрдэг. Харин манайд нийгмээрээ "сайн сурсан ч, сураагүй ч амьдрах боломжтой" гэдгийг мэдэрч эхэлсэн нь хүүхдүүдийн сурах хандлагад нөлөөлж, "боловсрол үнэхээр чухал гэж үү?" гэсэн асуултыг эцэг эх, нийгэмд тавих үндэс болж байна. Нөгөө талаас, бидний өмнө нь баримталж ирсэн сургалтын арга зүй нь зөвхөн үгэнд ордог, дуулгавартай хүүхдүүдтэй ажиллах зорилготой байсан. Гэтэл өнөөдөр "би үүнийг хийхгүй", "би сургуульд явмааргүй байна" гэж өөрийн эрх чөлөөгөө илэрхийлж буй хүүхдүүдтэй хэрхэн зөв харилцаж, тэднийг чиглүүлэх арга барилыг бид мэдэхгүй байна шүү дээ. Тиймээс бид эрх чөлөөтэй хүнтэй харилцах арга зүйн туршлага, мэдлэггүй байгаа нь боловсролын салбарын томоохон сорилт болоод байна.
Э.Батцэцэг: Манай ХМХ-үүд JTI буюу хэвлэл мэдээллийн салбарын ISO стандартаа авч, баталгаатай эх сурвалж гэдгээ нотлох хэрэгтэй

Манай Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв энэ чиглэлээр идэвхтэй ажилладаг бөгөөд төвийн захирал Б.Дуламхорлоо JTI-ийн Монгол дахь албан ёсны бие төлөөлөгчөөр ажиллаж байна. Одоогоор Монголд Баримт шалгах төв, Зууны мэдээ, Gogo.mn байгууллагууд JTI стандартаа авсан. Сүлжээний бусад редакцууд өргөдлийн шатанд явж байна. JTI авах процесс нэлээд нарийн, нийт 130 асуултад хариулж, орлогын загвар, эзэмшигчийн мэдээлэл, эзэмшигчийн нөлөөлөл болон редакцын бодлогын баримт бичгийг бүрэн ил тод хавсаргана. Хэрэв эзэмшигч нь улс төрийн нөлөө бүхий хүн бол редакцын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн гэрээгээ хавсаргах ёстой. Энэ бүхэн нь тухайн мэдээллийн хэрэгсэл мэргэжлийн хувьд хараат бусаар ажилладаг гэдгийг баталж байгаа хэрэг.
Өргөдөл өгсний дараа хөндлөнгийн аудитын байгууллага шалгалт хийдэг. Аудитын зардал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад харьцангуй өндөрт тооцогдох бөгөөд 5–10 мянган ам.долларын үнэлгээтэй. Гэвч энэ бол урт хугацаандаа олон нийтийн итгэлийг бэхжүүлэх хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Д.Идэржаргал: Орон нутагт "мэдээллийн цөлжилт" ажиглагдаж байна

Аль аймагт хэдэн сонин, сайт, телевиз жинхэнэ утгаараа тогтвортой үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг системтэй судалсан ажил өнөөдөр байхгүй, гэхдээ бодит ажиглалтаар олон аймагт хэвлэл мэдээллийн хүртээмж маш сул, уншигчид номын сан, сонин сэтгүүлд тогтмол хүрэх боломж ч хангалтгүй байна.
Зарим газарт иргэд өөрсдөө хэвлэл захиалах боломжгүй тул номын сангаар дамжуулан унших ёстой ч тэр байгууллагуудын сан хөмрөг хэр шинэчлэгдэж байгааг хэн ч шалгадаггүй. Интернэт хүртээмж, дэд бүтэц, контентын эх сурвалц, хүний нөөцийн дутагдал гээд асуудлууд давхардаж байгаа учраас орон нутгийн мэдээллийн орчныг сайжруулахад төрийн бодлогын дэмжлэг, боловсролын орчны шинэчлэл, орон нутгийн хэвлэлийн тогтолцоог сэргээх цогц шийдэл зайлшгүй шаардлагатай.