УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” нээлтээ хийлээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” нээлтээ хийлээ

“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” нээлтээ хийлээ

Posted
Posted
Team · Posted
2025.08.14 · 5 унших

2025 оны наймдугаар сарын 13-нд Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд морин хуурын уянгалаг эгшгийн дор “Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн 90 орчим бүтээл дэлгэгдэж, уран бүтээлч бүр өөрийн урлах арга барил, онцлогийг шингээсэн бүтээлээрээ оролцож байна.

с.jpg

Мөн шинэлэг хийц, өвөрмөц шийдэл бүхий олон бүтээлийг шинээр дэлгэн тавьсан нь энэ үзэсгэлэн Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн авьяас чадвар, сэтгэл зүрх, ур ухааны түвшинг тод харуулж байв. Нээлтийн арга хэмжээнд хүүхэлдэйн урлаг судлаачид, ахмад үеийн багш, уран бүтээлчид болон бүх насны үзэгчид хүрэлцэн ирж, бүтээлүүдтэй танилцлаа. 

3.png

“Хамгийн чухал нь хүүхэлдэй бол тоглоом биш, өөрөө бие даасан урлаг гэдгийг үзэгчдэд ойлгуулахыг хүсэж байна”

Бид үзэсгэлэнг зохион байгуулагч, хүүхэлдэйн уран бүтээлч Ж.Өнөржаргалтай энэхүү үзэсгэлэнгийн зорилго болон хүүхэлдэйн урлагийн хөгжил, түүний түүхийн талаар ярилцсан юм.

6.jpg

“Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь хүүхэлдэйн урлаг, дүр хөгжүүлэгч уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, үндэсний өв соёлыг хадгалж, бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм. Хамгийн чухал нь хүүхэлдэй бол тоглоом биш, өөрөө бие даасан урлаг гэдгийг үзэгчдэд ойлгуулахыг хүсэж байна” гэлээ.

4.jpg

Тэрбээр Монголын хүүхэлдэйн урлагийн нэгэн түүхийг онцлон дурдсан юм. Монголын хүүхэлдэйн урлагийн түүхийг сөхөхөд нэгэн онцгой олдвор анхаарал татдаг байна. Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газар доктор Ц.Одбаатар ахлагчтай судалгааны баг 2014 оноос хойш археологийн малтлага судалгаа хийж байх үеэр хүний дүрст модон сийлбэр бүхий хүүхэлдэй олджээ. Энэ хүүхэлдэй нь тухайн цаг үеийн урлах ур чадвар, арга технологи ямар өндөр түвшинд байсны тод илрэл юм. Бүтээлийг нарийн сийлбэрлэхийн зэрэгцээ гар хөлийг нь углуургаар салгаж, хөдөлгөх боломжтой болгосон нь тухайн үеийн инженерчлэлийн өндөр түвшнийг харуулжээ. Судлаачид үүнийг зөвхөн гоёл чимэглэл төдий бус, онгон шүтээн, ёслолын зориулалттай байж магадгүй гэж таамагладаг байна.

9.jpg

Мөн Ж.Өнөржаргал уран бүтээлч энэхүү бүтээлийн шинэчилсэн зургийг бүтээх зорилгын хүрээнд Монголын Үндэсний музейн зөвшөөрөлтэйгөөр судалгааг хийж, олдворыг холын зайнаас хэмжин 3D зураглалыг бүтээжээ. Өдгөө уг ховор нандин олдвор нь Чингис хаан музейд хадгалагдаж, олон нийтэд толилуулагдаж байна.

Энэхүү хүүхэлдэйн хийц, углуургын нарийн ажиллагаа нь өнөөгийн хөдөлдөг, уян хүүхэлдэй бүтээх технологийг бий болгож уран бүтээлчдэд урам зориг, чиглэл өгсөн гэж мэргэжилтнүүд үздэг байна. Өөрөөр хэлбэл, энэ бол Монголын хүүхэлдэйн урлагийн “эхийн эх” гэж хэлж болохуйц үнэт өв ажээ.

“Хүүхэлдэйн уран бүтээлчид бол энэхүү урлагийг цогцлоож байгаа хүмүүс”

7.jpg

Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэнд оролцож буй хүүхэлдэй урлаач Д.Гантөгс бидэнд уран бүтээлчийн хувьд сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Монголын хүүхэлдэйн урлан бүтээгчдийн анхны нэгдсэн үзэсгэлэнд хүүхэлдэй урлаач болгон төрөл бүрийн арга барил хийцээрээ ялгарч оролцож байгаагаараа онцлогтой. Энэ ч утгаараа сэтгэгдэл өндөр байна. Үзэсгэлэнгийн хаалга нээгдэхээс өмнө бүтээлүүдтэйгээ хамт байх хугацаанд маш өвөрмөц мэдрэмж төрөхийн сацуу уран бүтээлчдээрээ бахархаж байлаа. Учир нь хүүхэлдэйн уран бүтээлчид бол энэхүү урлагийг цогцлоож байгаа хүмүүс. Тэд бүтээлээ туурвихдаа дизайнер, нүүр будагч, дархан, барималчин, үсчин зэрэг олон мэргэжлийн ур чадварыг бүтээлдээ шингээдэг. Хүүхэлдэй бол өөрийн гэсэн түүх, санаа, судалгаа, уран бүтээлчийн сэтгэлгээ, ур ухааны үр дүн билээ. Энэхүү үзэсгэлэн нь уран бүтээлч бидний хувьд хүүхэлдэйн урлагаа хамтдаа хөгжүүлж, олон улсын түвшинд хүрч, цаашид өсөж хөгжихөд томоохон давуу тал олгоно гэж итгэж байна” гэлээ.

2.jpg

"Үзэсгэлэнг зорьж ирэн бүтээлүүдтэй танилцаасай гэж уриалмаар байна"

5.jpg

Мөн бид тус үзэсгэлэнг үзэхээр ирсэн үзэгч С.Ануужингийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр “Энэхүү үзэсгэлэнтэй танилцахаасаа өмнө би хүүхэлдэйг урлаг гэдэг өнцгөөс хардаггүй байлаа. Хүүхэлдэйн уран бүтээлчидтэй бүтээлийнх нь талаар ярилцаж, илэрхийлэх гэсэн санаа зэргийг нь сонсоод, энэ нь урлаг юм байна шүү дээ гэх бодол төрсөн. Надад хамгийн их таалагдсан бүтээл нь Д.Гантөгс уран бүтээлчийн “Оньсны эзэн” бүтээл байлаа. Эмэгтэй хүний гоо зүй мөн чанарыг илтгэж байгаа гэдгээрээ сэтгэлд хүрсэн. Бусад хүмүүсийг ч бас энэ үзэсгэлэнг зорьж ирэн бүтээлүүдтэй танилцаасай гэж уриалмаар байна” хэмээв.  

1.jpg

Тус үзэсгэлэн 2025 оны наймдугаар сарын 13-наас эхлэн 26-ны өдрийг хүртэл Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн их танхимд өдөр бүр 10:00–18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй олон нийтэд танилцуулагдана. Мөн энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд ирэх жилээс төрөл, жанраар нь ангилан хүргэхээр төлөвлөж байгаа аж.

 

Сурвалжилсан: Х.Цолмон

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.